Улстөр нийгэм
УИХ-ын байнгын хороодын хуралдаан өнөөдөр болно
УИХ-ын байнгын хороодын өнөөдрийн /2020.04.14/ хуралдаанаар хэлэлцэх асуудал, хуваарийг та бүхэнд хүргэж байна.
1. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 13 гишүүн 2020.04.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- “Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт сум, Баян-Өлгий аймгийн Өлгий, Бугат сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.01.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- Бусад.
2. Төсвийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж 2019.12.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь 2019.12.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат, Х.Болорчулуун нарын 20 гишүүн 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Монгол Улсын Засгийн газар, 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Цэрэнбат, 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Төрийн аудитын байгууллагын 2019 оны үйл ажиллагааны тайлан.
3. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.10.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.09.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.
Улстөр нийгэм
Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан энэ мөчид үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар “Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай”, “Газрын тосны зарим бүтээгдэхүүний талаар авах арга хэмжээний тухай”, “Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын тухай” зэрэг асуудлыг хэлэлцэх ажээ.
Мөн хүнсний зарим гол нэр төрлийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг бүртгэлжүүлэх, хяналтыг сайжруулах чиглэлээр авах арга хэмжээ, төсвийн зардлын санхүүжилтэд эрэмбэ тогтоох, төсвийн хэмнэлт, мөнгөн хөрөнгийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний талаар хэлэлцэх юм.
Түүнчлэн “COP17”-ын үеэр Монгол Улсаас дэвшүүлэх үндэсний стратегийн баримт бичиг, газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах “Шуурхай штаб”-аас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ зэрэг нийт 20 орчим асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Улстөр нийгэм
“Зэс-Оюу” 220 кВ-ын хуваарилах байгууламжийг ашиглалтад орууллаа
Монгол Улсын эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг нэмэгдүүлж, өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангах зорилготой “Зэс-Оюу” 220 кВ-ын хуваарилах байгууламжийг ашиглалтад орууллаа.
Энэхүү байгууламжийг 2022 онд Оюу толгойн уурхайг эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс хангах гэрээ байгуулсны дараа, 2023 оны тавдугаар сард Эрчим хүчний яамны тавьсан хүсэлтийн дагуу “Оюу толгой” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар барьжээ.
Шинэ байгууламж ашиглалтад орсноор Монгол Улсын төвийн эрчим хүчний системийг БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллагаанд холбох техникийн боломж бүрдэж байгаа юм.
Үүний үр дүнд өвлийн оргил ачааллын үед Өвөр Монголоос 80 МВт хүртэлх цахилгаан эрчим хүчийг нэмэлтээр импортлон өмнөд бүсийн зарим хэрэглэгчийг хангах бөгөөд төвийн бүсийн эрчим хүчний системийн ачааллыг бууруулах боломжтой болно.
“Зэс-Оюу” 220 кВ-ын ил хуваарилах байгууламжийн төсөл нь Эрчим хүчний яам, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК, Диспетчерийн үндэсний төв, “Оюу толгой” ХХК, Өвөр Монголын Эрчим хүчний групп болон дотоодын гүйцэтгэгч байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд хэрэгжжээ.
Төслийн бүтээн байгуулалтад үндэсний 20 гаруй компани, 2000 гаруй инженер, техникийн ажилтан оролцож, нийт 600 мянга гаруй хүн/цагийн ажлыг осол, гэмтэлгүйгээр гүйцэтгэсэн байна.
Улстөр нийгэм
Дамбадаржаагийн 63 МВт-ын дулааны станцын бүтээн байгуулалт 62 хувийн гүйцэтгэлтэй байна
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дамбадаржаа дэд төвд барьж буй 63 МВт-ын хүчин чадалтай дулааны станцын барилга угсралтын ажил 62 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Тус станц нь Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийн дулаан хангамжийг сайжруулах зорилготой бөгөөд "Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих" хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа юм.
Төслийн нийт санхүүжилтийн 40 хувь буюу 9.38 сая ам.долларыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, 60 хувь буюу 14.08 сая ам.долларыг Азийн хөгжлийн банк санхүүжүүлж байна. Барилга угсралтын ажлыг 2025 оны дөрөвдүгээр сард эхлүүлсэн бөгөөд ерөнхий гүйцэтгэгчээр "Хятадын хоёрдугаар металлурги групп корпораци" ажиллаж байгаа аж.
Улаанбаатар хотын Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн Ерөнхий инженер Г.Жанлавцогзолын мэдээлснээр, үндсэн зуухны барилга, нүүрсний агуулах, захиргаа, аж ахуйн байр, химийн ус бэлтгэлийн барилга, конвейрийн байгууламж, механик цех зэрэг үндсэн барилга байгууламжийн ажлууд 60-аас дээш хувийн гүйцэтгэлтэй байна.
Мөн нийт 75 нэр төрлийн үндсэн болон туслах тоног төхөөрөмжийг талбайд бүрэн хүлээн авч, угсралтын ажлыг үргэлжлүүлж байгаа бөгөөд аравдугаар сард үндсэн барилга угсралтын ажлыг бүрэн дуусгаж, зуухны туршилт, тохируулгыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Станцыг энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Дамбадаржаа дэд төвийн хэмжээнд нийт 71 га талбайд хэрэгжиж буй 19 бүтээн байгуулалтын ажил зэрэгцэн үргэлжилж байгаагаас 2.8 км авто замыг ашиглалтад оруулаад байна. Инженерийн болон нийгмийн дэд бүтцийн бусад ажлууд ч төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгаа юм.
63 МВт-ын хүчин чадалтай дулааны станц ашиглалтад орсноор төвлөрсөн дулаан хангамжид холбогдоогүй гэр хорооллын 5000 орчим өрхийг дулаанаар хангах боломж бүрдэхээс гадна Дамбадаржаа, Сэлбэ дэд төвийг тогтвортой дулаанаар хангана. Мөн нийслэлийн дулаан хангамжийн хүчин чадлыг нэмэгдүүлж, шинээр хөгжиж буй орон сууцны хорооллуудын найдвартай дулаан хангамжийг бүрдүүлэх, өвлийн оргил ачааллын үеийн ачааллыг бууруулахад чухал хувь нэмэр оруулах юм.
