Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Нийслэлд авто замын 67 төсөл хэрэгжинэ

Огноо:

,

2022 оны төсвийн жилд нийслэл Улаанбаатар хотод улс, нийслэлийн төсөв болон Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар авто замын 67 төсөл, арга хэмжээ хэрэгжинэ. Тэдгээрийн 38 нь он дамжсан төсөл бол 29 нь шинээр хэрэгжих юм. Эдгээр төсөл, арга хэмжээний талаар Нийслэлийн  Замын хөгжлийн газраас тайлбар мэдээлэл өглөө. Хэвлэлийн хуралд Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан, орлогч дарга Г.Баттогтох,  Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар нар оролцож,  сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Хятадын хөрөнгө оруулалт, зээлээр хэрэгжиж буй шинэ замын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл өгнө үү?

Нийслэлийн Замын хөгжлийн газрын орлогч дарга Г.Баттогтох:

-Нарны замын гүүрний тухайд 40.2 сая ам.долларын гэрээний өртөгтэй.  БНХАУ-ын Засгийн газраас Улаанбаатар хотод хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний хүрээнд хоёр удаа зээл авсан. Нэг тэрбумын зээлээр Налайхын замыг шинэчлэн барьж байгаа. 500 саяын экспортын зээлээр Замын цагдаагийн гүүрэн гарц, Баянзүрх, Сонсголон, Яармагийн гүүр гэсэн төсөл хэрэгжсэн. Замын цагдаагаас бусад нь хэрэгжээд дууссан.

-Зам тавихдаа давхар бродюр байрлуулсан асуудал олон хүний шүүмжлэлд өртсөн. Та бүхэн хувийн компани тэгж тавьсан хэмээн тайлбарлалаа. Хяналтыг хэн тавих ёстой байсан бэ?

-Энэ талаар бид хувийн компанийнхантай уулзлаа. Орц, гарц гаргаж, машины зогсоол байгуулахдаа явган хүний замыг нарийсгаад давхар бродюр тавьчихсан байх магадлалтай. Түүнээс нийслэл болон улсын төсвөөс болон Замын хөгжлийн газраас хийгдээгүй ажил. Намъянжугийн гудамжинд хувийн компани зогсоол байгуулахдаа явган замын бродюртэй давхардуулсан байгааг бид шалгаж, тодруулж байна.

-Нарны замын ажил хэзээ дуусах вэ?

-Нарны замын барилгын ажлыг зургаадугаар сарын 30-н гэхэд дуусгах төлөвлөгөөтэй. Нүхэн гарцаар зүүн тийш Сэлбэ голын гүүр хүртэл хоёр талдаа хучилт хийнэ. Олимпын гудамж орчимд мөн хучилт хийнэ. Явган хүний зам дутуу байгаа. Тавдугаар сарын 19-н гэхэд гүүрний металл хийц Монголд бууна. Тэгэхээр явган хүний гүүр  товлосон хугацаандаа ашиглалтад орно.

-Энэ жил нийслэлд ямар ямар авто замын ажил эхлэх вэ?

-Нийслэлийн замын сүлжээнд энэ жил шинээр 29 төсөл арга хэмжээ эхлүүлж буй бол 37 төсөл он дамжин хийгдэж байгаа. Томоохон зарим замаас дурдвал, 22-ын товчооноос хойш Дарханы замтай шууд холбосон 5 км зам, хотын төвийг Яармагтай холбосон дөрвөн гүүр бүхий авто зам барина. Шар хадыг Улиастайтай холбох төсөл мөн хэрэгжинэ.

-Явган хүний зам болон хашлага, бродюр тавьдаг хэчнээн компани байдаг вэ?

-Бродюрийг явган хүний зам, авто замтайгаа хамт тавьж байгаа. Дугуйн замыг хоёр газарт дангаар нь барьж байгаа. Өнөөдрийн байдлаар 23 компанийн гүйцэтгэгч хараахан тодроогүй байна. Бусад нь гүйцэтгэгч тодроод ажилдаа орсон.

