Цаг үе
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун, Дорноговийн хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүснэ.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, нутгийн зүүн хагаст хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
2021 оны 05 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 5-10 хэм, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 25-30 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар 19-24 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 13-15 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 12-14 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 10-12 хэм дулаан байна.
2021 оны 05 дугаар сарын 07-ноос 05 дугаар сарын 11-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
8-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн амгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 8, 10-нд нутгийн зарим газраар, 11-нд ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм дулаан байна. 10-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд, 11-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүснэ.
Цаг үе
“Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудлууд” сэдэвт Эрдэм шинжилгээний хурал боллоо
Монгол Улсын Сэтгэл судлалын шинжлэх ухааны доктор, профессор Д.Санжжавын нэрэмжит Олон улсын эрдэм шинжилгээний хурал 12 дахь жилдээ "Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудлууд" сэдвийн хүрээнд 2026 оны Тавдугаар сарын 7-ны өдөр Үндэсний Номын сангийн салбар төвд цахим, танхим хосолмон хэлбэрээр зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн хуралд БНХАУ, БНСУ, БНТУ зэрэг улсаас эрдэмтэн судлаач нар оролцож, нийгмийн сэтгэцийн эрүүл мэндэд тулгамдаад буй чухал сэдвүүдээр хийгдсэн судалгаа, шинжилгээнүүдээ танилцуулж, илтгэл тавив.
Тодруулбал, МУБИС-ийн Боловсрол судлалын докторант П.Батчулуун “Сэтгэл гутрал оноштой үйлчлүүлэгчдийн сэтгэлийн хөдөлгөөний оюун ухааныг судалсан дүн”, МУБИС-ийн Сэтгэл судлал арга зүйн тэнхимийн багш, докторант А.Баярхүү “Өсвөр насны хүүхдийн өөрийн удирдлага зохицуулалттай суралцах чадварын судалгаа”, ҮБХИС-ийн докторант, Хошууч Б.Батгэрэл “Цэргийн алба хаагчдийн сэтгэл гутрал, сэтгэл түгшилтийн байдлыг харьцуулсан судалгааны үр дүн”, БНАСУ-ын Анян их сургуулийн сэтгэл судлалын тэнхмийн дэд профессор Жин Хээ Ким /Jin hee Kim/ “Хиймэл оюун ухааны эрин үеийн ажил мэргэжлийн түгшүүр: нийгмийн сэтгэл зүй ба карьер”, Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан Б.Есөн-Эрдэнэ “Нийгмийн хамгааллын салбарын зарим мэргэжилтнүүдийн дам стресс болон ажлаас халшрах хам шинжийн хамааралд үзүүлэх сэтгэл хөдлөлийн зохицуулалтын нөлөөг судалсан нь”, Турк улсын Хажэттэпэ Их Сургуулийн сэтгэл зүйн зөвлөгөөний магистрант Д.Ариунзаяа “Эрт үеийн дасан зохицоогүй схемийн хэмжүүрийн монгол хувилбарын нутагшуулалт ба оюутнуудын схемийн тархалт” зэрэг илтгэлүүд хэлэлцэгдэж байгаа бөгөөд илтгэлүүд бүрэн эхээрээ эмхтгэл болон хэвлэгдэх юм байна.
Цаг үе
“Муруй” хашлага нь явган хүний гарц орчимд хурд сааруулах зорилготой
“Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийг Дэлхийн банк болон нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд Өнөр хороолол буюу Нэгдүгээр хорооллын арын 2.7 км авто зам болон Баянхошуу–Үйлдвэрчний эвлэлийн гудамжны 5.6 км авто замыг орчин үеийн хот төлөвлөлтийн чиг хандлагад нийцүүлэн “Иж бүрэн гудамж”-аар тохижуулна.
Өөрөөр хэлбэл, авто замаас гадна явган хүний зам, дугуйн зам, автомашины зогсоол, ногоон байгууламжийг цогцоор нь шийдсэн бүтээн байгуулалтыг хийх юм.
