Улстөр нийгэм
ФАТФ-ын “саарал жагсаалт”-д орохгүй байх талаар санал солилцож, дэмжлэг хүслээ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага ФАТФ-ын (FATF) ээлжит хурлаар Монгол Улсыг “саарал жагсаалт”-д оруулах, эсэх асуудлыг хэлэлцэх гэж буйтай холбоотойгоор Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын болон олон улсын байгууллагуудын зарим төлөөлөгчидтэй өнөөдөр (2019.10.14) уулзлаа.
ФАТФ-ын ээлжит хурал аравдугаар сарын 15-нд Парис хотноо болох юм. Уулзалтаар үүссэн нөхцөл байдал болон Монгол Улсаас ФАТФ-ын шаардлагыг хэрэгжүүлэх талаар авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар танилцуулж, сонирхсон асуултад нь хариуллаа.
Уулзалтад АНУ, ХБНГУ, БНХАУ, Япон, Австрали, Франц Улс, Европын холбоо, Турк, БНСУ, Их Британи, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, Элчин сайдын хэргийг түр хамаарагч нар болон Дэлхийн банкны суурин төлөөлөгч оролцов.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уулзалтад хүрэлцэн ирсэн дипломат төлөөлөгчдийн газрын болон олон улсын байгууллагын тэргүүн нарт талархал илэрхийлээд, Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллагын манайд тавьсан шаардлага, тэдгээрийг хэрэгжүүлэх чиглэлээр зохион байгуулсан болон авсан арга хэмжээний талаар танилцуулж, энэ талаар ФАТФ-ын ерөнхийлөгч, ноён Сянмин Лью-д парламентын тэргүүний хувиар албан бичиг илгээснээ мэдээллээ.
Түүнчлэн маргааш болох ФАТФ-ын хурлаар Монгол Улсыг “саарал жагсаалт”-д оруулахгүй байх талаар холбогдох шугамаар хандаж, чин сэтгэлийн тусламж дэмжлэг үзүүлэхийг тэдэнд хандан хүссэн юм.
Тэрбээр ФАТФ-аас ирүүлсэн зөвлөмжийн 40 шалгуур үзүүлэлтээс Монгол Улс 36-гийнх нь шаардлагыг хангаж, 4 асуудлаар эргэж тайлагнах зөвлөмж хүлээн аваад байгаа бөгөөд хэрвээ Монгол Улс “саарал жагсаалт”-д орвол гадаадын хөрөнгө оруулалт багасах, гадаад худалдааны хэмжээ буурах, олон улсын байгууллагууд манай улстай хамтран ажиллахаас татгалзах, гадаад мөнгөн гүйлгээ саатах зэрэг эрсдэл үүсэж, үр дүнд нь өсөн нэмэгдэж буй эдийн засаг агших, ард түмний амьдрал доройтоход хүрэх тул Монгол оронд өрнөсөн ардчилсан шинэтгэл, төр засгаас хэрэгжүүлж буй шинэчлэлийн бодлогыг байнга дэмжиж байдаг Та бүхний хүчин чармайлт, туслалцаа нэн чухал байна гэлээ.
Түүнчлэн Монгол Улсын Их Хурлаар аравдугаар сарын 10-ны өдөр Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийг хэлэлцэн баталснаас гадна үүнээс өмнө Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай зэрэг хуулиудыг батлан хэрэгжүүлж байгааг дурдлаа.
Уулзалтад оролцсон Элчин сайд Траян Лауренцю Христеа (Европын холбоо), Масато Такаока (Япон,) Дэйв Воусен (Австрали,), Ёорн Розенберг (ХБНГУ), Филипп Мерлин (Франц), Майкл Клечески (АНУ) болон Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михнев нар “саарал жагсаалт”-д орохоос сэргийлэх, ФАТФ-ын шалгуур үзүүлэлтийг хангах талаар анхаарах асуудлууд, эрсдэлийг бууруулах арга замын талаар санал бодлоо хэлж, энэ асуудлаар Монгол Улсын хүчин чармайлтыг дэмжиж буйгаа илэрхийллээ.
Улстөр нийгэм
Монгол Улсын ирэх оны төсвийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ
Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы 2025 оны есдүгээр сарын 18-ны өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг эхлүүллээ.
Улсын Их Хурлын 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн талаарх Монгол Улсын Ерөнхий сайдын танилцуулга, энэ талаарх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлт, Үндэсний аудитын газрын дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг, 2022 онд прокурорын нийт төсөв 60 тэрбум төгрөг байсан бол 4 жилийн дараа 144 тэрбум төгрөг болж, хоёр дахин нэмэгдсэн байгааг дурдаад үүнийг прокуроруудаа чадавхжуулах, сургалт судалгаа хийх, Монгол Улсад шударга ёсыг тогтооход зарцуулагдаж байгаа эсэхийг тодруулсан.
Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого эхний долоон сарын байдлаар 1.2 их наядаар тасарч, улмаар оны эцэст 2.0 их наяд төгрөгөөр тасрах магадлалтай, улмаар төсвийн зарлага 1.6 их наяд төгрөгөөр хэтрээд буйг дурдаад ирэх оны төсвийн төсөлд орлого орлох, ханшид нөлөөлөх бүх асуудлаа тодорхой шийдэхгүй бол асуудал үүснэ гэдгийг анхааруулав.
Мөн гишүүд Эрүүл мэндийн даатгалын сангийн өр төлбөрийн асуудлыг шийдэж, үйл ажиллагааг нь хэрхэн хэвийн болгох, эрүүл мэнд, боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, багшийн цалин урамшуулыг нэмэх, боловсон хүчний хомсдлыг хэрхэн шийдвэрлэх, төрийн албан хаагчийн 36 сарын нэг удаагийн тэтгэмжийг он дамжуулан олгоно гэдгийг хэрхэн ойлгох талаар илүүтэй тодруулав.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Эрүүл мэндийн даатгалын асуудал ноцтой, тусламж, үйлчилгээ жигд, хүртээмжтэй байж чадахгүй байна. Иймд өчигдөр Засгийн газарт нөхцөл байдлын талаар танилцуулсныг хариултдаа онцлоод эрүүл мэндийн даатгалтай холбоотой өр үүсгээд, түүнийг нь Засгийн газар төлдөг буруу хандлагыг тогтоож болохгүй гэв. Эрүүл мэндийн даатгалын мөнгийг зөв зарцуулахад сэтгэл дутаад байна гэж салбарын сайд дүгнэлээ.
Мөн Боловсролын сайд Н.Наранбаатар хариултдаа, Багшийн мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудыг хөдөлмөрийн зах зээлрүү шилжүүлэх нь чухал асуудал болоод байна. Нийт төгсөгчдийн 30 орчим хувь нь л мэргэжлээрээ ажиллаж байгаа тул багшийн үндсэн цалинг нэмэх нь хамгийн чухал асуудал гэдэгтэй санал нэг байгаагаа дурдлаа. Түүнчлэн салбарын сайд багшийн хомсдолыг урт, богино хугацаанд шийдвэрлэхээр төлөвлөсөн зургаан багц арга хэмжээг танилцуулсан. Тухайлбал, сургалтын цагийн норм нь 19 цагт хүрэхгүй байгаа багшийг шилжүүлэн ажиллуулах, тэтгэвэртээ суусан багшийг дахин ажиллуулах, төгсөх дамжаандаа амжилттай суралцаж буй оюутнуудаас ажиллуулах, мөн баклаврын зэрэгтэй салбарын боловсон хүчнийг богино хугацаанд багшаар бэлдэж байна. Одоогоор 150 орчим хүн бэлтгэгдээд цагийн багшаар ажиллаж байна гэлээ.
Сангийн сайд Б.Жавхлан төрийн албан хаагчдын 36 сарын нэг удаагийн тэтгэмж олгох асуудлаар өмнө нь ийм зохицуулалт хийж байсныг дурдав. Тэрбээр, ирэх жил тэтгэвэрт гарах хүмүүс тэтгэмжийнхээ тал мөнгөө аваад, үлдэгдлийг нь он гараад авч болно. Эсвэл тэтгэвэрт гарах хүмүүсээ үргэлжлүүлэн ажиллуулж, 2027 он руу шилжүүлэх, бүр төсвийн ерөнхийлөн захирагчид хэмнэлтийг төсөв дотроо зохицуулалт хийгээд тэтгэмжид шилжүүлэх зэрэг олон хувилбараар шийдэх боломж байгаа. Энэ асуудлаас айхтар хохирол гарахгүй гэдгийг албан ёсоор хариуцлагатай хэлье хэмээв.
Гишүүд ирэх оны төсвийн төсөлд улсын төсвийн хөрөнгө оруулалтын 35 хувь нь авто зам, 18 хувь нь боловсрол, 14 хувь нь эрчим хүч, 8.0 хувийг эрүүл мэндийн салбарт, үүн дээр гадаадын зээл, тусламжийг тооцвол 20 хувь нь зам, 17 хувь нь боловсрол, 14 хувь нь эрчим хүч, 21 хувийг эрүүл мэндийн салбарт зарцуулахаар тусгагдсан буйг шүүмжлэв. Татвар төлөгчдийн мөнгийг эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд гэсэн гурван салбарт буюу хүний хөгжлөө дэмжих чиглэлд хэзээнээс зарцуулдаг болох талаар тайлбар хүслээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хариултдаа, Ер нь төсвийн төслийн ерөнхий агуулгаар нь харвал эрүүл мэндийн салбарт зарцуулж байгаа хөрөнгө 5.5, боловсролын салбарын төсөв хоёр дахин нэмэгдсэн. 1.2 их наяд төгрөг байсныг 2.4 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж сургууль, цэцэрлэг барих, цаашлаад 2028 онд ерөнхий боловсролын сургуулийг хоёр ээлжинд шилжүүлэх зорилт дэвшүүлэх зэргээр цогц өөрчлөлтүүдийг хийнэ гэдгээ онцлов. Тэрбээр хөрөнгө оруулалтаар шинэ зам барихгүй, ноднин жил эхлүүлсэн замуудыг барихад үргэлжлүүлэх шаардлагатай байна гэлээ.
Харин Сангийн сайд нэмэлт тайлбарыг хийсэн. Б.Жавхлан сайд, хөрөнгө оруулалтын бүтцэд эрчим хүч, автозамыг эхэнд эрэмбэлэх нь хамгийн зөв. Үүнийг хийхгүйгээр нэг ч эмнэлэг, нэг ч сургууль барьж чадахгүй. Тийм учраас хөгжлийн түүчээлэгч нь дэд бүтэц гэсэн хамгийн зөв онош тавигдаад сүүлийн таван жил эдгээр салбарт анхаарсан. Ойрын 5-10 жил ч энэ бүтэц нэг их өөрчлөгдөхгүй болов уу. Эрчим хүчний эх үүсвэрүүд нэмэгдэж, автозамууд баригдсанаар үүндээр тулгуурлан баялаг бүтээгчид, хувийн хэвшлийнхний хөрөнгө оруулалтууд нэмэгдэнэ. Ингэж л эдийн засгийн төвлөрөл саарна гэв.
Ингээд Улсын Их Хурлын чуулганы хуралдааны цайны цаг болсон тул түр завсарлаж, үдээс хойших хуралдаанаар гишүүдийн асуулт, хариултыг үргэлжлүүлэхээр болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Улстөр нийгэм
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна
Улаанбаатар хотын 2040 оны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу нийслэлийн төвлөрлийг сааруулах, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор Төв аймгийн Сэргэлэн сумын 31 мянган га газарт Хүннү хотыг байгуулахаар төлөвлөсөн.
Тус хотод 150 мянган хүн оршин суух бөгөөд 80 мянган ажлын байр бий болно гэж тооцоолж буй.
Мөн их, дээд сургууль, оюутны хотхон, төр захиргаа болон тээвэр логистикийн нэгдсэн цогцолбор байгуулж, эдийн засгийн чөлөөт бүс байхаар төлөвлөж байна.
Хүннү хотын дэд бүтцийн барилга угсралтын ажил өнөөдрийн байдлаар дараах байдлаар үргэлжилж байна. Тодруулбал,
- Цахилгаан хангамжийн ажил 86 хувь;
- Ус хангамжийн ажил 80 хувь;
- Үерийн хамгаалалтын сувгийн ажил 75 хувь;
- Мэдээлэл холбооны сүлжээний ажил 65 хувь;
- Ариутгах татуургын ажил 10 хувь;
- Дулаан хангамжийн ажил 10 хувийн гүйцэтгэлтэй байна.
Улстөр нийгэм
Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ
Улсын Их Хурлын чуулганы нээлтийн хуралдаанд, Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, Нийслэлийн болон Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллагын удирдлага, Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсанаас хойш ажиллаж байсан Улсын Их Хурлын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нар, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, Олон Улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрын тэргүүнүүд уригдан оролцов.
Засгийн газраас өргөн мэдүүлээд байгаа Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг 1.3 их наяд төгрөгийн алдагдагдалтай боловсруулсан, боловсролын салбарт зарцуулах төсөв өмнөх оныхоос нэмэгдээгүй зэргийг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан шүүмжилж, өвөлжилтийн бэлтгэлийг цаг алдалгүй, чанартай хангах шаардлагатайг анхаарууллаа.
-
Шударга мэдээ2023/12/11
Монгол Улс 2025 оны PISA үнэлгээнд дахин хамрагдана
-
Цаг үе2021/05/26
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
-
Цаг үе2022/10/26
Томуугийн вакциныг өрх, дүүргийн вакцины нэгжээр дамжуулан хийж байна
-
Улстөр нийгэм2023/05/08
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ИБУИНХУ-ын Цог Жавхлант Хаан III Чарльзийг хаан сэнтийд з...