-Дугуйн зам шаардлага хангахгүй байна гэсэн гомдол их гардаг.

-Дугуйн замын стандартыг нарийн мөрдүүлж байгаа. Зарим газарт орон зай чөлөөлөгдөөгүйгээс нарийссан гэх мэт алдаа гарч байсан. Нийтдээ 57 км урт дугуйн зам тавих юм. Энэ удаагийн дугуйн замыг алдаа мадаггүй хийлгэхээр бид тухай бүрд шалган ажиллаж байна.

-Яармагийн гүүрний нүхэн гарц зун болгон усанд автдаг. Үүнийг засаж сайжруулах уу?

-Нүхэн гарцад тийм алдаа байхгүй. Нүхэн гарцаас хойш чиглэсэн зам дээр ус тогтох нь бий. Уг замыг 2016 онд “Гудамж” төслийн хүрээнд барихдаа ус зайлуулах шугам тавиагүй юм билээ. Нүхэн гарцын хувьд усыг нь насосаар өргөж хаядаг. Насосны ашиглалтыг Геодези, усны барилга, байгууламжийн газар хариуцан ажилладаг.

-Монгол Улсад барьж буй замын асфальтын хучилтыг хэдэн см тавьдаг вэ?

-Тухайн авто зам дээр ямар даацын хэдэн машин явахыг тооцоод, зураг төсөл зохиогч зургийг зохиодог. Түүнийг экспертээр хянуулаад, барилгын ажлыг эхлүүлдэг. Тэгэхээр зам бүрийн зузаан, өргөний хэмжээ өөр өөр байна гэсэн үг.

-Энэ жил хэчнээн замын хашлага солих вэ?

-Хашлага солих ажил гэж байдаггүй. Замын шинэчлэлтийн ажлыг хийнэ гэдэг бол замынхаа геометр хэмжээсийг алдагдуулахгүйгээр хучилт болон явган зам, хашлагатай нь шинэчлэхийг хэлж байгаа. Их засвар гэвэл доод талын шугам сүлжээтэй нь иж бүрнээр шинэчлэхийг хэлж байгаа юм. Энэ жилийн хувьд Замын сангийн хөрөнгөөр хотын төвд хэд хэдэн газарт замын шинэчлэл хийнэ. Засгийн газрын ордны баруун, зүүн зам болон Гэсэр сүмээс өгсөж, уруудсан замыг шинэчилнэ. Эдгээр замыг 2007-2008 онд барьсан. Үндсэндээ 14-15 жил болж байгаа, эвдрэл гарч, урсгал засвараар янзалсаар өнөөдрийг хүрсэн. Энэ байдлаар цааш явбал ус чийг авснаас бүтцийн өөрчлөлт орох магадлалтай юм. Тэгвэл засварт гарах зардал улам бүр нэмэгдэнэ.

Бетон хучилттай замын эвдрэлийг гадаадын улс орнуудад 5-6 жилд шинэчилж засаж байдаг. Манайд хөрөнгө оруулалтын боломжоос шалтгаалаад 15 жил болгодог. Түүнчлэн чулуун замуудын тухайд хэсэгчилж засаж, сольж болдог онцлогтой.

-Авто замын хурд сааруулагчийн стандарт байна уу. Зам бүрд өөр өөр хурд сааруулагч тавьсан байх юм?

