Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

"Ковид-19 цар тахлын эсрэг шуурхай хариу арга хэмжээ авах хөтөлбөр"-ийн төсөлд гарын үсэг зурах эрх олгохыг дэмжив

Огноо:

,

“Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2020.08.24/ хуралдаан 16 цаг 10 минутад  55.6 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдааны эхэнд Байнгын хороооны дарга Б.Баттөмөр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу хуралдаандаа хүрэлцэн ирсэн болон ирээгүй гишүүдийг сонгогдсон тойрог, нэрээр нь танилцуулсан. Дараа нь хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан бөгөөд өнөөдрийн хуралдаанаао гурван асуудал хэлэлцэхээр тогтов.

Эхлээд Засгийн газраас 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн  “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.


Тогтоолын төслийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулахдаа, Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтад “Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна.” гэж хуульчилсан. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчлэн баталсан. Ингэснээр Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг 30 жилээр, хөгжлийн зорилтот дэд хөтөлбөрүүдийг 10 жилээр, Монгол Улсын хөгжүүлэх үндсэн чиглэлийг улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хамт 5 жилээр тус тус батлан хэрэгжүүлэхээр болсон. Иймд “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт нийцүүлэн “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах” УИХ-ын тогтоолыг төслийг боловсрууллаа.
Сүүлийн 30 жилд хөгжлийн бодлого төлөвлөлт болон залгамж чанар нэлээдгүй алдагдсан учрас хөгжлийн бодлого төлөвлөлтийг хуульчилсан гэлээ.  


Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн С.Батболд, П.Анужин, Н.Алтанхуяг, Ш.Адьшаа нар асуулт асууж, хариулт авлаа. Гишүүдийн асуултад Ажлын хэсэгт хүрэлцэн ирсэн Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ болон Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах салбар яамдын сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар, газрын албан тушаалтнууд хариулт өгөв.

Улсын Их Хурлын гишүүн С.Батболд таван жилийн үндсэн чиглэлийг баталснаар үр дүнг нь хэрхэн дүгнэх, үнэлэх талаар, П.Анужин гишүүн хүний хөгжлийн бодлогыг талаарх тодорхойлолтоо оновчтой болгох, эрэгтэйчүүдийн дундаж наслалтыг уртасгах бодлогыг төрийн цогц бодлогод оруулах, хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүний чанарын талаар, ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоолыг генетикийн өөрчлөлтгүй бүтээгдэхүүнээр бэлтгэх заалт оруулах талаар, Н.Алтанхуяг гишүүн хийх ажлыг илүү нарийвчлах талаар асууж, хариулт авлаа.

 Асуулт, хариулт дууссанаар тогтоолыг төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

“Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Дараа нь Засгийн газраас 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Тогтоолын төслийн товч танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ хийв. Танилцуулгадаа Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг “КОВИД-19 цар тахлын үеийн хөтөлбөр” гэж хэлж болно. Тийм ч учраас боловсруулахдаа халдварт цар тахлаас хүн амаа хамгаалж, нийгэм, эдийн засгийн хүндрэлийг амжилттай даван туулахад илүүтэй анхаарал хандуулсан гэв. Тус хөтөлбөр нь 6 бүлэг, 23 тэргүүлэх зорилт, 213 дэд зорилттой юм.  


Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн С.Батболд, Н.Алтанхуяг, Н.Энхболд нар асуулт, асууж хариулт авав. Улсын Их Хурлын гишүүн С.Батболд бүсчилсэн хөгжлийг аймаг орон нутагт тэгш явуулахаар тусгах, Н.Алтанхуяг гишүүн Эрдэнэбүрэнгийн усан цахилгааныг ямар эх үүсвэр, өртгөөр барих, орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрийг хэзээ эхлэх, ямар шалгуур үзүүлэлт тавих талаар, Н.Энхболд  гишүүн технологи нарийсаж, хямдарсан учир сэргээгдэх эрчим хүчний технологийг өндөр өртгөөр худалдаж авахгүй байх талаар асууж, хариулт авсан.  
Тогтоолын төсөлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Д.Цогтбаатар, Н.Алтанхуяг, Н.Наранбаатар нар үг хэлж, санал гаргалаа. Ийнхүү тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дууссанаар Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ. 

Зээлийн хэлэлцээрийн төсөлд гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгохыг дэмжив

Төгсгөлд нь Засгийн газраас 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улс болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр /Ковид-19 цар тахлын эсрэг шуурхай хариу арга хэмжээ авах хөтөлбөр/-ийн төсөл-ийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцээрийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд  Л.Оюун-Эрдэнэ танилцуулав.


Азийн дэд бүтэцийн хөрөнгө оруулалтын банк Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах үйл ажиллагаанд зориулан 10.0 тэрбум ам.долларын санхүүжилтийн хөтөлбөр баталсан бөгөөд 2020 оны 4 дүгээр сараас эхлэн гишүүн орнуудад тус хөтөлбөрөөс хөнгөлөлттэй зээл олгон хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй коронавирусийн халдварын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг дэмжих зорилгоор 100 сая ам.долларын зээлийн хэлэлцээр байгуулах талаар тус банктай тохиролцоод байгаа гэв. Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээл нь төсвийн дэмжлэгийн зээл хэлбэрээр олгогдох ба дараах нөхцөлтэй аж. Үүнд, зээлийн хугацаа 16 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 3 жил, зээлийн хүү: 6 сарын Лондонгийн банк хоорондын зах зээлийн хүү /LIBOR/+0.85 хувь.

Санхүүжилт нь Ковид-19-ын тархалтын эрсдэлийг хязгаарлах, бууруулах арга хэмжээг үргэлжлүүлэх, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоонд нэмэлт дарамт, ачаалал ирэхээс урьдчилан сэргийлж бусад чухал эрүүл мэндийн үйлчилгээг тасалдуулахгүй иргэдэд хүргэх, цар тахлын эдийн засаг, төсөв, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эдийг засгийг дэмжих чиглэлээр арга хэмжээнд зориулан төсвийн дэмжлэг хэлбэрээр олгогдох юм байна.

Уг асуудлыг Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороогоор хэлэлцээд, зөвшилцөхийг дэмжсэн талаар санал, дүгнэлтийг хуралдаанд танилцуулсан. Хэлэлцэж байгаа ауудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Н.Энхболд нар үг хэллээ.

Дараа нь Монгол Улс болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр /Ковид-19 цар тахлын эсрэг шуурхай хариу арга хэмжээ авах хөтөлбөр/-ийн төсөл-ийг зөвшөөрч, гарын үсэг зурах эрхийг Засгийг газарт олгоё гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Ийнхүү Байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.30/ Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.  

Монголд хөрөнгө оруулагч Япон компаниуд төсөл, хөтөлбөрөө Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Aeronext  компани 2023 оноос хойш ЖАЙКА-ын санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэж эхэлжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд дроноор цус хүргэдэг. Цаашид Монголд дрон үйлдвэрлэдэг, засварладаг болохоор ажиллаж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ. 

Мөн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Японы талаас онцолсон.  2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Японы тал Монгол Улсаас худалдан авалт хийх нь чухал гэдгийг илэрхийлэв.

Ерөнхий сайд Н.Учрал Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад Засгийн газар шуурхай анхаарч ажиллана гэдгийг илэрхийлэв. Мөн Японы банк санхүүгийн салбарын төлөөлөл бодит сонирхлоо илэрхийлбэл нягт хамтран ажиллахад бэлэн гэлээ.  

Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ бизнесийн түншлэлээр угтах нь нэн чухал.  Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) хөрөнгө оруулалтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг тодотгов. Монгол Улсад ЖЕТРО-ын Төлөөлөгчийн газар байгуулах талаар ярилцав. 

Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн

Огноо:

,

“Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтэд гарын үсэг зурав. Жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэнэ. 

  1. Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад хамтарна. Монгол Улс 1 сарын хэрэглээгээ нөөцлөх түлш, шатахууны савтай болно.
  2. Давхар татвар, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа.
  3. Монгол Улсаас Япон улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.
  4. Япон улсын ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч ажиллана.
  5. “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлнэ.
  6. Японы улсын гадаад худалдааг дэмжих (ЖЕТРО) байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа нээнэ. Тус улсын хөрөнгө оруулагчид, ЖДҮ, технологийн компаниуд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
  7. Хоёр шатлалтай "ЖАЙКА"-гийн ЖДҮ-ийг дэмжсэн зээлийг үргэлжлүүлнэ.
  8. "Буянт-Ухаа" нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах менежментийг хийх, хурдан галт тэрэгний яриа хэлцлийг эрчимжүүлнэ.
  9. Японы "Aeronext Inc" компани монгол инженерүүдтэй хамтарч дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэхээр яриа хэлцлээ эхлүүлэв.
  10. Ногоон устөрөгчийн төсөл, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг ярилцав. Ногоон санхүүжилтийг дэмждэг бүх байгууллагуудаар дамжуулан Монголд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлнэ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзлаа. Уулзалт 2026 оны есдүгээр сарын 29-нд Токио хотноо болов.

Ерөнхий сайд Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Мөн ЖАЙКА судалгаанд тулгуурласан, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйд талархал илэрхийллээ.

Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн талаар ярилцав. Ерөнхий сайд төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. ЖАЙКА-ын Ерөнхийлөгч уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ ажлыг Япон Улсын Засгийн газрын “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Уулзалтаар чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) төлөөлөгчийн газар байгуулах саналыг хэрэгжүүлэх талаар ярилцжээ.

Түүнчлэн дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.

Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1977–2025 онд зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох