Улстөр нийгэм
УИХ-ын дарга Н.Учрал тэргүүтэй гишүүд, сайд нар төвийн болон хойд бүсийн 2100 гаруй иргэнтэй уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд ээлжит чуулганы завсарлагаанаар төвийн болон хойд бүсийн 2100 орчим иргэнтэй уулзаж, хаврын чуулганаар хэлэлцэх хуулиуд, “Чөлөөлье” санаачилгаар хэрэгжүүлж буй ажлуудын хүрээнд санал солилцлоо.
Уулзалтын мөрөөр төрийн үйлчилгээ, хууль тогтоомжийн хэрэгжилт болон орон нутагт тулгамдсан асуудлуудыг нэгтгэж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлснээр холбогдох арга хэмжээг чиг үүргийн байгууллагууд авч хэрэгжүүлэх юм. Хойд бүсийн иргэдийн уулзалт өнөөдөр (2026.03.08) Хөвсгөл аймгийн төв Мөрөн суманд болсон.
Соёлын дундаршгүй өв, байгалийн арвин нөөцтэй Хөвсгөл аймгийн 23 сум, нэг тосгон, 129 багт нийт 137 мянган хүн ам аж төрж байна. Аймгийн эдийн засгийн бүтцийг авч үзвэл мал аж ахуй, аялал жуулчлал, худалдаа үйлчилгээ, жижиг дунд үйлдвэрлэл зэрэг салбарууд зонхилдог. Хөвсгөл аймаг мал сүргийнхээ тоо толгойгоор улсдаа тэргүүлдэг бөгөөд аж үйлдвэрийн дэд бүс болох зорилтыг тавьжээ. УИХ-ын даргын дэвшүүлсэн “Эрх чөлөөний дөрвөн зам: Дөрвөн чөлөөлөлт” бодлогын хүрээнд малчдын эрх ашгийг төрийн бодлогод нэгтгэх, орлогыг төрөлжүүлж, экспортыг нэмэгдүүлэх хөтөлбөр багтсаныг уулзалтын үеэр онцлов. Хаврын чуулганы хугацаанд малчдад чиглэсэн бүхий л хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хянаж, тэдний дуу хоолой, эрх ашгийг хамгаалах нэгдсэн тогтолцоог бүрдүүлнэ гэлээ. Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудтай байгуулсан худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд хөдөө аж ахуйн 367 барааг тухайн бүсэд татваргүй экспортлох боломжтой болсныг УИХ-ын дарга дурдсан. Хойд бүсийн хөгжлийн зорилтод Оросын Холбооны Улс болон Европын орнуудтай эдийн засгийн харилцааг өргөжүүлнэ гэж заасанчлан энэхүү хэлэлцээрийн үр ашгийг бүс нутгийн иргэд бүрэн хүртэх боломжтойг мөн онцоллоо.
Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний 59 эрх, эдийн засгийн 24 эрх, улс төрийн 14 эрхийг хангах зорилготой “Чөлөөлье” санаачилгыг хэрэгжүүлэх дөрвөн тулгуурт бодлогод эдийн засгийн, эрх зүйн, ногоон хөгжлийн болон авлигын чөлөөлөлтийн ажлууд багтжээ. Эдийн засгийн чөлөөлөлтийн зорилго нь хүнд суртал, хууль журмын чөдөр, тушаанаас хувийн хэвшил, иргэдээ чөлөөлөхөд оршино гэдгийг УИХ-ын дарга тодотгож байв. Манай улс бизнесийн эрх чөлөөгөөр 184 орноос 85 дугаарт, хөрөнгө оруулагчдад ээлтэй байдлаар 109 дүгээрт, хувийн өмчийн эрхийн индексээр 94 дүгээрт тус тус бичигджээ. Нэн түрүүнд өрхийн дундаж орлогыг бодитоор нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг иргэн бүрт хүртээдэг байхын тулд төсвийн урсгал зардлыг танаж, сахилга батыг сайжруулахад анхаарах зарчим баримталж буйгаа УИХ-ын дарга онцолсон. Энэ хүрээнд төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг ил тод болгох, үр ашиггүй тохиолдолд татан буулгах, хувьцааг нээлттэй арилжих эсвэл нэгтгэх зэрэг арга хэмжээнүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлнэ гэлээ.
Эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулснаар хувийн хэвшлийн бизнес тэлэх орон зайг бүрдүүлэхийг зорьж байгааг хэллээ. Холбогдох эрх зүйн орчныг боловсронгуй болгохын тулд хаврын чуулганаар Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Хөрөнгө оруулалтын тухай болон Зөвшөөрлийн тухай хуулиудыг хэлэлцэх юм байна. Түүнчлэн Татварын багц хуулийг хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд үр дүнд нь иргэн, аж ахуйн нэгжүүдийн татварын ачаалал 2.7 орчим их наяд төгрөгөөр буурна гэж тооцсон. Эрх зүйн чөлөөлөлтийн хүрээнд хиймэл оюун ухааныг ашиглан хууль тогтоох үйл ажиллагааг ил тод, эргэх холбоотой, иргэндээ ээлтэй болгохоор зорилтот ажлууд эхлүүлснийг дурдлаа. Манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 378 хуульд хиймэл оюун ухаанаар дүн шинжилгээ хийхэд эдийн засгийн эрх, эрх чөлөөнд хүндрэл үүсгэдэг 228, шууд зөрчдөг 110 хууль байгааг тогтоожээ. Хүний эрхийн зөрчлийг арилгаж, хуулийн төслийг хэлэлцэн батлахаас өмнөх үе шатанд ийм төрлийн зүйл, заалт байгаа эсэхийг шалгахын тулд D-Parliament: AI дүн шинжилгээ цэсийг Улсын Их Хурлын цахим хуудаст байршуулжээ. Монгол Улсын Их Хурлаас 2026 оныг хүүхэд хамгааллын жил болгон зарласнаар гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална гэсэн Үндсэн хуулийн заалтыг тэргүүлэх чиглэлээ болгосон. Энэ хүрээнд Гэр бүлийн тухай хууль болон дагалдах хуулийн төслүүд, Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслүүдийг эн тэргүүнд хэлэлцэн батална гэдгийг УИХ-ын дарга мэдэгдлээ.
Эрх зүйн чөлөөлөлтийн эхлэл болсон Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн цуврал хэлэлцүүлгүүд үргэлжилж байна. Уг нэмэлт, өөрчлөлтөөр зөвшөөрөл олгох процессыг хялбаршуулж, хүчинтэй хугацааг нь сунгаж, зарим зөвшөөрлийг тусгай ангиллаас энгийн ангилалд шилжүүлэх зохицуулалт багтсаныг дуулгалаа. Чөлөөлөлтийн гурав дахь зам ногоон хөгжлийн бодлогод чиглэж байгааг УИХ-ын дарга танилцуулсан. Энэ хүрээнд УИХ-ын тогтоол баталж, өрхийн болон аймаг сумдын хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих ажлыг хувийн хэвшлийн оролцоотойгоор хэрэгжүүлэх юм. Хөвсгөл аймгийн иргэд уурын зуухны тоог цөөлж, агаарын бохирдлыг бууруулах энэ санаачилгыг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлэв. Орон нутагт сэргээгдэх эрчим хүчний жижиг, тархмал эх үүсвэрийг байгуулахад аймаг, сумдын удирдлагууд газар олголтоос эхлэн төслийг саадгүй хэрэгжүүлэх боломжоор хангаж, дэмжин ажиллахыг УИХ-ын дарга уриаллаа. Түүнчлэн хаврын чуулганаар Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийг хэлэлцэхээр бэлтгэлдээ орсныг дурдаад, ногоон санхүүжилтийг татах, карбон зах зээлд нэвтрэх эрх зүйн бололцоог бүрдүүлнэ гэв.
Илтгэлийнхээ төгсгөлд УИХ-ын дарга Н.Учрал Авлигын эсрэг чөлөөлөлтөөр хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэн батлах шаардлагатай байгааг танилцуулсан. Үүнд, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлыг хамгаалах тухай хуулийг эн тэргүүнд онцолсон юм. Мөн уул уурхайн салбарын ил тод байдлыг сайжруулах, хууль бус хөрөнгийг хураахтай холбоотой эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор төлөвлөж байгаа юм байна. Тэрбээр, ёс зүй, хариуцлагыг бүх шатанд шаардаж ажиллахаа илэрхийлээд төрийн бүх эрх мэдэл иргэдээс эх сурвалжтайг ямагт санах учиртай гэдгийг тодотгов. Иргэдийн зүгээс, төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилт харилцан адилгүй, зарим газар оновчгүй байгааг хөндөж, төсвийн хөрөнгө оруулалт зогссоны улмаас гацсан бүтээн байгуулалтуудын ажлуудыг урагшлуулахыг захилаа.
Мөн байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх санаачилгуудаас дурдаж, ингэхдээ унаган төрх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах ёстойг ч хэлж байв. Хамгийн их хүн амтай Хөвсгөл аймагт ажлын байрыг нэмэгдүүлэх нэн тэргүүний шаардлагатайг онцлоод, ноос ноолуур, түүхий эдийн боловсруулах үйлдвэр байгуулах чухал ач холбогдолтойг ч уламжлав. Олон нийтийн санхүүгийн боловсролыг сайжруулахад анхаарч, энэ төрлийн хичээлийг ерөнхий боловсролын сургалтын агуулгад багтаах зэрэг саналуудыг иргэд дэвшүүлсэн. Уулзалтад УИХ-ын даргаас гадна УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Л.Мөнхбаатар, С.Эрдэнэбат нар оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Олон улсын сурагч солилцооны хөтөлбөрт таван хотын 62 төлөөлөгч оролцжээ
“Олон улсын сурагч солилцооны хөтөлбөр 2026” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж, хаалтаа хийлээ. Энэ жилийн хөтөлбөрт Улаанбаатар хоттой ах дүүгийн болон найрамдалт харилцаатай Тайландын Бангкок, БНХАУ-ын Хөх хот, ОХУ-ын Эрхүү, БНСУ-ын Намянжү, Японы Мияконожо хотын нийт 62 сурагч, багш, төлөөлөгч оролцжээ.
