Шударга мэдээ
“Амьдралын үнэ цэнэ – Эрүүл мэнд” ТББ-аас Хэнтий аймагт 60 мянган амны хаалт хандивлалаа
Хэнтийн аймгийн нутгийн зөвлөлд Хэнтийн аймгийн Бэрх тосгоны харьяат “Амьдралын үнэ цэнэ – Эрүүл мэнд” Төрийн бус байгууллагын тэргүүн, Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн нүдний мэс заслын их эмч Л. Мөнх-Аварга нийгмийн хариуцлагынхаа хүрээнд аймгийнхаа иргэдэд 12 сая төгрөгийн үнэ бүхий 60 мянган ширхэг амны хаалт хандивлалаа.
Хандивын амны хаалтыг Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирал, Соёлын дэд сайд М.Батбаяр, нутгийн зөвлөлийн дэд дарга Б.Цогтбаатар нарт хүлээлгэн өглөө.
Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирал М.Батбаяр энэ үеэр цар тахлын үед Хэнтий аймгийн иргэдийн төлөө цаг наргүй ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчид болон онцгой байдлын албан хаагчдад дэмжлэг үзүүлж, амны хаалт хандивласан “Амьдралын үнэ цэнэ – Эрүүл мэнд” Төрийн бус байгууллагын тэргүүн Л. Мөнх-Аваргад талархал илэрхийллээ.
Мөн тэрбээр хандивласан амны хаалтыг Хэнтий аймгийн сумдад хуваарилан илгээж, короновируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зориулах болно гэдгээ хэллээ.
“Амьдралын үнэ цэнэ – Эрүүл мэнд” Төрийн бус байгууллагын тэргүүн, Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн нүдний нөхөн сэргээх мэс заслын эмч Л. Мөнх-Аварга “Улаан бүсэд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчид, хууль хүчний байгууллага зэрэг амны хаалт шаардлагатай газруудад” энэхүү тусламжийг дамжуулж өгөхийг хүслээ.
“Амьдралын үнэ цэнэ – Эрүүл мэнд” Төрийн бус байгууллага өмнө нь Хэнтий аймгийн алслагдсан сумдын иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж байсан бол энэ удаад Хэнтийн аймгийн иргэдэд 60 мянган амны хаалт хандивлалаа.

2016 оны гуравдугаар сард байгуулагдсан “Амьдралын үнэ цэнэ – Эрүүл мэнд” ТББ нь нийгмийн зорилтот бүлгийн эрүүл мэндэд чиглэсэн төрийн бус байгууллага бөгөөд гишүүдийн санаачлагаар 2017 онд хөдөө орон нутгийн алслагдсан бүсийн иргэдэд зориулж Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг, Амгалан амаржих, Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн эмч нартай хамтран Говь – Сүмбэр аймгийн Чойр хот, Хэнтий аймгийн Бор-Өндөр, Биндэр, Өмнөдэлгэр суманд урьдчилан сэргийлэх үзлэг зөвлөгөө, оношлогооны хөтөлбөр, 2018 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын иргэдэд үнэ төлбөргүй нүдний үзлэг зөвлөгөө, анхан шатны эмчилгээ, 2019 онд Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв болон “Тиффани Мед” эмнэлэгтэй хамтран ТВ9 телевизийн “Мөрөөдөл биелдэг юм” нэвтрүүлэгтэй хамтран алслагдсан бүс нутгийн иргэнийг Улаанбаатар хотноо үнэ төлбөргүй үзлэг, эмчилгээнд хамруулсан, тархины саажилттай хүүхдүүдэд нөхөн сэргээх эмчилгээг үнэ төлбөргүй хийсэн юм.
Мөн дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахал Монгол улсад бүртгэгдсэн энэ үед 2020 оны дөрөвдүгээр сард ЭМЯ-нд 3000 ширхэг амны хаалт, 2020 оны 12 сард ХӨСҮТ-ийн Сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасгийн хамт олонд Дархлаа дэмжих багц бүтээгдэхүүн, 2021 оны 5 сард УОК-т 24000 ширхэг амны хаалт хандивласан зэрэг нийгэмд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд өөрсдийн зүгээс дэмжлэг үзүүлсээр байна.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
Шударга мэдээ
Дүүжин замын тээврээр аюулгүй зорчих заава
“Улаанбаатар Кабель Кар” ОНӨААТҮГ-аас Дүүжин замын тээврээр үйлчлүүлж буй зорчигчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор зорчигчийн аюулгүй байдлын зааврыг олон нийтэд танилцуулж байна.
Зорчигч бүр дараах үндсэн шаардлагыг дагаж мөрдөнө. Үүнд:
-
- Зогсоол, бүхээгт байршуулсан аюулгүй ажиллагааны заавар, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээг мөрдөж, ажилтны зааврын дагуу дараалал баримтлан сууж, буух.
-
- Бүхээгийг савлуулах, сэгсрэх, үсрэх, бүхээгийн хаалгыг нээхийг оролдох, бүхээгээс эд зүйл гадагш гаргах, хаяхыг хориглоно.
-
- Бүхээгт утаат болон цахилгаан тамхи татах, ил гал гаргах, тэсэрч дэлбэрэх болон аюултай бодис авч явахыг хориглоно.
-
- Бага насны хүүхэд болон өөрийгөө бүрэн хамгаалах боломжгүй зорчигчийг асран хамгаалагч нь дагалдан явж, зорчих хугацаанд хараа хяналт тавина.
-
- Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсний улмаас биеэ хянах чадваргүй болсон зорчигчийг бүхээгт оруулахгүй.
-
- Онцгой нөхцөл үүссэн тохиолдолд тайван байж, ажилтны зааврыг дагах бөгөөд аюул, осол, гэмтэл илэрвэл ажилтанд нэн даруй мэдэгдэнэ.
Бүх зааврыг дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэлwww.ubcablecar.mnвэб сайт болон “UB Cable Car” албан ёсны Facebook хуудсаар зочлох, эсхүл зурагт буй QR кодыг гар утсаараа уншуулж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
Зорчигч бүхэн аюулгүй байдлын шаардлагыг дагаж мөрдсөнөөр өөрийн болон бусдын аюулгүй, тав тухтай зорчилтыг хангана гэдэгт найдаж байна.

