Цаг үе
Япон улс руу зорчих иргэдийн анхааралд!
Япон Улсын Засгийн газар 2022 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс хойш шинэ төрлийн коронавирусын халдварын эсрэг арга хэмжээгээ дор дурдсаны дагуу явуулахаар нийтэд зарлалаа.
Япон Улсад нэвтрэх иргэд шинэ төрлийн коронавирусын 3 удаагийн вакцин хийлгэсэн бөгөөд хүчинтэйд тооцсон вакцины гэрчилгээтэй бол Хорио цээрийн албанаас гаргах тусгаарлагдах байр, гэр болон зочид буудал зэрэгт тусгаарлагдах шаардлагагүй.
Харин шинэ төрлийн коронавирусын 3 удаагийн вакцин хийлгээгүй тохиолдолд гэр болон зочид буудал зэрэгт 7 хоног тусгаарлагдах шаардлагатай болно. Тусгаарлалтын 3 дахь өдрөө өөрийн хүсэлтээр шинжилгээ өгч хариу сөрөг гарсан бол гэр болон зочид буудалд тусгаарлагдахыг шаардахгүй.
Хилээр нэвтэрсэн өдрийг 0 өдөр хэмээн тооцно. 3 дахь өдрөөс хойш Эрүүл мэнд, Хөдөлмөр, Халамжийн яамны цахим хуудсанд тавигдсан “Хүлээн зөвшөөрөгдсөн шинжилгээ авах байгууллага”-д шинжилгээ өгч сөрөг гарсан хариуг “MySOS”(Хилээр нэвтрэгсэдийн эрүүл мэнд, байршлыг хянах аппликэйшн)-аар Хилээр нэвтрэгсэдийн эрүүл мэндийг хянах төвд явуулсны дараа тус төвөөс “Тусгаарлалт дууссан тухай мэдэгдэл” ирсэн тохиолдолд гэр болон зочид буудал зэрэгт тусгаарлагдах хугацаа дуусгавар болно.
Хүчинтэйд тооцсон вакцин тарилга нь доорх нөхцөлийг хангасан гэрчилгээ байх.
- Засгийн газар зэрэг албан ёсны байгууллагаас олгосон гэрчилгээ
- Япон болон англи хэлээр доорх мэдээлэл бүгд багтсан гэрчилгээ
1. Овог нэр,
2. Төрсөн он, сар, өдөр,
3. Вакцины нэр болон үйлдвэрлэгчийн нэр,
4. Вакцин хийлгэсэн өдөр,
5. Вакцины тоо
- Доорх вакцины аль нэгийг 2 удаа хийлгэснийг тодорхойлох гэрчилгээ:
(Вакцины нэр болон үйлдвэрлэгчийн нэр)
1. “Pfizer” үйлдвэрийн “Комирнати” вакцин,
2. “AstraZeneca” үйлдвэрийн “Vaxzevria” вакцин,
3. “Moderna” компанийн “COVID-19 Moderna ” вакцин,
4. “Janssen” компанийн “Janssen COVID-19” вакцин.
Жич: “Janssen” вакцины 1 удаагийн тарилгыг 2 удаа тарьсантай адил тооцно.)
Доорхи вакцины аль нэгийг 3 дахь тарилгын дараа хийснийг тодорхойлох гэрчилгээ,
(Вакцины нэр болон үйлдвэрлэгчийн нэр)
1. “Pfizer” үйлдвэрийн “Комирнати” вакцин,
2. “Moderna” компанийн “COVID-19 Moderna” вакцин
Гэр болон буудал зэрэгт тусгаарлагдахдаа тухайн газар руу зорчихдоо хилээр нэвтрэх үеийн шинжилгээ (шинжилгээ өгсөн цаг)-нээс хойш 24 цагийн дотор зорчих мөн гэр болон зочид буудал хүртэл шууд явах бол олон нийтийн тээврийн хэрэгслийг ашиглахыг зөвшөөрнө.
Мөн олон нийтийн тээврийн хэрэгслийг ашиглахдаа амны хаалт зүүх, гараа ариутгах, бөөгнөрлөөс зайлсхийх зэрэг халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлах шаардлагатай.
Эх сурвалж: Япон улсын Элчин сайдын яам
Цаг үе
Нутгийн 60 гаруй хувьд бэлчээрийн ургамал цухуйгаагүй байна
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээгээр дөрөвдүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 60 гаруй хувьд бэлчээрийн ургамал цухуйгаагүй буюу өмнө жилийн мөн үетэй харьцуулбал зарим нутгаар цухуйлт оройтож байна.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал Дундговийн нийт, Ховд, Говь-Алтай, Завханы зарим, Увс, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Төв аймгийн цөөн сумдын нутгаар муу, бусад нутгаар дунд зэрэг байна.

Өнгөрсөн арав хоногт агаарын температур ихэнх нутгаар дунджаас 1.1...9.6 градус дулаан, зүүн аймгуудын ихэнх нутгаар дунджийн орчим байв. Хур тунадасны хувьд нийт нутгийн 60 орчим хувьд дунджийн орчим буюу түүнээс бага орсон.
Салхины хурд тал хээр болон говийн нутгаар түр зуур 18-27 м/с буюу аюултай үзэгдлийн, Баянхонгорын Баянговьд 29 м/с, Ховдын Зэрэг, Говь-Алтайн Шарга, Баянхонгорын Богд, Баянцагаан, Өмнөговийн Цогт-Овоо, Манлайд 28 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.
Цаг үе
Татвар, торгуулиа төлөөгүй жолооч нарыг камераар илрүүлж байна
Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газраас хяналтын камерыг ашиглан гудамж замын хяналт шалгалтыг үе шаттай хэрэгжүүлж байна. Тодруулбал, өнгөрсөн гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 12-ны өдрүүдэд жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамрагдаагүй 1785 хүнд холбогдох арга хэмжээг авч ажиллалаа. Мөн тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, оношилгоонд хамрагдаагүй 2574 хүнд холбогдох арга хэмжээг авч, Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй 517 тээврийн хэрэгслийн татварыг нөхөн төлүүллээ.
Иргэн Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хуульд заасан хугацаанд төлөх үүрэгтэй. Хэрвээ татвараа хуульд заасан хугацаанд төлөөгүй бол Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлд зааснаар төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 10 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох зохицуулалттай.
Түүнчлэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөнтэй холбогдуулан оногдуулсан торгох шийтгэлийг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол Зөрчлийн тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх авах, сунгах, ангилал нэмэх, өөрчлөх, нөхөн авах, тээврийн хэрэгслийн эзэмшлийн шилжилт хөдөлгөөн хийх эрхийг хязгаарлана.
Мөн торгох шийтгэлийг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол цагдаагийн алба хаагч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг торгох шийтгэлийг биелүүлж дуусах хүртэл хугацаанд хязгаарлана. Энэ тохиолдолд тээврийн хэрэгслийг хуульд заасан журмын дагуу тусгай талбайд хүргэх, эсхүл холбогдох хууль тогтоомжид заасан бусад аргаар хөдөлгөөнийг нь хязгаарлах” хуулийн зохицуулалт хэрэгждэг байна. Иймд жолооч та бүхнийг тээврийн хэрэгслийн албан татвар, торгуулиа хугацаанд нь төлж байхыг уриалж байна.
Цаг үе
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
2026 оны дөрөвдүгээр сарын 13-наас
2026 оны дөрөвдүгээр сарын 23-ныг хүртэлх
10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, салхитай, сэрүүхэн байна.
Хур тунадас: 13-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 14-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 15-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд нутгийн хойд хэсгээр, 17-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орно.
Салхи: 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 15-нд тал, хээрийн нутгаар, 16-нд Алтайн салбар уулс болон Арц-Богдын өвөр хоолойгоор, 17,18-нд Алтайн салбар уулсаар, 19-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндий, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 1-6 градус, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна. 14-нд баруун аймгуудын нутгаар, 15-нд ихэнх нутгаар сэрүүхэн байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 15, 19-нд хур тунадас орно.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 15,19-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна. 15-нд сэрүүхэн байна.
