Улстөр нийгэм
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтай хэлэлцээ хийв
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалныхаа хүрээнд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтай 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр албан ёсны хэлэлцээ хийв.
Гадаад харилцааны сайд нар хэлэлцээний үеэр хоёр талын харилцаа, бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солицов. Монгол, Оросын уламжлалт найрсаг харилцааг тогтвортой хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгдгөө нотолж, Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

Хоёр улсын төрийн тэргүүн нар 2019 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр гарын үсэг зурж, хоёр улсын хууль тогтоох байгууллагууд соёрхон баталсан “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээ”-ний батламж жуух бичгийг солилцсоноор уг гэрээ энэ өдрөөс хүчин төгөлдөр болж буйд Гадаад харилцааны сайд нар сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Хугацаагүй байгуулсан уг гэрээ нь хоёр улс улс төр, батлан хамгаалах, аюулгүй байдал, эдийн засаг, худалдаа, санхүү, хөрөнгө оруулалт, тээвэр, дэд бүтэц, соёл, хүмүүнлэгийн харилцаа зэрэг бүхий л салбарт эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагааг урт удаан хугацаанд хөгжүүлэх эрх зүйн үндсийг бэхжүүлж буйг сайд нар онцлон тэмдэглэв.

Гадаад харилцааны сайд нар Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг 2021 онд өргөн хүрээнд, ёслол төгөлдөр тэмдэглэх нь зүйтэй гэж санал нэгтэй үзэж, түүхэн чухал ойг хамтран тэмдэглэх төлөвлөгөө гаргасны үндсэн дээр улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, эрдэм шинжилгээ, спорт зэрэг чиглэлд олон арга хэмжээ хамтран хэрэгжүүлэхээр тохиролцлоо. Ирэх онд хоёр талаасаа өндөр, дээд түвшний айлчлал хэрэгжүүлэх талаар мөн ярилцаж, тодорхой ойлголцолд хүрлээ.
Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд анхаарал хандуулж ярилцан, 2021 оныг “Монгол, Оросын Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны жил” болгон зарлах боломжийн талаар ярилцлаа

Монгол, Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, төмөр замын суурь бүтэц болон суурь бүрэлдэхүүнийг шинэчлэлд шаардлагатай хөрөнгө оруулалтыг ойрын хугацаанд шийдвэрлэхээр тогтов. Талууд хоёр талын эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг цаашид ч гүнзгийрүүлэх сонирхолоо илэрхийлэв. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байдаг Оросын үл хөдлөх хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх эхний үе шат амжилттай дуусч буйг тэмдэглэж, дараагийн ээлжийн асуудлаарх хэлэлцээг ойрын хугацаанд эхлүүлж, эцэслэн шийдвэрлэхийн төлөө ажиллахаа талууд илэрхийлэв.

Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хэрэгжилтийг урагшлуулах, “Сибирийн хүч-2” төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлыг түргэтгэхийн төлөө цаашид ч хүч чармайлт гарган ажиллахаар санал нэгдэв.
Гадаад харилцааны сайд нар түүнчлэн олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцож, НҮБ болон бүс нутгийн хамтын ажиллагааны механизмуудын хүрээнд хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэхээ илэрхийлэв. Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Ковид-19 халдварын тархалтын эсрэг эрчимтэй арга хэмжээ авч, “Cпутник-V” вакциныг боловсруулж, өөрийн улсынхүн амын төдийгүй бусад орны ард түмний эрүүл мэндийг сахин хамгаалахад чухал хувь нэмэр оруулж буйд оросын талд баяр хүргэв.
Улстөр нийгэм
Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.
Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.
Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.
Улстөр нийгэм
УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв
Хөшөөнд цэцэг өргөх үеэр хүндэт харуул жагсаж, үлээвэр хөгжимчид гашуудлын ая эгшиглүүлэв. Цэцэг өргөсний дараа Монгол Улсын Төрийн дуулалыг эгшиглүүллээ.
Улсын Их Хурал 1996 оны 33 дугаар тогтоолоороо жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон шийдвэрлэсэн хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, гэргий Нгуен Ти Тань Нга нарыг өнөөдөр (2026.09.10) Жанжин Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан мэндчиллээ.
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэг болон эрхэм зочид Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Чан Тань Ман хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
-
Улстөр нийгэм2022/12/28
Зөвлөлдөх санал асуулгын талаар Тамгын газрын ажилтнуудад мэдээлэл, чиглэл өгөх ...
-
Шударга мэдээ2026/02/24
Виз мэдүүлэх үү, визийн зөвшөөрөл мэдүүлэх үү?
-
Урлаг спорт2020/02/20
Цэдор Лхамын битүүний хурлыг МҮОНРТ шууд дамжуулан хүргэнэ
-
Шударга мэдээ2019/10/14
БСШУС-ын сайд орон нутагт ажиллаж байна