Оролцогчид долоо хоногийн хугацаанд Монгол Улсын түүх, соёл, өв уламжлал, мөн нийслэл Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалттай танилцсан байна.
Хаалтын арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан оролцож, хөтөлбөрөөр дамжуулан Монгол Улсын баялаг түүх, өв соёл, үндэсний уламжлал, Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалтыг олон улсын хүүхэд, залуучуудад таниулахыг зорьсныг онцоллоо.
Мөн таван хотын сурагчид Монголын уламжлал, орчин үеийн хөгжилтэй танилцаж, шинэ найз нөхөдтэй болсон нь хөтөлбөрийн хамгийн үнэ цэнтэй үр дүн гэдгийг тэмдэглэв.
Тус хөтөлбөр нь хүүхэд, залуучуудын нөхөрлөл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, соёлын солилцоог өргөжүүлэхийн зэрэгцээ Улаанбаатар хотын гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх ач холбогдолтой болж өндөрлөжээ.
Улстөр нийгэм
Он гарсаар усны ослын 92 тохиолдол бүртгэгдэж, 149 хүний амь насыг аварчээ
Улсын хэмжээнд энэ оны долоодугаар сарын 30-ны өдрийн байдлаар усны ослын 92 тохиолдол бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 149 иргэний амь насыг аварчээ.
Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр үер, усны ослын эрсдэл өндөр бүсүүдэд хийсэн судалгаагаар 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд гол, мөрөн, нуурын орчимд байрлах 399 эрсдэлтэй цэгийг тогтоож, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байршуулсан байна.
Мөн гол, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн таван дүүрэг, 13 аймгийн 40 байршилд хөдөлгөөнт болон завьт эргүүл тогтмол ажиллаж, иргэдийн аюулгүй байдлыг хангаж байгаа аж.
Иймд ОБЕГ-аас иргэд, малчид, аялагчдыг үер, усны ослын эрсдэлийн талаарх сэрэмжлүүлэг, мэдээллийг тогтмол авч, мэргэжлийн байгууллагын өгч буй заавар, зөвлөмжийг мөрдөн, гол мөрөн, нуурын орчимд сонор сэрэмжтэй байхыг уриаллаа.
Улстөр нийгэм
Шадар сайд Н.Номтойбаяр Завхан аймагт ажиллаж, өвөлжилтийн бэлтгэлтэй танилцлаа
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгавар, Улсын Онцгой комиссын даргын 3 дугаар тушаалын хэрэгжилт болон 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгах хүрээнд Завхан аймагт ажиллалаа.
Одоогийн байдлаар Завхан аймгийн нийт нутгийн 60 хувьд зуншлага дунд, 40 хувьд муу гэсэн үнэлгээ гарсан байна. Агаар, хөрсний температур нэмэгдэж, ургамлын ургалт саарч, бэлчээрийн гарц муудах төлөвтэй байгааг аймгийн удирдлагууд танилцуулжээ.
Энэ үеэр аймгийн удирдлагууд өвөлжилтийн бэлтгэлийг хангахтай холбоотой тулгамдсан асуудлуудаа танилцуулж, Засгийн газарт дараах хүсэлтүүдийг хүргүүлэв. Үүнд:
- БНСУ-ын "Экзим" банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй 25 МВт-ын дулааны станцын барилгын ажлыг сэргээх,
- "Могойн голын нүүрсний уурхай"-н үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэх,
- Арцсуурь боомтын авто зам болон бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх,
- Зүүн аймгуудаас байгалийн хадлан бэлтгэх боломжийг бүрдүүлэх,
- Сумдын төрийн байгууллага, эрүүл мэндийн байгууллагуудад шаардлагатай автомашин шийдвэрлэх,
- Ховд-Завхан чиглэлийн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлыг эхлүүлэх, сумдын цахилгаан шугамыг шинэчлэх,
- Аймгийн аюулгүйн нөөцөд өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлыг хөнджээ.
Шадар сайд Н.Номтойбаяр Засгийн газар цаашид орон нутгийн санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлж, тухайн хөрөнгийн зарцуулалтад Иргэдийн төлөөлөгчдийн хурал хяналт тавих эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгааг онцоллоо.
Мөн өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд төв болон зүүн бүсээс хадлан бэлтгэхэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж, шаардлагатай сум, байгууллагуудад туулах чадвар сайтай автомашин олгох чиглэлээр дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ.
-
Улстөр нийгэм2021/08/18
Б.Мөнхбаатар: Тусгай зөвшөөрлийг цахимжуулснаар инженер техникийн ажилтны давхца...
-
Улстөр нийгэм2024/06/25
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар гадаадын 259 ажиглагч, 27 сэтг...
-
Улстөр нийгэм2020/12/24
УИХ-ын гишүүн Ц.Туваан хуульд өөрчлөлт оруулахаар төсөл өргөн барилаа
-
Шударга мэдээ2025/12/17
Эдийн засаг, санхүүгийн нэр томьёоны тайлбар толь “GRAND BULL AWARDS 2025” ш...
