Улстөр нийгэм
Япон улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав
УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяаши Хироюкиг хүлээн авч уулзлаа. Б.Энх-Амгалан сайд импортоор орж ирж буй хуучин автомашины 80 орчим хувь нь Япон Улсаас орж ирдгийг дурдаад энэ чиглэлд хамтран ажиллах хэд хэдэн санал байгааг онцлов. Тухайлбал, Япон Улсаас цахилгаан болон хосолмол /hybrid/ хөдөлгүүртэй машин нь импортлогдож буй автомашинуудын дийлэнх хувийг эзэлдэг бөгөөд эдгээр тээврийн хэрэгслийн ашиглалтаас гарсан зай хураагуур байгаль орчинд сөргөөр нөлөөлөх болсон. Иймд эдгээр автомашины зай хураагуурыг устгах, дахин боловсруулах үйлдвэрийг монголд байгуулах асуудалд дэмжлэг үзүүлэхийг Элчин сайдаас хүсэв.
Мөн Япон улсад ашиглагдаж байхдаа зам, тээврийн осолд орсон, байгалийн гамшигт өртсөн, цаашид ашиглах боломжгүйгээр эд ангийн эвдрэл үүссэн автомашинуудыг импортлон, манай улсад дахин засварлаж өндөр үнээр иргэдэд худалдаж байна. Энэхүү зохисгүй байдал нь хүрээгээ тэлж, хүний амь нас, эрүүл мэнд, эдийн засагт ноцтой хор хохирол учруулж байгааг онцлоод Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Япон Улсын холбогдох төрийн байгууллагатай хамтран ажиллаж, тус улсаас монголруу импортолж буй автомашины түүхийг үнэ төлбөргүй авч, иргэдийг мэдээллээр хангах шаардлага бий болсныг тэмдэглэв.
Түүнчлэн сүүлийн жилүүдэд манай улсын зам, тээврийн салбарт томоохон төсөл хөтөлбөрүүд эрчимтэй хэрэгжиж байгааг онцлоод салбарын хүний нөөцийг чадавхжуулах, Япон Улсад инженер техникийн нарийн мэргэжилтэн бэлтгэхэд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Элчин сайд Кобаяаши Хироюки хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, ЗТХ-ийн сайдын тавьсан саналууд дээр онцгой анхаарч, Засгийн газартаа уламжлан, тодорхой шат дараатай арга хэмжээ авч ажиллахаа тэмдэглэв.
Монгол, Япон улсын найрамдалт хамтын ажиллагааны хүрээнд Хөшигийн хөндий дэх Олон улсын шинэ нисэх буудал баригдаж, одоогийн байдлаар Япон Улсын тал мененжментийг хэрэгжүүлэх ажлын 51 хувийг гүйцэтгэж байгааг дурдаад энэхүү нисэх буудлыг төлөвлөгөөт хугацаанд нь үйл ажиллагааг эхлүүлэх талаар талууд санал солилцлоо.
Эх сурвалж: ЗТХЯ
Улстөр нийгэм
Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.
Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.
Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.
Улстөр нийгэм
УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв
Хөшөөнд цэцэг өргөх үеэр хүндэт харуул жагсаж, үлээвэр хөгжимчид гашуудлын ая эгшиглүүлэв. Цэцэг өргөсний дараа Монгол Улсын Төрийн дуулалыг эгшиглүүллээ.
Улсын Их Хурал 1996 оны 33 дугаар тогтоолоороо жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон шийдвэрлэсэн хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, гэргий Нгуен Ти Тань Нга нарыг өнөөдөр (2026.09.10) Жанжин Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан мэндчиллээ.
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэг болон эрхэм зочид Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Чан Тань Ман хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
-
Цаг үе2023/11/07
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК 6,800 тонн төмрийн баяжмал арилжаал...
-
Цаг үе2026/06/16
Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан
-
Улстөр нийгэм2022/04/28
Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх долоон төсөл хэрэгжүүлнэ
-
Улстөр нийгэм2024/02/26
Зудын байдалд үнэлгээ хийхэд 13 аймгийн 58 суманд мөсөн зудын нөхцөл бүрджээ
