Шударга мэдээ
Монголын сайтын холбооноос “Цахим сэтгүүл зүй ба мэргэжлийн ёс зүй” сургалтыг зохион байгууллаа
Монголын Сайтын холбооноос Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хэвлэл мэдээллийн зөвлөл, МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим, ХУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимтэй хамтран “Цахим сэтгүүл зүй ба мэргэжлийн ёс зүй” сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. Монголын Сайтын холбоо 10 жилийн ойгоо тохиолдуулан сэтгүүлч, сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнууд руу чиглэсэн цуврал сургалтуудыг зохион байгуулж байгаа юм. Энэ удаагийн сургалтад 60 гаруй хүн хамрагдсаны дийлэнх нь МУИС, ХУИС-ийн оюутан байлаа.

МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш Д.Идэржаргал “Сэтгүүлч ба мэргэжлийн ёс зүйн өнөөгийн байдал” сэдвээр илтгэл тавьсан. Тэрээр мэдээллийн сайтын сэтгүүлчдийн шууд дамжуулалтын үеэрээ гаргаж байгаа ёс зүйн болон мэргэжлийн алдаанд хийсэн дүн шинжилгээгээ танилцуулсан нь ололт байв.

Зөрчлийн хууль ба сэтгүүлч сэдвээр МСНЭ-ийн өмгөөлөгч Г.Балжмаа мэдээлэл өгсөн. Тэрээр МСНЭ-ээс сэтгүүлчдэд эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, үйлчилгээ өгч байгааг онцлоод мэдээлэл цуглуулах, боловсруулахдаа өөрийгөө хэрхэн хамгаалах, мэдээллээ хэрхэн баталгаажуулах талаар илтгэсэн нь олзуурхмаар байв.
Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим: “Хүний эрх, хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчийн ур чадварыг хэрхэн төлөвшүүлэх” вэ сэдвийг Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Чимэддондог барууны сэтгүүл зүйн практик дээр жишээлэн тайлбарласан.

Өнөөдрийн сургалтын төгсгөлд Ёс зүйн түгээмэл алдаа, ХМЗ-ийн шийдвэрүүд, Үр нөлөө сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн. Хэлэлцүүлэгт Монголын Сайтын холбооны Хууль, мэргэжлийн ёс зүй хариуцсан дэд ерөнхийлөгч Б.Цоожчулуунцэцэг, МСНЭ-ийн Хууль, мэргэжлийн ёс хариуцсан дэд ерөнхийлөгч З.Боргилмаа, ХМЗ-ийн ССС-ийн хорооны гишүүн Э.Энэрэл нар оролцож, сэтгүүл зүйд анхаарах ёстой асуудлуудыг бодит жишээн дээр тайлбарласан.

Монголын Сайтын холбоо нь ирэх арваннэгдүгээр сард Хүний эрхийн үндэсний комисс, Жендерийн тэгш байдлын үндэсний хороотой хамтран хүний эрхийн чиглэлээр сургалт зохион байгуулахаар төлөвлөжээ. Сургалтад хамрагдсан сэтгүүлч, оюутнуудад батламж олгож байгаа юм.





Шударга мэдээ
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
“Туулын хурдны зам” төсөлтэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр нар нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай, Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр болон төслийн гүйцэтгэгч БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Хаоюань женерал констракшн” ХХК-ийн төлөөлөлтэй гурван талт уулзалт хийлээ.

Уулзалтаар БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очирын зүгээс төслийн хэрэгжилтийг Монгол Улсын байгаль орчны хууль тогтоомжид бүрэн нийцүүлэн зохион байгуулах шаардлагыг тавьж, холбогдох байгууллагуудад тодорхой үүрэг, чиглэл өглөө.
Энэ үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир аливаа бүтээн байгуулалт Монгол Улсын хуульд захирагдана. Хуулиас дээгүүр төсөл гэж байхгүй. Байгаль орчин, иргэдийн эрх ашгийг зөрчсөн ямар ч үйл ажиллагааг төр хатуу зогсооно.
Төр хуулийг хэрэгжүүлэх үүргийнхээ хүрээнд төслийн үйл ажиллагааг зогсоосон. Цаашид төслийг Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд бүрэн нийцүүлж хэрэгжүүлнэ. Өмнө нь гарсан зөрчлийг арилгаж, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлж, тайрсан бургасанд нөхөн төлбөр оногдуулна.
Хяналт шалгалтыг сулруулахгүй. Төслийн бүх үе шатанд байгаль орчны нөлөөллийг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлж, мониторингийг тогтмолжуулан, хоёр жил тутамд аудитын хяналт хийж ажиллахыг анхаарууллаа.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/618 дугаар тушаалаар баталсан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам”-ын 3.4-т заасныг тус тус үндэслэн “Туулын хурдны зам” төслийн 2026 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянан баталсныг мэдэгдлээ.
Уулзалтын төгсгөлд нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай, Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр нар төслийн хэрэгжилтийг байгаль орчны хууль тогтоомж, холбогдох журамд бүрэн нийцүүлэн зохион байгуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч, цаашид хууль, журмын дагуу ажиллахаа илэрхийллээ.
Шударга мэдээ
2025 оны эцсийн мал тооллогын дүнгээр нийт 58.1 сая толгой мал тоологджээ
Монгол Улсын хэмжээнд 2025 оны эцсийн мал тооллогын дүнгээр нийт 58.1 сая толгой мал тоологдож, 2024 оноос 454.6 мянган толгой буюу 0.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Малын төрлөөр авч үзвэл адуу 5.4 сая, үхэр 5.1 сая, хонь 23.2 сая, ямаа 23.9 сая, тэмээ 0.5 сая толгойд хүрсэн байна. Үүнээс адуу, үхэр, ямаа, тэмээний тоо өссөн бол хонины тоо 628.7 мянган толгойгоор буурсан үзүүлэлттэй байна.
Нийт мал сүргийн бүтцэд хонь 41.1 хувь, ямаа 39.9 хувь, үхэр 9.4 хувь, адуу 8.8 хувь, тэмээ 0.9 хувийг тус тус эзэлж байна. 1990 онтой харьцуулахад ямааны эзлэх хувь 20.8 нэгжээр өсөж, хонины эзлэх хувь 15.1 нэгжээр буурсан нь сүргийн бүтцэд өөрчлөлт гарч байгааг илтгэж байна.
Аймаг, нийслэлээр авч үзвэл Хөвсгөл аймаг 5.3 сая толгой малаар тэргүүлж, Өвөрхангай (5.1 сая), Архангай (4.4 сая), Баянхонгор (4.2 сая), Төв (4.1 сая) аймгууд удаалж байна.

Малын төрлөөр аймгуудад авч үзвэл:
-Адууны тоогоор Архангай (492.6 мянга), Төв (490.4 мянга), Дорнод (462.8 мянга) аймгууд тэргүүлж байна.
-Үхрийн тоогоор Архангай (745.1 мянга), Хөвсгөл (670.2 мянга), Өвөрхангай (412.2 мянга) аймгууд тэргүүлж байна.
- Тэмээний тоогоор Өмнөговь аймаг (155.9 мянга) тэргүүлж байна.
- Хонины тоогоор Өвөрхангай (2360.4 мянга), Хөвсгөл (2258.3 мянга) аймгууд өндөр үзүүлэлттэй байна.
- Ямааны тоогоор Баянхонгор (2493.9 мянга), Хөвсгөл (1980.2 мянга), Говь-Алтай (1863.0 мянга) аймгууд тэргүүлж байна.
Сумын түвшинд авч үзвэл Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум (532.1 мянга), Дундговь аймгийн Эрдэнэдалай сум (492.9 мянга), Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сум (410.7 мянга), Хэнтий аймгийн Хэрлэн сум (391.9 мянга), Баянхонгор аймгийн Баянцагаан сум (391.7 мянга) малын тоогоороо тэргүүлж байна.
Мал төллөлтийн хувьд 2025 онд оны эхний хээлтэгч 26.7 сая толгой малаас 22.4 сая нь төллөж, төллөлтийн хувь 84.0 хувьтай гарсан нь өмнөх оноос 20.4 нэгжээр өссөн үзүүлэлт юм. Төрлөөр нь авч үзвэл гүүний төллөлт 78.5 хувь, үнээ 81.0 хувь, ингэ 53.1 хувь, эм хонь 86.3 хувь, эм ямаа 83.5 хувь байна.
Төллөлтийн хувь өмнөх оноос гүүнийх 17.2 нэгж, үнээнийх 12.6 нэгж, ингэнийх 10.4 нэгж, эм хониных 20.6 нэгж, эм ямааных 22.8 нэгжээр тус тус өссөн байна.

Шударга мэдээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн ээлжит хуралдаанаар төрийн албан хаагчдыг уян хатан цагийн хуваариар ажиллах, нэг өдрийг цахимаар ажиллуулахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын А/564 тоот захирамжаар нийслэлд байршин үйл ажиллагаа явуулдаг яам, Засгийн газрын агентлаг, тэдгээрийн харьяа байгууллага, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд болон тэдгээрийн харьяа байгууллагуудын ажил эхлэх цагийг 07:00-08:30, дуусах цагийг 16:00-17:30 цагийн хооронд уян хатан байхаар шийдвэрлэлээ.
Мөн төрийн байгууллагын үйл ажиллагааны хэвийн, тасралтгүй, шуурхай байдлыг алдагдуулахгүйгээр ажлын зайлшгүй шаардлагаас бусад тохиолдолд нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс долоо хоногийн нэг өдөр зайнаас цахимаар ажиллана.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
-
Цаг үе2024/10/25
Малын дотор махны нөөцийг бүрдүүлж, үйлдвэрлэлийг хөгжүүлнэ
-
Цаг үе2021/04/16
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сайн
-
Урлаг спорт2022/02/17
Венецийн дүрслэх урлагийн олон улсын биенналь болон Каннын кино наадамд оролцоно...
-
Цаг үе2020/01/21
Хадгалалтын горим зөрчиж хадгалсан 150 ширхэг бялууг устгууллаа
