Цаг үе
Сонсогчид цэргийн тангараг өргөлөө
Дотоод хэргийн их сургуулийн 2020-2021 оны хичээлийн жилд шинээр элссэн 450 гаруй суралцагчийн цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа Баянзүрх дүүргийн XX хорооны нутаг дэвсгэр Гүнжийн хоолойд байрлах Их сургуулийн хээрийн дадлага, сургалтын цогцолборт есдүгээр сарын 25-ны өдөр боллоо.
Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, тус яамны харьяа байгууллага агентлагуудын удирдлагууд, ДХИС-ийн захирал, доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар болон Их сургуулийн захирлын зөвлөлийн гишүүд, бие бүрэлдэхүүн, суралцагчдын ар гэрийнхэн оролцов.
Арга хэмжээний хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Ная гаруй жилийн буурал түүхтэй Дотоод хэргийн их сургууль эх орондоо олон мянган алба хаагчдыг бэлтгэн өгч, тэд өнөөдөр Монгол Улсын өнцөг булан бүрт хууль сахиулах, аюулгүй байдлыг хангах албанд нэр төртэй хөдөлмөрлөж байна. Ахмад, дунд үеийн залгамж халаа болохоор, төрийн тусгай албанд хүчин зүтгэхээр эр цэргийн тангаргаа өргөж буй эрхэм сонсогч та бүхнийг харахад бахархалтай байна. Өргөсөн тангаргаа үргэлж давтаж, эх нутаг, аав, ээж, ард түмнийхээ итгэл сэтгэлийг санаж, нойронд сэргэг, номонд мэргэн байж, профессор багш нарынхаа заасан эрдэмд шамдан суралцаж, их эрдмийн оргил өөд үргэлж тэмүүлж байхыг үүрэг болгож байна” гэлээ.
Энэ үеэр суралцагчид урлагийн болон зэвсэгтэй, зэвсэггүй, дарцагтай жагсаалын болон гардан тулааны үзүүлэх тоглолтуудыг тус тус сонирхуулсан юм. Суралцагчид Их сургуулийн хээрийн дадлага, сургалтын төвд 21 хоног байрлаж, цэргийн хэргийн анхан шатны мэдлэгт суралцахаас гадна сэтгэл зүйн хувьд төлөвших, төрийн тусгай албанд үүрэг гүйцэтгэх, хариуцлага хүлээх чадвар эзэмшсэнд эцэг эхчүүд баяртай байлаа.
Мөн суралцагчид сургалтын хугацаанд цэргийн анхан шатны мэдлэг олгох, цэргийн дүрмийн хичээл, галт зэвсгийн хичээлүүдийг тус тус судалсан байна. Тэд ийнхүү цэргийн анхан шатны бэлтгэл сургалтад амжилттай суралцаж, цэргийн тангараг өргөснөөр Дотоод хэргийн их сургуулийн үндсэн сонсогч болж, суралцах эрх нь нээгдэж, цагдаа, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдал, шүүхийн шинжилгээний байгууллагын ирээдүйн хүний нөөц болон бэлтгэгдэнэ.
Монгол Улсын Дотоод хэргийн их сургууль нь 1934 онд байгуулагдсан бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Монгол Улсын ууган Их сургуулиудын нэг юм.
Тус Их сургууль нь Монгол улсын үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын хүний нөөцийг бэлтгэх үүрэгтэйгээр Удирдлагын академи, Ахисан шатны боловсролын сургууль, Цагдаагийн сургууль, Хилийн албаны сургууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургууль, Онцгой байдлын сургууль, Эрх зүй, Нийгмийн ухааны сургууль, Шинжлэн магадлахуйн институт, Гадаад хэлний институт, Ахлагчийн сургууль, Ахлах лицей сургууль гэсэн бүрэлдэхүүн 11 сургуультайгаар, мэргэжлийн боловсрол, бакалавр, магистр, докторын түвшинд нийт 30 орчим чиглэлээр сургалтын үйл ажиллагаа явуулж байна гэж Дотоод хэргийн их сургуулийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албанаас мэдээллээ.
Цаг үе
Хамас Газын зурваст зэвсгээ хураалгах тохиролцоонд хүрчээ
Хамас болон Палестины бусад бүлэг Газын зурваст зэвсгээ хураалгах төлөвлөгөөний талаар Энхийн зөвлөлтэй тохиролцоонд хүрсэн гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдлээ. Тэрбээр үүнийг Газын зурваст энх тайван, аюулгүй байдлыг тогтооход чиглэсэн чухал алхам хэмээн тодорхойлжээ.
Аль Жазирагийн олж авсан баримт бичигт зэвсэг хураах нарийвчилсан төлөвлөгөөг 14 хоногийн дотор боловсруулах бөгөөд шаардлагатай тохиолдолд олон улсын хяналтын байгууллага болон талуудын зөвшөөрлөөр хугацааг сунгахаар тусгасан байна.
Хамасын хэлэлцээний төлөөлөгч Газий Хамад хэлэлцээ хүнд нөхцөлд өрнөснийг тэмдэглээд, Израил үүргээ биелүүлээгүй тохиолдолд тохиролцооны аль нэг хэсгийг хэрэгжүүлэхгүй гэж мэдэгджээ. Түүний хэлснээр зэвсэг хураах үйл явц нь Израилын цэрэг Газын зурвасаас гарах болон сэргээн босголтын ажлын ахицтай холбоотой аж. Израилын талаас одоогоор албан ёсны тайлбар хийгээгүй байна.
Тохиролцооны дагуу Үндэсний хороо болон Олон улсын тогтворжуулах хүчин Газын зурваст орсны дараа зэвсгийг бүртгэж, хадгалалтад шилжүүлэх ажиллагаа эхлэхээр болжээ. Энэ ажиллагааг Үндэсний хороо удирдаж, олон улсын хяналтын хороо ажиглах бөгөөд Палестины бүлгүүд оролцох юм.
Зэвсгийг Израил болон Палестины бус байгууллагад шилжүүлэхгүй, зөвхөн Газын зурвасыг удирдах Үндэсний хорооны хяналтад төвлөрүүлэхээр тусгасан байна. Эхний ээлжид цагдаагийн зэвсгийг шилжүүлж, дараа нь хүнд зэвсгийг ашиглалтаас гаргахаар төлөвлөжээ.
Үүний зэрэгцээ Израилын цэргийг Газын зурвасаас үе шаттай гаргаж, оронд нь Олон улсын тогтворжуулах хүчин болон Палестины шинэ цагдаагийн байгууллага ажиллахаар тохиролцсон гэж Доналд Трамп мэдэгдсэн байна.
Харин Палестины Исламын Жихад бүлэг уг тохиролцооны талаарх мэдээлэл бүрэн зөв биш бөгөөд нийтэд тархсан баримт бичгийн зарим заалтад санал нийлэхгүй байгаагаа илэрхийлжээ. Египетийн Каир хотод Египет, АНУ, Катар, Туркийн зуучлагчдын оролцоотой дараагийн шатны хэлэлцээг үргэлжлүүлэхээр төлөвлөсөн байна.
Цаг үе
Балбад шашин хоорондын мөргөлдөөний улмаас гурван хүн амиа алджээ
Балбын Ерөнхий сайд Балендра Шах Хиндү болон Исламын шашинт иргэдийн хооронд үүссэн мөргөлдөөний улмаас гурван хүн амиа алдсаны дараа иргэдийг тайван байж, эв нэгдлээ хадгалахыг уриаллаа.
Эмх замбараагүй байдал өнгөрсөн ням гарагт Энэтхэгийн хилтэй залгаа Сунсари дүүргийн Деванганж тосгонд эхэлжээ. Хиндү шашинтнуудын жагсаалын үеэр чанга хөгжим эгшиглүүлсэнтэй холбоотой маргаан хурцдаж, цахилгааны шон дээр байрлуулсан Исламын шашны тугийг буулган, оронд нь Хиндү шашны туг байрлуулсан нь зөрчлийг улам даамжруулсан байна.
Улмаар хоёр тал чулуу шидэлцэн мөргөлдөж, цагдаа нар эхлээд анхааруулах буудлага хийсний дараа гал нээжээ. Үүний улмаас нэг хүн амиа алдаж, олон хүн шархадсан байна.
Уг явдлын дараа хөрш Сираха дүүрэгт эсэргүүцлийн жагсаал өрнөж, лхагва гарагт дахин хоёр хүн амиа алдсанаар нийт хохирогчийн тоо гурав болжээ. Эсэргүүцэгчид зарим барилга, худалдааны төвийг галдан шатаасан тул эрх баригчид хэд хэдэн дүүрэгт хөл хорио тогтоож, олон нийтийн цуглааныг хязгаарласан байна.
Ерөнхий сайд Балендра Шах амь үрэгдсэн иргэдийн ар гэрт эмгэнэл илэрхийлээд, хэргийг ил тод, шударгаар шалгаж, буруутай этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцно гэдгийг онцолжээ. Мөн улс төрийн нам, шашны байгууллага, иргэний нийгэм болон хэвлэл мэдээллийн байгууллагуудыг нөхцөл байдлыг хурцатгахгүй байж, нийгмийн эв нэгдлийг хамгаалахад хамтран ажиллахыг уриалсан байна.
Балбын хүн амын дийлэнх нь Хиндү шашин шүтдэг. Энэтхэгтэй хил залгаа өмнөд бүс нутагт сүүлийн жилүүдэд шашин хоорондын хурцадмал байдал үе үе гарч байгаа бөгөөд энэ удаагийн хэрэг нь хамгийн ноцтой мөргөлдөөний нэг болжээ.
Цаг үе
Өчигдөр 102 тусгай дугаарт 2136 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
-
Улстөр нийгэм2021/02/09
Хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааны жаг...
-
Улстөр нийгэм2021/05/20
Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
-
Улстөр нийгэм2026/05/11
УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Үзэл бодол2019/10/08
Э.Болортулга: МСНЭ-ийн гишүүдийн татварын орлого нийт зардлын 15 хувиас хэтэрдэг...

