Үзэл бодол
Э.Түвшинчулуун: Засгийн газрын шийдвэрийн дагуу нийтдээ 729 мянган хэрэглэгчийн эрчим хүчний төлбөрийг төр хариуцна

Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч, Монгол Улсын зөвлөх инженер Э.Түвшинчулуунтай ярилцлаа.
- Засгийн газраас айл өрхүүд болон зарим аж ахуй нэгжийн хэрэглэсэн эрчим хүчний төлбөрийг чөлөөлөх шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн дагуу эрчим хүч хэрэглэгчдэд хичнээн төгрөгийн хөнгөлөлт үзүүлэх вэ?
- Айл өрхийн болон зарим аж ахуйн нэгж, байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур, ус, хогны төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд төрөөс хариуцах томоохон шийдвэр гаргасныг уншигчид мэдэж байгаа. Энэ зардалд нийтдээ 650 гаруй тэрбум төгрөг зарцуулах урьдчилсан тооцоо гарсан. Харин эрчим хүчний салбарын хувьд нийтдээ 729 мянган хэрэглэгчийн 483.7 тэрбум төгрөгийн цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын төлбөрийг төр хариуцах боломж бүрдээд байна.
Энэ 729 мянган хэрэглэгчийн 678 мянга нь айл өрх, 51 мянга нь аж ахуйн нэгж, байгууллага байгаа. Хэрэглэгчид маань цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур үнэ, төлбөргүй боллоо гэж ташаа ойлголт авсныг залруулах ёстой байх. Цар тахал дэгдсэн энэ хүнд цаг үед Монгол Улсын Засгийн газраас иргэдийнхээ амьжиргааг дэмжих, ажлын байруудыг хадгалах, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх зорилгоор эрчим хүч болон ус, хогны зардлыг төр хариуцаж, Эрдэнэт үйлдвэрээс төлүүлэх шийдвэр гарсан шүү гэдгийг онцолж хэлэхийг хүсч байна.
-Гэвч энэ шийдвэрийн дараа цахилгаан эрчим хүчний хэрэглээ огцом өссөн. Үүнээс үүдэн Эрчим хүчний яамнаас түр журам гарахаар болсон. Хэрэглэгчдийн дунд цахилгаан, дулааны төлбөрийг төрөөс хариуцахаа больж байгаа гэсэн яриа, зөрүүтэй ойлголтууд их байна. Энэ талаар та мэдээлэл өгөөч?
- Засгийн газрын шийдвэр огт өөрчлөгдөөгүй. Айл өрхийн болон зарим аж ахуйн нэгж, байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур, ус, хогны төлбөрийг төрөөс хариуцахаар болсонтой холбогдуулан Засгийн газрын шийдвэрийн дагуу Эрчим хүчний сайдын тушаалаар эрчим хүчний хангамж, хэрэглээ, төлбөр тооцоог зохицуулах талаар түр журмууд батлагдан гарсан. Товчхондоо Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэхтэй уялдуулан нэг талаас эрчим хүчний үйлдвэр компаниудад, нөгөө талаас хэрэглэгчдэд эн тэнцүү үүрэг хүлээлгэсэн, хэрэглэгчдийг эрчим хүчээр аюулгүй, найдвартай хангах боломжийг бүрдүүлэх зорилготой түр журам юм.
- Түр журмын талаар асуух зүйл олон байна. Хэрэглэгчид яаж төлбөрөө төрөөр даалгах вэ гэдгийг сонирхож байна л даа?
- Эрчим хүчний эх үүсвэр болон техникийн хүчин чадлын боломжит хэмжээтэй уялдуулан хэрэглэгчийн өмнөх оны мөн үеийн цахилгаан эрчим хүчний хэрэглээтэй тэнцэх хэмжээний төлбөрийг төрөөс хариуцна. Дулааны эрчим хүч хэрэглэгч айл өрхийн хувьд 100 метр квадрат хүртэлх хэрэглээг төрөөс хариуцаж, илүү талбайд ногдох дулааны төлбөрийг хэрэглэгч өөрөө төлөхөөр журамд тусгасан байгаа.
- Иргэдийн зүгээс хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрөө бүрэн төрөөс даалгаж чадахгүй байна гэдгийг тодруулж өгнө үү?
