Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Х.Амарсайхан: Цагдаагийн машин таараагүй бол хүү минь амиа алдах байсан

Огноо:

,

Зээ хүүгийнх нь амь нас дээсэн дөрөөн дээр дэнжгэнэж, замын түгжрэлд орж саатаж, яарч байсан эгзэгтэй үед цагдаагийн албан хаагч нар таарснаар амийг нь аварсан тухай Чингэлтэй дүүргийн 12-р хорооны иргэн Х.Амарсайхан бидэнтэй талархсан сэтгэгдлээ хуваалцлаа.

-Тэр өдөр яг  ямар үйл явдал болсон бэ? Зээ хүүгийн тань биеийн байдал ямар байна вэ?

-2020 оны 06 дугаар сарын 19-ний өглөө зээ хүү минь санамсар болгоомжгүйн улмаас тагтнаасаа юм авах гэж байгаад хагарсан хамгаалалтын шилэнд баруун гарын судсаа зүссэнээс болж цус их хэмжээгээр алдаж, яаран эмнэлэг явж байсан юм. Ажлын өглөө байсан болохоор зам түгжрээ ихтэй, яах аргаа мэдэхгүй сандарч, хүүгийн минь гарнаас цус алдан тогтохгүй, ёстой л дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу мэт санагдаж байх үед “УАЗ Пургон” машинтай цагдаагийн алба хаагч нар таарсан.

Биднийг тусламж хүсэхэд найрсгаар машиндаа суулгаад шууд л дуут дохиогоо асаан, эмнэлгийн анхны тусламжийг үзүүлэн цаг алдалгүй “Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв”-д хүргэж өгсөн. Үнэхээр тэр үед хүүгийн минь амь нас хэдхэн секундээр  хэмжигдэж байсан юм. Маш их цус алдсан учраас дусал хийлгэх, шарлага, боолт хийлгэхээс эхлээд эмчилгээ хийгдсэн, одоогоор биеийн байдал дунд зэрэг байна.

-Та бүхэнд яаралтай тусламж үзүүлсэн  алба хаагчдын тухай яривал?

-Өргөсөн тангарагтаа үнэнч залуустаа дахин дахин талархаж байна. Эргүүл хамгаалалтын газрын алба хаагч нар болох цагдаагийн дэд ахлагч Д.Болортуяа, цагдаагийн ахлагч Б.Баттогтох, цагдаагийн ахлагч цагдаа жолооч С.Тэгшбаатар нар болохыг хожим сураглаж байгаад  л мэдлээ. Мөн тэр үед тэд ажлын үүрэг авчихсан яарч явсан гэдгийг сүүлд нь мэдсэн. Дуут дохиогоо асаан маш шуурхай явж хүүг минь аварсан. Машинд явж байх үед анхны тусламж үзүүлэн, сандарч балмагдсан ээжийг нь хүртэл тайвшруулж сэтгэлийн дэм өгч байсан нь цагдаагийн алба хаагч нар иргэдэд тохиолддог гэнэтийн асуудалд албаны бэлэн байдал талаасаа болон сэтгэлзүйн хувьд хэр бэлтгэгдсэн бэ гэдгийг мэдэж авч маш их бахархсан.

-Эмнэлэгт ирэх үед хүүгийн биеийн байдал ямар байв?

-Эмч нар хэлэхдээ “Цаг алдалгүй маш түргэн ирсэн нь хүүхдийн амь насанд аюул, эрсдэл учрахаас хамгаалсан” гэсэн. Миний зээ хүү хөгжмийн сургуульд суралцдаг. Үнэхээр цаг алдалгүй эмнэлгийн тусламж авч чадсанд нь хязгааргүй их баярлаж байна. Тэдгээр алба хаагч нар бидэнд тусалж, яаралтай арга хэмжээ авснаар нэг монгол хүүгийн ирээдүй, авьяас чадварыг нь гэрэлтүүллээ. Эмч, цагдаагийн алба хаагч нартаа талархаад баршгүй. Цагдаа нар маань хүргээд өгөхөд эмч нар маань яаралтай тусламжаа үзүүлчихлээ. Одоо зээ хүүгээ бүрэн эдгэрэхийг л хүлээж байна.

-Энэ үйл явдлын дараа дуут дохиогоо асаагаад явж байгаа эмнэлэг болон цагдаагийн автомашиныг харахад танд юу бодогдож байна вэ?

-Манай гэр бүл үүнийг биеэрээ мэдэрч, ойлголоо. Дуут дохиогоо асаагаад явж байгаа эмнэлэг, гал команд, цагдаагийн байгууллагын машинд зам тавих хэрэгтэй. Дотор нь яарсан, тэвдсэн хүмүүс л хайртай хүнээ энэ амьдралд авч үлдэх үү гэдэг хэдхэн хормоор яригддаг юм байна. Хэрвээ тэгэхэд цагдаагийн машин таараагүй бол гэж бодохоор аймшигтай санагдаж байна. Бид цөөхөн Монголчууд, тус болсон хүндээ талархаж чаддаг байх хэрэгтэй. Ялангуяа цагдаагийн алба хаагч нар яг бидэнтэй л адилхан хүмүүс. Ар гэрийг нь хүртэл магтмаар. Үнэхээр амаргүй алба гэдгийг илүү ойлголоо. Тэдний ард түмний төлөө хийсэн зүйл маш их. Түүнийг нь бид үнэхээр тэр бүр ярьдаггүй. Гол төлөв муулдаг нь харамсалтай. Бахархмаар сайхан хүмүүс гэдгийг эгч нь энэ үйл явдлаас мэдэрлээ.

-Танай алба хаагч нар их даруухан юмаа гэж та хэлсэн. Яагаад ийн бодох болов?

-Тухайн үед яарч сандарсан, балмагдсан байсан болохоор бидэнд тусалсан цагдаагийн алба хаагч нарын нэрийг асуух нь байтугай машиных нь дугаарыг харах ч сөхөө байгаагүй. Аз болж нэг дугаар тэмдэглэн үлдсэн нь дэд ахлагч Д.Болортуяа байв. Хэд хоногийн дараа залган “Талархал илэрхийлье” гэхэд “Яахав ээ, эгчээ. Зээ хүүгийн тань бие л зүгээр бол болжээ” гээд ер хаана ажилладгаа тодорхой хэлдэггүй шүү. Эгч нь өөрөө эрэл сурал болж байж олж мэдсэн юм /инээв/.

-Та тэгэхээр талархлаа өөрөө зорьж утсаар мэдэгдсэн гэсэн үг үү?

-Тэгэлгүй яахав. “Засгийн Газрын Иргэд Олон Нийттэй Харилцах Төв”-ийн 11-11 дугаарт, Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл хүлээн авах 126 дугаарын утсанд залгаж талархлаа илэрхийлсэн. Манайхан дандаа л гомдол, санал хэлдэг хэрнээ аварсан, хамгаалсан, сайн үйлд нь баярлаж бахдаж байгаагаа тэр бүр хэлэхгүй өнгөрдөгт нь би хувьдаа шүүмжлэлтэй ханддаг. Хэзээ ч сайн сайхан байна цагдаа дуудаарай гэдэггүй шүү дээ. Тэдний ажил нь ч бас ийм онцлогтой юм. Муу муухай, хэцүү бэрх бүхэнд хамгийн түрүүнд очдог цагдаагийн байгууллагын алба хаагч нарын төлөө миний хийж чадах ганц зүйл бол талархал л байсан. Энэ албыг манай гэр бүл насан туршдаа хүндлэн, хайрлах дурсамжтай үлдсэн. Та бүхэндээ ажлын амжилт хүсэж байна.

Ярилцсан: Цагдаагийн дэд ахлагч С.Мягмарсүрэн

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үзэл бодол

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Огноо:

,

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын даргын тушаалаар байгуулагдсан 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангуулах ажлын хэсгийн нэгдүгээр хурлыг цахимаар зохион байгууллаа.
 
Энэ үеэр Эрчим хүчний яам, Хүнс хөдөө аж ауй, хөнгөн үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, нийслэл Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд хийгдсэн ажил, биелэлтийн явцыг танилцуулсан юм.
 
Ажлын хэсгийн ахлагч, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлыг эрчимжүүлэх хүрээнд байгууллага хоорондын уялдаа, холбоог хангаж, анхаарах асуудлыг цаг тухай бүрд танилцуулж ажиллахыг ажлын хэсгийн гишүүдэд чиглэл болголоо гэж ОБЕГ-аас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

“Сахал” Ж.Бат-Эрдэнийн хэлсэн үг сэтгүүл зүйд биш шантаачдад чиглэжээ

Огноо:

,

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ харин ч “мужик” зангараг гаргаж хэвлэлийнхнээс ч айлгүй тэднийг хатуухан шүүмжилчихлээ. Сэтгүүл зүй рүү тэр “дайрсангүй”. Харин ч мөнгөний улс төрийн попуудыг битгий дэвэргээчээ гэсэн санааг шуудхан хэлчихлээ.

Хэн дуртай нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүний нүд рүү хор цацна, ална тална гэдэг. Цахим сүлжээнд өнөөхийг нь сэвж, мөнгөний шантааж, попролыг өдөөдөг муу жишгийг одоо халах цаг болсон. Монгол хүн амны билгээрээ, ах захтай ард түмэн шүү.
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

А.Амартүвшин: Сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, захирлыг томилж өгөөгүйн улмаас үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжгүй байна

Огноо:

,

Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд 100 ортой цэцэрлэг ашиглалтад оруулж, нийслэл дүүргээс хатуу, зөөлөн эдлэлийн асуудлыг шийдвэрлэсэн. Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус цэцэрлэг нь 1088 м.кв бөгөөд 4 бүлгийн өрөө, чийрэгжүүлэх өрөө, дуу хөгжмийн өрөө, гал тогоо, хуурай нойтон хүнсний агуулах, ажилчдын хувцас солих өрөө, эд хогшлын агуулах болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай.

Гэвч өнөөдрийг хүртэл энэ цэцэрлэг үйл ажиллагаагаа эхлүүлээгүй байгаа талаар НЗД-ын орлогч А.Амартүвшин мэдээлэл өглөө. 

 

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Нийслэл 9 дүгээр сарын нэгнээс өмнө сургууль, цэцэрлэгийн 20 барилгыг ашиглалтад оруулсан. Ашиглалтад орсон эдгээр сургууль, цэцэрлэгийн дөрөвт нь захирал, эрхлэгч томилогдоогүй учраас үйл ажиллагаагаа эхлүүлж чадаагүй байгаа. Тухайлбал, ХУД-ийн 20 дугаар хорооны 100 ортой цэцэрлэгт өчигдөр дугаар олгосон. Харин одоог хүртэл эрхлэгчийг нь салбар яамнаас томилж өгөөгүй байна. 100-120 хүүхэд авахын тулд Боловсролын яамнаас үл хамааран тохижилтын ажлаа хийгээд дууссан. 9 дүгээр сарын нэгнээс хойш нийслэл дахиад 4 сургууль, цэцэрлэгийн барилгыг улсын комисст өгсөн. Гэвч яг дээрхтэй адил шалтгаанаар үйл ажиллагаа нь эхлээгүй байна. Нийслэлээс энэ онд багтаан 16 цэцэрлэг, сургуулийг ашиглалтад оруулна. Гэтэл 9 дүгээр сар дуусах гэж байхад Боловсролын яам ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийнхээ асуудлыг ч шийдээгүй байна. Цэцэрлэг, сургуулийн захирал, эрхлэгчийг томилохдоо Боловсролын яамнаас сонгон шалгаруулалт зарладаг. Ингээд сонгон шалгаруулах зөвлөлөөс гарсан зөвлөмжийг нийслэлийн Боловсролын газарт өгч, захирамж нь гардаг” гэлээ.

 

Мөн нийслэлийн хэмжээнд 171 сургууль үйл ажиллагаа явуулж байгаагаас 146 сургуулийн сандал, ширээг солих зайлшгүй шаардлага үүссэн. Боловсролын яам өөрийн чиг үүргийн дагуу энэ асуудлыг улсын төсөвт оруулаад ажиллах ёстой. Гэтэл өргөн барьсан төсөв дээр нь энэ 146 сургууль байтугай нэг сургуулийн орчин нөхцөлийг сайжруулах асуудал тусагдаагүй байгааг тэрбээр хэллээ. 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох