Цаг үе
Таван шарын нүхэн гарцаар цагт ойролцоогоор 1800 машин нэвтэрч байна
Улаанбаатар хотын баруун бүсийн замын хөдөлгөөний гол зангилаа цэгүүдийн нэг болох Таван шарын төмөр замын гармын нүхэн гарцыг 2024 оны есдүгээр сард ашиглалтад оруулж, авто замын хөдөлгөөнийг нээсэн. Тус нүхэн гарцаар цагт ойролцоогоор 1800, хоногт дунджаар 42’830 тээврийн хэрэгсэл саадгүй нэвтэрч байгаа нь тухайн бүсийн замын ачааллыг бууруулахад голлох нөлөө үзүүлж байна.
Төслийн хүрээнд авто зам төдийгүй инженерийн дэд бүтцийн цогц шийдлийг үе шаттайгаар нэвтрүүлж буй. Тухайлбал, 16’000 ам метр талбайд ногоон байгууламж байгуулж, 2900 метр урт гэрэлтүүлгийн кабель татсан. Мөн 400 кВА хүчин чадалтай дэд станцыг угсарч байна. Ингэснээр борооны ус зайлуулах насос станц найдвартай эрчим хүчээр тэжээгдэж, хаврын шар усны үер болон зуны аадар борооны үед нүхэн гарц усанд автах эрсдэлээс бүрэн сэргийлэх юм.
Түүнчлэн иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс төмөр зам болон Найрамдлын авто зам дээгүүр гарах 90 метр үргэлжлэх явган хүний гүүрэн гарцыг төлөвлөсөн. Гурван орц гарцтай, 93 шон суурьтай уг байгууламжийн барилга угсралтын ажлыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард эхлүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар тулгуурын ажил хийгдэж байна. Тус гүүрэн гарцыг ирэх энэ оны хоёрдугаар улиралд бүрэн ашиглалтад оруулна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Цаг үе
“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийг 11 дэх жилдээ Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
Тус марафонд гүйх иргэдийг www.ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэх юм.
Өнөөдрийн байдлаар 23 мянга гаруй оролцогч гүйхээр бүртгүүлээд байна.
Сүүлийн жилүүдэд гадаад, дотоодын мэргэжлийн болон сонирхогч гүйгчид олноор оролцох болсон. Энэ нь арга хэмжээний цар хүрээ тэлж, оролцогчдын тоо жил бүр нэмэгдэж байгааг харуулж байна.
Марафонд гүйх иргэд насны ангилал болон бэлтгэлийн түвшиндээ тохирсон зайгаа сонгон, тавдугаар сарын 1-ний 17:00 цагаас өмнө бүртгэлээ баталгаажуулаарай.

Цаг үе
ОХУ: Ялалтын баярын парадыг цэргийн техникгүй зохион байгуулна
ОХУ-ын нийслэл Москва хотод тавдугаар сарын 9-нд болох Ялалтын баярын цэргийн парадыг энэ жил цэргийн техникгүй зохион байгуулахаар болсон талаар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдлээ.
Тэрбээр уг шийдвэр нь үйл ажиллагааны нөхцөл байдалтай холбоотойг онцолж, аюулгүй байдлын эрсдэлийг бууруулах зорилгоор ийм арга хэмжээ авч байгааг дурдсан байна. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өмнө нь Киевийн дэглэмийг террорист үйл ажиллагаагаа идэвхжүүлж байгаа талаар мэдэгдсэнийг иш татжээ.
Ийм нөхцөлд болзошгүй аюул заналыг багасгахын тулд бүх шаардлагатай арга хэмжээг авч буйг Песков тэмдэглэсэн байна. Тэрбээр парад цуцлагдахгүй, харин товчруулсан хэлбэрээр зохион байгуулагдана гэдгийг тодотголоо.
Мөн өнгөрсөн жилийн парад нь ойт жилийн хүрээнд өргөн хүрээтэй зохион байгуулагдсан бол энэ жил ойт жил биш тул цар хүрээ багассан байгааг дурдсан байна.
Цаг үе
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 1-ний өдрөөс эхэлнэ.
Энэ талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт мэдээлэл өглөө.
НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Иргэнийг 2026 оны I ээлжийн хугацаат цэргийн албанд татах үйл ажиллагааны бэлтгэлийг хангаж байна. Цэрэг татлагыг тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд тогтоосон байруудад зохион байгуулна. Энэ удаагийн цэрэг татлагын онцлог нь хөдөө орон нутагт зарлан дуудах мэдэгдэл авсан иргэд Улаанбаатар хотод түр оршин суугаа газрынхаа харьяа цэрэг татлагын байруудад очиж, оролцох боломжтой юм. Үүнийг Цэргийн албаны тухай хуулийн 12.7-д заасан байдаг. Иргэд хөдөө, орон нутагт цэрэг татлагад хамрагдаж амжаагүй бол нийслэлд цэрэг татлагын түр товчооны байруудаар хамрагдаж болно. Иргэн цэрэг татлагын товчоонд иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэхээ авч очих ёстой. Ингээд эрүүл мэндийн бүх төрлийн үзлэгт орно. Хэрвээ иргэн цэрэг татлагад хамрагдах боломжгүй бол шалтгаанаа тодорхойлсон баримт бичгээ бүрэн бүрдүүлж ирэх хэрэгтэй. Тухайлбал, ар гэр, дүү нараа асран хамгаалдаг бол хорооныхоо тодорхойлолт, эрүүл мэндийн шалтгаантай бол хамгийн сүүлд эмчид үзүүлсэн зэрэг баримтыг авч очих нь зүйтэй. Мөн гаднын улсад сурч, ажиллаж байгаа бол холбоотой гэрээ, баримт бичгүүдийг хамгийн сүүлийн он сараар нь нотолгоо болгон авчрах хэрэгтэй. Бичиг баримт дутуугаас болж асуудал үүсдэг. Харуулах баримтгүй хүнийг бид нотолж цэргийн албанаас чөлөөлнө гэдэг тун хүндрэлтэй. Иргэд холбогдох баримт, өргөдлөө бүрэн бүрдүүлээд албанаас чөлөөлөх хүсэлтээ өгнө. Бид бичиг баримтад үндэслэн хуулийн дагуу авч үзэн, тухайн иргэнийг тус цэрэг татлагаас чөлөөлөх боломжтой байдаг.
2026 оны I ээлжийн цэрэг татлагад татагдсан иргэд хилийн болон дотоодын цэргийн ангид алба хаана. Энэ төрлийн цэргийн байгууллагад алба хаахад давуу талууд бий. Тухайлбал, хилийн цэрэгт татагдсанаар тухайн иргэн эх орныхоо хамгийн үзэсгэлэнтэй газруудад байрладаг застав, отрядуудад дархан хилээ манах үүрэг хүлээнэ. Харин дотоодын цэргийн анги салбарт цэргийн албаа нэр төртэй хаавал улираах урилгыг алба хаагчдад хүргүүлдэг. Дөрөвдүгээр сарын 30-ны өдөр дотоодын цэрэгт алба хаасан залуус маань халагдана. Тавдугаар сарын 1-ний өдөр хилийн цэрэгт алба хаасан байлдагч нар халагдана. Энэ өдөр албаа сайн хаасан эх орны залуучууд халагдаж, мөн хүсэл эрмэлзэл дүүрэн залуус цэрэгт татагдана” гэлээ.
