Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгав

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газар 2020 оны 7 дугаар сарын 10-ны баасан гарагт хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгав

Улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгалаа.

ДЭМБ-ын мэдээллээр 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар коронавируст халдварын цар тахал дэлхийн 216 улс, нутаг дэвсгэрийг хамран нийт 12 сая хүн халдвар авч, 550 мянга орчим хүн нас бараад байна. Иймд дэлхийн 40 гаруй улс онц байдал зарлаж, 22 улс хөл хорио тогтоон, 109 улс хилээ хэсэгчлэн болон бүрэн хааж, хөл хорио тогтоох, хилээ хаах хугацаагаа сунгаж байна.

Хэдийгээр зарим улсад халдварын нөхцөл байдал тогтворжиж, Европын зарим улс хөл хориогоо цуцалж, бэлэн байдлын зэргээ бууруулж байгаа ч БНХАУ, БНСУ, Япон зэрэг улсад халдварын тохиолдол дахин нэмэгдэж, халдварын тархалтын хоёрдугаар давалгаа болж байна гэж мэргэжлийн байгууллагууд дүгнэж байгаа тул дотооддоо хөл хорио тогтоох, хилээ хаах хугацаагаа сунгажээ.

Монгол Улсын хувьд уг өвчний 227 тохиолдол зөөвөрлөгдөн орж ирж бүртгэгдснээс 195 нь эмчлэгдэж, 32 хүн эмчлүүлж, 3077 хүн тусгаарлалтад байна. Батлагдсан тохиолдлын 84 хувь нь ОХУ-д сурч, амьдарч байсан иргэдээс илэрчээ. БНХАУ-д тархалт буурахгүй, хоёрдахь үеийн давалгаа эхэлснийг зарлаад байгаа юм.

Иймд хөрш орнуудын нөхцөл байдал болон гадаад дахь иргэдээ татан авч байгаатай холбогдуулан дээрхи эрсдлүүдийг тооцон гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгахаар шийдвэрлэлээ.

 Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас 100 сая ам.долларын төсвийн дэмжлэгийн зээл авна

Монгол Улсын Засгийн газраасавч хэрэгжүүлж буй коронавирусын халдварт цар тахлын эсрэг хариу арга хэмжээнд дэмжлэг үзүүлж Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас 100 сая ам.долларын төсвийн дэмжлэгийн зээл олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү зээл нь 0.85 хувийн хүүтэй, үндсэн төлбөрөөс чөлөөгдөх хугацаа 3 жил, 16 жилийн дотор эргэн төлөгдөх нөхцөлтэй юм.

Коронавируст цар тахлын үед эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудыг бүрэн хэмжээтэй бэлтгэлтэй байх нөхцлийг хангах, цар тахлын эдийн засаг, төсөв, нйигмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эдийн засгийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдэд зарцуулах юм.  Цар тахлын аюул арилаагүй, дэлхийн улс орнуудад хоёр дахь давалгаа эхэлсэнтэй холбоотой манай улс урьдчилан сэргийлэх чиглэлд хэрэгжүүлж буй арга хэмжээг эрчимжүүлэхээр төлөвлөж байна. Иймд холбогдох үйл ажиллагаанд зарцуулагдах төсвийг санхүүжүүлэхийн тулд дээрхи хөнгөлөлттэй зээлд хамрагдах нь зүйтэй гэж үзэж, зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

 

Засгийн газрын “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ”-өөр нэр бүхий хүмүүсийг шагнав

Монгол Улсын Засгийн газрын бодлого шийдвэрийг тууштай хэрэгжүүлэхийн төлөө олон жил идэвх зүтгэл үр, бүтээлтэй ажиллан мэдлэг чадвар, авъяас билэг, хүч хөдөлмөрөө төр, ард түмэндээ зориулж эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гаргаж байгаа дараах албан хаагчдыг Монгол Улсын Засгийн газрын “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ”-өөр шагнав.

