Улстөр нийгэм
Боомтын өргөтгөл, Мэргэжлийн хяналтын лабораторийг хугацаанд нь ашиглалтад оруулах үүрэг өглөө
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Замын-Үүд боомтын өргөтгөлийг хугацаанд нь ашиглалтад оруулахыг үүрэг болголоо. Тус боомтыг өргөтгөж шинэчилснээр өдөрт дунджаар суудлын 4000, том оврын 500 гаруй тээврийн хэрэгсэл нэвтрэх боломж бүрдэнэ. Ингэснээр зорчигч тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадал дөрөв, ачаа тээврийнх гурав дахин нэмэгдэх юм.
2019 оны есдүгээр сард эхэлсэн барилгын ажил өдгөө 41 хувийн гүйцэтгэлтэй байгаа ба Ковид-ын нөлөөтэй олон шалтгааны улмаас төлөвлөгөөт хугацаанаас 20 гаруй хувиар хоцорч байгаа аж. Харин одоо барилгын материал тээвэрлэлт, хөрөнгө санхүүтэй холбоотой гацаа арилсан тул нөөц боломжоо бүрэн дайчилж хилийн боомтын өргөтгөлийг хугацаанд нь ашиглалтад оруулахыг даалгалаа. Мөн Замын-Үүд боомтод баригдаж байгаа мэргэжлийн хяналтын лабораторийн барилгын ажилтай танилцаж энэ онд багтаан ашиглтад оруулах үүрэг өглөө. Тус лабортари ашиглалтад орсноор хилээр орж ирэх бараа бүтээгдэхүүний хяналт сайжирна гэж үзэж байна.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Дорноговь аймагт ажиллах үеэрээ “Замын-Үүд” чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцлаа. “Замын-Үүд” чөлөөт бүс энэ оны наймдугаар сарын 14-нд нээлтээ хийж, байнгын ажиллагаатай болох юм.
Улстөр нийгэм
Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.
Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.
Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.
Улстөр нийгэм
УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв
Хөшөөнд цэцэг өргөх үеэр хүндэт харуул жагсаж, үлээвэр хөгжимчид гашуудлын ая эгшиглүүлэв. Цэцэг өргөсний дараа Монгол Улсын Төрийн дуулалыг эгшиглүүллээ.
Улсын Их Хурал 1996 оны 33 дугаар тогтоолоороо жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон шийдвэрлэсэн хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, гэргий Нгуен Ти Тань Нга нарыг өнөөдөр (2026.09.10) Жанжин Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан мэндчиллээ.
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэг болон эрхэм зочид Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Чан Тань Ман хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
-
Урлаг спорт2025/06/16
Хөгжлийн бэрхшээлтэй залуус явган аялал хийж байна
-
Улстөр нийгэм2021/03/24
Коронавирусний дархлаажуулалтад 232757 хүн хамрагдлаа
-
Шударга мэдээ2024/04/25
Зэсийн баяжмалын арилжаа зохион байгуулна
-
Улстөр нийгэм2025/01/10
2040 он хүртэл Улаанбаатар бүсийн цахилгааны эх үүсвэр 5.408 МВт болж, 5 дахин н...
