Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Огноо:

,

Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаан 14 цаг 02 минутад 57.2 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэхээр тогтов. Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Х.Ганхуяг, Д.Өнөрболор, П.Анужин нарын гишүүд 2021 оны зургадугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг танилцуулав. Мөн уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж шийдвэрлэсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут танилцуулсан юм.


    Монгол Улс 1993 онд гадаадын хөрөнгө оруулалтыг урамшуулан дэмжих, хөрөнгө оруулагчийн эрх, эд хөрөнгийг хамгаалах болон гадаадын хөрөнгө оруулалтын холбогдолтой харилцааг зохицуулах зорилтын хүрээнд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг анх баталсан бөгөөд энэхүү хуулийг 2013 онд Монгол Улсын Их Хурал шинэчлэн найруулж, Монгол Улсын нутаг дэвсгэрт хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, хөрөнгө оруулалтын эрх зүйн нийтлэг баталгааг тогтоох, хөрөнгө оруулалтыг дэмжих, татварын орчныг тогтворжуулах, хөрөнгө оруулалтын талаар төрийн байгууллагын эрх хэмжээ, хөрөнгө оруулагчийн эрх, үүргийг тодорхойлох болон хөрөнгө оруулалттай холбоотой бусад харилцааг зохицуулах өргөн хүрээтэйгээр Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцэн баталсан байдаг.
    Одоо үйлчилж байгаа хууль эрх зүйн тогтолцооны хүрээнд гадаадын хөрөнгө оруулалтын доод хэмжээг зохицуулсан шаардлага тусгагдсан байдаг. Гадаадын компани Монгол Улсад бизнес эхлэхийн тулд “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж” эсвэл “Төлөөлөгчийн газар” гэсэн статусын аль нэгийг сонгох хэрэгтэй болдог. Мөн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн 25-аас доошгүй хувийг гадаадын компани эзэмшсэн байх ба 100 мянган ам.доллараас доошгүй хөрөнгө оруулалт хийсэн байх ёстой. Энэхүү хөрөнгийн босго нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахад шаардлагагүй бөгөөд харин тухайн хөрөнгө оруулагч болон түүний гэр бүл нь Монгол Улсад байнга оршин суух виз хүсэх тохиолдолд Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтын доод хэмжээг зааж өгөх нь тохиромжтой гэж төсөл санаачлагчид үзжээ.


    Гадаадын хөрөнгө оруулалтын доод хэмжээтэй холбоотой дээрх шаардлага нь анхлан бага хэмжээтэй хөрөнгө оруулалт хийсний үндсэн дээр цаашид үргэлжлүүлэн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх эсэхээ шийдэх сонирхолтой байгаа хөрөнгө оруулагч нарт бэрхшээл учруулж болох талтай бөгөөд төлөөлөгчийн газарт хөрөнгө оруулалтын хэмжээтэй холбоотой хязгаарлалт байдаггүй боловч энэ статусаар үйл ажиллагаа явуулбал Монгол Улсад бизнесийн үйл ажиллагаа эрхлэн орлого олох эрхгүй байдаг байна.
    Монгол Улс нь хууль, эрх зүйн зохицуулалтын түвшинд гадаадын шууд хөрөнгө оруулалтад нээлттэй улс боловч бусад жишиг орнуудтай харьцуулахад хөрөнгө оруулалт харьцангуй бага орж ирсэн байдаг. Гадаадын шууд хөрөнгө оруулалт татахад хөрөнгө оруулалтад нээлттэй байх явдал нь дангаараа хангалтгүй бөгөөд хөрөнгө оруулалтын орчин болоод засаглал, хуулийг дээдлэх ёстой холбоотой хүндрэл бэрхшээлүүд нь хувийн хэвшлийн, тэр дундаа гадаадын хөрөнгө оруулалтын эдийн засагт үзүүлэх үр нөлөөнд шийдвэрлэх үүрэгтэй байдаг. Хөрөнгө оруулалт анхлан орж ирэхэд тулгардаг саад тодгорууд нь тухайн улсын хөрөнгө оруулалтын орчны хүндрэл бэрхшээлийг бүхэлд нь тодорхойлж байгаа бөгөөд үүнд бизнес эрхлэхээс эхлээд сайн засаглал болон зохицуулалтын чанар хүртэлх асуудлууд багтаж байгаа юм.
    Иймд дээр дурдсан үр дүнгээс харахад хөрөнгө оруулалтын хамгаалалтын баталгааг бэхжүүлэхэд чиглэсэн хууль, эрх зүйн тогтолцоог сайжруулах, түүний хэрэгжилтийг хангах зэрэг хэрэгцээ шаардлага байна. Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалахад чиглэсэн үр дүнтэй зохицуулалт нь хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, чанартай хөрөнгө оруулалт татахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна. Мөн тухайн оронд бизнесийн үйл ажиллагаа амжилттай эрхэлж буй хөрөнгө оруулагчдын сэтгэл ханамжтай байдал нь шинээр гадаадын хөрөнгө оруулагч татах хамгийн үр дүнтэй шалгарсан арга хэрэгсэл байдаг аж.
    Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төсөлд дээр дурдсан үндэслэл, шаардлагад тулгуурлан зохицуулах харилцаа, хамрах хүрээг дараах байдлаар тусгажээ. Тодруулбал, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг нэгэн адил авч үзэх зохицуулалтыг тусгаж, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж хэмээх хуулийн нэр томьёоны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулсан байна. Мөн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахад тавигдаж байсан шаардлага буюу 100 мянган ам.долларын хөрөнгийн хэмжээг байхгүй болгож, харин хөрөнгө оруулагч болон түүний гэр бүл нь Монгол Улсад байнга оршин суух виз хүсэх тохиолдолд Монгол Улсад тодорхой хэмжээний хөрөнгө оруулсан байх шаардлагыг нэмж тусгажээ.


    Эдийн засгийн байнгын хороо 2021 оны аравдугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн болохыг Д.Батлут гишүүний танилцуулсан санал, дүгнэлтэд дурдав. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн 25-аас доошгүй хувийг гадаадын компани эзэмшсэн байх ба 100 мянган ам.доллараас доошгүй хөрөнгө оруулалт хийсэн байхаар заасан байна. Энэхүү хөрөнгийн босго нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахад шаардлагагүй бөгөөд харин тухайн хөрөнгө оруулагч болон түүний гэр бүл нь Монгол Улсад байнга оршин суух виз хүсэх тохиолдолд Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ нь 50 мянган ам.доллараас доошгүй байхаар тусгах зохицуулалт бүхий дээрх төслийг хэлэлцэхийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

    Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд ажлын хэсгээс асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Эл төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх саналыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар хэлсэн бол Б.Энхбаяр гишүүн, Ш.Раднаасэд нарын гишүүд төслийн 12.1.6-т “гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүл Монгол Улсад хувийн хэргээр оршин суух хүсэлт гаргасан тохиолдолд 50 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш хөрөнгийг Монгол Улсад хөрөнгө оруулалт хийснийг үндэслэн олгох” гэдэг заалттай холбогдуулан байр сууриа илэрхийлсэн.

    Монгол Улсад байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалтай аж ахуйн нэгжийн судалгааг харахад 2013 оныг хүртэл жил бүр 900-1500 компани байгуулагддаг байсан бол 2013 оноос хойш жилд 380, 330, 280 гэх мэт, 2020 онд 79, 2021 оны эхний хагас жилийн байдлаар 35 компани байгуулагдсан байдаг аж. Аль нэг улс орны хөрөнгө оруулалт давамгайлах вий гэдэг болгоомжлол байдгийг төсөл санаачлагчид тооцон, гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын гарал үүслийн талаар судалгаа хийсэн гэдгийг Х.Ганхуяг гишүүн танилцуулав. Дээрх босгыг тавихаас өмнө 50:50 орчим харьцаатай байсан бол 2013 оноос хойш хөрш улсын хөрөнгө оруулалт 70-80 хувьд хүрч өссөн гэдэг мэдээллийг танилцуулсан юм. Өнөөдрийн байдлаар манай улсад хөрөнгө оруулагчдын жагсаалтын нэгдүгээрт Канад Улс, БНХАУ-ын хоёрдугаарт бичигдэж байгаа талаар тоон мэдээллийг өгөв.



    Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Ж.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Ж.Батжаргал, Б.Энхбаяр нар төслийг хэлэлцэхийг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн. Хөрөнгө оруулагчид Монгол Улсын хууль, шүүхийн системд итгэхгүй байгаа, хөрөнгөө залилуулсан гэх хэд хэдэн тохиолдол гадаадын хэвлэл мэдээллээр гарч байгаа талаар Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа дурдаж, гадаад хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх гэж байгаа бол үүн дээр анхаарч, шийдэл гаргах шаардлагатай гэдэг санал хэлж байлаа. Гадаад хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр цогц бодлогын арга хэмжээ авах шаардлагатай, харин энэхүү төслөөр тодорхой асуудлыг хөндөж байгааг Л.Мөнхбаатар, Г.Тэмүүлэн, О.Цогтгэрэл, Ш.Раднаасэд нарын гишүүд хэлсэн. Нэн тэргүүнд гадаад, дотоод хөрөнгө оруулагчдад ялгавартай хандаж байгааг өөрчлөх, түүнчлэн газар эзэмших эрх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх талаар, гэрээний болон талуудын маргааныг шийдвэрлэдэг арбитрын асуудал, дампуурлын процесс тодорхой бус, хээл хахууль, авлигал, залилангийн асуудлуудаа нэг мөр болгож хууль, шүүхийн үйл ажиллагаагаа шударга болгох, эрх зүйн тогтвортой орчин бүрдүүлэх гэх зэрэг асуудал тулгарсан хэмээн хэлж байв. Төслийн зохицуулалтын үр дүнд гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй, олон улсын түвшинд “Эрсдэлтэй, эмзэг улс” гэдэг үнэлгээтэй байгааг Г.Тэмүүлэн гишүүн сануулаад, үүний шалтгаан нь дээр дурдсан асуудлууд бөгөөд нөхцөл байдлыг цогцоор нь харж, дүн шинжилгээ хийж, шийдвэрлэх шаардлага бий гэдэг байр суурийг илэрхийлж байсан юм. Түүнчлэн аль салбарт гадаад хөрөнгө оруулалтыг нээлттэй байлгах вэ гэдгээ бодлогын түвшинд шийдвэрлэх нь зүйтэй гэдэг саналыг хэлж байсан.  2013 онд хөрөнгө оруулагч 100 мянган ам.доллараас доошгүй хөрөнгө оруулалт хийсэн байх шаардлага нь иргэдийн жижиг, дунд бизнес эрхлэх боломжийг хамгаалах бодлоготой байсныг гишүүд дурдаж, энэ талаар тодруулж байв. Гадаад хөрөнгө оруулалтыг оруулахгүй салбаруудаа Засгийн газрын түвшинд тогтоогоод, хязгаарлах боломж бий гэдгийг хууль санаачлагч хэллээ.
    Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, Х.Булгантуяа нар Монгол Улс хөрөнгө оруулагчдад нээлттэй байж, гадаад хөрөнгө оруулалтыг дэмжих замаар улс орныхоо эдийн засгаа сэргээх, улмаар тэлэх боломж бүрдэнэ хэмээгээд төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм.


    Ийнхүү гишүүд асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 51.9 хувь нь дэмжсэн. Иймд төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.
 
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Нэгдүгээр ангийн элсэлтийг E-Mongolia-аар зохион байгуулна

Огноо:

,

2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болно.

Энэ хурал нь дэлхийн 197 улсын Засгийн газрын гишүүд, эрдэмтэн судлаач, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага нэгдэж цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх хамгийн том Олон Улсын арга хэмжээ юм.

Хурал болохтой холбоотой нийслэлийн замын хөдөлгөөн, аюулгүй байдал, төрийн үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах зорилгоор боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд дараах зохицуулалт хэрэгжүүлэхээр болжээ .

Цэцэрлэгийн бүртгэл

  • 2026 оны 8 дугаар сарын 10–23-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.

Нэгдүгээр ангийн элсэлт

  • 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
  • Энэ хугацаанд хүүхэд бүртгэх дэмжлэгийн баг сургуулиуд дээр ажиллахгүй.

Их, дээд сургуулийн хичээл

  • 2026 оны 9 дүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ.
  • 2026 оны 9 дүгээр сарын 14-нөөс танхимаар үргэлжилнэ.

 Оюутны дотуур байр

  • 2026 оны 9 дүгээр сарын 13-наас оюутнуудыг дотуур байранд оруулж эхэлнэ.

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны зохицуулалт

  • 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгт ажлын байранд элсэлт, бүртгэл болон бусад аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй болно.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориглов

Огноо:

,

Франц улс иргэдийн урьдчилсан зөвшөөрөлгүйгээр бараа, үйлчилгээ сурталчлах зорилгоор утсаар холбогдохыг хориглосон шинэ хуулийг наймдугаар сарын 11-нээс хэрэгжүүлнэ. Уг зохицуулалт нь иргэдийг залхаасан борлуулалтын дуудлага болон залилангийн шинжтэй арилжааны үйл ажиллагаанаас хамгаалахад чиглэжээ.

Өмнө нь сурталчилгааны дуудлага хүлээн авахгүй байхыг хүссэн иргэд төрийн тусгай бүртгэлд утасны дугаараа оруулах шаардлагатай байсан ч зарим дуудлагын төв уг жагсаалтыг үл тоодог байжээ. Шинэ хуулиар харин аж ахуйн нэгжүүд хэрэглэгчээс урьдчилан зөвшөөрөл аваагүй тохиолдолд сурталчилгааны зорилгоор утсаар холбогдох эрхгүй болно. Иргэн өгсөн зөвшөөрлөө хүссэн үедээ цуцлах боломжтой.

Францын эрх баригчдын тооцоолсноор тус улсын иргэдийн дөрөвний гурав орчим нь долоо хоног бүр дор хаяж нэг удаа хүсээгүй сурталчилгааны дуудлага хүлээн авдаг бөгөөд олон хүн үүнээс ч олон дуудлагад өртдөг байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах 11 байгууллага 2024 онд хамтран шаардлага гаргаж, суурин болон гар утас руу ирдэг тасралтгүй сурталчилгааны дуудлагыг хориглохыг уриалж байжээ.

Хуулийг зөрчиж дуудлага хийсэн хувь хүнийг нэг дуудлага тутамд 75 мянга хүртэлх евро, аж ахуйн нэгжийг 375 мянга хүртэлх еврогоор торгох боломжтой. Харин хэрэглэгч өөрөө зөвшөөрсөн, эсвэл тухайн компанитай өмнө нь гэрээний харилцаатай бөгөөд шинэ үйлчилгээ санал болгож буй тохиолдолд хориг үйлчлэхгүй. Иргэд зөвшөөрөлгүй дуудлагын талаар төрийн цахим хуудсаар мэдээлэх боломжтой.

Шинэ хууль Францын зах зээлд үйлчилдэг гадаадын дуудлагын төвүүдэд нөлөөлөхөөр байна. Тухайлбал, Мароккогийн дуудлагын төвүүдийн орлогын 80 гаруй хувь Францын зах зээлээс бүрддэг бөгөөд тус улсын 40–50 мянган ажлын байр эрсдэлд орж болзошгүйг Мароккогийн хөдөлмөр эрхлэлтийн сайд мэдэгджээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Засгийн газар энэ оныг дуустал санхүүгийн хэмнэлтийн горимд шилжинэ

Огноо:

,

Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар “Төсвийн санхүүжилтэд эрэмбэ тогтоож, төсвийн хэмнэлт, мөнгөн хөрөнгийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталлаа.

