Улстөр нийгэм
Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улстай хамтран ажиллана
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын сайд Чирипов Даба-Жалсан Шагжиевич, Буриад Улсын аялал жуулчлалын сайд А.Д.Доржиев болон албаны бусад төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар талууд аялал жуулчлал, байгаль орчин, бүс нутгийн хамтын ажиллагаа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, агаарын тээвэр, хөрөнгө оруулалт зэрэг сэдвээр ярилцаж, санал солилцов.
Буриад улсын талаас хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уулзалтын эхэнд илэрхийлээд, тус улсын зүгээс дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр ихээхэн анхаарч, томоохон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, дэд бүтцийг аялал жуулчлалын идэвхтэй бүс байгаль нуур орчимд байгуулахаар төлөвлөгдөж буйг Буриад Улсын аялал жуулчлалын сайд А.Д. Доржиев дуулгалаа.
Мөн энэ удаагийн Монгол Улсад хийж буй албан айлчлалын бүрэлдэхүүнд тус улсын дотоодын аялал жуулчлалын 15 тур компанийн төлөөлөл манай улсын аялал жуулчлалын салбартай туршлага судлах болон цаашид хамтран ажиллах чиглэлээр санал солилцохоор ирсэн гэв.
Түүнээс гадна Монгол, Буриад хоёр улсын хамтарсан аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгож, ОХУ-ын дотоодын жуулчдыг төдийгүй цаашлаад Азийн бусад орнуудаас ирэх жуулчдын урсгалыг байгаль нуурын аяллаар дамжуулан Монгол Улс руу татах бүрэн дүүрэн боломжтой. Нэн ялангуяа Байгаль нуур-Хөвсгөл нуур чиглэлийн маршрутыг хөгжүүлж, бодит ажил хэрэг болгох саналтай байна гэсэн юм.
Үргэлжлүүлэн Байгаль нуурын баруун эрэгт эдийн засгийн бүс байгуулж, түүгээр дамжуулан гадны бусад улс орнуудаас томоохон хөрөнгө оруулалт татах, дотоодын аялал жуулчлалаа тэлэх, эдийн засгаа солонгоруулах чиглэлд тус улсын аялал жуулчлалын бодлого төвлөрч байна гэж ярив.
Уулзалтын төгсгөлд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ ДНБ-нд эзлэх аялал жуулчлалын салбарын хувь, хэмжээг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч, хичээл зүтгэл гаргаж ажиллана” гээд, Монгол Улсын Засгийн газрын зүгээс ч аялал жуулчлалын салбарт ихээхэн анхаарал хандуулж, богино хугацаанд эдийн засгаа сэргээх түргүүлэх чиглэлээр зарлаад байна гэсэн юм.
Түүнчлэн Монгол, Буриад хоёр улсын төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хил орчмын аялал жуулчлалыг эрчимжүүлж, дотоодын аялал жуулчлалыг тэлэх, эдийн засгийн бодит сэргэлтийг дэмжих боломжийг бодит ажил болгож, хамтран ажиллахаар талууд санал нэгдэв.
Түүнчлэн Бүгд Найрамдах Буриад улстай цаашид байгаль орчин хийгээд “Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан тарьц, суулгацын нийлүүлэлт болон аялал жуулчлалын салбарт бодит үр дүн гаргасан ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр боллоо.
Уулзалтад БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга Ш.Цэрэндулам, Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Болортуяа, Гадаад хамтын ажиллагааны мэргэжилтэн Б.Батцэцэг нар оролцов гэж БОАЖЯ-наас мэдээллээ.

Улстөр нийгэм
Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.
Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.
Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.
Улстөр нийгэм
УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв
Хөшөөнд цэцэг өргөх үеэр хүндэт харуул жагсаж, үлээвэр хөгжимчид гашуудлын ая эгшиглүүлэв. Цэцэг өргөсний дараа Монгол Улсын Төрийн дуулалыг эгшиглүүллээ.
Улсын Их Хурал 1996 оны 33 дугаар тогтоолоороо жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон шийдвэрлэсэн хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, гэргий Нгуен Ти Тань Нга нарыг өнөөдөр (2026.09.10) Жанжин Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан мэндчиллээ.
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэг болон эрхэм зочид Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Чан Тань Ман хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
-
Цаг үе2022/08/29
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Улстөр нийгэм2019/10/22
УИХ-ын ажлын хэсгүүд хуралдана
-
Улстөр нийгэм2021/01/21
Иргэдийн тайван жагсаалыг улс төрчид үймээн самуун болгон ашиглахыг санаархав
-
Урлаг спорт2021/10/23
Франкфуртын номын олон улсын яармагийн хамгийн содон зохиолч
