Улстөр нийгэм
Ажлын үнэмлэх, байгууллагын тодорхойлолтыг үндэслэн, автомашины дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулна
Засгийн газрын 45, 91 дүгээр тогтоол, УОК-ын 02 дугаар тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” захирамж гарлаа. Захирамжийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар танилцуулж, “Нөхцөл байдал амаргүй байна. Өнгөрсөн хугацаанд бид эдийн засаг, бизнес эрхлэгчдээ дэмжихийн тулд шаардлагатай арга хэмжээг авч, хэрэгжүүлж ирсэн. Эдийн засгаа дэмжих гэхээр халдвар авах хүний тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна” хэмээн ярилаа.
Захирамжаар хязгаарлалт тогтоохгүй худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-21:00 цаг хүртэл хугацаагаар тогтоосон юм. Мөн хязгаарлалт тогтоогоогүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдын 10 хүртэл хувийг ажлын газрын үнэмлэх, албан байгууллагын тодорхойлолтыг үндэслэн хувийн болон албаны тээврийн хэрэгслээр хуанлийн өдрөөр автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш, сондгой тоогоор төгссөнөөр тодорхой маршрутын дагуу оролцуулж, замын хөдөлгөөний түгжрэл саатлыг үүсгэхгүй байх хариу арга хэмжээ авч ажиллана.
Өөрөөр хэлбэл, үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн салбарын ажилтнууд дөрөвдүгээр сарын 10, 12, 14, 16, 18, 20, 22, 24-нд тэгш, 11, 13, 15, 17, 19, 21, 23, 25-нд сондгой тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцох юм.
Харин нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг тусгай горимд шилжүүлж, өглөө 06:30-10:00, өдөр 12:00-15:00, орой 17:30-22:00 цагийн хооронд зөвхөн хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдыг халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн зорчуулна. Иргэдийг эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, түлш, зөөврийн ус, хүнс, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдан авах, эмийн сангаар үйлчлүүлэх, халдварын шинжилгээ болон дархлаажуулалтад хамрагдах нөхцөл боломжоор хангаж ажиллана.
Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын хөдөлгөөнд зохицуулалт хийж, Багахангай, Багануур, Налайх дүүрэг болон Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хорооны иргэд зайлшгүй шаардлагатай үед иргэний үнэмлэхийн хаягаар, үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, албан хаагчдыг ажлын газрын үнэмлэх, байгууллагын гэрчилгээ, нотлох баримтыг үндэслэн асуумжаар нэвтрүүлэх юм. Нийслэлээс орон нутагт зорчих хөдөлгөөнийг зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаантай буюу эрүүл мэнд, буяны ажилтай болон орон нутагтаа буцаж байгаа иргэд, зайлшгүй шаардлагатай хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай, газар тариалан, зам, барилга бүтээн байгуулалт тээвэрлэгчдийг ПСР шинжилгээний 72 цагийн сөрөг хариу, тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэрийг үндэслэн гаргана.

Түүнчлэн иргэдийн эрүүл мэндийг дэмжих, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зорилгоор хүн хоорондын зай барих, гэр бүлийн хүрээний нэг дор таваас олон хүн цуглахгүйгээр оршин суугаа газрын ойролцоо, цэцэрлэгт
хүрээлэн, тоглоомын талбайд алхах, дугуй унах, биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийх талаар иргэдэд мэдээлж, халдвар хамгааллын дэглэмийг сахиж, өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүй байхад анхаарч, хэрэгжилтийг хангуулж, хяналт тавьж ажиллах юм. Нийслэлд оршуулга, буяны үйл ажиллагаанд 30 хүртэл хүн оролцохоор иргэдэд зөвлөмж анхааруулга өгч, хяналт тавьж ажиллана. Мөн Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд 18 градусаас дээш агууламжтай согтууруулах ундаа худалдахыг хориглоно.
Түүнчлэн нийслэлд дархлаажуулалтын суурин 120 цэг, явуулын 40 цэг (автобус) ажиллуулж, хувийн хэвшлийн эмнэлэг, сувилал тэдгээрийн эмч, эмнэлгийн ажилтнуудыг дайчлан, иргэдийг дархлаажуулалтад хамруулна. Дархлаажуулалтын цэгт иргэдийг тээвэрлэх автобусны маршрутыг дүүрэг, хороогоор нарийвчлан гаргаж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллах юм.
ХЯЗГААРЛАЛТ ТОГТООХГҮЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖАГСААЛТ
|
№ |
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, ХУУЛИЙН ЭТГЭЭД |
|
1. |
Хууль тогтоох, төрийн захиргааны байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, Авлигатай тэмцэх газар, Сонгуулийн ерөнхий хороо (бүх шатны сонгуулийн байгууллага) (нийт ажилтан, албан хаагчийн 10 хүртэл хувь ажиллах, цагийн хязгаартай) |
|
2. |
Эрүүл мэнд, эмийн сан, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага |
|
3. |
Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд (онцгой байдал, байгаль хамгаалах гааль, мэргэжлийн хяналт, зэвсэгт хүчин бусад цэрэг, тусгай алба, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, татвар, нийтийн тээврийн үйлчилгээ) |
|
4. |
Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллага тусгай цагийн хуваарьтай ажиллах, (Гадаадын дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, улсын бүртгэл, гадаадын иргэн харьяатын газар, Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төв, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг,Чингис хаан, Буянт-Ухаа олон улсын нисэх буудал, иргэний нисэх, МИАТ ТӨХК, “Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газар, Стандарт, хэмжил зүйн газрын төв байр болон Үнэт металлын сорьцын хяналтын газрын байр, Үндэсний дата төвийн нөөц төв, Таван толгой түлш ХХК) |
|
5. |
Эрчим хүч, дулаан, усан хангамж |
|
6. |
Хот нийтийн аж ахуй, орон сууцны контор, сууц өмчлөгчдийн холбоо, |
|
7. |
Хүнс, ахуйн хэрэглээ, газар тариалан, мал, амьтны өвс, тэжээл, шатахуун, сайжруулсан түлш, хүнсний сав баглаа боодол үйлдвэрлэл, худалдаа, нийлүүлэлт, түгээлт тээвэрлэлт |
|
8. |
Геологи, хайгуул, уул уурхай, газрын тосны олборлолт, одон орон, геофизикийн үйл ажиллагаа |
|
9. |
Зайны сургалт, хүүхэд хамгааллын үйлчилгээ, асрамж, халамж, түр хамгаалах байр, Монголын улаан загалмай нийгэмлэг |
|
10. |
Шүүх, прокурор, өмгөөлөл, нотариат (нийт ажилтан, албан хаагчийн 10 хүртэл хувь ажиллах, цагийн хязгаартай) |
|
11. |
Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй харуул хамгаалалтын байгууллага |
|
12. |
Банкны үйлчилгээ (10 хувь хүртэл), автомат тооцооны машин |
|
13. |
Хэвлэл мэдээлэл (хязгаартай), харилцаа холбоо, шуудан илгээмж |
|
14. |
Ариутгал, халдваргүйжүүлэлт, хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт, цуглуулалт, тээвэрлэлт |
|
15. |
Оршуулгын үйл ажиллагаа |
|
ХҮН |
|
|
1. |
Эмнэлгийн зайлшгүй тусламж, эмийн сан |
|
2. |
Дархлаажуулалтад хамрагдах, шинжилгээ өгөх |
|
3. |
Өмгөөлөл, нотариат |
|
4. |
Түлш худалдан авах |
|
5. |
Хүнс, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдан авах |
|
6. |
Газар тариалан эрхлэх |
|
7. |
Зөөврийн ус авах |
|
8. |
Оршуулгын ажилд оролцох |
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар 2026 оны 10 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд төрийн айлчлал хийнэ.
Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг харилцан ашигтай худалдаа, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарт өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар ярилцана.
Мөн “Монгол Улс, ХБНГУ хоорондын Хамтарсан тунхаглал” байгуулж, “Стратегийн түншлэл”-ийг өргөжүүлэн бэхжүүлэх хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлээ тодорхойлно.
Төрийн тэргүүн нар Берлин хотноо гаргах “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэнгийн нээлтэд оролцоно.
Айлчлалын хүрээнд “Монгол-Германы бизнес форум”, “Монгол-Германы шинжлэх ухааны өдөрлөг”, “Монгол ба монголын дараах үеийн Евроази дахь соёлын солилцоо, байгаль орчин” олон улсын эрдэм шинжилгээний хурал, зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний олон улсын бага хурал болно.
ХБНГУ-ын Ерөнхийлөгч хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд 2024 онд манай улсад төрийн айлчлал хийж, нийтлэг үнэт зүйлд суурилсан харилцааг ахиулж, “Стратегийн түншлэл”-д хүргэсэн юм.
Улстөр нийгэм
Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва наймдугаар сарын 26-нд нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх ногоон бүс, ойн сан бүхий зуслангийн 26 аманд ажилласан. Энэ үеэр ойн сан бүхий, ногоон бүсэд иргэдийн чөлөөтэй зорчих, амарч зугаалах орц, гарцыг хаасан, зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан, эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаагүй зэрэг зөрчилтэй нэгж талбаруудын газар эзэмших эрхийг цуцалж, зөрчлийг арилгахыг холбогдох албаныханд үүрэг болгосон.
Энэ хүрээнд өнөөдрийн байдлаар нийслэлийн дөрвөн дүүргийн хэмжээнд зөрчилтэй 407 нэгж талбарын газар эзэмших эрхийг хүчингүй болгож, зөрчлийг арилгах, нийтийн эзэмшлийн орц, гарцыг чөлөөлөх ажил үргэлжилж байна.

СХД-ийн Газар зохион байгуулалтын албаны Газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Г.Мөнхзул “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүргийн дагуу ойн сан бүхий газарт иргэдийн зорчих орц, гарцыг хаасан, зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан, мод сүйтгэн газар ашигласан зэрэг зөрчилтэй нэгж талбаруудын газар эзэмших эрхийг цуцлах, газрын зөрчлийг арилгах, нийтийн эзэмшлийн орц, гарцыг чөлөөлөх ажлыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд нийт 83 нэгж талбарт зөрчил арилгах, газар эзэмших эрхийг хүчингүй болгох юм. Өнөөдрийн байдлаар 37 нэгж талбарын газар эзэмших эрхийг дуусгавар болгож, 46 нэгж талбарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохтой холбоотой сонсох ажиллагаа үргэлжилж байна. Мөн 10 байршилд орц, гарцыг чөлөөлөөд байна. Тухайлбал, 21 дүгээр хороо, Жаргалантын аманд нэг байршлын 400 метр, Ар гүнтэд хоёр байршлын 14 метр, 34 дүгээр хорооны Баянголын аманд нэг байршлын 1,996 метр, 42 дугаар хорооны Зүүн салааны зуслангийн бүсэд нэг байршлын 268 метр урттай зөвшөөрөлгүй төмөр хашааг албадан буулгаж, орц, гарцыг чөлөөлсөн” гэв.

ЧД-ийн Газар зохион байгуулалтын албаны Газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Бат-Оргил “Чингэлтэй дүүргийн ойн сан бүхий газарт ашиглалтгүй байсан 67 нэгж талбарын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Түүнчлэн дүүргийн 23, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан, иргэдийн ногоон бүсэд чөлөөтэй зорчих эрхийг хязгаарласан нийт 70 нэгж талбарт илэрсэн зөрчлийг үе шаттайгаар арилгаж байна” гэлээ.

СБД-ийн Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн Н.Чинсанаа “Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас “Ногоон бүсээ хамгаалъя” аяны хүрээнд кадастрын зурагт тусгасан хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчилтэй есөн нэгж талбарын байршлыг өөрчилж, иргэдийн чөлөөтэй, саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэн орц, гарцыг чөлөөлөөд байна. Эзэмшил бүхий газраа зориулалтын дагуу ашиглаагүй, газар дээрээ бодит ашиглалт хийгээгүй 178 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Газрын зөрчил арилгасан байршлуудад дахин хашаа барих, зөрчил давтан гаргахаас урьдчилан сэргийлэх зорилгоор тухайн хороог хариуцсан болон газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнүүд долоо хоног бүр хяналт тавин ажиллаж байна” гэсэн юм.

БЗД-ийн Газар зохион байгуулалтын албаны Газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Гантогтох “Баянзүрх дүүргийн хэмжээнд нийт 10 байршлын 112 га талбайд дрон нисгэж, боловсруулалт хийж, судалгааг нэгтгэсэн. Энэ хүрээнд ойн сан бүхий газарт ашиглалтгүй байсан 68 нэгж талбарт холбогдох сонсох ажиллагааг зохион байгуулж, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон. Харин зургаан нэгж талбарын газар эзэмших эрхийг дуусгавар болгох асуудал дүүргийн Засаг даргын захирамжийн төслийн шатанд хянагдаж байна. Зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа татсан, ойн сан бүхий газарт нэвтрэх орц, гарцыг хаасан зөрчилтэй нэгж талбаруудыг чөлөөлж, иргэдийн зорчих эрхийг хангах ажил үргэлжилж байна. Газар албадан чөлөөлөхөөс өмнө хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагааг зохион байгуулж, иргэдэд 14 хоногийн өмнө мэдэгдэл хүргүүлэх, эзэнгүй хашаанд мэдэгдэх хуудас байрлуулах зэрэг арга хэмжээ авдаг. Ийнхүү газар чөлөөлөх ажиллагааг холбогдох хууль, журмын дагуу хэрэгжүүлдэг” гэв.







Улстөр нийгэм
Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ
Орон сууцын залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа.
Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгож, уг зөвшөөрлийн үндсэн дээр компаниуд захиалгаа авдаг. Мөн зөвшөөрөлгүйгээр ч сууц, талбайн захиалга авч байна. Захиалгын гэрээ байгуулахдаа тухайн сууц, талбай өмнө нь захиалагдсан эсэхийг шалгах боломжгүйгээс давхар захиалга хийгдэж, иргэд залилах гэмт хэргийн хохирогч болсоор байна. Өнөөдрийн байдлаар 2,569 иргэнд 206.0 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Ерөнхий сайдын 2026 оны 154 дүгээр захирамжаар “Орон сууцын захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх, ашгийг хамгаалах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шалгаж, үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэх” үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан.
Хохирогчдын тоо нэмэгдэх эрсдэлтэй байгаа тул холбогдох төрийн байгууллагад байгаа мэдээллийг нээлттэй, ил тод болгож, иргэн, хуулийн этгээдийг урьдчилан сэргийлэх боломжтой үнэн зөв мэдээллээр хангах зайлшгүй шаардлага үүсжээ.

Засгийн газрын энэ тогтоолоор аймаг, нийслэлийн Засаг дарга барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, тухайн барилгын хаягийн болон хот байгуулалтын мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэсэн байршлын урьдчилсан хаяг, давхрын зохион байгуулалтын зураг, сууц, талбайн хаалганы дугаар болон хаалганы дугаар бүрээр үүсгэсэн QR код бүхий дахин давтагдашгүй дугаар зэрэг мэдээллийг барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосноос хойш ажлын гурван өдөрт Улсын бүртгэлийн ерөнхий газарт цахимаар хүргүүлэхийг үүрэг болголоо. Мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд шинэ мэдээллийг мөн гурванөдөрт цахимаар хүргүүлнэ.
Улсын бүртгэлийн байгууллага барьж дуусаагүй орон сууцын барилгын сууц, талбайд урьдчилсан тэмдэглэл, захиалгын гэрээ хийгдсэн тохиолдолд эдгээр тэмдэглэлийн төлөв, тэдгээрийн өөрчлөлтийг албан ёсны цахим хуудсаар мэдээлнэ.
Ингэснээр иргэн, хуулийн этгээд сууц, талбай захиалгын гэрээ байгуулахаас өмнө тухайн сууц, талбайд өмнө нь захиалга, эсхүл урьдчилсан тэмдэглэл хийгдсэн эсэх зэрэг мэдээлэлд үндэслэн гэрээ байгуулах эсэх шийдвэр гаргах, учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцох боломж бүрдэнэ гэж үзлээ.
