Шударга мэдээ
"КОВИД-19” халдварын тохиолдол бүртгэгдсэн газруудад өргөтгөсөн шинжилгээ хийнэ

Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд 2020 оны 11 дүгээр сарын 24-ний байдлаар, коронавируст “Ковид-19” халдварын 54 батлагдсан тохиолдол илрээд байна.
Үүнтэй холбогдуулан нийслэлийн зарим дүүрэг, хороодод халдварын тохиолдол бүртгэгдсэн голомтын бүсэд хамаарах иргэдийг “Ковид-19” цар тахлын халдвараас сэргийлэх, халдварын тархалтыг хумих зорилготой өргөтгөсөн шинжилгээг Нийслэлийн Онцгой комиссоос зохион байгуулж эхэллээ.
Тус өргөтгөсөн шинжилгээнд зөвхөн тухайн дүүрэг, хороодод харьяалагдах байнгын болон түр оршин суугч иргэд хамрагдах шаардлагатай юм. Халдварын тохиолдол бүртгэгдсэн голомтын бүсэд хамаарах уг иргэдийн шинжилгээг харьяа дүүргийн Эрүүл мэндийн төвөөс гаргасан хуваарийн дагуу зохион байгуулна.
Харин сайн дурын шинжилгээнд хамрагдах хүсэлтэй бусад иргэд 1800-0119 дугаарын утсанд хандан цаг авч, харьяа өрхийн эрүүл мэндийн төвдөө шинжилгээ өгөх боломжтой юм. Түүнчлэн сайн дурын шинжилгээ өгөх хүсэлтэй иргэд ойрын болон дам хавьтлын шинжилгээ авч буй нэр бүхий 18 цэг, мөн дээрх өргөтгөсөн шинжилгээний цэгүүдэд очихгүй байхыг анхааруулж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБ
Шударга мэдээ
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг арванхоёрдугаар сарын 5-нд ашиглалтад оруулна
Хотын дарга Х.Нямбаатар үүрэгт ажлаа хүлээн авснаас хойш Улаанбаатар хотод эрчим хүчний томоохон төслүүдийг төлөвлөн, бүтээн байгуулалтыг урагшлуулах, эрчимжүүлэх ажилд онцгойлон анхаарсан.
Эдгээр төслийн нэг Бөөрөлжүүтийн цахилгаан станц төслийг “Улаанбаатар хотын онцлох ажил”-ын жагсаалтад танилцуулж байна.
Улаанбаатар хот улсын эрчим хүчний хэрэглээний 60 гаруй хувийг дангаар бүрдүүлдэг. Харин 2023-2024 онд шилжих өвөл Улаанбаатар хотын эрчим хүчний систем 200 МВт чадлын дутагдалд орсныг дараа жил нь буюу 2024-2025 оны өвөл нөхөж чадсан юм. Энэхүү хэрэглээг нөхөхөд Бөөрөлжүүтийн 150 МВт хүчин чадалтай цахилгаан станц голлох үүргийг гүйцэтгэсэн. Улаанбаатар хот анх удаа дотоодын зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжаалж, тус бондоос 300 тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулсан. Ингэснээр 2011 онд эхэлсэн ч олон жил гацсан Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийн эхний 150 МВт хүчин чадалтай станцыг 2024 оны аравдугаар сард ашиглалтад оруулж, арванхоёрдугаар сард төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбосон юм.
Бөөрөлжүүтийн цахилгаан станц Диспетчерийн үндэсний төвөөс өгсөн горим, төлөвлөгөөний дагуу цахилгаан эрчим хүчний захиалгыг тасралтгүй, 100 хувь биелүүлэн төвийн бүсийн нэгдсэн системд нийлүүлж ирлээ. Наймдугаар сарын байдлаар хоногийн дундаж ачаалал 140 МВт орчим байсан. Бөөрөлжүүтийн цахилгаан станц 2024 оны арванхоёрдугаар сараас хойш өнөөдрийг хүртэл төвийн бүсийн нэгдсэн системд ойролцоогоор 600 сая квт.цаг эрчим хүч нийлүүлээд байна.
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын I блокийг ашиглалтад оруулсны дараа II блокийн ажлыг яаравчлан эхлүүлсэн. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт хүчин чадалтай II блокийн барилга угсралтын ажил арванхоёрдугаар сарын 5-нд дуусахаар, хуваарийн дагуу төлөвлөгөөт ажлууд цаг хугацааны хоцрогдолгүй үргэлжилж байгаа юм. Төв аймгийн Баянжаргалан суманд Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн Улаанбаатар хотоос 120 км зайд орших Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг нийт дөрвөн блок бүхий 600 мBт хүчин чадалтай барихаар төлөвлөж байна.
Шударга мэдээ
BRT төслийн хүрээнд автобусны буудал орчмын нөлөөлөлд өртсөн инженерийн шугамыг хонгилын системд шилжүүлнэ
Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилтын дагуу 24 мега төслийг хэрэгжүүлж буй. Үүний нэг болох Тусгай замын автобус (BRT) төслийн чиглэл нь П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг баруун талаас Глобал сургуулийн баруун тал хүртэл нийт 12.9 км үргэлжлэх бөгөөд 19 зогсоолтой байна.
Уг төслийг 2026-2030 онд хэрэгжүүлэхээр зорьж байгаа юм.
Уг төслийн хүрээнд чигийн дагуух автобусны буудал орчмын нөлөөлөлд өртсөн инженерийн шугамыг газар доогуур хонгилын системд шилжүүлнэ. Ингэснээр цаашид зам ухаж хөндөхгүйгээр засвар, үйлчилгээ болон шугам солих ажлыг хийх боломжтой юм.
Тусгай замын автобус нь замын хөдөлгөөний оргил цагт 6000, өдөрт 25’000-35’000 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд дундаж хурд 20-25 км/ц байна. Энэ нь замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг 12.6 хувиар нэмэгдүүлэх тооцоололтой аж. Үүнээс гадна агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад бодит хувь нэмэр оруулах тооцоолол гарсан.
Ташрамд, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр уг төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж, есдүгээр сарын 3-нд Зам, тээврийн яамны Авто тээврийн салбарын Шинжлэх ухаан, технологийн дэд зөвлөлөөр хэлэлцүүлэн, дэмжээд буй.
Шударга мэдээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын Ахмадын холбооны удирдлагуудтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын Ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар болон тус холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд тус холбооны Ерөнхийлөгч Ц.Сүхбаатар ахмад настнуудын тэтгэврийг нэмэгдүүлэх, зээлийн хүүг бууруулах, хугацааг уртасгах, орон сууцны хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах талаар ахмад настнуудын тавьж буй шаардлагыг уламжилж, зарим асуудлыг шийдвэрлэх боломжийн талаар саналаа хэллээ.
Тухайлбал, ахмад настнуудын тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэхээр хуульчилсан. Гэхдээ 6 хувиар нэмэгдүүлэхэд өндөр тэтгэвэртэй ахмадуудын тэтгэвэр 200-300 мянган төгрөг, бага тэтгэвэртэй ахмадуудынх 40-60 мянган төгрөгөөр нэмэгдэхээр байгаа. Ийм зөрүү гарч байгаа тул бага тэтгэвэртэй ахмадуудын тэтгэврийг илүү нэмэгдүүлж болох юм. Мөн “Ахмадын орон сууц” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, хүүхдийн тооноос шалтгаалан тэтгэврийн хэмжээг тогтоох асуудлыг эргэн харах шаардлагатай байна гэлээ. Ахмад настны тухай хуулийн зарим заалтын хэрэгжилтийг хангаж ажиллахаас гадна орон нутгийн засаг захиргаанаас ахмад настнуудад чиглэсэн бодлогод анхаарал хандуулахыг хүсэв.
Ерөнхий сайд Г.Занданшатар, ирэх онд тэтгэврийг 6 хувиар нэмэгдүүлэхэд нийт 333.5 тэрбум төгрөг зарцуулж, дундаж тэтгэврийн хэмжээг 901,000 төгрөгт хүргэхээр тооцож байна. Ахмад настнуудын тэтгэврийг нэмэгдүүлэх, амьдралын чанарыг сайжруулах зэрэг асуудал Засгийн газрын анхаарлын төвд байгаа. Нэн тэргүүнд холбогдох яамд болон Монголын Ахмадын холбоо хамтран ахмад настнуудын хөгжил, хамгааллын асуудлаар дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр боловсруулж гаргах шаардлагатай байна гэлээ.
Энэ жилийн төсвийн орлого 3,3 их наядаар тасарч, эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа. Энэ хүндрэлийг даван туулахын тулд Засгийн газар хэмнэлтийн зарчим баримтлан, хэмнэж болох бүх зардлыг танаж буй ч зайлшгүй зардал болох тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгийг тасалдалгүй олгох бодлого баримталж буй. Төрөлт нэмэгдэж, ахмад настнуудын насжилт өндөрсөж буй учраас нийгмийн хамгааллын зардал тэр хэрээр өссөн. ҮСХ-ны тооцоогоор 2024 оны байдлаар нийт хүн амын 11.5 хувь нь ахмад настан байсан бол 2050 он гэхэд энэ үзүүлэлт 19.8 хувьд хүрч, таван хүн тутмын нэг нь ахмад настан болох төлөвтэй байна.
Засгийн газар хүний хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд ойрын 5 жилийн хугацаанд цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг олон улсын жишигт хүргэж нэмэгдүүлэх зорилт тавьсан. Ирэх сард Монгол Улсын хөгжлийн 2026-2030 он хүртэлх Үндсэн чиглэлийг УИХ-д өргөн барина. Энэхүү баримт бичигт ахмад настны талаар төрөөс баримтлах цогц бодлогыг тусгаж байгаа юм.
Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Г.Занданшатар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон бусад холбогдох яам, агентлаг, төрийн бус байгууллагуудын оролцоог хангаж, ахмад настнуудын талаарх хууль эрх зүйн орчныг сайжруулах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллах Ажлын хэсэг байгуулах чиглэл өгөв.