Улстөр нийгэм
"Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19 дэх илтгэл"-ийг УИХ-д өргөн барилаа
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19 дэх илтгэл"-ийг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн барилаа. Илтгэлийг Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөж, товч танилцуулгыг хийв. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасны дагуу тухайн жилийн хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлыг тодорхойлж Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг жил бүрийн эхний улиралд багтаан Улсын Их Хуралд өргөн барьдаг билээ.
19 дэх илтгэлийг “Малчин эмэгтэйчүүдийн хүний эрхийн нөхцөл байдал: хүчирхийллээс ангид байх эрх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн зарим асуудал”, “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт”, “Химийн хорт болон аюултай бодисын хадгалалт, хамгаалалтын талаар тулгамдаж буй зарим асуудал”, “Хүний эрхийн олон улсын индекс ба Монгол Улсын эзлэх байр” гэсэн үндсэн 4 сэдвийн хүрээнд боловсруулав. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 9 болон 17 дугаар зүйлд заасны дагуу Улсын Их Хурлаар хэлэлцүүлж, шийдвэр гаргуулахаар 23 санал хүргүүлж байна. Үүнд:
НЭГ. Малчин эмэгтэйчүүдийн ХҮНИЙ ЭРХ, ХҮЧИРХИЙЛЛЭЭС АНГИД БАЙХ ЭРХ, БЭЛГИЙН БОЛОН НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД, ЭРХИЙН АСУУДЛААР
А.Хүчирхийллээс ангид байх эрхийн чиглэлээр:
- Түр хамгаалах байр болон нэг цэгийн үйлчилгээний төвүүдийг бүх аймагт бий болгож, тэдгээрт ажиллах алба хаагчдын орон тоог нэмэгдүүлэх, алслагдсан багт хүрч ажиллахад шаардагдах автомашин, шатахуун болон холбогдох бусад зардлыг шийдвэрлэх;
- Аймаг сум, багийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хуулиар хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлэх, шаардагдах төсвийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаараа шийдвэрлүүлдэг байх;
- Цагдаагийн төв байгууллагын бүтэц дэх гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан нэгжийг аймаг дахь Цагдаагийн газарт бий болгох, хамтарсан багийн үйл ажиллагаатай уялдуулах;
- Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс Салбар зөвлөлийн мэргэжилтнүүдийг сургах, арга зүйгээр хангах, хамтарсан багийг дэмжин ажиллах үүргийн хэрэгжилтэд хяналт тавих, мөн алслагдмал газарт амьдардаг, мэдээлэл авах боломжгүй, бичиг үсэг үл мэддэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, малчдад Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль тогтоомжийг сурталчлан таниулах ажлыг нэмэгдүүлэх;
- Цагдаа болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагууд зан үйлд нөлөөлөх албадан сургалтыг үр дүнтэй зохион байгуулахад шаардлагатай сургагч багшийг бэлтгэх, орон тоог нэмэгдүүлэх, сургалтын байр, танхим, сургалтын хэрэглэгдэхүүнийг шинэчлэх, шаардагдах зардлыг шийдвэрлэх;
Б. Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн чиглэлээр:
- Аймаг, сумын Засаг дарга нар эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөж харьяалах нутаг дэвсгэрийнхээ эрүүл мэндийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, оновчтой байршуулах замаар жирэмсний хяналтын тусламж, үйлчилгээг алслагдсан сум, багийн эмэгтэйчүүдэд хүргэх, зайлшгүй тохиолдолд аймгийн төвөөс алслагдсан газарт амьдарч буй жирэмсэн эмэгтэйчүүдийг сумандаа амаржих нөхцөлөөр хангах;
- Эрүүл мэндийн байгууллагын хүний болон санхүүгийн нөөцийг хуваарилахдаа мэргэшсэн эх баригч, эмэгтэйчүүдийн эмч, багийн эмчийн орон тоог зохистой нэмэгдүүлэх, cумын эрүүл мэндийн төвүүдийг нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд шаардлагатай орчин үеийн оношлогоо, эмчилгээний тоног төхөөрөмжөөр хангах;
- Малчдад бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн тухай гэр бүл төлөвлөлт, хүчирхийллийн талаарх мэдээллийг тогтмол, хүртээмжтэй хэлбэрээр хүргэх;
- Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй үнээр олгож байгаа жирэмслэхээс сэргийлэх хэрэгслийн нэр төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх;
- Аймгийн эрүүл мэндийн газар харьяалах нутаг дэвсгэрийн хүн амын эрүүл мэндийн статистик мэдээлэл, эрүүл мэндийн байгууллагын тайлан, мэдээ, мэдээлэлд малчдын талаар нарийвчлан ангилсан статистик үзүүлэлт гаргадаг болох.
