Улстөр нийгэм
Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.04.16/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Төсөл санаачлагчийн илтгэлийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл танилцуулав. Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилт болон Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл зэрэг төрийн бодлогын баримт бичигтэй эрүүл мэндийн салбарын бодлогыг уялдуулах зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төсөлд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг хүн бүрт харьяалал харгалзахгүй үзүүлэх, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийн хэрэгцээнд тохирсон эмнэлгийн урт хугацааны тусламж, үйлчилгээг нийгмийн халамжийн үйлчилгээтэй хослуулах, их сургуулийн эмнэлэг, уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлгийн эрх зүйн орчныг бүрдүүлэх, эрүүл мэндийн цахим бүртгэл, мэдээллийн асуудлыг шинээр бий болгох, эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийг байгуулах заалтын хэрэгжилтийг эрчимжүүлэх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн даргыг томилох асуудлыг хуулийн давхардалгүй болгох зэрэг асуудлыг тусгасан байна. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбоотойгоор төсөвт үзүүлэх нэмэлт ачаалал бага гэж хууль санаачлагч үзсэн бөгөөд одоо байгаа зардлын хязгаарт багтаан үйл ажиллагаагаа оновчтой зохион байгуулахаар тусгажээ.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо тус асуудлыг 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд энэ үеэр УИХ-ын гишүүн М.Билэгт хавдрын өвчлөлд улсаас ямар хөнгөлөлт, дэмжлэг үзүүлж байгаа талаар, орчин үеийн болон уламжлалт анагаах ухааны эмчилгээг хослуулан эмчлэх нөхцөл манай улсад бүрдсэн эсэх, эрүүл мэндийн даатгалаас иргэн жилд 2 сая төгрөгөөс дээш өртөгтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахаар бол гэр бүлийн гишүүнээсээ шилжүүлэн авдаг зохицуулалт хэрэгжиж буй эсэх, УИХ-ын гишүүн Б.Ундармаа урт хугацааны тусламж, үйлчилгээний тухай болон харьяалал харгалзахгүй үйлчлэх анхан шатны тусламж, үйлчилгээ хэзээнээс хэрэгжиж эхлэх тухай асууж, хариулт авсан хэмээн УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа танилцуулсан.
УИХ-ын гишүүн гишүүн Ё.Баатарбилэг хуулийн төслийг хэлэлцэх явцад тус яамны зүгээс холбогдох заалтын хүрээнд санал гаргаж ажиллах талаар, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол хуулийн төсөлд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг тодорхойлсон нь иргэдийн эрүүл мэндийн эрэлт хэрэгцээнд нийцсэн оновчтой шийдвэр болох тухай, мөн урт хугацааны тусламж, үйлчилгээг нийгмийн халамжийн үйлчилгээтэй уялдуулахаар зохицуулж байгааг дэмжиж байгаа талаар, УИХ-ын гишүүн О.Баасанхүү архи, тамхи, мансууруулах бодист донтох өвчнийг болон хөнгөвчлөх үйлчилгээний талаарх эрх зүйн зохицуулалтыг хуульд тусгах нь зүйтэй талаар тус тус санал хэлсэн байна.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх уг хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Б.Саранчимэг, Д.Лүндээжанцан, Б.Баттөмөр, О.Баасанхүү, М.Оюунчимэг, Б.Бат-Эрдэнэ, Д.Ганболд нар асуулт асууж, хариулт авсан бөгөөд хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжсэн учир хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ.
Улстөр нийгэм
Олон улсын сурагч солилцооны хөтөлбөрт таван хотын 62 төлөөлөгч оролцжээ
“Олон улсын сурагч солилцооны хөтөлбөр 2026” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж, хаалтаа хийлээ. Энэ жилийн хөтөлбөрт Улаанбаатар хоттой ах дүүгийн болон найрамдалт харилцаатай Тайландын Бангкок, БНХАУ-ын Хөх хот, ОХУ-ын Эрхүү, БНСУ-ын Намянжү, Японы Мияконожо хотын нийт 62 сурагч, багш, төлөөлөгч оролцжээ.
Оролцогчид долоо хоногийн хугацаанд Монгол Улсын түүх, соёл, өв уламжлал, мөн нийслэл Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалттай танилцсан байна.
