Шударга мэдээ
Хүүхдийн мөнгийг 100 мянгад хүргэж, зорилтот бүлэгт дэмжлэг үзүүлэхээр боллоо
Коронавирусийн дэгдэлтийн үед Эдийн засгийг дэмжих хүрээнд Засгийн газраас багц арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болсон. Үүний хүрээнд Цар тахлын тухай хуулийг өнгөрсөн сард баталсан бол Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хоёр дахь багц арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр баталлаа. Ингэснээр зорилтот бүлэгт чиглэсэн дөрвөн төрлийн арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болсныг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдлээ. Эдгээр арга хэмжээнд нийт 793 тэрбум төгрөг шаардлагатай юм байна. Үүнд шаардах санхүүжилтийг энэ жил зохион байгуулах байсан спортын тэмцээн уралдаан, төсөл хөтөлбөр зэргийг зохион байгуулах байсан мөнгөнөөс гаргах шийдэлд хүрчээ. Засгийн газрын тогтоолын хүрээнд иргэдэд ямар боломж нээгдэж байгааг тодруулъя.
Нэгдүгээрт: 0-18 насны бүх хүүхдэд дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл 100 мянган төгрөг олгохоор шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл, хүүхдүүдэд сар бүр олгодог байсан 20 мянган төгрөгийн 80-аар нэмэгдүүлэх шийдвэрийг гаргалаа. Ингэснээр дөрвөн хүүхэдтэй айл бол энэ хугацаанд сард 400 мянган төгрөгийн дэмжлэгийг олгохоор шийдвэрлэлээ.
Хоёрдугаарт: Амьжиргааны түвшин доогуур орлоготой иргэдэд төрөөс сар бүр 16 мянган төгрөг олгодог байсан бол үүнийг хоёр дахин нэмэгдүүлж, 32 мянган төгрөг болголоо. Уг шийдвэрийг энэ сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл хэрэгжүүлнэ.
Гуравдугаарт: Хөгжлийн бэрхшээлтэй болон өрх толгойлсон эцэг эх болон одой иргэдэд төрөөс олгодог тэтгэмжийг тус бүр 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэрийг гаргалаа. Уг шийдвэр ийг энэ сарын 1-нээс ирэх аравдугаар сарын 1 хүртэл хэрэгжүүлнэ
Дөрөвдүгээрт: Малчдын ноолуурын кг тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал олгохоор болов.
Шударга мэдээ
Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг цахимаар зохион байгуулна
Аж ахуйн нэгж, байгууллагын 2026 оны тооллого улсын хэмжээнд бүртгэлд суурилсан аргаар буюу төрийн байгууллагуудад бүртгэлтэй мэдээлэлд үндэслэн 2026 оны дөрөвдүгээр сарын 15-наас 2026 оны тавдугаар сарын 15-ны өдрийг дуустал цахимаар зохион байгуулагдана. Аж ахуйн нэгж, байгууллагууд www.2026.mn цахим хуудсаар нэвтэрч, шаардлагатай нэмэлт асуултад хариулснаар тооллогын мэдээллээ баталгаажуулах юм.
Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогод Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн өмчийн бүх төрөлд хамаарагдах хуулийн этгээд, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг хамруулж, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулж байгаа хувь нэмрийг бодитоор тодорхойлох, эдийн засгийн хөгжлийн чиг хандлага, бүтэц үзүүлэлтийг тооцох, салбарын бодлого төлөвлөлт, хэрэгжилтийг үнэлэх, дүн шинжилгээ хийх, бизнес эрхлэгчдийн төвлөрөл, байршил, үйл ажиллагааны чиглэлд үндэслэн төр засгийн бодлого, хөтөлбөрийг боловсруулах зэрэг олон талын ач холбогдолтой.
Аж ахуйн нэгж, байгууллагын ээлжит тооллогодоо идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
НИЙСЛЭЛИЙН СТАТИСТИКИЙН ГАЗАР
Шударга мэдээ
Түүхийн багш нарт "Чингис хаан" Үндэсний музейд үнэ төлбөргүй сургалт явуулах эрхийн үнэмлэх олгохоор боллоо
“Эх түүх-Нэг Монгол” уриатай Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн 2026 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Төрийн ордонд боллоо.
Зөвлөгөөнийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хэлсэн үгэндээ “Аугаа түүхээ өвлүүлэн үлдээх, эх орон, төрт ёс, өвөг дээдэс, өв соёлоороо бахархах сэтгэлийг төлөвшүүлэх, сурталчлан таниулах, үндэстний ой санамжийг бататган бэхжүүлэх үйлсэд түүхийн багш, түүхчид, соён гэгээрүүлэгчид манлайлах учиртай” хэмээн онцоллоо.
Энэхүү санаачилгыг дэмжиж Монгол Улсын бүх шатны түүхийн багш нарт Чингис хаан Үндэсний музейд үнэ төлбөргүй сургалт явуулах эрхийн үнэмлэх олгохоор шийдвэрлэлээ. Түүхийн багш нарыг харьяалагдах дүүрэг, аймаг, орон нутгийн боловсролын байгууллагаар дамжуулан баталгаажуулж үнэмлэх олгох юм.
Улсын анхдугаар зөвлөгөөний үндсэн илтгэлийг Чингис хаан Үндэсний музейн захирал, академич Сампилдондовын Чулуун “Дэлхий дахин дахь Монголын түүх, соёлын судалгаа, сурталчилгаа” сэдвээр хэлэлцүүлж, нэгдсэн хуралдааныг удирдан явууллаа. Тэрбээр илтгэлдээ Монголын түүхийн судалгаа нь сүүлийн хоёр зуун гаруй жил дэлхийн олон улс оронд хөгжиж ирсэн монгол судлалын уламжлалтай нягт уялддаг бөгөөд монголчуудын түүх, соёлын өв дэлхийн олон оронд хадгалагдан тухайн улсынхаа чухал өвд тооцогдож байгааг онцлов.
Зөвлөгөөнд оролцож буй ерөнхий боловсролын сургуулийн 630 түүхийн багш Чингис хаан Үндэсний музейгээр үйлчлүүлж байна.
Шударга мэдээ
“Улаанбаатар трам” төслийг хэрэгжүүлснээр агаарын бохирдол, байгаль орчинд үзүүлэх хорт хийн ялгарал эрс багасна
Авто замын түгжрэлийг бууруулах, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, нийтийн тээвэрт их багтаамжийн олон төрөлт хэрэгсэл нэвтрүүлэх ажлын хүрээнд “Улаанбаатар трам” төслийг хоёр чиглэлд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй.
Трамвай нь 100 хувь цахилгаан учир авто замын түгжрэл, автомашины хорт утаа ялгаруулалтаас үүсэх агаарын бохирдлыг бууруулах чухал ач холбогдолтой. Тухайлбал, нүүрстөрөгчийн дутуу исэл (CO₂) ялгаруулалт 39 мянган тонноор, азотын давхар исэл (NO₂) ялгаруулалт 234 тонноор, нарийн ширхэгт тоосонцор (PM2.5) ялгаруулалт 2.7 тонноор буурах боломжтойг ТЭЗҮ-д тусгасан байна. Мөн зорчих хугацааг хэмнэснээр жилд 49.6 сая ам.доллар, шатахууны хэрэглээ, ашиглалтын зардлыг бууруулснаар жилд 14.2 сая ам.долларын хэмнэлт гарах тооцоо гарсан аж.
Түүнчлэн төслийн талаарх олон нийтийн санал хүсэлтийг хүлээн авч, хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. Тус хэлэлцүүлэг, судалгаанд Баянгол, Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нийт 38 хороодын иргэн оролцсон. Иргэдийн зүгээс төслийн хүрээнд ногоон байгууламжийг төлөвлөх, аюулгүй байдлыг хангах, иргэдэд замын хөдөлгөөний дарамт учруулахгүй байх тал дээр анхаарч ажиллах санал дэвшүүлжээ.
