Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Монгол Улс, Япон Улсын Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийв

Огноо:

,

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 5 дугаар сарын 1-ний өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяшитай албан ёсны хэлэлцээ хийв. Талууд Монгол, Японы харилцааны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, хэтийн төлөв, зорилт, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Сайд Б.Батцэцэг манай улсын “гуравдагч хөрш”, ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий  Япон Улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяши-гийн энэ удаагийн айлчлал Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хэрэгжиж  байгааг онцлоод, хоёр улсын Стратегийн түншлэлийн харилцааг улам бэхжүүлж, хамтын ажиллагаанд түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Гадаад хэргийн сайд Ё.Хаяши Монгол, Японы харилцааны 50 жилийн түүхэн ойг тохиолдуулан 2022 оныг “Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил”-ээр зарлаж, жилийн туршид ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд Япон Улсын Засгийн газар Монгол Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцааг цаашид ч өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө байгаагаа нотлов.

Сайд Б.Батцэцэг Япон Улсын Засгийн газар Монгол Улсын ардчилал, шинэчлэл, тогтвортой хөгжлийг 1990-ээд оны эхэн үеэс хойш тууштай дэмжиж ирсэнд, мөн КОВИД-19 цар тахлын хүндрэл бэрхшээлийг даван туулахад зориулан Монгол Улсад дэмжлэг туслалцаа үзүүлсэнд гүн талархал илэрхийлэв.

Монгол орны ирээдүйн хөгжилд олон тулгуурт эдийн засгийн бүтцийг бий болгох шаардлага байгааг Сайд Б.Батцэцэг тэмдэглээд, Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан эдийн засгийн тэргүүлэх салбар, чиглэлд Японы дэвшилтэт технологи, ноу-хау, санхүүжилт, хөрөнгө оруулалтыг татах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн цаашид Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс, шинэ дагуул хот байгуулах, хүрэн нүүрснээс ус төрөгч гарган авч ус төрөгчийн цахилгаан станц байгуулах зэрэг чиглэлд японы талтай хамтран ажиллах нөөц боломж байгааг тэмдэглэв.

Хоёр улсын худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд нэмэгдэх зэрэг Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр тодорхой үр дүнгээ өгч эхэлж буйг онцлоод, тус хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд холбогдох дэд хорооны хуралдааныг ойрын үед зохион байгуулахыг санал болгов.

Сайд Ё.Хаяши Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Тэрбум мод тарих санаачилга”-ыг талархан дэмжиж байгаагаа илэрхийлж, энэ хүрээнд дэмжлэг үзүүлж хамтран ажиллах хэлбэрээ судалж байгаагаа танилцуулав. Цаашид уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны салбарын хамтын ажиллагааг Монгол, Японы Стратегийн түншлэлийн нэг чухал хэсэг болгон хөгжүүлэхийн төлөө байгаагаа мөн онцлов.

Талууд яриа хэлэлцээний үеэр ойрын үед хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний харилцан айлчлал, арга хэмжээний талаар санал солилцож, улс төр, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, батлан хамгаалах, иргэд консулын зэрэг өргөн хүрээтэй салбарт Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхээр тохиролцов.

Мөн Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны 2017-2021 оны хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэж, энэхүү айлчлалын үеэр олон нийтэд танилцуулж байгаад баяртай байгаагаа тэмдэглээд 2022-2026 онд хэрэгжүүлэх дараагийн хөтөлбөрийг хоёр талдаа сайтар ярилцаж, харилцан ашигтай хамтын ажиллагаанд суурилсан, бодитой хамтын ажиллагааг тусгасан агуулгатай байгуулахаар тохиролцов.

Манай хоёр улс олон улс, бүс нутгийн талбарт идэвхтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн сацуу Зүүн хойд Азийн бүс нутгийн тогтвортой байдлыг бэхжүүлж, хөгжил цэцэглэлийг хангахын төлөө цаашид ч нягт хамтран ажиллахаа нотлов.

Албан ёсны хэлэлцээний дараа хоёр улсын Гадаад харилцааны сайд нар “Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр”-ийн харилцан Солилцох ноот бичигт гарын үсэг зурав. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр 2001 онд эхэлснээс хойш манай улсын 360 залуу боловсон хүчин Япон Улсын Их, дээд сургуулийн магистр, докторантурын сургалтад хамрагдсан бөгөөд энэ онд Япон Улсын Засгийн газар уг хөтөлбөрт зориулж 263 сая иенийн санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн байна.

Япон Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал үргэлжилж байна.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ

Огноо:

,

ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын  Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт  өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн  мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.

Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким  Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.

Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.

Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

Огноо:

,

“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-өөр (2026.09.10) Улсын Их Хурлын гишүүд улс төрийн намууд, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, хэлмэгдэгсдийн төрөл төрөгсөд, үр ач нар, иргэд хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Хөшөөнд цэцэг өргөх үеэр хүндэт харуул жагсаж, үлээвэр хөгжимчид гашуудлын ая эгшиглүүлэв. Цэцэг өргөсний дараа Монгол Улсын Төрийн дуулалыг эгшиглүүллээ.







Улсын Их Хурал 1996 оны 33 дугаар тогтоолоороо жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон шийдвэрлэсэн хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман 2026 оны 09 дүгээр сарын 09-11-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийхээр гэргий Нгуен Ти Тань Нга-гийн хамт хүрэлцэн ирээд байна.







Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, гэргий Нгуен Ти Тань Нга нарыг өнөөдөр (2026.09.10) Жанжин Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан мэндчиллээ.





Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэг болон эрхэм зочид Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Чан Тань Ман хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав. 

Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох