Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, ихэнх нутгаар жавартай хүйтэн байхыг анхааруулж байна.
2022 оны 01 сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нийт нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 хэм, Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Ерөө, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 18-23 хэм, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 14-16 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 15-17 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. 15-17 хэм хүйтэн байна.
2022 оны 01 дүгээр сарын 12-ноос 2022 оны 01 дүгээр сарын 16-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
12-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас, 15-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 14, 15-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 13-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч сулрах боловч бусад хугацаанд Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 23-28 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 17-22 хэм, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.
Цаг үе
Хамас Газын зурваст зэвсгээ хураалгах тохиролцоонд хүрчээ
Хамас болон Палестины бусад бүлэг Газын зурваст зэвсгээ хураалгах төлөвлөгөөний талаар Энхийн зөвлөлтэй тохиролцоонд хүрсэн гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдлээ. Тэрбээр үүнийг Газын зурваст энх тайван, аюулгүй байдлыг тогтооход чиглэсэн чухал алхам хэмээн тодорхойлжээ.
Аль Жазирагийн олж авсан баримт бичигт зэвсэг хураах нарийвчилсан төлөвлөгөөг 14 хоногийн дотор боловсруулах бөгөөд шаардлагатай тохиолдолд олон улсын хяналтын байгууллага болон талуудын зөвшөөрлөөр хугацааг сунгахаар тусгасан байна.
Хамасын хэлэлцээний төлөөлөгч Газий Хамад хэлэлцээ хүнд нөхцөлд өрнөснийг тэмдэглээд, Израил үүргээ биелүүлээгүй тохиолдолд тохиролцооны аль нэг хэсгийг хэрэгжүүлэхгүй гэж мэдэгджээ. Түүний хэлснээр зэвсэг хураах үйл явц нь Израилын цэрэг Газын зурвасаас гарах болон сэргээн босголтын ажлын ахицтай холбоотой аж. Израилын талаас одоогоор албан ёсны тайлбар хийгээгүй байна.
Тохиролцооны дагуу Үндэсний хороо болон Олон улсын тогтворжуулах хүчин Газын зурваст орсны дараа зэвсгийг бүртгэж, хадгалалтад шилжүүлэх ажиллагаа эхлэхээр болжээ. Энэ ажиллагааг Үндэсний хороо удирдаж, олон улсын хяналтын хороо ажиглах бөгөөд Палестины бүлгүүд оролцох юм.
Зэвсгийг Израил болон Палестины бус байгууллагад шилжүүлэхгүй, зөвхөн Газын зурвасыг удирдах Үндэсний хорооны хяналтад төвлөрүүлэхээр тусгасан байна. Эхний ээлжид цагдаагийн зэвсгийг шилжүүлж, дараа нь хүнд зэвсгийг ашиглалтаас гаргахаар төлөвлөжээ.
Үүний зэрэгцээ Израилын цэргийг Газын зурвасаас үе шаттай гаргаж, оронд нь Олон улсын тогтворжуулах хүчин болон Палестины шинэ цагдаагийн байгууллага ажиллахаар тохиролцсон гэж Доналд Трамп мэдэгдсэн байна.
Харин Палестины Исламын Жихад бүлэг уг тохиролцооны талаарх мэдээлэл бүрэн зөв биш бөгөөд нийтэд тархсан баримт бичгийн зарим заалтад санал нийлэхгүй байгаагаа илэрхийлжээ. Египетийн Каир хотод Египет, АНУ, Катар, Туркийн зуучлагчдын оролцоотой дараагийн шатны хэлэлцээг үргэлжлүүлэхээр төлөвлөсөн байна.
Цаг үе
Балбад шашин хоорондын мөргөлдөөний улмаас гурван хүн амиа алджээ
Балбын Ерөнхий сайд Балендра Шах Хиндү болон Исламын шашинт иргэдийн хооронд үүссэн мөргөлдөөний улмаас гурван хүн амиа алдсаны дараа иргэдийг тайван байж, эв нэгдлээ хадгалахыг уриаллаа.
Эмх замбараагүй байдал өнгөрсөн ням гарагт Энэтхэгийн хилтэй залгаа Сунсари дүүргийн Деванганж тосгонд эхэлжээ. Хиндү шашинтнуудын жагсаалын үеэр чанга хөгжим эгшиглүүлсэнтэй холбоотой маргаан хурцдаж, цахилгааны шон дээр байрлуулсан Исламын шашны тугийг буулган, оронд нь Хиндү шашны туг байрлуулсан нь зөрчлийг улам даамжруулсан байна.
Улмаар хоёр тал чулуу шидэлцэн мөргөлдөж, цагдаа нар эхлээд анхааруулах буудлага хийсний дараа гал нээжээ. Үүний улмаас нэг хүн амиа алдаж, олон хүн шархадсан байна.
Уг явдлын дараа хөрш Сираха дүүрэгт эсэргүүцлийн жагсаал өрнөж, лхагва гарагт дахин хоёр хүн амиа алдсанаар нийт хохирогчийн тоо гурав болжээ. Эсэргүүцэгчид зарим барилга, худалдааны төвийг галдан шатаасан тул эрх баригчид хэд хэдэн дүүрэгт хөл хорио тогтоож, олон нийтийн цуглааныг хязгаарласан байна.
Ерөнхий сайд Балендра Шах амь үрэгдсэн иргэдийн ар гэрт эмгэнэл илэрхийлээд, хэргийг ил тод, шударгаар шалгаж, буруутай этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцно гэдгийг онцолжээ. Мөн улс төрийн нам, шашны байгууллага, иргэний нийгэм болон хэвлэл мэдээллийн байгууллагуудыг нөхцөл байдлыг хурцатгахгүй байж, нийгмийн эв нэгдлийг хамгаалахад хамтран ажиллахыг уриалсан байна.
Балбын хүн амын дийлэнх нь Хиндү шашин шүтдэг. Энэтхэгтэй хил залгаа өмнөд бүс нутагт сүүлийн жилүүдэд шашин хоорондын хурцадмал байдал үе үе гарч байгаа бөгөөд энэ удаагийн хэрэг нь хамгийн ноцтой мөргөлдөөний нэг болжээ.