Шударга мэдээ
Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд 14.5 га талбайд олон жил хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэлээ
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд 38.7 га талбайд хууль бус хогийн цэг үүссэн. Нийслэлийн Засаг даргын албан даалгаврын хүрээнд үүсмэл хогийг цэвэрлэх, шилжүүлэхийг үүрэг болгосон. Тус бүсэд нийт 18 иргэн, аж ахуйн нэгж газар эзэмшдэг. Өнөөдрийн байдлаар 11 аж ахуйн нэгжийн 14.5 га талбайн хог хаягдлыг цэвэрлээд байна. Үлдсэн долоон аж ахуйн нэгжийн эзэмшлийн 9.9 га талбай болон нийтийн эдэлбэр газрын 14.3 га талбайг үе шаттай цэвэрлэнэ. Газрыг зориулалтын дагуу ашиглаагүй ААН-үүдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авна. Иймд газар эзэмшигч аж ахуйн нэгжүүдийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, эзэмшил газрынхаа хог хаягдлыг цэвэрлэхийг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас мэдэгдлээ.

УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Ж.Батсайхан “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2026 оны 02 албан даалгаврын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Туул голын ай сав газарт үүссэн барилгын болон бусад хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг үе шаттай зохион байгуулж байна. Түүнчлэн тухайн бүсэд газар эзэмшиж буй иргэн, аж ахуйн нэгжүүдэд орчныхоо 50 метр болон өөрсдийн эзэмшил талбайн хог хаягдлыг цэвэрлэх үүрэг өгсөн. Тус бүсэд олон жилийн өмнөөс хуримтлагдсан 38.7 га талбайн хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх, экологи, эдийн засгийн үнэлгээ хийх, ариутгалын ажлуудыг УБЗАА, Нийслэлийн Байгаль орчны газар болон дүүргийн холбогдох байгууллагуудтай хамтран үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ” гэлээ.

Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны Газрын удирдлага, зохицуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Гончигдорж "Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт газар эзэмшиж буй 18 иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмших гэрээний үүргээ биелүүлэх, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх шаардлага тавьж, хур хог хаягдлыг цэвэрлэж байна. Аравдугаар сараас хэрэгжүүлсэн ажлын хүрээнд 11 иргэн, аж ахуйн нэгж гэрээний үүргээ биелүүлж, эзэмшил талбайн хогоо цэвэрлэсэн. Харин гэрээний үүргээ биелүүлээгүй, хог хаягдал үүсгэсэн долоон аж ахуйн нэгж байна” гэв.

Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны Хуулийн хэлтсийн дарга Б.Батмөнх “Газрын тухай хуулийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг, газраа зориулалтын дагуу ашиглаагүй, гэрээний үүргээ биелүүлээгүй “Арвин-Үжин” ХХК, “Нордик прекаст технологи” ХХК, “Ньюбродерс юнион” ХХК, “Баннер” ХХК, Голомт банк, “Их-Авхаа” ХХК, “Баярс констракшн” ХХК гэсэн долоон аж ахуйн нэгжид сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлж байна. Хур хог хаягдлаа цэвэрлээгүй тохиолдолд газар эзэмших эрхийг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авна” гэлээ.




Шударга мэдээ
Ерөнхий сайд Өмнөговь аймагт илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах үүрэг өглөө
Өмнөговь аймгийн төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хийсэн хяналтаар хууль тогтоомжийн хэрэгжилт, мэдээллийн ил тод байдал болон иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх ажиллагаанд дутагдал илэрчээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал арваннэгдүгээр сарын 11-нд Өмнөговь аймагт ажиллах үеэр Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас хийсэн шалгалтын дүнг танилцуулсан байна.
Хяналтын дүнгээр аймгийн төрийн байгууллагуудын үйл ажиллагааны 2025 оны ерөнхий үнэлгээ 67.9 хувьтай гарчээ. Хөгжлийн бодлогын баримт бичиг болон Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг тогтоосон бөгөөд мэдээллийн ил тод байдлын цахим систем дэх үнэлгээ 56.8 хувьтай байна.
Мөн иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авах нэгдсэн цахим системд аймгийн 195 байгууллагаас 189 нь холбогдоогүй байжээ. Эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой гомдлын тоо сүүлийн гурван жилийн хугацаанд буураагүйг хяналтын байгууллагаас мэдээлэв.
Түүнчлэн аймгийн хэмжээнд хүүхэд хамгааллын бодлого батлаагүй, иргэдэд үр тариа, хүнсний ногоо тариалах зориулалтаар газар эзэмшүүлэх ажлыг зохион байгуулаагүй зэрэг дутагдал илэрсэн байна. Ханбогд, Цогтцэций, Гурвантэс суманд нөөцийн мах бэлтгэх ажил эхлээгүй байгааг мөн дурджээ.
Ерөнхий сайд Н.Учрал аймгийн удирдлагуудад хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулж, илэрсэн дутагдлыг арилгах үүрэг өгсөн байна. Тэрбээр өнгөрсөн наймдугаар сарын 31-нээс хэрэгжиж эхэлсэн Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийг хэрэгжүүлж, бизнес эрхлэгчдэд учирч буй хүнд суртлыг бууруулах «Чөлөөлье» санаачилгын хэрэгжилтийг хангахыг онцолжээ.
Аймгийн удирдлагууд орон нутагт хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулахдаа Өмнөговьд 4972 аж ахуйн нэгж бүртгэлтэй, тэдгээрийн 2081 нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болохыг мэдээлэв. Татварын шинэчлэлийн хүрээнд 500 аж ахуйн нэгжийг уг татвар төлөх үүргээс чөлөөлөхөөр тооцжээ.
Мөн аймгийн газар нутгийн 93 хувьд үүрэн холбооны сүлжээ нэвтэрсэн бөгөөд сүүлийн таван жилд түрээслээд өмчлөх нөхцөлтэй 547 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан байна.
Ашигт малтмалын тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр орон нутгийн хөгжлийн санд төвлөрөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг 10-аас 20 хувь болгож нэмэгдүүлсэн нь орон нутгийн хөгжлийн төсөл, арга хэмжээнд зарцуулах санхүүжилтийг өсгөх боломж бүрдүүлжээ.
-
Цаг үе2023/03/28
Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ
-
Цаг үе2023/04/28
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын дохиолол, холбооны системийг бүрэн су...
-
Улстөр нийгэм2020/04/20
УИХ дахь намын бүлэг, зөвлөл өнөөдөр хуралдана
-
Улстөр нийгэм2026/03/12
Ойн салбарын тулгамдсан асуудал, эрх зүйн орчныг сайжруулах талаар хэлэлцүүлэг ө...