-Замынхаа ангиллаас хамаараад өөр өөр сааруулагч тавьдаг. Хурд сааруулагч тавих шаардлагагүй зам ч бий. Жишээ нь, Яармагийн замд хурд сааруулагч тавих боломжгүй. Учир нь тэнд тавих дүрэм байхгүй. Нэг эгнээтэй, хоёр урсгалтай гэхчлэн замын хурд сааруулагч бүгд өөр байгаа. Хүсвэл стандартыг нь нарийвчлан судлах боломжтой. Голчлон гарцын ойролцоо хурд сааруулагч байршуулдаг.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан:

-Энэ жил Замын сангийн хөрөнгөөр хийж хэрэгжүүлэх замын засвар шинэчлэлтийн ажил удахгүй эхэлнэ. Тендерт шалгарсан компаниуд ажлаа эхлэхэд бэлэн болоод байна. Гэсэрийн уулзвараас Тасганы овоотой холбогдсон зам болон Дөрөвдүгээр дэлгүүрийн хойд уулзвараас 32-ын тойрог хүртэлх зам болон усны гудамж, Содномын гудамж гэх мэт 14 байршилд замын шинэчлэл хийнэ. Дахиад хэлэхэд бродюр солих гэсэн тусдаа ажил байдаггүй. Замын шинэчлэлийн хүрээнд эвдэрсэн, муудсан хашлагыг сольдог гэлээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Зөвшөөрөлгүйгээр дахин байрлуулсан ТҮЦ-ийг нүүлгэж байна

Огноо:

,

Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон явган хүний зорчих хэсэгт саад болж, хотын өнгө үзэмжийг алдуулж буй зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг өнгөрсөн дөрөвдүгээр сараас нүүлгэн шилжүүлж эхэлсэн.
 
Наймдугаар сард нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд нийт 1278 ТҮЦ-ийг нүүлгэж, зам талбайг чөлөөлсөн бөгөөд цэвэрлэгээ, ариутгалыг хийсэн. Гэвч зөвшөөрөлгүйгээр дахин ТҮЦ байрлуулах асуудал гарч байгаа учраас нийслэл, дүүргээс ТҮЦ нүүлгэн шилжүүлэх ажлыг дахин зохион байгуулж, хяналт тавин ажиллаж байна.
 
Сүүлийн нэг сарын байдлаар Баянзүрх дүүрэгт нэг, Баянгол дүүрэгт хоёр, Сонгинохайрхан дүүрэгт хоёр буюу нийт таван байршилд ТҮЦ дахин байрлуулсан зөрчлийг арилгууллаа.
Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

НӨХГ: 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэл 205.3 хувьтай байна

Огноо:

,

Нийслэлийн өмчийн харилцааны газар 2025 он гарсаар нийслэлийн төсөвт 6.3 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлээд байна.

Нийслэлийн өмчийн харилцааны газар 2025 оны III улирлын байдлаар нийслэлийн төсөвт 6.3 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүллээ. 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэл 205.3 хувьтай байна. Харин 2024 онд нийт дүнгээр нийслэлийн төсөвт 7.3 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлсэн нь 2023 онтой харьцуулахад 263.7 хувиар илүү байсан юм.

Нийслэлийн өмчийн харилцааны газар нийслэлийн өмчийг эзэмших, ашиглах хамгаалах оновчтой бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх замаар өмчийн үр ашиг, өгөөжийг нэмэгдүүлэх, эзэмшил ашиглалтыг сайжруулах, эдийн засгийн чадавхыг дээшлүүлэх зорилготой үйл ажиллагаагаа явуулдаг.

Нийслэлийн өмчийн харилцааны газар нь дараах хэлбэрээр орлого төвлөрүүлдэг.

  • Түрээсийн орлого
  • Ногдол ашгийн орлого
  • Өмч хувьчлалын орлого
  • Ангилагдаагүй бусад орлого

Нийслэлийн өмчийн барилга байгууламжийг олон жил үнэ төлбөргүй ашиглаж, өнгө үзэмжийг доройтуулсан тохиолдлууд сүүлийн жилүүдэд цөөнгүй гарч байна. Үүнийг нийслэлийн Өмчийн харилцааны газрын хяналт шалгалтаар илрүүлж, яагаад өмч хөрөнгө үнэгүйдэх болсон суурь шалтгаануудыг тодруулж, сайжруулах чиглэлд анхаарч ажиллаж буй. Түүнчлэн  нийслэлийн алдагдсан өмч хөрөнгийг эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна. 2024-2025 онд:

  1. “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч иргэн Т.Нямдаваагийн эзэмшлийн 51 хувийн энгийн хувьцааг нийслэлийн өмчид 100 хувь шилжүүлж авсан.
  2. “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийн барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэн авсан.
  3. Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд байрлах “Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн Ж блокийн 1220 м.кв талбай бүхий барилгыг нийслэлийн өмчид авч, нээлттэй дуудлага худалдаагаар хувьчилж, 1.9 тэрбум төгрөгийн орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн.
  4. Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд байрлах “Монгол шуудан” ХК-ийн 36 дугаар салбарын түрээсээр эзэмшиж байсан байрыг нийслэлийн өмчид бүртгэн авсан.
  5. БГД-ийн 14 дүгээр хороонд байрлах Шуудангийн 24 дүгээр салбар түрээсээр эзэмшиж байсан байрыг “Тэмүүжин групп майнинг” ХХК дам түрээслэж ашиг олдог байдлыг зогсоож, нээлттэй дуудлагын худалдаагаар хувьчилж 1.6 тэрбум төгрөгийн орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн.
  6. БГД-ийн наймдугаар хороонд байрлах “Аминжаргалан” өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг 5 жилийн хугацаанд түрээсийн орлогогүйгээр эзэмшиж байсан иргэнээс түрээсийн орлогыг нэхэмжилж, барилгыг хууль бус эзэмшлээс салган Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт үргэлжлүүлэн түрээсэлж, түрээсийн орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлэн ажиллаж байна.
  7. СБД-ийн хоёрдугаар хороонд байрлах “Ачит гар” өрхийн эмнэлэг байрлаж байсан байрыг тус эмнэлгийн эзэмшлээс авч нээлттэй дуудлага худалдаагаар хувьчилж, 334 сая төгрөгийн орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн.
Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

"Бөөрөлжүүт" цахилгаан станцын 150 МВт-ын хүчин чадалтай II блок төвийн нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж эхэллээ

Огноо:

,

Улаанбаатар хот анх удаа дотоодын хөрөнгийн зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжаалж, үүний 300 тэрбум төгрөгийг "Бөөрөлжүүт" цахилгаан станцад хөрөнгө оруулсан.

Улмаар тус станцын 150 МВт хүчин чадалтай эхний блокийг 2024 оны 12 дугаар сард ашиглалтад оруулж, төвийн нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж эхэлсэн билээ. 

Тэгвэл тус станцын 150 МВт хүчин чадалтай II блок ашиглалтад орж, өнөөдрөөс төвийн нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж эхэллээ. 

Тодруулбал,  "Бөөрөлжүүт" цахилгаан станцын 150 МВт-ын хүчин чадалтай II блокийн барилга угсралт, туршилт тохируулгын ажил бүрэн дуусаж, төлөвлөсөн хугацаанаасаа сар гаруйн өмнө буюу 2025 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 08:00 цагаас эхлэн Төвийн бүсийн эрчим хүчний системд холбогдон цахилгаан эрчим хүчээ нийлүүлж эхэллээ.

Өөрөөр хэлбэл, "Бөөрөлжүүт" цахилгаан станц Монгол Улсын эрчим хүчний системд 300 МВт цахилгаан эрчим хүч нийлүүлж байна.

"Бөөрөлжүүт" цахилгаан станц 300 МВт хүчин чадлаар ажиллаж эхэлснээр Монгол Улсын 963 мянган айл өрхийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг үйлдвэрлэнэ.

Мөн хоёр блок бүхий 300 МВт цахилгаан станц бүрэн хүчин чадлаараа ажилласнаар жилд 2.4 тэрбум хүртэл КВт цахилгаан үйлдвэрлэх юм.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох