Цаг үе
Үерийн устай холбоотойгоор Ажлын хэсэг гарч, газар дээр нь ажиллаж байна
Дунд гол үерлэж, ус зайлуулах хоолойг давсан тул нүхэн гарцууд усанд автсан. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Дунд голын орчимд үүсээд буй нөхцөл байдлыг шийдвэрлэх арга хэмжээг үе шаттайгаар авч ажиллаж байна.
Нарны замаас Гандийн гудамжийг холбосон түр замыг сэтэлж, хашигдаад байсан усны урсацыг нэмэгдүүлэх арга хэмжээг авсан. Ингэснээр усны түвшин тодорхой хэмжээгээр буураад байгаа юм. Арслантай гүүрний урд хэсэгт усны түвшин нэмэгдэж, барилгуудын сууринд эрсдэл үүсэж байна. Үерийн усны эрсдэлээр “Хан хиллс”, “Маршал таун” зэрэг хотхонууд үерт автах судалгаа гарсан гэдгийг мэргэжлийн байгууллагаас анхааруулаад байгаа юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Энэ жил бороо хур ихтэй жил болох нь. Олон улсын байгууллага 2017 онд бороо ихтэй жилийн судалгаа гаргаж, үер усны аюул Улаанбаатар хотод ойрхон байгааг хэлж байсан. Энэ бороо Улаанбаатарын зам, нүхэн гарцын инженерийн шийдэл, ус зайлуулах хоолой, тэдгээрийн тооцоо, судалгаа нь олон улсын стандартад нийцсэн эсэхэд дүн тавьж байна. Хотын төлөвлөлтийг инженерийн шийдэлтэй, олон улсын чанар, стандартад нийцүүлэн хийх хэрэгтэй. Нийслэлд хийсэн замууд борооны ус зайлуулах хоолойгүй байгаа. Энэ нь иргэдийн амь нас, аюулгүй байдалд нөлөөлж, цаашлаад гамшгийн нөхцөл байдлыг бий болгож байна.
Тиймээс шилдэг инженерүүдийг ажиллуулах ёстой юм. Үерийн усны ам болон эрсдэлтэй байршил дээр гэр хороолол барьсан байдаг. 2-3 хоног бороо ороход ийм нөхцөл үүсэж байгаа юм чинь 1966 оных шиг 14 хоног бороо орвол хот тэр чигээрээ урсах эрсдэлтэй байна. Шийдэл, гарцыг дандаа инженерийн тооцоо, судалгаатай гаргаж байх хэрэгтэй. Ажлыг хямд аргаар шийдсэний эцсийн үр дүн муу гарч байна. Туул голын сав газарт дураараа барилга барьж, ашгийн төлөө улайрч болохгүй. Тэнд байр худалдаж авсан иргэдийн амь нас, эд хөрөнгө, бусад зүйл эрсдэлд орж байгаа. Үүссэн нөхцөл байдлыг шууд засварлахад нийслэлд хөрөнгө мөнгө дутмаг тул цаашид урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй. Геодези, усны барилга байгууламжийн газрын тоног төхөөрөмжийг шууд шинэчлэх боломж байхгүй. Нийслэл Улаанбаатар хотод шинэ бүтэц хийхгүй бол хоорондын уялдаа холбоо байхгүй байна. Дулааны шугам, сүлжээ бол газар доорх хот. Үүний 76 хувь нь муудсан. Үүнийг хот дангаараа төсвөөрөө шийдэх ямар ч бололцоо байхгүй. Бид УИХ, Засгийн газартай хамтарч, хотод тулгамдсан асуудлаа шийднэ” гэсэн юм.

Үерийн уснаас үүдэн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хороонд зам эвдэрсэн. Үерийн даланг зориулалтын дагуу ашиглахгүй бол ус хальж, зам эвдэж байгааг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.

Нийслэлийн авто замын ачааллыг бууруулах зорилгоор долоон байршилд түр зам байгуулсан. Үүний хоёр нь Дунд гол дагуу байрладаг. Харин сүүлийн өдрүүдэд орсон борооны улмаас Дунд голын усны түвшин нэмэгдэж, тус замуудад сэтгэлгээ хийж, усны түвшинг бууруулжээ. Мөн нийслэлийн холбогдох байгууллагуудаас бүрдсэн Ажлын хэсэг гарч, газар дээр нь ажиллаж байна.
Цаг үе
Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 40 хувьд хүрлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын санаачилсан “За бол заавал хийе” аяны хүрээнд хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчлөл, эрсдэлийг эрт илрүүлэх, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй хамруулах ажлыг улсын хэмжээнд хэрэгжүүлж байна.
Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдын 2026 оны наймдугаар сарын 18-ны өдрийн А/255, А/254 дүгээр хамтарсан тушаалаар цэцэрлэг, сургуульд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг улсын хэмжээнд зохион байгуулахаар шийдвэрлэж, аравдугаар сарын 1-нээс эхлүүлсэн.Үзлэгийг арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл зохион байгуулж, зорилтот насны хүүхдүүдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй холбох, цаашдын хяналтыг үргэлжлүүлэх зорилготой юм.

2026 оны аравдугаар сарын 15-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд үзлэгт хамрагдах 291,998 хүүхдээс 118,090 хүүхэд хамрагдаж, нийт хамрагдалт 40.4 хувьд хүрлээ.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Боловсролын сайд Л.Энх-Амгалан нар ерөнхий боловсролын 31 дүгээр сургуульд ажиллаж, хүүхдийн эрүүл мэндийн эрт илрүүлгийн зохион байгуулалт, явцтай танилцлаа.
Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгээр гурав, зургаа, 11, 15 настай хүүхдүүдийг нас, хөгжлийн онцлогт нь тохирсон багц үзлэг, үнэлгээнд хамруулж байна.


Цаг үе
2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа
2025 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан залуус албаа нэр төртэй хааж, өнөөдөр халагдлаа.

Энэ үеэр НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Цэргийн алба хааж буй залуусын 40 орчим хувь нь алба хаах хугацаандаа мэргэжил эзэмшиж, тэсвэр хатуужил, ёс суртахуун, зарчим, хувийн зохион байгуулалтыг сурч, хөгждөг. Цэргийн албаа нэр төртэй хаасан залуустаа баяр хүргэж, сурсан мэдсэн бүхнээ ашиглан, эх орныхоо өнцөг бүрд ажиллаж, сурч, хөдөлмөрлөн, цэргийн албаны нэр төрийг өндөрт өргөж явахыг уриалж байна” гэлээ.
Цэрэг, дайчдын халагдах үйл ажиллагаа жанжин Д.Сүхбаатарын талбайд болж, гэр бүлийнхэнтэйгээ уулзсан юм. Халагдсан цэргүүдийн сэтгэгдлээс хүргэж байна.
Б.Дөлгөөнмөрөн: Цэрэгт амьдралд хэрэгтэй олон зүйлийг сурдаг

-Зэвсэгт хүчний 032 дугаар ангид алба хаасан. Төрийн хүндэт харуулын анги, төрийн ёслол, хүндэтгэлийн утга агуулга гүнзгий учраас бахархдаг. Өглөө эрт босох, цаг баримтлах гээд амьдралд хэрэгтэй олон зүйлийг цэрэгт явснаар сурдаг.
З.Цэрэндорж: Цэргийн алба хааснаар аливаад буурьтай ханддаг болсон

-Цэргийн албаа нэр төртэй хаагаад ирлээ. Сэтгэгдэл өндөр байна. Найзуудаасаа сална гэхээр уйтгартай боловч цэргийн албанаас их юм сурч, албаа амжилттай хаасандаа баяртай байна. Цэргийн алба хааснаар эр хүн болж төлөвшиж, юманд буурьтай, суурьтай ханддаг болсон. Жолооны үнэмлэхтэй халагддаг. Олон юм сурч, үеийн залуусынхаа хаана яваагаа мэдэрлээ.
Б.Батдэлгэр: Цэрэгт мартагдашгүй дурсамж, олон найзтай боллоо

-Цэрэгт мэргэжил эзэмшиж, жолооны үнэмлэхтэй ч болдог. Хувийн зохион байгуулалт, эх оронч үзэл, сахилга бат, тэсвэр тэвчээртэй байхыг цэргийн албанаас сурсан. Нэг жилийг хамтдаа өнгөрүүлсэн олон найзтай боллоо.



Цаг үе
Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна
CОP17 бага хурлын үеэр Улаанбаатар хотын нийтийн тээвэрт “Sky Shuttle” тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, BYD группийн удирдлагуудтай санамж бичиг байгуулсан билээ. Энэхүү санамж бичгийн хүрээнд төслийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва өнөөдөр BYD группийн “Sky Shuttle” төслийн захирал Никола Жан тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтаар “Sky Shuttle” төслийн ТЭЗҮ-ийг CОP17 бага хурлын удирдамжийн дагуу энэ арванхоёрдугаар сард багтаан боловсруулж, ирэх оны гуравдугаар сараас барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр урьдчилсан байдлаар тохиролцов. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва "Бид ямар нэгэн эргэлзээгүйгээр 2027 онд BYD группийн “Sky Shuttle” төслийг тэргүүн зэрэгт хэрэгжүүлж эхлүүлэх хүсэл эрмэлзэлтэйгээр ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу BYD групптэй холбоотой гурван үндсэн чиглэлээр ажлын хэсэг байгуулсан” гэв.
Нийтийн тээврийн шинэ шийдэл болох “Sky Shuttle” нь батарейгаар ажиллаж, тусгай зориулалтын өндөрлөсөн замаар зорчих юм. Ингэснээр авто замын түгжрэлээс үл хамааран нийтийн тээврийн хөдөлгөөнийг зохион байгуулах боломж бүрдэнэ хэмээн албаныхан онцлов.


-
Улстөр нийгэм2023/01/26
Шадар сайд С.Амарсайхан ИБУИНХУ-ын Шадар сайд бөгөөд Хууль зүйн сайд Доминик Раа...
-
Улстөр нийгэм2022/03/11
Дээд боловсролын тухай хуулийн төслийн зарим заалтын талаар санал солилцох уулза...
-
Цаг үе2025/06/18
Энэ жилийн Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
-
Цаг үе2019/10/02
Цахим орчинд “Зөвийг түгээе” аян эхэллээ
