Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Япон Улсын эдийн засаг, аж үйлдвэрийн хөгжлийн туршлагаас суралцах хамтарсан хэлэлцүүлэг болов

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА) хамтран өнөөдөр (2021.11.30) “Японы эдийн засаг, аж үйлдвэрийн бодлого, Япон улсын эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны чиг үүрэг” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулав.

Энэ нь Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын дэвшүүлсэн “Япон лугаа адил хөгжье” санаачилгын хүрээнд болж буй цуврал хэлэлцүүлгийн хоёр дахь нь юм. Эхний хэлэлцүүлгийг “Боловсролын шинэчлэл ба хүмүүнлэг болосврол” сэдвийн хүрээнд өнгөрөгч есдүгээр сард зохион байгуулсан билээ. Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Кобаяши Хироюки, ЖАЙКА-гийн  Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эрико нар үг хэллээ.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ “…Барууны болон Азийн тэргүүлэх улс орнуудыг хамруулсан судалгаа хийж, эндээс Ази, Дорно дахины буюу Япон маягийн хөгжлийн загвараас жишиг авч, өөртөө тохируулан хэрэгжүүлэх нь Монголын нөхцөлд илүү тохиромжтой гэсэн дүгнэлт гаргасан. Энэ бол Японы хөгжлийн загварыг шууд хуулбарлан дуурайхгүйгээр, ололт амжилтад хүрсэн туршлагаас нь суралцаж, өөрийн орны нөхцөл байдалд зохицуулан хэрэгжүүлэх уриалга, санаачилга юм… Бид Япон, БНСУ, Сингапур зэрэг богино хугацаанд эрчимтэй хөгжсөн Азийн улс орнуудын жишгээр хөгжихийн тулд  эдийн засгийн алсын хараатай бодлого боловсруулж, түүнээ шат дараатай, үр дүнтэй хэрэгжүүлэх, үйлдвэржүүлэх бодлого хэрэгжүүлж, үйлдвэрлэгч үндэстэн болох, ялангуяа боловсруулах үйлдвэрлэлийн салбарыг дэмжин хөгжүүлэх, экспортод суурилсан хөгжлийн загварын элементүүдийг нутагшуулах, үйлдвэрлэл, экспортыг санхүүжилтийн нэгдсэн бодлогоор удирдаж, зээл, хүүгийн таатай нөхцөлөөр дэмжих, хөгжлийн бодлого төлөвлөлтийн бие даасан яамтай болох, төр-хувийн хэвшлийн түншлэлийг бодитой хангах зэрэг олон зорилтыг хэрэгжүүлэх шаардлагатай. Үүнд Японы эдийн засгийн өндөр өсөлтийн он жилүүдэд аж үйлдвэржилт-экспортын бодлогыг зангидаж байсан Олон улсын худалдаа, аж үйлдвэрийн яамны бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа, үйлдвэрлэлийг дэмжих “Main bank”-ны тогтолцоо, төсвийн хөрөнгө оруулалтын  FILP хөтөлбөр, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх зорилтыг төр, хувийн хэвшил хамтран шийдвэрлэдэг “Deliberative council” систем, эдийн засгийн төлөвлөгөөгөө мөн хамтран боловсруулдаг Ерөнхий сайдын дэргэдэх зөвлөл буюу “Economic Council”, Зөвлөлийн ажлын алба, үйл ажиллагааны уялдааг хангадаг Эдийн засгийн төлөвлөгөөний агентлаг  буюу “Economic Planning Agency” зэргийн туршлагыг судлах нь чухал байна” гэж онцлон тэмдэглэв.

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Кобаяши Хироюки хэлсэн үгэндээ өнөөдрийн хэлэлцүүлгийн гол сэдэв болох Японы эдийн засаг, аж үйлдвэрийн бодлогыг чиглүүлж ирсэн Эдийн засаг, аж үйлдвэрийн яамны гүйцэтгэх үүргийн талаарх шинжилгээ, судалгаа нь Монгол Улсад шинээр байгуулагдах Эдийн засаг, хөгжлийн яамны эрх, чиг үүргийг тогтоох болон үйл ажиллагааг чадавхжуулахад хувь нэмэр болох бол баяртай байна гээд улс орон бүр өөрийн гэсэн ёс заншил, соёл, тогтолцоотой байдаг. Дэлхийд Монгол Улстай яг адилхан улс байхгүй ч дайны дараах сэргээн босголт, бүтээн байгуулалтыг амжилттай өрнүүлсэн Япон Улсын туршлагыг судалснаар Монголын эдийн засаг, аж үйлдвэрийн бодлогын гол санааг олж харна гэдэгт итгэж байна хэмээн тэмдэглэсэн.

Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эрико цуврал хэлэлцүүлгүүдийг хоёр талын хамтын ажиллагааны хүчин чармайлт, дэмжлэгийн хүрээнд зохион байгуулж буйг дурьдаад, хэлэлцүүлгүүд нь Монгол, Япон Улсын эдийн засгийн харилцааны хөгжил, түншлэлд ихээхэн нөлөө үзүүлэх чухал ажил болно хэмээн итгэж байна гэлээ.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын дэд  дарга, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Эдийн засгийн байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Т.Аубакир, Х.Булгантуяа, Д.Батжаргал, Д.Батлут, Х.Ганхуяг, Т.Доржханд, Д.Сарангэрэл, Д.Өнөрболор, О.Цогтгэрэл, Т.Энхтүвшин болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Үндэсний хөгжлийн газар, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Монгол банк, Хөгжлийн банк, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим болон олон улсын байгууллагуудын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлага, ажилтнууд оролцлоо.

Нээлтийн дараа Япон Улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайдын зөвлөх Сабүри Масатака “Япон Улсын эдийн засаг, аж үйлдвэрийн бодлогын шинэчлэл, экспортын үйлдвэрлэлийн хөгжил” сэдвээр Япон улсаас онлайнаар илтгэл тавилаа. Тэрбээр илтгэлээрээ Япон Улсын Эдийн засаг, аж үйлдвэрийн яамны түүхэн замнал ба улсын хөгжилд гүйцэтгэсэн үүрэг, аж үйлдвэрийн бодлогын бодит нөхцөл байдал, Японы төрийн захиргааны байгууллагын өөрчлөлт, шинэчлэлтийн туршлагаас сонирхолтой мэдээлэл танилцуулсан бол үргэлжлүүлэн Үндэсний хөгжлийн газрын дэд дарга Б.Дөлгөөн “Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хязгаарлагч хүчин зүйлс ба авч буй арга хэмжээ” сэдвээр илтгэл тавьсан.

Мөн Япон Улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны Бодлого төлөвлөлт зохицуулалтын газрын дэд дарга Иший Такаюки онлайнаар “Япон Улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны бүтэц ба бусад яамдын уялдаа, ажил үүргийн хуваарилалт” сэдвээр илтгэл тавив. Тэрбээр илтгэлдээ Япон Улс 1945 оны дэлхийн хоёр дугаар дайнд ялагдаж, газар нутаг, улсын эдийн засаг, аж үйлдвэрийн салбар ч сүйрлийн байдалтай болсон хэдий ч богино хугацаанд дэлхийд дээгүүрт орох эдийн засгийн хүчтэй орон болсон талаар мэдээллийг хуваалцахын зэрэгцээ хөгжилд хүрч чадсан шалтгааныг төрөөс үр дүнтэй бодлого, төлөвлөгөө гарган, хэрэгжүүлж, төр, хувийн хэвшил нэгэн цул болж хамтран ажиллаж ирсний үр дүн гэж тодорхойлов. Тэрбээр мөн Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн яамны бүтэц, чиг үүрэг, санхүүгийн бодлогын сүүлийн үеийн өөрчлөлтийн мэдээллээс хуваалцлаа.

Сүүлийн илтгэлийг Санхүү эдийн засгийн их сургуулийн ректорын зөвлөх З.Шагдарсүрэн “Японы эдийн засгийн хөгжилд хөгжлийн санхүүжилтийн гүйцэтгэсэн үүрэг, Монгол Улсад авах сургамж” сэдвээр тавьсан.

Хэлэлцүүлгийг хааж Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр хэлсэн үгэндээ “Бид Засгийн газрын бүтэцдээ өөрчлөлт оруулж, Эдийн засаг, хөгжлийн яамыг шинээр байгуулан гадаад, дотоод худалдааны бодлогыг нэгтгэн зангидах бүтэцтэй болж байна. …Манай улс Япон Улстай хийж буй худалдааг тэнцвэржүүлэх, өөрийн орны экспортын бараа, бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлэх, ашигт малтмал болон уламжлалт мал аж ахуйдаа тулгуурласан үндэсний үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд Япон Улсын өндөр технологийг нутагшуулах нь маш чухал гэв.

“Япон лугаа адил хөгжье” санаачилгын хүрээнд болж буй цуврал хэлэлцүүлгүүд Япон Улсын хөгжлийн туршлагыг судлах гол ач холбогдолтойг хэлэлцүүлгийн чиглүүлэгч Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга О.Номинчимэг тэмдэглэж, хэлэлцүүлэгт хүрэлцэн ирж оролцсон болон онлайнаар оролцсон бүх хүмүүст, тэр дундаа хамтрагч байгууллага Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-д, туршлага, мэдээллээ харамгүй хуваалцсан илтгэгчдэд талархал илэрхийлэв.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Зүүн бүс: Экспортод чиглэсэн МАА-н үйлвэрлэлийг хөгжүүлэх бодлого баримталж байна

Огноо:

,

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлогод зүүн бүсийг түүхэн аялал жуулчлалын төрөлжсөн бүс бөгөөд эрчимжсэн хөдөө аж ахуйн дэд бүс болгон хөгжүүлэх зорилтыг тусгасан. 

Тус бүс нутаг өргөн уудам тал хээр, байгалийн нөөц боломждоо тулгуурлан мал аж ахуйн салбарыг эдийн засгийн өндөр үр ашигтай, экспортын чиг баримжаатайгаар хөгжүүлэх өргөн боломжтой. 

Зүүн бүсийн аймгуудын байгаль, цаг уурын нөхцөл, бэлчээрийн хангамж, ургамал, газар зүйн онцлог зэрэг нь мал аж ахуй эрхлэхэд нэн таатай. Тухайн бүс нутаг нь бэлчээр, тэжээлийн нөөц хангамж сайтай тул бэлээрийн болон хагас эрчимжсэн мал аж ахуйг хослуулан эрхлэхэд тохиромжтой гэж үздэг. Ялангуяа махны чиглэлийн үхэр, хонийг түлхүү үржүүлэх, ноолуурын чанарыг нэмэгдүүлж, экспортод чиглэсэн мал аж ахуйн үйлвэрлэлийг хөгжүүлэх бодлого баримталж байна.

Монгол Улсын нийт мал сүргийн 14.4 хувь, үхэр сүргийн 15.6 хувь нь зүүн бүс буюу Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудад байна. Зүүн бүсэд мах, сүүний чиглэлээр өсгөн үржүүлж байгаа малын хэд хэдэн үүлдэр бий. Тухайлбал, мах-сүүний чиглэлийн хосолмол ашиг шимт “Дадалын ухаа” үүлдэр, махны чиглэлийн Дорнод Монголын улаан үүлдэрийн үхэр, үзэмчин, барга үүлдрийн хонийг дурдаж болно.

  • МАЛ АЖ АХУЙН САЛБАРЫН

-Экспортын орлогод эзлэх хувь 5.5 хувь

-Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 31.7 хувь байна.

  • Монгол улс134.1 сая.га хөдөө аж ахуйн эдэлбэр газартай.

-Мал аж ахуйн үйлдвэрлэлийн оршин тогтнох үндэс нь бэлчээр бөгөөд тэжээлийн 90 гаруй хувийг бэлчээрээс хангаж байна.

-Бэлчээрийн талбай 106.1 сая.га

-Хонин толгойд шилжүүлсэн малын тоо 111 сая толгой

-100 га хадлан, бэлчээрийн талбайд хонин толгойд шилжүүлснээр 105 мал ногдож байна. 

ЗҮҮН БҮСИЙН АЙМГУУДЫН МАЛЫН ТОО

- Хэнтий аймгийн малын тоо /мянган толгой/

Адуу 327.2

Тэмээ 3.2

Үхэр 396.0

Хонь 1,519.6

Ямаа 1,183.1 

- Сүхбаатар аймгийн малын тоо /мянган толгой/

Адуу 335.4

Тэмээ 5.8

Үхэр 216.4

Хонь 943.7

Ямаа 807.5

- Дорнод аймгийн малын тоо /мянган толгой/

Адуу 462.1

Тэмээ 5.2

Үхэр 336.5

Хонь 1,228.9

Ямаа 662.0

- Зүүн бүсийн малчин өрх, малчдын тоо

Хэнтий          13020 малчид, 9100 өрхтэй

Сүхбаатар    15684 малчид, 9000 өрхтэй

Дорнод         9022 малчид, 6500 өрхтэй байна. гэж Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

2026 онд тусгай зориулалтаар агнах, барих амьтны тоо хэмжээг баталлаа

Огноо:

,

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар (2026.05.13) 2026 онд тусгай зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг баталлаа.

Тус шийдвэрийг амьтны нөөцийн үнэлгээ, нөхөн өсөлтийн чадамж, агнуурын бүс нутгийн менежментийн төлөвлөгөө, хамгаалалтын шаардлагад үндэслэн боловсруулж, аймаг орон нутгаас ирүүлсэн саналыг мэргэжлийн түвшинд нягтлан эцэслэсэн.