Тогтоолоор төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэрт гарах нэг удаагийн тэтгэмж, орон нутгийн нэмэгдэл тэтгэмж, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, бүх төрлийн халамж, сургууль, цэцэрлэг болон сургалтын байгууллагын урсгал засвар, санхүүжилт, төрийн байгууллагын интернетийн төлбөр, байр ашиглалтын зардал, хууль, хүчний байгууллагын тээвэр, шатахууны зардал, дотоодын томилолт, хоол хүнс, нормын хувцасны зардал, COP17 олон улсын бага хурлын зардал, Засгийн газрын өр, орон нутгийн нөөц хөрөнгийн санхүүжилтийг хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Харин дараах зардлыг хязгаарлахаар болсон байна. Үүнд:

  • Олон улсын болон Засгийн газрын шийдвэртэйгээс бусад хурал, зөвлөгөөн, ой, тэмдэглэлт өдөр, найр наадам, соёлын арга хэмжээ;
  • Урьдчилан төлөвлөсөн төрийн өндөр албан тушаалтны томилолтоос бусад гадаад томилолт, гадаадын зочин хүлээн авах зардал;
  • Зайлшгүй шаардлагагүй тоног төхөөрөмж, тавилга, автомашин худалдан авах;
  • Батлан хамгаалах, хууль зүйн салбараас бусад сургалт, дадлага;
  • Хуулиар заавал мэдээлэхээс бусад кино, контент, хэвлэлийн зардал;
  • Заавал олгохоос бусад тэтгэмж, урамшуулал.

Санхүүгийн хэмнэлтийн горимыг 2026 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл мөрдөнө. Харин эрүүл мэндийн салбар уг хэмнэлтийн горимд хамрагдахгүй бөгөөд цэцэрлэг, сургуулийн хүүхдийн эрт илрүүлэг, вакцинжуулалт, томуу, томуу төст өвчний эсрэг арга хэмжээ зэрэг зайлшгүй шаардлагатай ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилнэ гэж Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Мөн бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт салбар бүрдээ урсгал зардлыг 20 хувиар бууруулах, нөхөн томилгоо хийхгүй байх, аялал, амралт, зугаалга, хамт олны урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулахгүй байх, төрийн албанд шинэ орон тоо бий болгохгүй байх, эрчим хүчний хэрэглээг хэмнэх, хурал, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх, төрийн албан хаагчдыг зарим өдрүүдэд цахимаар ажиллуулах арга хэмжээг үргэлжлүүлэхийг үүрэг болголоо.

Төсвийн сахилга бат сайжирч, эдийн засгийн нөхцөл байдал хэвийн болсон тохиолдолд эдгээр хязгаарлалтыг үе шаттайгаар сулруулах юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе18 цаг 31 минут

COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад х...

Шударга мэдээ20 цаг 54 минут

Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч байна

Цаг үе20 цаг 57 минут

Улаанбаатарт хоногт 250 м³ лаг боловсруулах үйлдвэр байгуулна

Улстөр нийгэм23 цаг 7 минут

Нэгдүгээр ангийн элсэлтийг E-Mongolia-аар зохион байгуулна

Улстөр нийгэм23 цаг 11 минут

Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориг...

Цаг үе23 цаг 16 минут

Нийтийн тээврийн Ч:19А чиглэлийн замналд түр хугацаагаар өөрчлөлт ор...

Цаг үе23 цаг 17 минут

Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр шатахуун...

Цаг үе23 цаг 21 минут

Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан

Цаг үе2026/08/06

Улсын чанартай хатуу хучилттай авто замын талаас илүү хувь нь 13-аас...

Улстөр нийгэм2026/08/06

Засгийн газар энэ оныг дуустал санхүүгийн хэмнэлтийн горимд шилжинэ

Санал болгох