Шадар сайд асан Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, ЗГХЭГ-ын Захиргаа зохион байгуулалтын газрын мэргэжилтэн Д.Ганцэгэг, БОАЖЯ-ны харьяа Хөвсгөлийн Улаан тайгын улсын тусгай хамгаалалтын захиргааны дарга Ж.Төмөрсүх, БХЯ-ны ЗХЖШ-ын  Үйлчилгээ аж ахуйн хэлтсийн нягтлан бодогч Г.Нармандах, ГХЯ-ны Америк, Ойрхи Дорнодын Африкийн газрын захирал Д.Гансүх, Сангийн яамны ТЗУГ-ын ахлах шинжээч Ц.Энхтуяа, ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан, ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газрын Хүүхэд залуучууд ахмад настан, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Н.Баярмаа, БХБЯ-ны Дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч Ү.Бадамсүрэн, БШУЯ-ны харьяа Боловсролын хүрээлэнгийн Боловсролын хөтөлбөрийн судалгааны секторын эрхлэгч Э.Энхтогтох, ЗТХЯ-ны Хуулийн хэлтсийн дарга Н.Бат-Эрдэнэ, УУХҮЯ-ны ТЗУГ-ын ахлах шинжээч Ш.Уранчимэг, ХХААХҮЯ-ны ЖДҮҮХХБЗГ-ын ахлах шинжээч А.Гэрэлзаяа, ЭХЯ-ны ТЗУГ-ын Хуулийн хэлтсийн ахлах шинжээч  Ц.Цогзолмаа, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ТЕГ-ын Хэлтсийн дарга С.Сэргэлэн, СХЗГ-ын СБТДАГ-ын ахлах мэргэжилтэн Д.Даш-Янжмаа нарын шагналыг Монгол Улсын Ерөнхий сайд гардууллаа.

 

 

 

Гадаад харилцааны дэд сайдыг томилов

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Батсүмбэрийн Мөнхжинг Гадаад харилцааны дэд сайдаар томиллоо. Б.Мөнхжин нь 1985 онд Улаанбаатар хотод төрсөн, 35 настай. Эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. 2005 онд Монгол Улсын Их сургууль, 2015 онд Оксфордын Их сургуулийг тус тус төгссөн.  Британи судлал, дипломат үйл ажиллагааны мэргэжилтэй. 2008-2009 онд Гадаад харилцааны яамны Төрийн захиргаа, удирдлагын газарт мэргэжилтэн, 2009-2011 онд мөн яамны Төрийн захиргаа, удирдлагын газарт атташе, 2011-2014 онд Элчин сайдын яаманд гуравдугаар нарийн бичгийн дарга, 2015-2016 онд Гадаад харилцааны яамны  Бодлого төлөвлөлтийн газарт хоёрдугаар нарийн бичгийн дарга, 2016-2017 онд Монгол Ардын Намын Гадаад харилцааны албаны дарга, 2017 оны 10 дугаар сараас одоог хүртэл Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажилласан бөгөөд төрийн албанд нийт 13 жил ажиллажээ. Түүнийг Засгийн газраас дэвшүүлж байгаа зорилтуудыг биелүүлэх болон танхимын зарчмаар ажиллах чадвар, ажил хэрэгч чанарыг харгалзан энэхүү албанд томилсон байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар 2026 оны 10 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд төрийн айлчлал хийнэ.
Төрийн тэргүүний ХБНГУ-д 14 жилийн дараа хийх төрийн айлчлал Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны 100 жилийн түүхт ойн хүрээнд болох юм.

Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг харилцан ашигтай худалдаа, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарт өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар ярилцана.

Мөн “Монгол Улс, ХБНГУ хоорондын Хамтарсан тунхаглал” байгуулж, “Стратегийн түншлэл”-ийг өргөжүүлэн бэхжүүлэх хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлээ тодорхойлно.  
Төрийн тэргүүн нар Берлин хотноо гаргах “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэнгийн нээлтэд оролцоно.

Айлчлалын хүрээнд “Монгол-Германы бизнес форум”, “Монгол-Германы шинжлэх ухааны өдөрлөг”, “Монгол ба монголын дараах үеийн Евроази дахь соёлын солилцоо, байгаль орчин” олон улсын эрдэм шинжилгээний хурал, зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний олон улсын бага хурал болно.