Тусгай зориулалтын ан агнуур нь агнуурын амьтны нөөцийг зохистой, тогтвортой ашиглахын зэрэгцээ байгаль хамгааллын санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, орон нутгийн эдийн засгийг дэмжих, байгальд суурилсан өндөр үнэ цэнтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх ач холбогдолтой.

2025 онд тусгай зориулалтын ан агнуурын дуудлага худалдаа болон байгалийн нөөц ашигласны төлбөрөөс нийт 15.4 тэрбум төгрөг улсын болон орон нутгийн төсөвт төвлөрсөн байна.

Мөн спорт агнуурын чиглэлээр бариад буцаан тавих зарчимд суурилсан загас агнуурын зохицуулалтыг үргэлжлүүлснээр биологийн нөөцийг хамгаалахын зэрэгцээ танин мэдэхүйн болон байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг бүрдүүлж байна.

Энэхүү шийдвэр нь амьтны нөөцийн хамгаалалт, тогтвортой ашиглалтын тэнцвэрийг хангах, орон нутгийн оролцоонд түшиглэсэн байгаль хамгааллын менежментийг бэхжүүлэх, байгалийн нөөцийн эдийн засгийн өгөөжийг хамгаалалттай уялдуулах чухал ач холбогдолтой юм. гэж Байгаль Орчин, Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яамнаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Боловсролын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн багш, хамт олонтой уулзлаа.

Ерөнхийлөгч, улс орны хөгжил дэвшлийн үндэс, хувь хүний хөгжил, сайн сайхан амьдралын суурь болох боловсролын салбарын үе үеийн эрдэмтэн багш, ажилтнуудад талархал илэрхийлж, сурган хүмүүжүүлэх, соён гэгээрүүлэх үйлсэд нь амжилт хүсэн ерөөлөө.

Тэрбээр төрийн тэргүүнээр сонгогдсоноосоо хойш хийсэн ажил, тэр дундаа боловсролын салбарт гаргасан санаачилга, үзүүлсэн дэмжлэг болон үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.

 

Орчин цагийн боловсролын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан МУБИС нь улс орны өрсөлдөх чадвар, хөгжил дэвшлийг бүтээгч шинэ үеийн багш, инновац хөгжүүлэгч, энтрепренер сэтгэгчдийг бэлтгэх зорилт тавьсан.

ХААИС дээд боловсролын эрэлттэй болон тэргүүлэх 120 гаруй мэргэжлийн 70 гаруй хувийг бэлтгэдэг бөгөөд төгсөгчид нь “Хүнсний хувьсгал”, ”Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд хувь нэмрээ оруулж байна.

Ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийг их сургуулиуд анхнаас нь дэмжин, зөвхөн оролцогч бус, бодлого, судалгаа, инновацын манлайлагч болон ажиллаж байна.

 

ХААИС гэхэд л “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудаа өргөжүүлж, ойжуулалтын шинэ технологи, тарьц үржүүлгүүдийг нутагшуулжээ.

Ерөнхийлөгч “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнийг шинжлэх ухаанд тулгуурлан үр дүнтэй хэрэгжүүлэх, бодлого боловсруулах, салбаруудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгаа, инновацыг дэмжих зорилгоор “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрдэмтдийн зөвлөл” ажиллуулж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2022 онд Япон Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр ярилцаж тохиролцсоны дагуу “Япон-Монголын Сасакава тэтгэлэгт хөтөлбөр”-т хамрагдах орон нутгийн 1,000 оюутны эхний 100 нь амжилттай суралцаж байна.

ХААИС энэ хөтөлбөрийн хүрээнд мал аж ахуй, агрономи, ургамал хамгааллын чиглэлээр дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэнэ. Нийт төгсөгчид гэрээний дагуу орон нутагтаа гурван жил ажиллаж, боловсролын салбарт болон “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Эрүүл монгол хүн” хөдөлгөөн, хөтөлбөрт хувь нэмрээ оруулах юм.

 

Өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгчийн санаачилга, ивээл дор боловсролын салбарынхан, түүний дотор шинжлэх ухааны ажилтнууд, нийт багш, түүхийн багш нар Их хурал, улсын зөвлөгөөнөө хийн, ололт амжилт, тулгамдсан асуудлуудаа хэлэлцэн, цаашдын бодлого, зорилтоо тодорхойлон ажиллаж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн өдөр МУБИС-ийн Дүрслэх урлаг, технологийн сургуулийн зөвлөх багш, Шинжлэх ухааны доктор, профессор Цэгмэдийн Цэвээнд Гавьяат багш, ХААИС-ийн Инженерийн сургуулийн зөвлөх профессор, Зөвлөх инженер, Техникийн шинжлэх ухааны доктор Чагнаагийн Бямбадоржид Гавьяат механикжуулагч цол хүртээж, нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох