Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг хийлээ

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газраас 2021 оны нэгдүгээр сарын 08-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 17 дугаар тогтоолоор байгуулсан.

Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, М.Оюунчимэг, Ч.Ундрам, Ж.Чинбүрэн нар ажиллаж байна.

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг өнөөдөр (2022.03.01) зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Цогтбаатар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтсийн Хууль зүйн байнгын хороо хариуцсан ахлах зөвлөх М.Үнэнбат болон Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Нийслэлийн цагдаагийн газар, Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, “Барьцаалан зээлдүүлэх бизнес эрхлэгчдийн  эвсэл холбоо” ГҮТББ зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл оролцов.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар 1000 орчим барьцаалан зээлдүүлэх газар үйл ажиллагаа явуулж байгаа татвар төлдөг нь тун цөөн. Тухайлбал, 2020 оны 02 дугаар сарын байдлаар 294 татвар төлөгчийн 33.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлогоос 2.5 тэрбум төгрөгийн татвар төлжээ. Эдгээр аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны чиглэлийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан ёсны сайтаас үзвэл барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг нэг аж ахуйн нэгж 3-10 орчим өөр төрлийн үйл ажиллагааг давхар эрхлэхээр бүртгүүлсэн байна. Тухайлбал, барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаанаас гадна амралтын газар, барилга, барилгын материал, газар тариалан, фермер, зуучлал, цайны газар, зочид буудал, дэлгүүр, автомашины худалдаа, сургалт, үсчин, гоо сайхан, спиртийн үйлдвэрлэл зэрэг салбарын үйл ажиллагаа давхар эрхлэх нь түгээмэл байна.

Үүнээс харвал дээрх 294 аж ахуйн нэгжийн зөвхөн барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаанаас олсон орлого, түүнд төлсөн татварыг тодорхойлох боломжгүй нөхцөл байдал үүсээд байна.

Нөгөө талаар олон улсад нийтлэг байдлаар хувь хүн, хуулийн этгээд мөнгөн зээлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөл, бүртгэлийн үндсэн дээр эрхлэх боломжтой байдаг. Харин манай улсад хувь хүмүүс хооронд, эсхүл банк санхүүгийн байгууллагын тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгжүүд мөнгөн зээлийн үйл ажиллагааг үл хөдлөх эд хөрөнгө барьцаалж болон барьцаагүйгээр эрхлэн явуулдаг. Хэдийгээр Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын хүрээнд энэ нь хориглогдоогүй боловч зарим сөрөг үр дагаврыг бий болгосоор байгаа юм.

Түүнчлэн Цагдаагийн ерөнхий газрын мэдээллээр 2020 оны 08 дугаар сарын 03-ны байдлаар зээлийн гэрээнээс үүдэлтэйгээр гарсан залилангийн хэргийн тоо 2010 оноос 2020 оны эхний 7 сарын хугацаанд 1700 орчим болж өссөн байна. Үүнээс 2014 оноос энэ төрлийн гэмт хэргийн тоо огцом өсөж, жилд дунджаар 300 орчим гэрээнээс үүдэлтэй залилангийн хэрэг гарч байгааг Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга Д.Цолмон хуулийн төслийг танилцуулахдаа дурдав.

Дэлхийн улс орнуудын жишигт барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа болон иргэд хоорондын мөнгөн зээлийн үйл ажиллагааг бие даасан хуулиар зохицуулдаг байна. Тухайлбал, Малайз, Сингапур, Ирланд, Канад зэрэг улсад дээрх хоёр үйл ажиллагааг (Moneylenders act, Pawnbroker act) ялгамжтай байдлаар хуульчилжээ. Харин Гүрж, Намибиа, Ямайка зэрэг улсад “бага хэмжээний зээл” гэснийг тодорхойлон мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчийн олгож болох зээлийн хэмжээг тогтоосон байдаг байна. Солонгос улсын хувьд тус үйл ажиллагаа эрхлэгчээс олгох зээлийн зээлдэгч нь хувь хүн, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч байхаар зохицуулжээ.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийн үзэл баримтлалыг ашиг олох зорилгогүй иргэд хоорондын зээлийн гэрээний харилцааг (customer to customer зарчимд суурилдаг) ашиг олох зорилготой, байнга, тасралтгүй зээлийн үйл ажиллагаа явуулдаг этгээдээс (business to customer эсхүл business to business зарчмын дагуу) ялгаж, тус бүрд үйлчлэх нөхцөлийг тодорхойлж өгснөөр дураараа зээлийн хүүгийн хэмжээ тогтоож, мөнгө хүүлдэг хувь хүмүүс, барьцаалан зээлдүүлэх газрууд харьяа орон нутгийн эрх бүхий байгууллага, Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлж, зөвшөөрөл аваагүй бол зээлийн үйл ажиллагааг ашгийн төлөө, байнга явуулж, хүү авах боломжгүй байх, харин иргэд хоорондын ашиг олох зорилгогүй, нэг удаагийн шинжтэй зээлийн гэрээнд хүү тохиролцож болох зарчмыг ялгавартайгаар зохицуулахаар боловсруулсан байна.

Хуулийн төсөл нийт 8 бүлэгтэй бөгөөд хуулийн үйлчлэх хүрээг банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршооноос олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаатай холбогдсон харилцаа болон хуульд өөрөөр заагаагүй бол иргэнээс олгох нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн харилцаанд үйлчлэхгүй байхаар тусгажээ.

Уг төсөлд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд тодорхой шаардлага тавьж, бүртгэл, хяналттай болгох зохицуулалтыг тусгасан. Тодруулбал, нэгдсэн бүртгэлд бүртгүүлэлгүйгээр зээлийн үйл ажиллагааг ашгийн төлөө, байнга явуулах тохиолдолд хүү авах эрхээ алдаж, холбогдох зөрчлийн хэргийн хариуцлага хүлээлгэх нөхцөл бүрдэх юм. Ингэснээр Иргэний хуульд заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдэд тооцогдон хоног тутам алданги тооцохгүй байх, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тооцох боломжтой байдлаар хуулийн төсөлд тусгасан байна. Мөн өдрийн зээл буюу хүүг урьдчилан авахыг хориглох асуудлыг тусгажээ.

Төсөл батлагдсанаар бичил санхүүгийн хэрэглэгч буюу зээлдэгчийн эрх ашгийг хамгаалах, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн мөнгөний эргэлт нь тодорхой болж, улсын төсөвт төлөх татвар шударгаар төлөгдөх нөхцөл бүрдэнэ. Түүнчлэн бүртгэлгүйгээр ашгийн төлөө, байнга зээл олгох үйл ажиллагаа эрхэлж буй иргэд, хуулийн этгээдэд хариуцлага тооцож, хүү авах эрхгүй болсноор мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх салбар мэргэжлийн, хариуцлагатай болж, бүртгэлгүй иргэд татвар төлөхгүйгээр, дур зоргоороо хүү, алданги тогтоон ашиг олох үйл ажиллагаа хумигдах ач холбогдолтой гэдгийг төслийн танилцуулгад дурдсан байна.

Хэлэлцүүлэгт оролцогчид барьцааны хөрөнгийг үнэлэх зах зээлийн үнэлгээг хэрхэн тооцох, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчийн зөвшөөрлийг олгох хугацааг тогтоох, нэмэгдүүлсэн хүүг тооцох аргачлал зэрэг асуудлыг хөндөж ярилцаж, саналаа солилцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Засгийн газар энэ оныг дуустал санхүүгийн хэмнэлтийн горимд шилжинэ

Огноо:

,

Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар “Төсвийн санхүүжилтэд эрэмбэ тогтоож, төсвийн хэмнэлт, мөнгөн хөрөнгийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталлаа.

Тогтоолоор төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэрт гарах нэг удаагийн тэтгэмж, орон нутгийн нэмэгдэл тэтгэмж, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, бүх төрлийн халамж, сургууль, цэцэрлэг болон сургалтын байгууллагын урсгал засвар, санхүүжилт, төрийн байгууллагын интернетийн төлбөр, байр ашиглалтын зардал, хууль, хүчний байгууллагын тээвэр, шатахууны зардал, дотоодын томилолт, хоол хүнс, нормын хувцасны зардал, COP17 олон улсын бага хурлын зардал, Засгийн газрын өр, орон нутгийн нөөц хөрөнгийн санхүүжилтийг хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Харин дараах зардлыг хязгаарлахаар болсон байна. Үүнд:

  • Олон улсын болон Засгийн газрын шийдвэртэйгээс бусад хурал, зөвлөгөөн, ой, тэмдэглэлт өдөр, найр наадам, соёлын арга хэмжээ;
  • Урьдчилан төлөвлөсөн төрийн өндөр албан тушаалтны томилолтоос бусад гадаад томилолт, гадаадын зочин хүлээн авах зардал;
  • Зайлшгүй шаардлагагүй тоног төхөөрөмж, тавилга, автомашин худалдан авах;
  • Батлан хамгаалах, хууль зүйн салбараас бусад сургалт, дадлага;
  • Хуулиар заавал мэдээлэхээс бусад кино, контент, хэвлэлийн зардал;
  • Заавал олгохоос бусад тэтгэмж, урамшуулал.

Санхүүгийн хэмнэлтийн горимыг 2026 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл мөрдөнө. Харин эрүүл мэндийн салбар уг хэмнэлтийн горимд хамрагдахгүй бөгөөд цэцэрлэг, сургуулийн хүүхдийн эрт илрүүлэг, вакцинжуулалт, томуу, томуу төст өвчний эсрэг арга хэмжээ зэрэг зайлшгүй шаардлагатай ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилнэ гэж Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Мөн бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт салбар бүрдээ урсгал зардлыг 20 хувиар бууруулах, нөхөн томилгоо хийхгүй байх, аялал, амралт, зугаалга, хамт олны урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулахгүй байх, төрийн албанд шинэ орон тоо бий болгохгүй байх, эрчим хүчний хэрэглээг хэмнэх, хурал, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх, төрийн албан хаагчдыг зарим өдрүүдэд цахимаар ажиллуулах арга хэмжээг үргэлжлүүлэхийг үүрэг болголоо.

Төсвийн сахилга бат сайжирч, эдийн засгийн нөхцөл байдал хэвийн болсон тохиолдолд эдгээр хязгаарлалтыг үе шаттайгаар сулруулах юм.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улс COP17 бага хуралд 6.5 тэрбум ам.долларын санхүүжилт татах үндэсний стратегиа танилцуулна

Огноо:

,

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-д Монгол Улсаас дэвшүүлэх үндэсний стратегийн баримт бичгийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанд танилцууллаа.

Улаанбаатар хотноо 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд зохион байгуулах бага хурлын үеэр “Тал хээрийн төлөвлөгөө” үндэсний стратегийн баримт бичгийг олон улсад танилцуулах юм.

Уг төлөвлөгөө нь дараах гурван үндсэн санаачилгыг багтаажээ. Үүнд:

  • Бэлчээрийн тэргүүлэх санаачилга
  • Ус, газрын нэгдсэн менежментийн санаачилга
  • Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилга

Эдгээр санаачилгын хүрээнд нийт 292 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж, 6.5 тэрбум ам.долларын санхүүжилт татахаар зорьж байна. Нэг төслийн дундаж санхүүжилтийн хэмжээ 700 мянган ам.доллар байхаар тооцжээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

“Улаанбаатар трам” төсөл хэрэгжсэнээр жилд 446 тэрбум төгрөгийн шатахуун хэмнэх боломжтой

Огноо:

,

Нийслэл Улаанбаатар хотод нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах, иргэдийн зорчих хугацааг хэмнэх, байгаль орчинд ээлтэй нийтийн тээврийн шинэ төрлийг нэвтрүүлэх зорилгоор “Нийтийн тээврийн Улаанбаатар трам” хөнгөн галт тэрэгний төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Төслийн хоёр шугамын техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дууссан байна. Нэгдүгээр шугамыг Зуслангийн бүсээс Сүхбаатарын талбай хүртэл 11 км урттай, 16 зогсоолтой байхаар төлөвлөсөн бол хоёрдугаар шугам нь Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 15 км үргэлжилж, 23 зогсоолтой байх юм.

Төслийг бүрэн хэрэгжүүлснээр цагт 10-12 мянган зорчигч тээвэрлэх хүчин чадал бүрдэж, замын хөдөлгөөний дундаж хурд 23.6 хувиар нэмэгдэх тооцоо гарчээ.

Трамвайн системийг хөгжүүлснээр нийтийн тээвэрт суурилсан хот төлөвлөлтийг дэмжиж, шугам болон зогсоолуудыг түшиглэсэн худалдаа, үйлчилгээ, орон сууцны шинэ бүсүүд бий болох боломжтой. Үүний зэрэгцээ ажлын байр нэмэгдэх, жижиг, дунд бизнесийн үйл ажиллагаа өргөжих, үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ өсөх зэрэг эдийн засгийн эерэг үр нөлөө үзүүлнэ гэж тооцсон байна.

Трамвай нь цахилгаан эрчим хүчээр ажилладаг тул ашиглалтын явцад агаар бохирдуулагч бодис шууд ялгаруулахгүй. Иргэд хувийн автомашинаас их багтаамжийн нийтийн тээвэрт шилжсэнээр замын хөдөлгөөний ачаалал, нүүрстөрөгчийн давхар исэл болон бусад хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах ач холбогдолтой.

Түгжрэлээс үүдэлтэй эдийн засгийн алдагдлыг тооцоход нэг автомашин өдөрт дунджаар 2.5 цаг түгжрэлд саатахдаа 3.45 литр шатахууныг үр ашиггүй зарцуулдаг байна. Ингэснээр нэг жолооч өдөрт 8,238.6 төгрөг, жилд 1.7 сая гаруй төгрөгийн шатахууны зардлыг зөвхөн түгжрэлд алддаг аж.

“Улаанбаатар трам” төсөл хэрэгжиж, авто замын ачаалал буурснаар трассын дагуух автомашинуудын шатахууны хэмнэлт жилд 446 тэрбум төгрөгт хүрэх боломжтой гэсэн тооцоог техник, эдийн засгийн үндэслэлд тусгажээ.

Төсөл хэрэгжсэнээр иргэдийн зорчих хугацаа богиносож, түгжрэлээс үүдэлтэй эдийн засгийн алдагдал буурахын зэрэгцээ аюулгүй, найдвартай, тав тухтай, хүртээмжтэй нийтийн тээврийн шинэ тогтолцоо бүрдэх ач холбогдолтой юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе9 цаг 28 минут

Улсын чанартай хатуу хучилттай авто замын талаас илүү хувь нь 13-аас...

Улстөр нийгэм9 цаг 32 минут

Засгийн газар энэ оныг дуустал санхүүгийн хэмнэлтийн горимд шилжинэ

Шударга мэдээ10 цаг 1 минут

Шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын ...

Шударга мэдээ10 цаг 10 минут

Нөөцийн махны хяналтын тогтолцоог шинэчилнэ

Улстөр нийгэм10 цаг 17 минут

Монгол Улс COP17 бага хуралд 6.5 тэрбум ам.долларын санхүүжилт татах...

Улстөр нийгэм10 цаг 22 минут

“Улаанбаатар трам” төсөл хэрэгжсэнээр жилд 446 тэрбум төгрөгийн ...

Цаг үе10 цаг 34 минут

Автомашины улсын дугаар тэгш тоогоор төгссөн бол өнөөдөр шатахуун ав...

Цаг үе10 цаг 44 минут

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан

Цаг үе2026/08/05

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт 29,444 хэрэгт хяналт та...

Цаг үе2026/08/05

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцох зохицуулалтад хамаарахгүй...

Санал болгох