Шударга мэдээ
Монголын ард түмнээс ОХУ-ын ард түмэнд үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийн гэрчилгээг гардуулав
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизовыг энэ сарын 26-ны өдөр Төрийн ордонд хүлээн авч Ковид-19 цар тахалтай тэмцэж буй ОХУ-ын төр засаг, ард түмэнд манай улсын удирдлага, ард түмнээс үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийн гэрчилгээг гардуулав.
Оросын Холбооны Улс шинэ төрлийн коронавирусын цар тахалд хүндээр өртөж Засгийн газрын хэмжээнд багагүй хүчин чармайлт гаргаж цар тахалтай тэмцэж байгаа билээ. Ковид-19 цар тахалтай тэмцэж буй ОХУ-ын төр засаг, ард түмэнд манай ард түмнээс хүмүүнлэгийн тусламжийн үзүүлэх тухай шийдвэр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн түвшинд гарсан билээ.
Энэхүү хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд 76 сая рубль буюу 1 сая ам.доллартай тэнцэх үнэ бүхий мах, махан бүтээгдэхүүнийг ОХУ-д нийлүүлэх бөгөөд энэхүү үйл ажиллагааг ГХЯ, ХХААХҮЯ, МҮХАҮТ, ОБЕГ зэрэг байгууллага хамтран зохицуулан хэрэгжүүлж байна. Монгол Улс, ОХУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлж байгаа бөгөөд ийнхүү хойд хөршдөө хүмүүнлэгийн тусламж үзүүлэх нь манай хоёр улсын харилцааг улам бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэв.



Шударга мэдээ
“Уб метро” төсөл нь нийслэлийн тогтвортой хөгжил, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах зайлшгүй шийдэл юм
Судалгаа 1: Замын хөдөлгөөний ачаалал жилд дунджаар 18 хувиар өсч байна
Улаанбаатар хотын гол гудамж, зам дагуу хөдөлгөөнд оролцож буй хувийн тээврийн хэрэгслийн дундаж хурд 7-11 км/цаг, нийтийн тээврийн дундаж хурд 10-15 км/цаг байна. Харин өглөө, оройн оргил ачааллын үед зорчих хурд 5-8 км/цаг хүртэл буурч, хотын төв хэсэгт хөдөлгөөн бараг зогсолтын байдалд хүрдэг. Мөн хүн амын төвлөрөл, автомашины хэрэглээ тасралтгүй нэмэгдсэнээс замын хөдөлгөөний ачаалал жилд дунджаар 18 хувиар өсч байгаа судалгаа гарсан. Эдгээр хүндрэл нь иргэдийн өдөр тутмын амьдрал, ажлын бүтээмжид шууд нөлөөлж, нийтийн тээврийн системийн үр ашиг ч буурч байна.

Судалгаа 2: Тээврийн дэд бүтцийн систем хангалтгүй байна
“Улаанбаатар метро” төслийн хүрээнд 2024 оны дөрөвдүгээр улиралд иргэдийн дунд тээврийн дэд бүтцийн үнэлгээ, замын хөдөлгөөний тулгамдсан асуудлын талаарх санал асуулга явуулсан байна. Ингэхэд судалгаанд оролцогчдын 62 хувь нь хотын тээврийн дэд бүтцийн өнөөгийн нөхцөл байдалд “сэтгэл ханамжгүй” хэмээн хариулжээ. Нийтийн тээврийн автобусны үйлчилгээг үнэлэхэд 34 хувь нь “сэтгэл ханамжгүй”, 47 хувь нь “сэтгэл ханамжтай” гэсэн хариулт өгсөн байна. Үүнээс харахад сүүлийн жилүүдэд хийгдсэн парк шинэчлэл тодорхой хэмжээнд үр дүн өгч буйг харуулж байгаа ч, нийт системийн ачааллыг дангаар шийдвэрлэхэд хангалтгүй хэвээр байгааг илтгэнэ.
