Шударга мэдээ
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг хуш модны самар түүж, бэлтгэхийг хориглох асуудлаар санал хүргүүллээ
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, зөв зохистой ашиглах хууль эрх орчныг шинэчлэх Байгаль орчны багц хуулийн төслийн ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа.
Тэрбээр ойн санг хамгаалах зорилгоор хуш модны самар түүж, бэлтгэхийг хориглох тухай асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд албан бичиг хүргүүллээ. Уг албан бичигт, “Монгол Улсын “Байгаль орчныг хамгаалах тухай хууль”-ийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.2, 15.1.4 дэх заалт, “Ойн тухай хууль”-ийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.2, 12.1.5, 13.1.5 заалт болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан өрнүүлэх талаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 58 тоот зарлигийг баримтлан ой мод үрээр тарьж ургуулах, иргэдийн хувийн хэрэгцээнээс бусад зорилгоор хуш модны самар түүж бэлтгэхийг урт хугацаагаар буюу 10 хүртэлх жилээр хориглох тухай асуудлыг нэн яаралтай хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэжээ.

Түүнчлэн Монгол Улс цаг агаарын хувьд эрс тэс, хуурай учир дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлтөд хамгийн хүчтэй өртөж байгаа орны нэг. Манай улсын нийт газар нутгийн 9.1 хувь буюу 14255.9 мянган га-г ойн сан, 7.9 хувийг ой мод эзэлдэг гэж бүртгэгдсэн хэдий ч ойн түймэр, хортон шавж болон хүний хүчин зүйлээс шалтгаалан жил бүр энэ тоо буурч байна. 2021 оны мэдээллээр нийт нутаг дэвсгэрийн 76 хувь нь цөлжилтөд өртсөнийг холбогдох судалгааны байгууллагуудын тайланд дурдсан байна. Цөлжилтийн сөрөг үр дагавар байгаль орчноос эхлээд ховор, нэн ховор зэрлэг ан амьтан болон хүн ам, мал аж ахуй, хөдөө аж ахуй, дэд бүтцийн салбаруудад ч сөргөөр нөлөөлдөг.
Иймд Монгол орны газар нутаг, унаган байгаль төрх, улс орныхоо ногоон тусгаар тогтнолыг хамгаалах, ялангуяа говийн бүст цөлжилтыг сааруулах, гадаргын усыг хуримтлуулах, усны эко системийг хамгаалах, сэргээх тал дээр онцгой анхаарч ажиллах хэрэгцээ, шаардлага байгаа бөгөөд энэ хүрээнд одоо байгаа ойн сан бүхий газар нутгийг хамгаалах, ой модыг нөхөн сэргээхэд хүний хүчин зүйлээс шалтгаалсан ой мод гэмтээх, хугалах, гал түймэр тавих зэрэг сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор хуш модны самар түүх, бэлтгэх үйл ажиллагааг урт хугацаанд хориглох шаардлагатай байгааг дурдсан байна.
Мөн дээрх албан бичгийн хувийг Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасанд хүргүүлжээ.
Шударга мэдээ
Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч байна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлаар ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ.
Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээллийн эхэнд Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб нь богино хугацаанд нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч ажиллаж байгааг онцоллоо.
Тэрбээр "Өнгөрсөн хоногт Улаанбаатар хотод 155 ШТС, орон нутгийн 80 ШТС-д түгээлт хийсэн байна. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт хэрэгжиж байгаа бөгөөд зөөврийн саванд олгохгүй. Энэ нь аюулгүй байдлыг хангах үүднээс болон дамлан худалдахаас сэргийлж буй юм. Орон нутгийн иргэд намрын ургац хураалт, хадлантай холбоотой ШТС-уудаар зөөврийн саваар автобензин авч болно. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт энэ сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үед нөөцийг хэвийн болгох, хэвийн горимоор ажлаа үргэлжүүлнэ гэж найдаж байна. Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах хүрээнд бусад эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна. Замын-Үүд боомтоор 2000 тонн дизель түлш орж ирсэн бөгөөд шилжүүлэн ачих ажиллагаа хийгдэж байна" гэлээ гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.
Шударга мэдээ
Шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэглэнэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн ээлжит хуралдаанд “Автобензин, дизель түлшний онцгой албан татварын тухай” асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа.
Монгол Улс 2026 оны наймдугаар сард ОХУ-ын “Роснефть”, “Нефтьхимисервис”, “Газпром нефть” болон бусад компани, БНХАУ, БНСУ-аас нийт 86,460 тонн АИ-92 автобензин, 1,280 тонн АИ-95 автобензин, 178,650 тонн дизель түлш, 7,000 тонн онгоцны түлш авахаар захиалгаа баталгаажуулж, гэрээ байгуулжээ.
Ойрх Дорнод дахь геополитикийн нөхцөл байдал, Орос, Украины дайнаас шалтгаалсан газрын тосны үнийн өсөлт дэлхийн зах зээлд буураагүй байна. Үүний улмаас наймдугаар сард хил үнэ тонн тутамд дахин өсөж, ОХУ болон бусад эх үүсвэрээс худалдан авах шатахууны үнэ 1,200-2,000 ам.долларт хүрчээ.
Иймд дотоодын зах зээл дэх үнийн өсөлтийг сааруулахын тулд гаалийн болон онцгой албан татварыг тэглэх шаардлага үүссэнийг салбарын сайд танилцуулсан байна.
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ шатахууны бүх төрөлд экспортын хориг тавьсан ч Монгол Улс уг хоригт хамрагдахгүй гэдгийг онцоллоо. Мөн БНХАУ, БНСУ-аас шаардлагатай түлш, шатахуун нийлүүлэхээр тохиролцсон байна.
Тэрбээр шатахууны нөөц, түгээлтийн мэдээллийг иргэдэд ил тод хүргэж, 33 жилийн дараа анх удаа хэрэгжиж буй шатахуун нөөцлөх 22 сав, агуулахын барилгын ажлын явцыг Засгийн газар болон олон нийтэд тогтмол мэдээлэхийг үүрэг болгожээ.
“Газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор бүх төрлийн шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэг хувиар тогтоолоо.
Мөн газрын тосны бүтээгдэхүүн, шатахууныг хилээр шуурхай нэвтрүүлэх, тээвэрлэх, буулгах, гадаад вагонцистерний ашиглалтын төлбөр, хураамжийг хөнгөвчлөх, шаардлага хангасан зөвшөөрлийн хүсэлтийг түргэн шийдвэрлэх, шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Шударга мэдээ
Нөөцийн махны хяналтын тогтолцоог шинэчилнэ
-
Цаг үе2021/10/15
Улаанбаатарт дархлаажуулалтын суурин 48 цэг ажиллана
-
Цаг үе2020/01/06
Нийтийн тээврийн автобуснуудад суурилуулсан дүрс бичлэгийн камераар баримтжуулан...
-
Улстөр нийгэм2021/05/07
Д.Амарбаясгалан: АН эрх мэдэл, албан тушаалын төлөө өлсгөлөн зарлахаасаа ичих хэ...
-
Улстөр нийгэм2021/11/25
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