Хаалтын арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан оролцож, хөтөлбөрөөр дамжуулан Монгол Улсын баялаг түүх, өв соёл, үндэсний уламжлал, Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалтыг олон улсын хүүхэд, залуучуудад таниулахыг зорьсныг онцоллоо.
Мөн таван хотын сурагчид Монголын уламжлал, орчин үеийн хөгжилтэй танилцаж, шинэ найз нөхөдтэй болсон нь хөтөлбөрийн хамгийн үнэ цэнтэй үр дүн гэдгийг тэмдэглэв.
Тус хөтөлбөр нь хүүхэд, залуучуудын нөхөрлөл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, соёлын солилцоог өргөжүүлэхийн зэрэгцээ Улаанбаатар хотын гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх ач холбогдолтой болж өндөрлөжээ.
Улстөр нийгэм
Он гарсаар усны ослын 92 тохиолдол бүртгэгдэж, 149 хүний амь насыг аварчээ
Улсын хэмжээнд энэ оны долоодугаар сарын 30-ны өдрийн байдлаар усны ослын 92 тохиолдол бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 149 иргэний амь насыг аварчээ.
Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр үер, усны ослын эрсдэл өндөр бүсүүдэд хийсэн судалгаагаар 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд гол, мөрөн, нуурын орчимд байрлах 399 эрсдэлтэй цэгийг тогтоож, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байршуулсан байна.
Мөн гол, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн таван дүүрэг, 13 аймгийн 40 байршилд хөдөлгөөнт болон завьт эргүүл тогтмол ажиллаж, иргэдийн аюулгүй байдлыг хангаж байгаа аж.
Иймд ОБЕГ-аас иргэд, малчид, аялагчдыг үер, усны ослын эрсдэлийн талаарх сэрэмжлүүлэг, мэдээллийг тогтмол авч, мэргэжлийн байгууллагын өгч буй заавар, зөвлөмжийг мөрдөн, гол мөрөн, нуурын орчимд сонор сэрэмжтэй байхыг уриаллаа.
Улстөр нийгэм
Шадар сайд Н.Номтойбаяр Завхан аймагт ажиллаж, өвөлжилтийн бэлтгэлтэй танилцлаа
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгавар, Улсын Онцгой комиссын даргын 3 дугаар тушаалын хэрэгжилт болон 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгах хүрээнд Завхан аймагт ажиллалаа.
Одоогийн байдлаар Завхан аймгийн нийт нутгийн 60 хувьд зуншлага дунд, 40 хувьд муу гэсэн үнэлгээ гарсан байна. Агаар, хөрсний температур нэмэгдэж, ургамлын ургалт саарч, бэлчээрийн гарц муудах төлөвтэй байгааг аймгийн удирдлагууд танилцуулжээ.
Энэ үеэр аймгийн удирдлагууд өвөлжилтийн бэлтгэлийг хангахтай холбоотой тулгамдсан асуудлуудаа танилцуулж, Засгийн газарт дараах хүсэлтүүдийг хүргүүлэв. Үүнд:
- БНСУ-ын "Экзим" банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй 25 МВт-ын дулааны станцын барилгын ажлыг сэргээх,
- "Могойн голын нүүрсний уурхай"-н үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэх,
- Арцсуурь боомтын авто зам болон бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх,
- Зүүн аймгуудаас байгалийн хадлан бэлтгэх боломжийг бүрдүүлэх,
- Сумдын төрийн байгууллага, эрүүл мэндийн байгууллагуудад шаардлагатай автомашин шийдвэрлэх,
- Ховд-Завхан чиглэлийн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлыг эхлүүлэх, сумдын цахилгаан шугамыг шинэчлэх,
- Аймгийн аюулгүйн нөөцөд өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлыг хөнджээ.
Шадар сайд Н.Номтойбаяр Засгийн газар цаашид орон нутгийн санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлж, тухайн хөрөнгийн зарцуулалтад Иргэдийн төлөөлөгчдийн хурал хяналт тавих эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгааг онцоллоо.
Мөн өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд төв болон зүүн бүсээс хадлан бэлтгэхэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж, шаардлагатай сум, байгууллагуудад туулах чадвар сайтай автомашин олгох чиглэлээр дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ.