Судалгаа3: Нийтийн тээврийн тогтолцоо хэт ачаалалтай байна
Улаанбаатар хотын нийтийн тээврийн тогтолцоо нь автобусанд суурилсан, хэт ачаалалтай бүтэцтэй хэвээр байгаа нь хувийн автомашины хэрэглээтэй өрсөлдөх чадварыг сулруулж, иргэдийг автомашин ашиглах гол шалтгаан болж байна. Үүний зэрэгцээ авто зам өргөтгөх, шинээр барих арга хэмжээ нь богино хугацаанд тодорхой үр дүн өгдөг боловч урт хугацаанд автомашины хэрэглээг улам нэмэгдүүлдэг нь олон улсын хотуудын туршлага тодорхой харуулсан. Иймээс Улаанбаатар хотын хувьд замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахын тулд их багтаамжтай, хурдтай, замын хөдөлгөөний нөхцөлөөс хараат бус нийтийн тээврийн шинэ шатанд шилжих зайлшгүй шаардлага тулгарч байна.
Шийдэл: УЛААНБААТАР МЕТРО ТӨСӨЛ
Энэ шаардлагын бодит шийдэл нь метроны систем юм. Метро ашиглалтад орсноор хотын хэвтээ тэнхлэгийн гол гудамж, зам дагуу зорчилт 36.5 км/цагийн тогтмол хурдтай болж, нэг чиглэлд дунджаар 31.25 минут зарцуулах тооцоо гарсан байна. Оргил ачааллын үеийн галт тэрэг хоорондын хүлээлтийн хугацаа буюу интервал 4-5 минут байх бөгөөд оргил цагийн зорчигч урсгалын хүчин чадал 17,206 зорчигч байна. Энэ нь өнөөгийн авто зам, автобусанд суурилсан тээврийн системийн даацаас хэд дахин өндөр үзүүлэлт юм.
Түүнчлэн метро нь хотын орон зайн хөгжлийг зөв чиглүүлэх, дэд төвүүдийг тэнцвэртэй хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ. Метроны буудлуудын орчимд үйлчилгээ, ажлын байр төвлөрсөн нягтаршсан бүсүүд бий болсноор хотын төв рүү чиглэсэн нэг талын их урсгал саарч, суурьшлын бүтэц илүү зохистой болно. Мөн өвлийн эрс тэс уур амьсгалтай Улаанбаатар хотын хувьд цаг агаарын нөлөөнд бага автдаг, тогтвортой, найдвартай ажиллагаатай тээврийн хэрэгсэл гэдгээрээ метро нь нийтийн тээврийн системийн суурь шийдэл болж чадна.
Метро төслийг хэрэгжүүлэх нь тансаг сонголт бус, харин нийслэлийн тогтвортой хөгжил, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах стратегийн зайлшгүй шийдэл юм.
Шударга мэдээ
Импортлох, экспортлох согтууруулах ундааны чанар, аюулгүй байдалд хяналт тавина
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны хоёрдугаар сарын 4-нд болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Импортлох, экспортлох согтууруулах ундааны чанар, аюулгүй байдалд хяналт тавих журмыг журмын төслийг хэлэлцэн баталлаа.
Журам батлагдсанаар импортлох, экспортлох согтууруулах ундаанд тавих чанар, аюулгүй байдлын шаардлага тодорхой болж, хил дээрх хяналт, дээжлэлт, шинжилгээ, мэдээлэл солилцооны уялдаа сайжирч, давхардал буурч, хүн амын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах үр нөлөө нэмэгдэнэ гэж үзэж байна.
Шударга мэдээ
Ухаалаг камерын системээр зам тээврийн осол, саадыг хугацаа алдалгүй илрүүлж байна
Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбосон. Үүний үр дүнд замын хөдөлгөөний дүрмийг мөрдөж, хөдөлгөөнд соёлтой оролцох хүмүүс нэмэгдэж, зөрчил багасаж, гэмт хэрэг, зөрчил, осол аваараас урьдчилан сэргийлэх, авто замын хөдөлгөөний эрчмийг хянах боломж бүрдээд байна. Тухайлбал, ухаалаг камерын системээр зам тээврийн осол, саадыг цаг хугацаа алдалгүй мэддэг болсон. Ингэснээр хөдөлгөөнд саад учруулсан нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ авч, зорчих хэсгийг чөлөөлөх хугацааг хоёр дахин багасгасан. Өөрөөр хэлбэл, осол саадыг илрүүлэхийн тулд хамгийн багадаа 10-30 минут зарцуулдаг байсан бол энэ хугацааг хэмнэсэн.
Мөн 2025 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл тээврийн хэрэгслийн хуурамч улсын дугаар ашигласан 587, улсын дугааргүй болон улсын дугаараа буруу байршуулсан 13,358 тээврийн хэрэгслийг илрүүлж, зөрчлийг арилгууллаа.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