Энэ талаар “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийн зөвлөх, багийн ахлагч Вальтер Отто Франкенбергер “Иж бүрэн гудамж” төслийн уг замууд нь сургууль, цэцэрлэг ихтэй суурьшлын бүсэд хэрэгжиж байна. Иймд замын хөдөлгөөнд оролцогч бүх талын аюулгүй байдлыг хангасан жишиг гудамж, зам болгон хөгжүүлэхийг зорьж байна. Тус хоёр замыг энэ оны долоодугаар сарын 25-нд ашиглалтад оруулна. Өнөөдрийн байдлаар замын хашлага, трассын өөрчлөлтийн ажлыг хийж дуусаад байна. Үргэлжлүүлэн асфальтан хучилт болон зорчих хэсгийн ажлуудыг хийнэ.
Иргэдийн дунд буруу ойлголт үүсгээд буй “Муруй” хашлага бүхий хэсгүүд нь явган хүний гарцтай холбоотой шийдэл. Тодруулбал, явган хүний гарц орчимд замын хашлага өндөрсөж, зам бага зэрэг мурийснаар жолооч нар хурдаа сааруулж, анхаарал болгоомжтой зорчих нөхцөл бүрдэх юм. Энэ нь тээврийн хэрэгсэл гарцаар хэт өндөр хурдтай нэвтрэхээс сэргийлж, явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах зорилготой. Мөн тухайн хэсгүүдэд аюулгүйн арал, замын тэмдэг, тэмдэглэгээний ажлыг гүйцээж хийнэ. Ажил бүрэн дууссаны дараа замын зохион байгуулалт илүү ойлгомжтой болно” гэв.
Нэгдүгээр хорооллын арын 2.7 км авто зам болон Баянхошуу–Үйлдвэрчний эвлэлийн гудамжны 5.6 км авто замыг иж бүрэн гудамж байдлаар шинэчилснээр замын чанар сайжирч, орчны тохижилт нэмэгдэн, иргэдэд ээлтэй ногоон байгууламж бүхий орчин бүрдэх юм.

Цаг үе
ХЭҮК: Цэрэг, цагдаагийн алба хаагч бэлтгэх сургалтын хөтөлбөрүүдэд хүний эрхийн үнэлгээ хийнэ
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлд хууль сахиулах байгууллагуудын хэмжээнд хэрэгжүүлж буй хүний эрхийн сургалт, нөлөөллийн ажлын өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлуудыг тусгасан.
Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын 2025 оны 77 дугаар тогтоолын 6.3-д хууль сахиулагч бэлтгэх сургалтын тогтолцоо, хөтөлбөрийн агуулгад дүн шинжилгээ хийх, хүний эрхийн стандартад нийцүүлэн хөгжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан.
Энэ арга хэмжээний хүрээнд хүний эрхийн боловсролын үзэл баримтлал, агуулга, арга зүйг төрийн цэргийн болон хууль сахиулах сургалтын байгууллагуудын сургалтын үйл явцад бүрэн хэвшүүлж, ахлагч, офицер, удирдах ажилтан бэлтгэх бүх түвшний сургалтын хөтөлбөрт тусган баталгаажуулж, тогтвортой байдлыг хангахад дэмжлэг үзүүлж, зөвлөн туслах зорилгоор “Аюулгүй байдлыг хангах үйлчилгээ(103)” чиглэлийн сургалтын хөтөлбөрт хүний эрхийн үнэлгээ хийж байна.

Эдгээр сургалтын хөтөлбөрүүдэд үнэлгээ хийж, сайжруулснаар батлан хамгаалах, хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрхэд суурилсан хандлага төлөвших, алба хаагчдын хүний эрхийн чадамжийг дээшлүүлэхэд эергээр нөлөөлнө гэж үзэж байна.
Комиссын гишүүн Б.Энхболд, Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Тунгалагтамир, үнэлгээний багийн шинжээчид 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургууль болон Цагдаагийн ерөнхий газрын Цагдаа, дотоодын цэргийн сургалтын төвийн удирдах ажилтнуудтай уулзалт зохион байгуулж, үнэлгээний ажлын удирдамж, төлөвлөгөөг танилцууллаа.
-
Цаг үе2022/04/01
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Үзэл бодол2022/11/22
“Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд төрийн албан хаагчид түүч...
-
Улстөр нийгэм2024/09/02
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
-
Цаг үе2022/08/11
Цэцэрлэгийн элсэлт, бүртгэлтэй холбоотой лавлах утасны жагсаалт