В. Бусад эрхийг хангах чиглэлээр:
- Бага, дунд боловсролын тухай хуульд бага боловсрол олгож буй ерөнхий боловсролын сургууль нь суралцагчийн насны онцлогт тохирсон байдлаар тохижсон, алслагдмал орон нутагт амьдардаг хүүхдүүдийг 7 хоногийн ажлын өдрүүдэд хүлээн авах цэцэрлэгийн нөхцөл бүхий дотуур байртай байх зохицуулалтыг тусгах;
- Малчин эмэгтэйчүүд, тэдгээрийн гэр бүлийг олон нийтийн үйл ажиллагаанд тогтмол хамруулах, нийгмийн харилцаанд идэвхтэй оролцуулах чиглэлээр аймаг, сумдын түвшинд хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх;
- Мал аж ахуйн бус бусад ажлыг туслах малчны ажилд хамааруулахгүй байх, 16 насанд хүрээгүй хүүхдийг туслах малчнаар ажиллуулахгүй байхаар тооцож “туслах малчин”-ы нэр томьёог холбогдох хуульд оновчтой тодорхойлох, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд туслах малчны ажлын байр болон хөдөлмөрийн гэрээтэй холбоотой зохицуулалтыг тусгах.
ХОЁР. ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН АСУУДЛААР
- Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх талаар Ерөнхий сайдын албан даалгавар гаргаж, аймгуудын Засаг дарга нарт хүргүүлэх;
- Орон нутгийн төсөвт Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль болон Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг тогтмол тусгах;
- Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагад жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоог бий болгох;
- Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль болон Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийн биелэлтийн дүнг Засаг дарга нарын ажлыг дүгнэх нэг үзүүлэлт болгож үйл ажиллагааг идэвхжүүлэх;
- Төрийн албаны зөвлөл, Жендэрийн үндэсний хорооноос гаргаж буй хүйсийн тэнцвэрт байдлын тайлан, мэдээг нэг загвар, шалгуураар гаргах;
- Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын Хүчирхийлэл болон дарамтын тухай 190 дүгээр конвенцыг соёрхон батлах.
ГУРАВ. ХИМИЙН ХОРТ БОЛОН АЮУЛТАЙ БОДИСЫН ХАДГАЛАЛТ, ХАМГААЛАЛТЫН ТАЛААР ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛААР
20. Хот суурин газарт сургууль, эмнэлэг, лаборатори, эрдэм шинжилгээний байгууллага болон үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд олон жил хуримтлагдаж хадгалагдаж байгаа, хугацаа нь дууссан, чанарын шаардлага хангахгүй болсон химийн хорт болон аюултай бодис, хог хаягдлыг байршуулах, хадгалах зориулалтын барилга, байгууламжийг яаралтай бий болгох;
21. Химийн хорт болон аюултай бодис, хог хаягдлыг байгаль орчинд ээлтэй аргаар устгах үйлдвэрийг барих асуудлыг нэн даруй шийдвэрлэх;
22. Химийн хорт болон аюултай бодисын нэгдсэн бүртгэлтэй болох, хариуцах байгууллагыг тодорхойлох;
23. Байгууллага, аж ахуйн нэгжид хадгалагдаж байгаа хугацаа нь дууссан, чанарын шаардлага хангахгүй болсон химийн хорт болон аюултай бодис, хог хаягдлыг зөөвөрлөх, стандартын шаардлагад нийцсэн барилга, байгууламжид хадгалах.
Улстөр нийгэм
Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр /2026.11.03/ Бүгд Найрамдах Франц Улсын “Сабена техникс хеликоптерс” группийн зөвлөх Жонатан Коссонтой уулзаж, онцгой байдлын байгууллагын агаараас эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааны гуравдугаар шатны төслийг хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.
Уулзалтаар Монгол Улсын өргөн уудам газар нутаг, хүн амын суурьшлын тархмал байдалтай уялдуулан агаараас эрэн хайх, аврах ажиллагааг бүсчилсэн байдлаар өргөжүүлэх, шаардлагатай нисдэг тэрэг, техник тоног төхөөрөмжийн шинэчлэл болон төслийн санхүүжилтийн боломжийг хэлэлцэв.

Монгол, Францын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй төслийн эхний шат 2020-2023 онд хэрэгжиж, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийг байгуулж, дөрвөн нисдэг тэрэг, гал түймэр унтраах зориулалтын 42 автомашин нийлүүлж, нисгэгч, инженер техникийн ажилтнуудыг сургаж бэлтгэсэн. Төслийн хоёрдугаар шат 2024-2027 онд хэрэгжиж байна. Уг төслийн хугацаанд агаараас эрэн хайх, аврах болон эмнэлгийн тусламж үйлчилгээний нислэгээр 212 удаагийн шуурхай дуудлагад ажиллаж, 281 иргэнийг эмнэлэгт хүргэжээ. Харин гуравдугаар шат хэрэгжсэнээр гамшиг, ослын голомтод хүрэх хугацааг богиносгож, алслагдсан бүс нутгийн иргэдэд яаралтай тусламж үзүүлэх боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

Шадар сайд Н.Номтойбаяр Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, гамшгаас урьдчилан сэргийлэх бодлогыг бэхжүүлэх, санхүүжилтийн шат дараатай, бие даасан тогтолцоог бүрдүүлэхээр ажиллаж байгааг онцлов. Энэ хүрээнд улсын төсвөөс бусад боломжит эх үүсвэрийг ашиглан гамшгаас хамгаалах салбарын санхүүгийн чадавхыг нэмэгдүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх юм.
“Сабена техникс хеликоптерс” группийн зөвлөх Жонатан Коссон өмнөх хоёр шатны төслийн үр дүнг өндрөөр үнэлж, гуравдугаар шатны төслийг хэрэгжүүлэхэд дэмжин ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Улстөр нийгэм
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
E-zasag.mn-ээр гараашны татвар тэглэх санаалчилга гарч, 20 хоногт 101.097 иргэн дэмжжээ. Олон нийтийн өргөдлийг Ерөнхий сайдын зөвлөх О.Батхүү Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд хүлээлгэн /2026.11.03/ өглөө.
Гарааш бол бизнес хийж ашиг олдог хөрөнгө, тансаг хэрэглээ биш. Автомашинаа хадгалах, хамгаалах зориулалттай дэд бүтэц. Иймд Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулж, гэр бүлийн хэрэгцээний авто гарааш, авто зогсоолыг үл хөдлөхийн албан татвараас чөлөөх иргэдийн саналыг уламжилж байгаагаа санаачлагчид хэллээ.

Гараашны татвар тэглэх санаачилга E-Zasag платформоор 100 мянган санал авсан анхны олон нийтийн өргөдөл боллоо. 100 мянган иргэн нэг асуудалд санал нэгдсэн нь олон зуун мянган иргэн, айл өрхийн асуудал байгааг илтгэж байна. Өрхийн хэрэгцээний дулаан гарааш, зогсоолыг татвараас чөлөөлөх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа Ерөнхий сайд илэрхийлээд холбогдох хуулийг шинэчлэн боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Сангийн сайд З.Мэндсайханд үүрэг болголоо.
“2027 он хөдөлмөрлөж, хийж бүтээж буй иргэдээ 1.3 их наяд төгрөгийн татварын дарамтаас чөлөөлж, ажлын байр нэмэгдүүлсэн жил байх болно” гэж Ерөнхий сайд хэлээд саналаа илэрхийлж, шийдвэр гаргахад идэвхтэй оролцсон иргэддээ талархал илэрхийлэв.


Улстөр нийгэм
Улсын Их Хурлын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын асуудлыг хөндлөө
Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын Их Хурлын асуулгын цагаар үргэлжиллээ. Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс төсвийн үр ашиг, санхүүгийн сахилга, хариуцлага, төрийн өмчит компаниудын ноогдол ашиг, уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засаг, төрд итгэх иргэдийн итгэл зэрэг олон асуудлын хөндөж, Ерөнхий сайд Н.Учралтай чуулганы танхимд нээлттэй мэтгэлцээн өрнүүлэв.
Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Б.Түвшин 2017 онд улсын төсвийн нийт зарлага 9.0 их наяд төгрөг байсан бол 2027 онд 43.5 их наяд төгрөг болж, урсгал зардал 7.0 их наядаас 33.5 их наяд төгрөгт хүрсэн ч өрхийн бодит орлого ердөө 62.0 хувиар өссөн тухай статистик мэдээллийг танилцуулж, энэ зөрүүгийн цаана төсвийн тэлэлт, хулгай, төрийн хариуцлагын асуудал оршиж буйг шүүмжилсэн юм. Монгол Улсын төсөв бодлогод бус зардалд суурилах болсныг Ерөнхий сайд хүлээн зөвшөөрч, эдийн засгийн өсөлт айл өрхийн хаалгаар орохгүй байгаа уул уурхайгаас хэт хамааралтай өрөөсгөл бүтэцтэй холбоотойг тодорхой тайлбарлав. Засгийн газраас төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлыг 2027 онд ДНБ-ий 2.0 хувь, 2028 онд 1.5 хувь, 2029 онд 1.0 хувь хүргэж бууруулах зорилт тавьжээ. Төсвийн реформын эхлүүлж, үүний хүрээнд төрийн өмчит компанийн ноогдол ашгийг төсөвт татан төвлөрүүлж, төсвийн гадуур явдаг хөрөнгийг ил тод болгож эхэлснийг Ерөнхий сайд дурдав.
Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа 60 тэрбумын хэрэг, ЖДҮ-ийн зээл, Хөгжлийн болон Капитал банкны хэрэг, Нүүрсний хулгай, Ногоон автобусны хэргийн хариуцлагыг нэхэж, Хуримтлалын санд хэдий хэмжээний хөрөнгө төвлөрсөн талаар тодруулсан бол Улсын Их Хурлын гишүүн Г.Ганбаатар аудитын байгууллагын дүгнэлтээр төсвийн сахилга, хариуцлага алдсан нь нотлогдсон албан тушаалтнуудад ямар хариуцлага тооцсон тухай асуулт тавив. Үндэсний аудитын газраас хариуцлага тооцуулах 96 санал ирүүлснийг Ерөнхий сайд Н.Учрал мэдээлж, зарим төрийн өмчит үйлдвэрийн газрын удирдагуудад хариуцлага тооцсон талаар ярив.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа Улсын Их Хурлын тогтоолоор Засгийн газарт өгсөн багш нарын цалин, урамшууллыг улсын дунджаас өндөр түвшинд хүргэх чиглэлүүд яагаад хэрэгжихгүй байгааг асууж, хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүү өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс ажлаа өгснийхөө дараа авлига, хулгайн талаар ярьж эхэлдэг нь төрд итгэх иргэдийн итгэлийг сулруулах нэг гол хүчин зүйл болж байгааг анхааруулсан юм . Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа эрх баригч намынхны авлига, албан тушаалын хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааны үр дүн ямар байгааг асууж, хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Р.Эрдэнэбүрэн улсын төсөвт хамгийн их орлого төвлөрүүлдэг аймгууд эргээд шударга санхүүжилт авч чадахгүй байгааг сануулж, үүнд анхаарч ажиллахыг Засгийн газрын тэргүүнээс хүслээ.

Улсын Их Хурал дахь олонхыг төлөөлөн Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун асуулт тавьж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг даруй өргөн мэдүүлэхийг зөвлөв.
Мөн Улсын Их Хурал дахь ХҮН намын зөвлөлийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Л.Энхнасан, П.Наранбаяр, Ж.Золжаргал, Г.Уянгахишиг нар Оюутолгой ХК-ийн ногдол ашгийг хэрхэн ашиглах, баялгийн өгөөжийг ирээдүйд чиглүүлж, үр ашгийг нэмэгдүүлэх, газрын тос боловсруулах үйлдвэр болон нүүрс-химийн үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, Хуримтлалын сангийн хөрөнгийг илүү өгөөжтэй санхүүгийн хэрэгсэлд оруулах, мөн стратегийн төслүүдэд ашиглах зэргээр саналаа хэлж, байр сууриа илэрхийлсэн юм.



Ерөнхий сайд Н.Учрал хөрөнгийн зах зээлийг эдийн засгийн шинэ тулгуур болгон хөгжүүлэх, татварын дарамтыг бууруулж, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газар эрчимтэй ажиллаж байгааг танилцуулж, олон жил үргэлжилсэн авлига, албан тушаалын хэрэг, маргааныг хууль хяналтын байгууллагаар нэг мөр шийдвэрлүүлэх, ил тод байдал, хариуцлага, бодит үр дүнг нэмэгдүүлэх замаар иргэдийн төрд итгэх итгэлийг сэргээх ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв.
Улсын Их Хурлаар хэлэлцэж буй Монгол Улсын 2027 оны төсвөөр дамжуулан Засгийн газар татварын хөнгөлөлт, төрийн өмчит компаниудын ноогдол ашиг, хөрөнгийн зах зээл, хувийн хэвшлийн оролцоонд тулгуурласан шинэ өсөлтийн бодлогыг хэрэгжүүлэхээр зорьж буйг Ерөнхий сайд Н.Учрал онцолж байлаа гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
-
Цаг үе2026/04/28
Шар шороон шуурганы эсрэг бүс нутгийн хамтын ажиллагааг идэвхжүүлнэ
-
Шударга мэдээ2020/07/18
Нийслэлийн ногоон бүсэд 12 зуслан үйл ажиллагаа явуулна
-
Улстөр нийгэм2026/05/13
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод
-
Үзэл бодол2022/05/24
Д.Сумъяабазар: Нийслэлд спорт цогцолбор байгуулах ажлыг үе шаттайгаар хийж байна...
