Улстөр нийгэм
“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г баталлаа
Банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран ажлын байрыг дэмжих, хөдөө аж ахуйн зээлд хамрагдах зээлдэгч нарт үзүүлэх хүүгийн хөнгөлөлтийн зардлыг батлагдсан төсвийн хүрээнд зохицуулалт хийх замаар олгох, 2022-2024 онд шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт тусгаж байхаар болов.
“Зээлийн батлан даалтын сан”-гийн санхүүгийн чадавхийг нэмэх зорилгоор 50 тэрбум төгрөгийн өрийн хэрэгсэл гаргахыг зөвшөөрөв. Өрийн хэрэгслийг Хадгаламжийн даатгалын корпорациас худалдан авч, Зээлийн батлан даалтын сангийн өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэхээр гаргасан хөрөнгийг 10 жилийн хугацаанд жил бүр тэнцүү хэмжээгээр төсөвт тусган санхүүжүүлнэ. Ажлын байрыг дэмжих зээлтэй холбоотой гэрээг Монголбанк, Зээлийн батлан даалтын сан, Хадгаламжийн даатгалын корпораци, банкууд байгуулах юм. Төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад инфляци өсөхгүй байх, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, шатахууны үнийн хөөрөгдөл гарахаас урьдчилан сэргийлэхийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сануулав. Засгийн газар мөнгө хэвлэхгүй, Монголбанкинд байгаа найман их наяд төгрөгийг эргэлтэд оруулах замаар эдийн засгаа идэвхжүүлж, ажлын байр бий болгон, иргэдээ орлоготой байлгахаар зорьж байгааг хэлэв.
“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд:
- Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хоёр их наяд төгрөгийн зээл
- Залуучуудыг ажил, мэргэжилд бэлтгэх, эрүүл чийрэг, идэвхтэй амьдралын хэв маягт хөтлөх хоёр сарын хугацаатай, сарын 500 мянган төгрөгийн тэтгэлэгт сургалтад хамруулахад 500 тэрбум төгрөг
- Эхний ээлжинд Улаанбаатар хотод барих “Залуус I, II, III” хорооллын дэд бүтэц, газар олгох, орон сууцыг нэг маягийн зургаар барих, ипотекийн хөнгөлөлттэй зээл олгох зэрэгт гурван их наяд төгрөг
- Стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хоёр их наяд төгрөг
- Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, малчдын орлого, амьжиргааг дэмжих зорилгоор 500 тэрбум төгрөг
- Монголбанкны жилд нэг их наяд төгрөг байгаа репо санхүүжилтийг хоёр их наяд төгрөг болгож нэмэх /ингэхдээ жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох 300 сая төгрөгийг 500 сая, уул уурхайн бус экспортын үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох нэг тэрбум хүртэл төгрөгийг гурван тэрбум хүртэл болгох/-ээр тусгажээ.
Цар тахлын улмаас 2019 онд 5,2 хувийн өсөлттэй байсан эдийн засаг 2020 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр зургаа орчим хувиар унаж огцом агшсан. Үүнийг даган 46 мянга гаруй аж ахуйн нэгжид ажиллагсдын тоо гэхэд л 2020 оны гуравдугаар улиралд 70 мянгаар буурчээ. Энэ бүхнийг харгалзан Засгийн газар иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгаа сэргээх бодлого, зорилтыг 2023 он хүртэл зэрэг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм. Төлөвлөгөө хэрэгжсэнээр эдийн засгийн үзүүлэлт энэ онд 2019 он буюу цар тахлаас өмнө байсан хэмжээнд очно гэж тооцоолж байна.
Улстөр нийгэм
Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина
“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт /2026.11.11/ Өмнөговь аймагт болов. Уулзалтаар Ерөнхий сайд Засгийн газрын бодлого, эдийн засгийн нөхцөл байдал, 2026 оны улсын төсвийн тодотгол, 2027 оны улсын төсвийн төслийн хүрээнд аймгийн иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгч, асуултад хариулав.
2026 оны улсын төсвийн тодотголоор 1.4 их наяд төгрөг хэмнэсэн. Хэмнэлтээрээ боловсрол, эрүүл мэндийн салбарынхны цалинг 50 хувь хүртэл нэмэгдүүлсэн. Хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн цалинг нэмсэн. Мөн ажлаа аваад шийдсэн анхны чухал ажил бол 2019 оноос хөндсөн тэтгэврийн шинэчлэл байсан. Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлж, эхний 100 хоногтоо батлуулсан. Монгол Улсад анх удаа гурван давхаргат тэтгэврийн тогтолцооны суурь бүрдсэн. Энэ сарын 1-нээс 413 мянган ахмад настан суурь тэтгэвэр авч эхэлсэн. Стратегийн хүнсний нөөцөө бүрдүүлж, үнэ тогтворжуулна. Дулаан, цахилгааны үнэ нэмэгдүүлэхгүй. Эрчим хүчний үнийн өсөлтийг өрхөд үүрүүлэхгүй байх бодлого, засвар шинэчлэлд 186.2 тэрбум төгрөг төсөвлөсөн. Халамжийг зорилтот бүлэгтээ хүргэх хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн халамжийн тэтгэвэр мөн энэ сарын 1-нээс 26 хувиар нэмэгдсэн.

Анх удаа өөрийн бодлого шингэсэн төсвөө УИХ-д өргөн мэдүүлсэн. 2027 оны улсын төсөв бол миний анхны төсөв. Энэ хүрээнд онцлох есөн шийдвэрээ зарласан. Нэгдүгээрт, Оюутолгойн өгөөжийг ард түмэндээ хүргэнэ. Оюутолгой төслөөс Монгол Улс анх удаа 17 жилийн дараа ногдол ашиг авахаар болсон. Хоёрдугаарт, иргэд “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцаагаа өөрөө мэдэж, хашаа байшин, орон сууц шигээ өвлүүлэх, бэлэглэх, арилжих, худалдаж авах эрхийг бодитоор нээх хүрээнд хоёрдогч зах зээлд арилжаалах боломж бүрдүүлнэ. 933 төгрөгийн үнэлгээ 3,000 төгрөг болно. Төсөв 90 хувь нь татвараас бүрддэг байсныг 2027 онд 10 хувиар бууруулж, иргэд, аж ахуйн нэгжээ 1.3 их наяд төгрөгийн татвараас чөлөөлж байна. Иргэдийн үл хөдлөх хөрөнгө борлуулсан орлогод хоёр хувийн татвар ногддог байсныг цуцаллаа. 792 мянган төгрөг хүртэлх цалингийн орлогыг татвараас чөлөөллөө. Бизнес эрхлэгчдийн өсөх замд саад болж буй НӨАТ-ын 50 саяын босгыг 400 сая болгосон. 2.5 тэрбум хүртэлх борлуулалтын орлоготой нийт 180 мянган аж ахуйн нэгжийн татварын ачааллыг нэг хувь болгосон. Ирэх жил 1.8 их наяд төгрөгийг барилгын салбарт босгоно.

Засгийн газар 2027-2030 онд “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ. Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлнэ. Хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг шинэчилж байна. Ирэх жил дундаж тэтгэвэр 1.3 сая төгрөг болно. Халамж хавтгайруулахгүй. Цалинтай ээж, Хүүхдийн мөнгийг халамж гэж үзэхгүй. “Ногоон Чөлөөлөлт”-ийн хүрээнд уул уурхайн салбарт цахилгаан машиныг дэмжинэ. Намайг ажлаа авснаас хойш цахилгаан машины хэрэглээ гурав дахин өссөн. Нарны панель тавьж, илүүдэл эрчим хүчээ төвийн шугам руу нийлүүлж буй 227 өрх 252 сая төгрөгийн орлого олсон байна. 2027 онд ТӨК-ийн цэвэр ашгаас 3.5 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлж, татварын реформын хэрэгжилт, тэтгэврийн нэмэгдэл зэрэгт зориулна. Төрийн өмчит уул уурхайн 26 компанийг татан буулгаж, 69 тэрбум төгрөг хэмнэсэн. Цаашид ТӨК-иудын реформыг үргэлжлүүлнэ. Ирэх жил ТӨК-иудын захирлуудыг чөлөөлж, нээлттэй сонгон шалгаруулна. ТӨК-ийн хувьцааг үе шаттайгаар олон нийтэд санал болгоно. Нүүрс, зэс, төмрийн хүдэр, жонш гээд бүх баялгаа Монголын хөрөнгийн биржээр ил тод арилжаална. Баялгийн сангаас иргэн бүр тэгш өгөөж хүртэх боломжийг нээнэ.

Төсвөөс санхүүжүүлэх том төсөл байхгүй. Хөгжлийн томоохон төслүүдэд гадаадын шууд хөрөнгө оруулалт татаж, хэрэгжилтийг эрчимжүүлнэ. Гадаадын хөрөнгө оруулалтыг жилд зургаан тэрбум ам.долларт хүргэнэ. Түүхий эдийг түүхийгээр нь гаргадаг түүхийг өөрчилье. Баялгаа олборлох бус боловсруулж, нэмүү өртөг бий болгох хүрээнд Ган, Зэс боловсруулах цогцолбор, Нүүрс-пиролизын үйлдвэр, Хөнгөн цагааны аж үйлдвэрийн паркийн төслийг хөдөлгөж байна. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын санхүүжилт саадгүй болж, ажил нь эрчимтэй үргэлжилж байна. Мөн Эгийн голын усан цахилгаан станцын гацаа арилж байна. 2030 он гэхэд эрчим хүчний бие даасан байдлыг бүрдүүлнэ. Дээрх төслүүдийн үр дүнд 41 мянган ажлын байр бий болно. Эдгээрт ажиллах боловсон хүчний суралцах зардлыг Боловсролын зээлийн сангаас шийдвэрлэнэ. Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно. Дотоодын түлш, шатахууны хэрэглээний 50 хувийг хангана. Үйлдвэрийн түүхий эдийн эрэл хайгуул 15 байршилд явагдаж байна. Авлигатай технологи, ил тод байдлаар тэмцэнэ. 2030 онд нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэнэ. Одоо 27 хувьтай байгаа ядуурлын түвшинг 15 хувь хүртэл бууруулна зэрэг бодлогоо танилцуулав.

Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт орж Орон нутгийн хөгжлийн санд төвлөрөх АМНАТ-ын хувь хэмжээг 20 хувь болгон нэмэгдүүлсэн. Ирэх оны эхний улиралд Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам ашиглалтад орно. “Монголын төмөр зам” компанийг Өмнөговь аймаг руу нүүлгэнэ. “Эрдэнэс Тавантолгой” компанийг ч үе шаттай нүүлгэнэ. Улаанбаатар хотод Төлөөлөгчийн газар нь байрлая. Өнгөрсөн жил Өмнөговь аймагт түр нисэх боомт байгуулагдаад нислэг хэвийн явж байна. Үүнийгээ олон улсынх болгоё, Засгийн газар дэмжлэг үзүүлнэ. Говийг усжуулах "Хэрлэн Тооно" төслийн зураг төсвийн санхүүжилтийг Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа шийдэж байсан. Цаашдаа ч говийн усны асуудлыг нэг тэргүүнд тавина гэдгийг иргэдийн асуултад хариулах үеэрээ Ерөнхий сайд хэллээ.






Улстөр нийгэм
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа
“Шинэ цагийн малчин” аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хавсралтаар баталлаа. Хөдөлмөрийн бүтээмж, малын ашиг шимийг нэмэгдүүлж, малчдын орлого, амьдралын чанарыг сайжруулах бодлого баримтлан тус аяныг хоёр үе шаттай хэрэгжүүлнэ.
Нэгдүгээр шатанд буюу 2026-2027 онд өвөлжилт, хаваржилтыг эрсдэл багатай даван туулахад чиглэсэн тэжээлийн дэмжлэг үзүүлэх, малын тэжээлийн зохистой хэрэглээний талаарх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, сайн туршлагыг дэлгэрүүлэх, эрсдэлийн үед шуурхай мэдээлэл солилцох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор интернэтийн сүлжээний хүртээмжийг нэмэгдүүлнэ.
Хоёрдугаар шатанд мал аж ахуйн салбарын бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, малчдын орлогыг тогтвортой өсгөх, нийгмийн үйлчилгээний хүртээмж, амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Улстөр нийгэм
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ
Засгийн газрын ээлжит хуралдаан /2026.11.11/ болж, иргэдийн хувийн хэрэгцээний авто зогсоол, гараашийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөх асуудлаар УИХ-ын гишүүн А.Ганбаатарын санаачилсан хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ.
100 гаруй мянган иргэний дэмжсэн “Гараашны татвар цуцлуулах” төслийг УИХ-ын гишүүн А.Ганбаатарын санаачилсан Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгахаар боллоо. УИХ-ын гишүүн А.Ганбаатар уг төслийг энэ оны тавдугаар сараас боловсруулж, есдүгээр сарын 11-нд D-Parliament цахим хуудсаар олон нийтийн санал авч, Засгийн газарт хүргүүлээд байсан юм.
Ерөнхий сайд Н.Учралын зөвлөх О.Батхүү E-Zasag.mn системээр “Гараашны татвар цуцлуулах” санаачилга гаргаж 20 хоногт 100 гаруй мянган иргэн дэмжсэн юм.
Шинэчлэгдсэн төслөөр Монгол Улсын Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, иргэдийн өмчилж буй хувийн хэрэгцээний гарааш, авто зогсоолын нэгийг үл хөдлөхийн татвараас бүрэн чөлөөлөхөөр тусгаж байна.
Цаг агаарын онцлог, эрс тэс уур амьсгалтай манай улсад гарааш нь тансаг хэрэглээ биш, өрхийн ахуйн хэрэгцээ тул татвараас чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж байгаа юм.