ХБНГУ-ын Ерөнхийлөгч хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд 2024 онд манай улсад төрийн айлчлал хийж, нийтлэг үнэт зүйлд суурилсан харилцааг ахиулж, “Стратегийн түншлэл”-д хүргэсэн юм.
 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

Огноо:

,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва наймдугаар сарын 26-нд нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх ногоон бүс, ойн сан бүхий зуслангийн 26 аманд ажилласан. Энэ үеэр ойн сан бүхий, ногоон бүсэд иргэдийн чөлөөтэй зорчих, амарч зугаалах орц, гарцыг хаасан, зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан, эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаагүй зэрэг зөрчилтэй нэгж талбаруудын газар эзэмших эрхийг цуцалж, зөрчлийг арилгахыг холбогдох албаныханд үүрэг болгосон.

Энэ хүрээнд өнөөдрийн байдлаар нийслэлийн дөрвөн дүүргийн хэмжээнд зөрчилтэй 407 нэгж талбарын газар эзэмших эрхийг хүчингүй болгож, зөрчлийг арилгах, нийтийн эзэмшлийн орц, гарцыг чөлөөлөх ажил үргэлжилж байна.

СХД-ийн Газар зохион байгуулалтын албаны Газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Г.Мөнхзул “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүргийн дагуу ойн сан бүхий газарт иргэдийн зорчих орц, гарцыг хаасан, зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан, мод сүйтгэн газар ашигласан зэрэг зөрчилтэй нэгж талбаруудын газар эзэмших эрхийг цуцлах, газрын зөрчлийг арилгах, нийтийн эзэмшлийн орц, гарцыг чөлөөлөх ажлыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд нийт 83 нэгж талбарт зөрчил арилгах, газар эзэмших эрхийг хүчингүй болгох юм. Өнөөдрийн байдлаар 37 нэгж талбарын газар эзэмших эрхийг дуусгавар болгож, 46 нэгж талбарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохтой холбоотой сонсох ажиллагаа үргэлжилж байна. Мөн 10 байршилд орц, гарцыг чөлөөлөөд байна. Тухайлбал, 21 дүгээр хороо, Жаргалантын аманд нэг байршлын 400 метр, Ар гүнтэд хоёр байршлын 14 метр, 34 дүгээр хорооны Баянголын аманд нэг байршлын 1,996 метр, 42 дугаар хорооны Зүүн салааны зуслангийн бүсэд нэг байршлын 268 метр урттай зөвшөөрөлгүй төмөр хашааг албадан буулгаж, орц, гарцыг чөлөөлсөн” гэв.

ЧД-ийн Газар зохион байгуулалтын албаны Газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Бат-Оргил “Чингэлтэй дүүргийн ойн сан бүхий газарт ашиглалтгүй байсан 67 нэгж талбарын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Түүнчлэн дүүргийн 23, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан, иргэдийн ногоон бүсэд чөлөөтэй зорчих эрхийг хязгаарласан нийт 70 нэгж талбарт илэрсэн зөрчлийг үе шаттайгаар арилгаж байна” гэлээ.

СБД-ийн Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн Н.Чинсанаа “Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас “Ногоон бүсээ хамгаалъя” аяны хүрээнд кадастрын зурагт тусгасан хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчилтэй есөн нэгж талбарын байршлыг өөрчилж, иргэдийн чөлөөтэй, саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэн орц, гарцыг чөлөөлөөд байна. Эзэмшил бүхий газраа зориулалтын дагуу ашиглаагүй, газар дээрээ бодит ашиглалт хийгээгүй 178 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Газрын зөрчил арилгасан байршлуудад дахин хашаа барих, зөрчил давтан гаргахаас урьдчилан сэргийлэх зорилгоор тухайн хороог хариуцсан болон газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнүүд долоо хоног бүр хяналт тавин ажиллаж байна” гэсэн юм.

БЗД-ийн Газар зохион байгуулалтын албаны Газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Гантогтох “Баянзүрх дүүргийн хэмжээнд нийт 10 байршлын 112 га талбайд дрон нисгэж, боловсруулалт хийж, судалгааг нэгтгэсэн. Энэ хүрээнд ойн сан бүхий газарт ашиглалтгүй байсан 68 нэгж талбарт холбогдох сонсох ажиллагааг зохион байгуулж, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон. Харин зургаан нэгж талбарын газар эзэмших эрхийг дуусгавар болгох асуудал дүүргийн Засаг даргын захирамжийн төслийн шатанд хянагдаж байна. Зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа татсан, ойн сан бүхий газарт нэвтрэх орц, гарцыг хаасан зөрчилтэй нэгж талбаруудыг чөлөөлж, иргэдийн зорчих эрхийг хангах ажил үргэлжилж байна.  Газар албадан чөлөөлөхөөс өмнө хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагааг зохион байгуулж, иргэдэд 14 хоногийн өмнө мэдэгдэл хүргүүлэх, эзэнгүй хашаанд мэдэгдэх хуудас байрлуулах зэрэг арга хэмжээ авдаг. Ийнхүү газар чөлөөлөх ажиллагааг холбогдох хууль, журмын дагуу хэрэгжүүлдэг” гэв.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ

Огноо:

,

Орон сууцын залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа. 

Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгож, уг зөвшөөрлийн үндсэн дээр компаниуд захиалгаа авдаг. Мөн зөвшөөрөлгүйгээр ч сууц, талбайн захиалга авч байна. Захиалгын гэрээ байгуулахдаа тухайн сууц, талбай өмнө нь захиалагдсан эсэхийг шалгах боломжгүйгээс давхар захиалга хийгдэж, иргэд залилах гэмт хэргийн хохирогч болсоор байна. Өнөөдрийн байдлаар 2,569 иргэнд 206.0 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.  

Ерөнхий сайдын 2026 оны 154 дүгээр захирамжаар “Орон сууцын захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх, ашгийг хамгаалах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шалгаж, үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэх” үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан.

Хохирогчдын тоо нэмэгдэх эрсдэлтэй байгаа тул холбогдох төрийн байгууллагад байгаа мэдээллийг нээлттэй, ил тод болгож, иргэн, хуулийн этгээдийг урьдчилан сэргийлэх боломжтой үнэн зөв мэдээллээр хангах зайлшгүй шаардлага үүсжээ.

Засгийн газрын энэ тогтоолоор аймаг, нийслэлийн Засаг дарга барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, тухайн барилгын хаягийн болон хот байгуулалтын мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэсэн байршлын урьдчилсан хаяг, давхрын зохион байгуулалтын зураг, сууц, талбайн хаалганы дугаар болон хаалганы дугаар бүрээр үүсгэсэн QR код бүхий дахин давтагдашгүй дугаар зэрэг мэдээллийг барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосноос хойш ажлын гурван өдөрт Улсын бүртгэлийн ерөнхий газарт цахимаар хүргүүлэхийг үүрэг болголоо. Мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд шинэ мэдээллийг мөн гурванөдөрт цахимаар хүргүүлнэ.

Улсын бүртгэлийн байгууллага барьж дуусаагүй орон сууцын барилгын сууц, талбайд урьдчилсан тэмдэглэл, захиалгын гэрээ хийгдсэн тохиолдолд эдгээр тэмдэглэлийн төлөв, тэдгээрийн өөрчлөлтийг албан ёсны цахим хуудсаар мэдээлнэ. 

Ингэснээр иргэн, хуулийн этгээд сууц, талбай захиалгын гэрээ байгуулахаас өмнө тухайн сууц, талбайд өмнө нь захиалга, эсхүл урьдчилсан тэмдэглэл хийгдсэн эсэх зэрэг мэдээлэлд үндэслэн гэрээ байгуулах эсэх шийдвэр гаргах, учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцох боломж бүрдэнэ гэж үзлээ.

 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм2026/10/16

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчл...

Цаг үе2026/10/16

Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 40 хувьд хүрлээ

Улстөр нийгэм2026/10/16

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтр...

Цаг үе2026/10/16

2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа

Цаг үе2026/10/16

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын а...

Цаг үе2026/10/15

МИАТ ТӨХК болон Toki апп хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

Шударга мэдээ2026/10/15

Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүх...

Улстөр нийгэм2026/10/15

Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн ...

Улстөр нийгэм2026/10/15

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн са...

Цаг үе2026/10/15

Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсг...

Санал болгох