Цаг үе
Улаанбаатар Трам төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг зарлалаа
Нийтийн тээврийн Улаанбаатар Трам төслийн хоёрдугаар шугамын бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг өнөөдөр зарлаж, тендерийн материал хүлээн авч эхэллээ. Улаанбаатар Трам төслийн хоёрдугаар шугам нь Сүхбаатарын талбайгаас Буянт-Ухаа цогцолбор хүртэл 15 км үргэлжилж, 23 зогсоолтой байна. Нисэхийн бүсийг хотын төвтэй холбох Улаанбаатар Трам төслийн хоёрдугаар шугамыг 2026-2028 онд барьж дуусгах юм. Оролцогчдын тендерийн баримт бичгийг 2026 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө тендер шалгаруулалтын баримт бичигт зааснаар хүлээн авна. Тендерийг дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 11 цаг 40 минутад нээнэ. Төслийн нийт төсөвт өртөг 1.2 их наяд төгрөг бөгөөд 2026 онд санхүүжих дүн 325 тэрбум төгрөг байна. Тендер нь EPC (Engineering, Procurement, Construction) нөхцөлтэй. Гүйцэтгэгч нарийвчилсан зураг төсөл боловсруулах, тоног төхөөрөмж, материалын худалдан авалт хийх, барилга угсралтын ажлыг бүрэн хариуцах юм.
Yийтийн тээврийн Улаанбаатар Трам төслийн хоёрдугаар шугам (Сүхбаатарын талбайгаас Буянт-Ухаа цогцолбор чиглэл) төсөл хэрэгжсэнээр оргил цагт тухайн чиглэлд цагт 6989 зорчигч тээвэрлэж, авто замын ачаалал 12.2 хувиар багасах урьдчилсан тооцоо гарсан байна. Мөн нүүрсхүчлийн хийн ялгарал жилд 43.3 тонн, азотын исэл жилд 301.9 тонноор багасаж, хотын хүрээлэн буй орчинд эерэг нөлөө үзүүлэх юм. Зорчигч автобусаар 90-100 минутад туулах зайг трамвайгаар 35-40 минутад туулах боломжтой. Өртөө орчмын бүсэд жижиг, дунд бизнес хөгжих нөхцөл бүрдэхээр байна. Түүнчлэн төслийг хэрэгжүүлэх хугацаанд 300 гаруй түр ажлын байр, ашиглалтад орсны дараа 135 байнгын ажлын байр бий болох урьдчилсан тооцоо гарчээ. Улаанбаатар Трам төсөл нь байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэрэглээ багатай нийтийн тээврийн шинэлэг шийдэл гэдгээрээ онцлогтой.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Цаг үе
Гол нуурууд орчмын 399 усны ослын хар цэгүүдийг тодорхойлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авлаа
Иргэд осолдож болзошгүй гол нуурууд орчмын 399 байршил дагуу усны ослын хар цэгүүдийг тодорхойлж, завьт болон хөдөлгөөнт эргүүлийг ажиллуулж байна. Сүүлийн таван жилийн хугацаанд (2021-2025) усны ослын 537 удаагийн дуудлага бүртгэгдэж, 464 хүн амь насаа алдсан байна.
Усны ослоор амь насаа алдсан иргэдийн 68 хувь нь гол мөрөнд, 20 хувь нь нуурт, 12 хувь нь тогтоол усанд энджээ. Иймд иргэд та бүхэн аялал, зугаалгаар явахдаа тухайн очих газрынхаа онцлогийг судалж, усанд эрсдэх аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг уриалж байна гэж Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээллээ.
Цаг үе
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Үүр, Хэнтий нурууны зүүн хажуугийн Хурх, Барх, Хэрлэн, Онон /Дадал/ , Хангай нурууны өврийн Онги зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-40 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг давсан байна.
Өнөөдөр буюу 6 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ мөрөн, Тосонцэнгэл сум орчимд болон Эг гол Хантай баг орчимд усны түвшин 5-15 см нэмэгдэх төлөвтэй байна.
Мөн
- 6-р сарын 17-ны өдөр баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
- 18-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
- 19-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр,
- 20-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох юм байна.
Иймд тухайн хугацаанд орсон хур борооны эрчимжил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул иргэд үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газар зусах, амрах болон гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож , хоноглохгүй байх, зөвхөн зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөв.
Цаг үе
"Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам"-д Монгол улсаа төлөөлөн оролцох тамирчныг энэ сарын 18-ны өдөр тодруулна
Киргизстаны нийслэл Бишкек болон Чолпон-Ата хотуудад ирэх наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 06-ны өдрүүдэд "Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам" зохион байгуулагдана. Тус наадам нь 2 жилд нэг удаа болдог бөгөөд 2022 онд Туркийн Изникд болсон наадамд 102 орны 3000 гаруй тамирчин, 2024 онд Казахстаны Алматад 89 орны 2500 орчим тамирчин оролцож байжээ.
Энэ удаагийн VI наадамд 60 орон оролцохоо албан ёсоор мэдэгдсэн бөгөөд 60 орчим орны 4000 гаруй тамирчин, төлөөлөгч оролцоно гэж зохион байгуулах хорооноос мэдээлээд байна.
Тус наадамд Монгол улсаа төлөөлөн оролцох бөхийн 6 төрлийн тамирчныг тодруулах, сонгон шалгаруулалтыг 2026.06.18-ны өдрийн 11.00 цагт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулна.
Тус сонгон шалгаруулалт нь дараах бөхийн төрлүүдээр, халз барилдаан хэлбэрээр зохион байгуулагдана. Үүнд:
- Монголын Үндэсний бөх
- Казак Курес бөх
- Иран Пахлавани бөх
- Киргиз Алыш бөх
- Кураш
- Бүстэй барилдаан
Эдгээр бөхийн төрлүүдээр эх орноо төлөөлөн "Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам" оролцох тамирчны сонгон шалгаруултад оролцох боломжтой юм байна.