- Айл өрхийн сард хэрэглэдэг цахилгаан эрчим хүчний хэрэглээ харьцангуй тогтвортой байдаг. Судалгаанаас үзэхэд Улаанбаатар хотод гэр хорооллын халаагууртай айл өрхийн дундаж хэрэглээ өмнөх оны 11 дүгээр сард 458 кВт.ц байсан бол 2020 оны 11 сард 459 кВт.ц, орон сууцны айл өрхийн дундаж хэрэглээ өмнөх оны 11 дүгээр сард 192 кВт.ц байсан бол 2020 оны 12 дугаар сард 195 кВт.ц буюу бараг өөрчлөлтгүй байна. Тиймээс айл өрх бүрийн тогтсон хэрэглээний төлбөрийг үндсэндээ төрөөс бүрэн хариуцаж байгаа юм.
- Гэхдээ шинээр цахилгаан эрчим хүчний хэрэглэгч болсон, энэ онд халаалтаа цахилгаанаар шийдсэн айлууд яах вэ? Яаж хөнгөлөлтөд хамрагдах вэ гэсэн асуултууд гарч ирж байна?
- Түр журамд энэ талаар бас ойлгомжтой тусгаж өгсөн байгаа. Шинэ хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний төлбөрийг тооцохдоо тухайн хэрэглэгчийн хэрэглээг харгалзан ижил төстэй айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын дундаж хэрэглээтэй дүйцүүлэн тооцно гэсэн заалт бий.
- Улаанбаатар хотын хэмжээнд хэдэн шинэ хэрэглэгч байгаа вэ?
- Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн судалгаагаар 2020 онд нийслэлийн хэмжээнд орон сууцны 7200, гэр хорооллын 5600 орчим хэрэглэгч шинээр нэмэгдсэн байгаа.
- Өмнөх оны хэрэглээтэй дүйцүүлж төлбөрийг тооцно гэсэн. Тэгвэл хэн хичнээн төгрөгийн төлбөрөө төрөөр даалгах боломжтойг тооцсон тооцоо судалгаа бий юу?
- Цахилгаан дулааны эрчим хүчний төлбөрийг төр даах энэ хугацаанд сар бүр гэр хорооллын айл өрх 35-75 мянган төгрөгийн цахилгааны, нийтийн орон сууцны айл өрх талбайн хэмжээнээс хамааран 80-160 мянган төгрөгийн цахилгаан, дулааны төлбөрөөс чөлөөлөгдөх тооцоо гарсан.
- Зарим иргэд 12 дугаар сарын 1-нээс цахилгаан дулааны үнийг төрөөс хариуцна гэсэн. Гэтэл төлбөр нэхэмжлээд байна гэсэн гомдол их гаргаж байна? Энэ талаар та хариулт өгөөч?
- Хэрэглэгч хэрвээ 11дүгээр сард хэрэглэсэн цахилгаан, дулааны төлбөрөө төлж амжаагүй байгаа бол төлөх шаардлагатай. Засгийн газрын тогтоолын дагуу 12 дугаар сарын 1-нээс эхлэн хэрэглэсэн цахилгаан, дулаан эрчим хүч, дулааны уурын төлбөрийг төр хариуцах юм.
-Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор жил бүр шөнийн тарифын хөнгөлөлт олгодог. Энэ хөнгөлөлт хэвээрээ үргэлжлэх үү?
- Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоолоор батлагдсан Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний хөнгөлөлт үзүүлэх журмын дагуу хүйтний улиралд нийслэл болон аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны хэрэглээний тарифт хөнгөлөлт үзүүлж байгаа. Гэхдээ нэг сарын хэрэглээний дээд хязгаарыг 220 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчдэд 700 кВт.цаг, 380 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчдэд 1500 кВт.цаг байхаар тогтоосон. Энэ журам мөн хэвээрээ мөрдөгдөнө.
- Гэр хорооллын айл өрхүүд хоёр төрлийн хөнгөлөлтөд хамрагдаж байна. Дээрээс нь сайжруулсан шахмал түлшний үнийг 75 хувиар бууруулсан байгаа. Гэтэл яагаад цахилгаан эрчим хүчний хэрэглээ гэр хороололд улам өсөөд байна вэ? Та мэргэжлийн инженер хүн. Хэрэглээгээ хэтрүүлээд байгаа хэрэглэгч нартай хариуцлага тооцох ч юм уу, үүрэгжүүлэх боломж бий юу?
-Түр журамд хэрэглэгч цахилгаан эрчим хүчийг зүй зохистой, хэмнэлттэй хэрэглэх, шугам, тоноглолын техникийн зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрүүлэхгүй байх талаар тусгасан. Эрчим хүчний салбар аль цэгт хэрэглээний өсөлт их байна, хаана ямар гэмтэл саатал гарсныг хянаж байдаг, хэн хаана цахилгаан эрчим хүчний өндөр хэрэглээ үүсгээд байгааг ч тогтоох бүрэн боломж бий. Гэхдээ бид хэрэглэгчээ дээдэлж, эрчим хүчний хэрэглээгээ хянаж, зүй зохистой хэрэглэхийг уриалж байгаа. Өндөр зарцуулалттай цахилгаанаар ажилладаг халаагуур болон бусад цахилгаан хэрэгсэл нь хэрэглэгчийн ашиглаж буй цахилгааны кабель шугам, бусад хэрэгслийг гэмтээх, гал гарах эрсдэлтэй гэдгийг хэрэглэгчид маань анхаарах хэрэгтэй.
- Түр журмаар хэрэглэгчид эрчим хүч хэмнэх үүрэг оногдуулж байгаа гэж та ярьсан. Энэ талаар тодруулж өгөөч?
- УИХ-аас эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийг 2016 онд баталсан. Энэ хуулийн дагуу өндөр хэрэглээтэй аж ахуй нэгжүүд эрчим хүч хэмнэх үүрэг хүлээгээд ажиллаж байгаа. Ахуйн хэрэглэгчид ч гэсэн энэ хуулийн дагуу цахилгаан, дулаанаа зүй зохистой хэрэглэж, эдийн засагтаа, байгаль орчиндоо хувь нэмрээ оруулж ажиллах цаг үе ирээд байна. “Цахилгааны үнийг төрөөс хариуцахаар боллоо. Төлбөр нь бага гарах юм чинь яаж ч хэрэглэсэн яах вэ” гэдэг үрэлгэн байдлаар бус илүү хэмнэлттэй, илүү ухаалаг хэрэглээсэй гэж хүсч байна. Айл өрхүүд цахилгааны оргил ачааллын үед буюу өдөр бүр 17:00-21:00 цагийн хооронд цахилгаан халаагуур залгахгүй, ашиглахгүй байгаа цахилгаан хэрэгслүүдээ залгуураас салгаж хэвшвэл эх орныхоо эдийн засагт хувь нэмрээ оруулж байгаа хэрэг юм шүү.
- Хэрэглэгчид цахилгааныг хямд үнээр авч байгаа болохоор зохистой, хэмнэлттэй хэрэглэхгүй байна уу? Хэрвээ зах зээлийн үнээр цахилгаан өгөөд эхэлбэл хүссэн хүсээгүй ухаалаг хэрэглээтэй болж, төрөөс эрчим хүчний салбарт өгдөг татаасууд үгүй болно гэсэн санал гарч байна лээ?
- Хэрэглэгчийн цахилгааны тариф бодит өртөгтөө хүрэхгүй байгаа. Дээрээс нь маш олон төрлийн хөнгөлөлт үзүүлдэг. Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд сүүлийн жилүүдэд Улаанбаатар хот болон аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай хот суурин газрын гэр хорооллын иргэдийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний үнийг 100 хувь хүртэл хөнгөлж байгаа. Энэ хөнгөлөлтөд улсын төсвөөс жилдээ 20 орчим тэрбум төгрөг зарцуулж байна. Мөн айл өрхийн хэрэглэсэн 150 кВт.ц цахилгааны үнийг хөнгөлдөг, тодруулбал 1 кВт.ц тутамд 37 төгрөгийн хөнгөлөлттэй үнээр борлуулж байгаа. Өнгөрсөн 2018 онд гэхэд л улсын хэмжээнд нийтдээ айл өрхөд нийтдээ 62.7 тэрбум төгрөгийн цахилгааны үнийн хөнгөлөлт, нэг өрхөд сард дунджаар 9500 төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн байна.
- Төрөөс цахилгаан эрчим хүчний төлбөрийг хөнгөлөх чөлөөлөх болгонд л ачаалал хэтэрлээ, эрчим хүчний систем доголдох аюул нүүрлэлээ гэсэн гомдол гардаг. Монгол Улс хэзээ аюулгүй найдвартай эрчим хүчний эх үүсвэртэй болох вэ?
- Эрчим хүчний салбар 2020 онд хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 7.0 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүч, 10.6 сая Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэхээр байна. Эрчим хүчний хэрэглээ жил бүр 5-8 хувиар өсөн нэмэгдэж байгаа. Цаашид ч хэрэглээ улам нэмэгдэнэ. Тиймээс цахилгаан эрчим хүчний суурилагдсан хүчин чадлыг зайлшгүй нэмэгдүүлэх шаардлага тулгарч байна. Төрөөс хэрэглээгээ дотоодын эх үүсвэрээс хангах бодлого барьж 2018 онд “Эрчим хүчний салбарын хөгжлийн дунд хугацааны хөтөлбөрийг баталсан.
Засгийн газраас баталсан хөтөлбөр хэрэгжсэнээр дотоодын үйлдвэрлэлээр цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ бүрэн хангах боломжтой гэж үзэж байгаа. Энэ хөтөлбөр стратегийн зургаан том зорилтын хүрээнд эрчим хүчний салбарт хийж хэрэгжүүлэх ажлуудыг нарийн тусгаж өгч эрчим хүчний хэрэгцээгээ дотоодын эх үүсвэрээсээ бүрэн хангах зорилт дэвшүүлсэн. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд 2019 оны байдлаар Дарханы ДЦС-ын 35 МВт-ын өргөтгөл, Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын 1, 4 дүгээр турбины шинэчлэл, 43 МВт-ын өргөтгөл, Улаанбаатар-Мандалговийн ЦДАШ, дэд станц, Чойр дэд станцыг өргөтгөх зэрэг бүтээн байгуулалтын ажлууд төлөвлөсөн хугацаандаа бүрэн хэрэгжиж дууссан.
Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдлыг хангах хүрээнд богино хугацаанд хэрэгжүүлэх боломжтой төслийн судалгааг хийж, “Дулааны гуравдугаар цахилгаан станц”-ын суурилагдсан хүчин чадлыг 75 МВт-аар нэмэгдүүлэх, Дорнодын станцын хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөх, Амгалан дулааны станцын дэд бүтцийг түшиглэн 50 МВт-ын цахилгаан станц барих төслүүдийг эхлүүлэхээр Засгийн газрын шийдвэр гарч, холбогдох арга хэмжээг авч байна.
- Ярилцсанд баярлалаа.
Үзэл бодол
Б.Бат-Эрдэнэ: Бидний хувьд роботоо найдвартай ажиллах байдал дээр нэлээд анхаарч ажилласан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор "РОБОКОН 2025" Олон улсын роботын тэмцээн 2025 оны наймдугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Энэ тэмцээн Монгол Улсаас хоёр баг оролцож байгаа. Багуудын бэлтгэл хэрхэн хангагдаж байгаа талаар ШУТИС-ийн МХТС-ийн Электроникийн тэнхмийн багш Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
“ABU Робокон 2025 ” олон улсын тэмцээн удахгүй болох гэж байна. Энэ тэмцээнд оролцох багууд бэлтгэлээ хэр хангаж байна бэ?
-Үндэсний аварга шалгаруулах тэмцээндээ амжилттай оролцсон. Олон улсын тэмцээнд гаднын томоохон улс орны аваргууд оролцох учраас догдлол, бага зэргийн айдастай байна. Туршилтын роботуудаар бэлтгэлээ боломжийн хангаж байна.
-Энэ удаагийн тэмцээнд 14 орны баг оролцож байгаа. Өрсөлдөгч багуудаа хэр судалсан бэ?
-Бид Япон улсын Робокон тэмцээнийг очиж үзсэн. Япон багууд бол үнэхээр сайн юм байна лээ. Мөн Тайланд, Хонконг, Вьетнам улсын үндэсний тэмцээний бичлэгийг үзсэн. Эдгээр улсын багуудын тоглолтын стратегийн талаар ерөнхий ойлголтыг авсан. Бид хэрхэн тоглох стратеги төлөвлөгөө гаргаж, бэлтгэлээ хийж байна. Олон улсын тэмцээн Монгол Улсад зохион байгуулагдаж байгаа учраас оролцогч оюутнуудын маань хувьд нутгийн тэнгэр ивээнэ гэдэгт итгэж байна. Бидний хувьд роботоо найдвартай ажиллах байдал дээр нэлээд анхаарч ажилласан.
-Тоглолтын үед техникийн саатал гэмтэл гарахыг үгүйсгэхгүй. Техникийн бүрэн бүтэн байдлаа хэр хангаж байна?
-Тоглолтын үед гарч болох томоохон эвдрэл, гэмтэл саатлаа гаргахаас урьдчилан сэргийлэх сэлбэг хэрэгслээ бэлдэн ажиллаж байна.
-Энэ жилийн тэмцээний онцлог нь сагс бөмбөг учраас хөдөлгөөн шидэлт нэлээд их хийгдэнэ?
-Үндэсний тэмцээн болон бусад орны тэмцээнүүдийг харахад Роботуудын эвдрэл их ажиглагдаж байна. Залах үед, хурдтай явж байгаад мөргөлдөх үед эвдрэл гэмтэл гарах тохиолдол ажиглагдаж байна.
- Роботод бүтээх явцад хүндрэлтэй зүйл гарч байсан уу. Роботоо бүтээхэд хэр их хугацаа зарцуулсан бэ?
-Үндэсний роботын тэмцээнд оролцох бэлтгэлээ есөн сараас эхэлж хангасан. Роботуудаа 11 дүгээр сараас хойш эхлэн бүтээж 7-8 төрлийн робот бүтээн туршсан. Робот бүтээж туршиж үед бидний хүссэн үр дүнд хүрэхгүй тохиолдолд дараа санаагаа хэрэгжүүлж ажилласан. Үндэсний аваргад оролцохдоо 7-8 робот бүтээж туршсан бол олон улсын тэмцээнд зориулж 10 орчим робот бүтээж туршсан байна. Олон улсын багууд маш хурдтай хүчтэй, технологийн шийдэл нь сайн зүйлүүд ажиглагдаж байгаа. Бид ч гэсэн дутахгүй өрсөлдөнө гэж төлөвлөж байна.
-Роботоо бүтээхдээ тоног төхөөрөмжөө яаж шийддэг бэ?
-Оюутнууд өөрсдийн роботын бүтээж байгаа учраас багш нараас зөвлөгөө авч роботын шийдлээ өөрсдөө олж бүтээдэг. Манай сургууль электроник програмчлалын сургууль учир роботын механик шийдлийг бүтээж туршихад хугацаа их зарцуулдаг. Сүүлийн жилүүдэд “Робот ба Хиймэл оюун ухаан” механик, электроник, хиймэл оюун ухаан нийлсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж буй учир энэ дутагдлыг нөхөж чадаж байгаа гэж үзэж байна. Робот бүтээхэд хөрөнгө санхүүгийн зардал мөш их гардаг. Зарим тохиолдолд үүнээс үүдэн рбоботын шийдлээ турших боломжгүй тохиолдол ч байдаг. Нэг, хоёрдугаар курсийн оюутнуудын хувьд дөнгөж мэргэжлийнхээ хичээлтэй танилцаж байгаа учраас роботуудаа хялбар, энгийн шийдлээр бүтээсэн. Үндэсний аварга шалгаруулах тэмцээний роботоо сайжруулаад оролцож байна. Харин нөгөө баг маань 3-4 курсийн оюутнууд байгаа учраас ахисан түвшний шийдлүүдийг роботууддаа хэрэгжүүлэн ажиллаж байна.
-Өрсөлдөгч багтай тоглох тактикаа боловсруулж байгаа биз дээ?
-Тодорхой хэмжээнд боловсруулж байна. Япон улсын роботод тохолт хийдэг. Бидний хувьд тохолт гэхээс илүүтэй шидэлтүүд дээр анхаарч тоглоно. Мөн хамгаалалтаа сайн хийж тоглоно. Тухайн үед тоглолт явц хэрхэн өөрчлөгдөхийг таашгүй. Амжилт гаргахын төлөө хичээнэ дээ. Алдаа бага гаргаж хугацаа сайн тооцоолох, багийн гишүүд хоорондоо сайн ойлголцож, тоглох ёстой. Өмнө зохион байгуулагдаж байсан робокон тэмцээнд спортын чиглэл байгаагүй. Талбай дээр уралдаж, янз бүрийн зүйлийг байрлуулдаг байсан. Энэ жилийн тэмцээний хувьд спортын чиглэл, хоорондоо хөдөлгөөн хийж тоглох учраас нэлээд өвөрмөц болно. Бидний хувьд өөрсдөө сагс тоглож үзээд роботын хөдөлгөөн ийм байх ёстой гэдэг тооцооллоо хүртэл гаргаж байгаа.
-Тоглолтын хугацаа ямар байх вэ?
-Тоглолтын хугацаа 2 минут 40 секунд, нэг удаагийн довтлогын хугацаа 20 секунд байдаг Бидний хувьд 4-5 удаагийн довтолгоондоо нэлээд сайн оноо цуглуулахаар хичээж байна.
-Үндэсний аварга шалгаруулах тэмцээнд ШУТИС-ийн Мэдээлэл холбоо технологийн сургуулийн хоёр баг амжилттай оролцож тэргүүлсэн?
-Нэг, хоёрдугаар курсийн оюутнуудын баг буюу “Түвшин электроник” баг тоглолтын бэлтгэлээ маш сайн хангасан. Харин нөгөө багт ахлах курсийн оюутнууд байсан. Роботын шийдлүүд нь арай өөр байсан учраас роботоо бүтээхэд их хугацаа зарцуулж тоглолтын бэлтгэлээ арай бага хийсэн нь үндэсний тэмцээний явцад ажиглагдсан.
Үзэл бодол
Г. Агааноров: “ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR ” олон улсын тэмцээнд 13 орны 14 баг оролцоно
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR ” олон улсын тэмцээн 2025 оны наймдугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Энэ удаагийн тэмцээн Монгол Улсаас хоёр баг оролцож байгаа. “ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR” олон улсын төслийн Ерөнхий продюсер Г.Агааноровтой ярилцлаа. Тэрбээр 2004 оноос “ABU Robocon” олон улсын роботын тэмцээнтэй холбогдож, өнөөг хүртэл сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байна.
-Та манай уншигчдад “ABU Робокон” олон улсын роботын тэмцээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-“Робокон” тэмцээн Япон улсаас үүсэлтэй. Анх зөвхөн тухайн орны үндэсний тэмцээн байсан бол хожим Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо (ABU)-гоор дамжин, Ази, номхон далайн бүсийн орнуудын тэмцээн болсон түүхтэй. Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, Ази номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо (ABU)-ны гишүүн телевиз. Энэ хүрээнд тус холбооноос зохион байгуулдаг “Робокон” тэмцээнд Монгол Улсын баг 2002 оноос оролцож эхэлсэн түүхтэй.
Манай улс “Робокон” тэмцээнд 23 жил оролцож байгаа. Олон улсын “Робокон” тэмцээнийг жил бүр гишүүн орнуудад зохион байгуулагддаг. онцлогтой. Монгол Улс “ABU Robocon” олон улсын тэмцээнийг анх 2019 онд зохион байгуулж байсан. Зургаан жилийн дараа буюу 2025 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгууллагдаж байна.
-Энэ удаагийн тэмцээнд хэчнээн баг оролцож байгаа бэ?
“ABU ROBOCON 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээнд Камбож, Египет, Фижи, БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконг, Энэтхэг, Индонез, Япон, Малайз, Монгол Непал, Шри Ланка, Тайланд, Вьетнам улсын багууд оролцоно. Нийт 13 орны 14 багийн 400 гаруй оролцогчид ирнэ. Зохион байгуулагч улс давуу эрхтэйгээр хоёр баг оролцуулдаг.
Монгол Улсаас оролцож байгаа хоёр багийн хувьд 2025 оны дөрөвдүгээр сарын 24-нд болсон “Робокон” үндэсний аварга шалгаруулах тэмцээнд ШУТИС-ийн Мэдээлэл холбоо технологийн сургуулийн “Түвшин Электроникс”, “HICH TECH” багууд амжилттай оролцож тэргүүн байр болон дэд байрыг эзэлж олон улсын тэмцээнд оролцох эрхтэй болсон.
-Монголд зохион байгуулагдаж буй “ABU Робокон” тэмцээн өмнөх жилүүдээс юугаараа онцлог вэ?
-“Робокон” тэмцээнийг зохион байгуулж буй улс орон дүрмээ өөрсдөө боловсруулдаг. Тэмцээний дүрмийг хоёр жилийн хугацаанд Токио хотын их сургуулийн доктор, МУИС-ийн багш Ө.Батбаяр боловсруулж 2024 оны наймдугаар сард Вьетнам болсон олон улсын тэмцээн дээр Монгол Улс дүрмээ танилцуулсан юм.
2019 онд анх зохион байгуулж байхдаа Монгол орны газар нутаг бүсчлэлийг харуулсан говь, хангай, тал хээр, уулын бүсэд түүх соёлыг уялдсан даалгаварыг биелүүлж байсан. Нэг зүйлийг хэлэхэд Монголчууд XIII зуунд Чингис хаан алт, мөнгөн гэрэгэг бусад орнуудад элч илгээж байсан нь өнөө цагийн гадаад паспорт, шуудан харилцааны эхлэлийг тавьж байсан. Монгол Улсын түүх соёлыг олон улсад Робоконоор дамжуулан сурталчилан танилцуулж байсан. Харин энэ жилийн тухайд дэлхийн дахинд оюутанзалуучуудын сонирхлыг маш их татаж байгаа Сагсан бөмбөгийн спортоос санаа сэдэл авч хийж байгаа. Тухайлбал, хоёр роботод стандарт сагсны шалыг бодвол арай бага буюу 15x8 харьцаатай, сагсны шийдний өндөр нь 2м 43 см болгосон. Улаан, хөх талын багууд талбай дээр сагсан бөмбөгийн дүрмээр тоглоно.
-“Робокон” тэмцээн зохион байгуулах орныг хэрхэн шалгаруулдаг юм бэ?
-Манай улсын дараа буюу 2026 онд Хонконг олон улсын Робокон тэмцээнийг зохион байгуулна. Ерөнхийдөө 2-3 жилийн өмнө саналаа өгдөг. Тухайн саналдаа тэмцээн зохион байгуулах дүрмээ боловсруулж, танилцуулдаг. Тэмцээн зохион байгуулах асуудлыг Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо шийддэг.
-Монгол Улсаа төлөөлж оролцож байгаа хоёр багийн бүрэлдэхүүн хэчнээн оюутан залуучууд багтаж байгаа бэ?
-Робокон тэмцээнд зөвхөн оюутнууд оролцдог. Нэг багт үндсэндээ гурван гишүүн, багштайгаа хамт оролцдог. Багийн туслах гишүүдтэйгээ 12-15 хүний бүрэлдэхүүнтэй байдаг юм. Бусад хөгжөөн дэмжигчээр оролцдог.
Оюутнуудын мэдлэг чадвар ур ухаан, хэр их хөдөлмөрлөж, бэлтгэл сургуулилт сайн хийж, үйлдлээ сайн гүйцэтгэсэн амжилт гаргадаг. Монголын баг үйлдлээ хурдан гүйцэтгэж олон оноо авах тал дээр илүү анхаарч, бэлтгэлээ хангаж байгаа.
Манай улсын хувьд хоёр удаа дэд байрт шалгарч байсан. Өнгөрсөн 2019 онд эх орондоо зохион байгуулахдаа дэд байр эзэлж байсан. Мөн цар тахлын үед онлайноор оролцож дэд байранд шалгарч байсан. Энэ удаа Монгол Улсын баг амжилтаа ахиулж, тэргүүн байранд орохын төлөө бэлтгэлээ хангаж байна. Энэ олон жилийн хугацаанд хамгийн их амжилт үзүүлсэн роботуудтай баг бол Вьетнам, БНХАУ, Япон улс юм.
-Тэмцээн хэзээ болох вэ?
-“ABU ROBOCON 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээн 2025 оны наймдугаар сарын 24- нд “Аса Арена”-д 10:00 цагт хэсгийн тоглолт эхэлнэ.
-“ABU ROBOCON 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээний нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлж, оролцож байгаа оюунтан залуучуудад мэндчилгээ дэвшүүлнэ. Тэмцээнийг МҮОНРТ шууд дамжуулна.
-Тэмцээний тоглолтын минут богино уу?
-Өнгөрсөн жилүүдэд зохион байгуулагдаж байсан тэмцээн талбай дээр хоёр зэрэг үйлдлээ гүйцэтгэдэг байсан. Хугацаан гурван минут байсан. Энэ жилийн тэмцээн сагс учраас том талбай дээр явагдаж байгаа учраас 7-10 минутын хугацаанд явагдана. Зарим тохиолдол 12 минут ч болж байгаа. Ерөнхийдөө хугацаа харилцан адилгүй байна.
-Тэмцээн эхлэхэд цөөхөн хоног үлдлээ. Бэлтгэл ажил хэдэн хувь хангагдсан бэ?
-Бэлтгэл хангагдаад жигдэрч байгаа. Миний хувьд Робокон тэмцээний зохион байгуулалт дээр олон жил ажиллаж байна. Бидний хувьд 2010 оноос хойш олон улсын тэмцээн зохион байгуулна гэж ярьсаар байж 2019 онд анх удаа зохион байгуулж байсан. Энэ төслийг хэрэгжүүлэхэд оролцогч сургууль болон удирдаж оролцож байгаа багш хамгийн чухал нөлөө үзүүлдэг. Олон багшийн хүч чармайлт, хөдөлмөр зүтгэл дээр Монголын багийн амжилт бий болдог. Монголчууд оюуны асар их мэдлэгтэй. Ази, Номхон далайн орнуудын оюутан залуучуудаас дутахгүй. Ер нь энэ тэнцүү өрсөлдөх чадвартай. Робокон тэмцээний 23 жилийн хугацаанд ойролцоогоор 5000 орчим оюутан залуучууд багийн үндсэн болон туслах гишүүн оролцсон байна. Робокон тэмцээн оролцож байсан хүүхдүүд их мундаг явдаг. Онолын мэдлэг, практиктай хослуулж явуулдаг учраас оюутан залуучуудад мэдлэг ур чадвар, бүтээлч сэтгэлгээ, цагийн менежмент зэргийг хослуулж чаддагаар бусдаас давуу талтай. Робокон оролцож байсан оюутан залуучууд Оюутолгой, Эрдэнэс тавантолгой, Эрдэнэт үйлдвэр зэрэг Монголын томоохон бүтээн байгуулалтын ажилд манлайлан ажиллаж байна.
-Зохион байгуулалтын багт нийт хэдэн уран бүтээлч ажиллаж байна вэ?
-“ABU ROBOCON 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээний зохион байгуулалт дээр МҮОНРТ-ийн уран бүтээлчид болон инженер техникийн ажилчид, сайн дурынхантай нийлээд 200 гаруй хүмүүс ажиллаж байна. Энэ жилийн тэмцээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар дэмжигчээр оролцож байгаа. Харин ерөнхий ивээн тэтгэгчээр Зуун манлай бүтээн байгуулалт Монгол Улсын Баатар "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ, Монголын харилцаа холбоо, мэдээллийн технологийн тэргүүлэгч “ Энгийн ухаалгаар” уриатай Мобиком оролцож байгаа. Мөн “Аса арена”, Z.com, MindTech,KSJ зэрэг компаниуд ивээн тэтгэгчээр оролцож байгаа юм.
Үзэл бодол
Ч.Төгсдэлгэр: РЦНК-ийн баруун талд ногоон байгууламж барих асуудалд хувийн хэвшилтэй зөвшилцөж байна
Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Оросын Шинжлэх ухаан, соёлын төв буюу РЦНК-ийн баруун талд орон сууцны барилга барих асуудлыг тухайн орчмын оршин суугчид эсэргүүцэж байна. Тухайн орчимд ногоон байгууламж барих хүсэлтийг иргэд 10 гаруй жилийн турш холбогдох газруудад өгөөд байгаа боловч одоо болтол шийдэгдээгүй. Гурван аж ахуйн нэгжийн газарт маргаан үүсэж, орон сууцны барилга эхлүүлэх тусгай зөвшөөрлийг шүүхийн шийдвэрт үндэслэн олгосон байна. Тиймээс нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр барилга барьж буй аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөж, ногоон байгууламж бариулах иргэдийн хүсэлтийг шийдвэрлэх талаас нь өнөөдөр байршил дээр нь ажиллалаа.
Энэ үеэр нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “Эс энд ви юу” ХХК РЦНК-ийн баруун талд цэцэрлэг, спорт цогцолбор бүхий 22 давхар орон сууцны барилга барих зохих ёсны зөвшөөрөл загвар зургийг 2022 онд батлуулж байжээ. Гэтэл иргэдийн зүгээс уг байршилд ногоон байгууламж бариулах хүсэлтэй байгаа. Шүүхийн маргаан 2025 оны долоодугаар сард эцэслэгдэж, барилга эхлүүлэх зөвшөөрлийг Хот байгуулалт, хотын стандартын газраас өгөөд удаагүй байна. Тиймээс хувийн аж ахуйн нэгжийг ч иргэдийг ч хохироогүй байх талаас нь зөвшилцөл хийхээр бид ирээд байна. Зөвшилцөл хийхдээ газрыг газраар шилжүүлэн олгох зорилт тавьж байна. Газрын маргаантай, иргэдийн эрх зөрчигдөж байгаа асуудалд бидний зүгээс 10 орчим байршилд газрыг газраар шилжүүлж асуудал шийдвэрлэсэн байдаг. Энэ мэт байдлаар асуудлыг шийдэх боломжтой гэж үзэж байна” гэв.
Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр төр иргэдийн хүсэлтийг сонсох үүрэгтэй. Гэвч зохих зөвшөөрөлтэй хувийн аж ахуйн нэгжийг ч хохироохгүй байх үүднээс асуудлыг шийдвэрлэнэ гэдгээ илэрхийллээ.
-
Улстөр нийгэм2020/11/15
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 14 хоногоор сунгалаа
-
Цаг үе2023/05/04
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна
-
Цаг үе2022/11/17
ЗГ: Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй танилцлаа
-
Шударга мэдээ2020/06/23
Сонгуулийн санал авах байруудад хяналт шалгалт хийв