Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Н.Учрал: Алтанбулагийн чөлөөт бүс нь Евразийн худалдааны түр хэлэлцээрийн гол гарц болно

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд төвийн бүсийн иргэдтэй хийх уулзалтаа Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумаас эхэллээ.

Ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд гишүүд, сайд нарын бүрэлдэхүүн зүүн болон хангайн бүсэд ажилласныхаа дараа ийнхүү төвийн бүсийнхэнд тулгамдаж буй асуудал, орон нутагт чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зорилтот санаачилгуудын хүрээнд нээлттэй санал солилцож байгаа юм. УИХ-ын дарга Алтанбулаг сумын иргэдтэй хийсэн уулзалтаараа өөрийн дэвшүүлсэн Чөлөөлье санаачилгыг иж бүрэн хэрэгжүүлэх “Эрх чөлөөний Дөрвөн зам: Дөрвөн чөлөөлөлт” илтгэлээ танилцуулав.

Дөрвөн тулгуурт чөлөөлөлтийн бодлогын эхэнд эдийн засгийг чөлөөлөх зорилтот арга хэмжээнүүд багтжээ. Өөрөөр хэлбэл хүнд суртал, хууль дүрмийн чөдөр тушаанаас хувийн хэвшил, иргэдээ чөлөөлөх ажлуудыг УИХ-ын дарга онцоллоо. Тэрбээр, макро эдийн засгийн зарим тоон үзүүлэлтээс танилцуулаад, эдийн засгийн өсөлтийг иргэдэд мэдрэгдэхүйц, айл өрхүүдийн амьжиргаанд нөлөөлөхүйц хүртээмжтэй болгоход төсвийн сахилга бат, хариуцлагатай байдлыг чухалчилж ажиллана гэлээ. Өнгөрсөн намрын чуулганаар иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг баталж, Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд чиглэл өгсөн. Энэ хүрээнд өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс сэргийлэх цогц арга хэмжээг авч, төсвийн хэт тэлэлт болон эрэлтийн гаралтай инфляцаас сэргийлэх чиглэлийг Засгийн газарт өгсөн бол Монголбанкинд зээлийн хүүг үе шаттай бууруулж, ипотекийн зээлийн хүртээмжийг зорилтот бүлэгт чиглүүлэх ажлуудыг даалгажээ.

Ипотекийн зээлийг хоёр ч удаа авсан 1558 тохиолдол гарсныг дурдлаа. Харин Санхүүгийн зохицуулах хорооны чиг үүргийн хүрээнд хуульд заагаагүй зөвшөөрөл, зөвшөөрөлтэй төстэй хүнд суртлыг бий болгосон зохицуулалтыг хүчингүй болгож, зээлдэгчдийн эрх ашгийг хамгаалах тогтолцоо бүрдүүлэхийг чиглэл болгосон. Эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулж, бизнесийн орон зайг тэлэхийн тулд хувийн хэвшлийг дэмжсэн татварын бодлого хэрэгжүүлнэ гэдгээ УИХ-ын дарга тодотгов. Энэ бүхнийг Эрх зүйн чөлөөлөлтөөр амилуулж, бодитоор хэрэгжүүлэх хуулийн орчныг бүрдүүлэхээ  тэрбээр хэллээ. Тухайлбал, бизнесийн эрх чөлөөг илүү баталгаажуулсан эрх зүйн шинэчлэлийн хүрээнд энэ хаврын чуулганаар Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хууль болон Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх юм.

Цаашид хууль санаачлагчдаас өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд хүний аливаа эрх, эрх чөлөөг зөрчсөн зүйл, заалт байгаа эсэхийг хиймэл оюун ухаан ашиглан, дүн шинжилгээ хийдэг болно гэв. Үргэлжлүүлэн УИХ-ын дарга энэ хаврын чуулганаар хэлэлцэх Гэр бүлийн тухай хууль, Гэрч хохирогчийг хамгаалах тухай хууль болон хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэхтэй холбоотой хууль, тогтоомжуудаас дурдав. УИХ-ын даргын дэвшүүлсэн гурав дахь чөлөөлөлтийн бодлого нь ногоон хөгжил, эрчим хүчний хараат байдлыг багасгахад чиглэж байна.

Манай улс нар, салхины арвин нөөцөө ашиглан өрхийн хэрэглээнд болон аймаг, сумдын хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх замаар түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах 3х100 арга хэмжээг санаачлан эхлүүлснээ танилцууллаа. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 83 өрх нарны хавтан, батарейн системийг суурилуулж, төвийн шугамд холбуулснаар хэрэглээнээс илүү гарсан эрчим хүчээ нийлүүлж, орлого олж эхэлжээ. Яг энэ шийдлийг айлуудад нэвтрүүлэхэд 14-15 шат дамжлагатай байсныг цуцалж, Эрчим хүчний сайдын баталсан шинэ журмаар 11 өдрийн дотор шийдвэрлэдэг болсныг танилцууллаа. Үүнээс гадна орон нутагт сэргээгдэх эрчим хүчний жижиг, тархмал эх үүсвэрүүдийг байгуулах, эдгээрт суурилсан цахилгаан машиныг цэнэглэх иж бүрэн цогцолборуудыг барих ажлуудын талаар дурдав.

Малчдын орлогыг төрөлжүүлж, малын гаралтай түүхий эдийн үнэ цэнийг өсгөх, хөдөө аж ахуйн салбарын өгөөжийг төрөлжүүлэх зорилгоор Евразийн Эдийн Засгийн Холбооны гишүүн орнуудтай Худалдааны түр хэлэлцээр байгуулсан тухай УИХ-ын дарга танилцуулав. Хэлэлцээр хэрэгжих хугацаанд Евразийн бүс нутагт нийт 367 төрлийн бараа, бүтээгдэхүүнийг татваргүйгээр экспортлох боломж бүрдэх юм. Энэхүү хэлэлцээрийг “амилуулах” гол байршил нь Алтанбулагийн чөлөөт бүс гэдгийг УИХ-ын дарга тодотгов. Чөлөөт бүс нь Алтанбулаг сумын нутаг дэвсгэрийн 500 га талбайг эзэлдэг бөгөөд  одоогоор ачаа тээврийн терминал, гаалийн лаборатори болон доторх авто зам, холбоо дохиоллын ажлуудыг хэрэгжүүлэх шаардлагатайг хэллээ.  Дөрвөн тулгуурт чөлөөлөлтийн бодлогын сүүлийнх нь авлигын эсрэг хийх чөлөөлөлт хэмээн УИХ-ын дарга Н.Учрал тодотгов.

Манай улс өнгөрсөн онд авлигын төсөөллийн индексээр 182 улсаас 124 дүгээрт эрэмбэлэгджээ. Авлига, ашиг сонирхлын гэмт хэрэгтэй тэмцэх тэмцлийг парламентын тэргүүний хувьд ч, эрх баригч намын даргын хувьд ч бүх шатны институтын түвшинд манлайлж ажиллахаа илэрхийлэв. Иймд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон этгээдийн хөрөнгийг иргэний журмаар хураах хуулийг хэлэлцэх, уул уурхайн салбарын ил тод байдлыг дээшлүүлэх зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Алтанбулаг сумын иргэдийн хувьд инженерийн дэд бүтэц, бохирын шугам, цэвэрлэх байгууламжтай холбоотой асуудлыг хөндлөө. Түүчнлэн хил орчмын боомт хотын статустай болж, төсвийн нэгдсэн бодлогоор орон нутгаа хөгжүүлэх саналуудаас дэвшүүлэв. Чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийнхний төлөөлөл гаалийн байгууллагын хүнд суртал их байдаг талаар шүүмжилж нэг борлуулсан бараа, бүтээгдэхүүний тайлангаа илгээхэд 10 гаруй хоног зарцуулж байгааг хэллээ.

Мөн Алтанбулаг сумын эмнэлэг, сургуулийн өргөтгөл, соёлын төвийн шинэ барилгын зураг төсөл бэлэн болсон хэдий ч улсын төсөвт суугаагүйн улмаас гацсан талаар ч  дуулгалаа. Иргэдийн зүгээс Ахмад настны тухай хууль, Малчны тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг анхаарч өгөхийг уламжлаад, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад саналаа хэлцгээсэн юм. Иргэдийн асуултад УИХ-ын даргаас гадна бүсээс сонгогдсон гишүүд, орон нутгийн удирдлагууд хариулцгаасан юм. Уулзалтад УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, УИХ-ын гишүүн Ц.Туваан, Д.Батбаяр, С.Лүндэг нар оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ

Огноо:

,

ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын  Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт  өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн  мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.

Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким  Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.

Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.

Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

Огноо:

,

“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-өөр (2026.09.10) Улсын Их Хурлын гишүүд улс төрийн намууд, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, хэлмэгдэгсдийн төрөл төрөгсөд, үр ач нар, иргэд хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Хөшөөнд цэцэг өргөх үеэр хүндэт харуул жагсаж, үлээвэр хөгжимчид гашуудлын ая эгшиглүүлэв. Цэцэг өргөсний дараа Монгол Улсын Төрийн дуулалыг эгшиглүүллээ.







Улсын Их Хурал 1996 оны 33 дугаар тогтоолоороо жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон шийдвэрлэсэн хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман 2026 оны 09 дүгээр сарын 09-11-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийхээр гэргий Нгуен Ти Тань Нга-гийн хамт хүрэлцэн ирээд байна.







Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, гэргий Нгуен Ти Тань Нга нарыг өнөөдөр (2026.09.10) Жанжин Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан мэндчиллээ.





Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэг болон эрхэм зочид Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Чан Тань Ман хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав. 

Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох