Цаг үе
"Банкны ажилтны өдөр"-ийг угтан банкууд Богд ууланд банкируудын төгөл байгууллаа

Өнөөдөр Монголын банкны холбоо, Холбооны гишүүн арилжааны банкууд, “Төгс хандлагаа өөрчилье” ТББ-тай хамтран Богд ууланд 700 ширхэг шинэс модны суулгац тарьж төгөл байгууллаа.
Жил бүрийн 6 дугаар сарын 2-ны өдөр банкны салбарын хэмжээнд “Банкны ажилтны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Мөн энэ цаг үеэр бүх нийтийн мод тарих өдрүүд тохиодог тул “Банкны ажилтны өдөр”-ийг угтан банкууд нийгмийн хариуцлагын хүрээнд мод тарих үйл ажиллагааг зохион байгуулж тогтвортой, зөв хөгжилд олон нийтийг уриалсаар ирсэн билээ.
Сүүлийн жилүүдэд байгалийн гамшигт үзэгдэл, түүний эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөлөл нэмэгдэж, эдийн засгийн тогтвортой өсөлтөд эрсдэл учруулж буй. Харин арилжааны банкууд нийгмийн хариуцлагын хүрээнд байгаль орчинд ээлтэй, тогтвортой, ногоон хөгжлийн төлөө үйл ажиллагаагаа явуулж, энэ чиглэлд манлайлан ажилласаар ирсэн. Тэр дундаа 2018 онд банкуудын санаачилгаар Монголын тогтвортой санхүүгийн холбоог үүсгэн байгуулж, ногоон зээлийг нэвтрүүлэн, эрчим хүчний хэмнэлттэй амины сууцны зээл олгох төсөл зэргийг хэрэгжүүлэн, харилцагчдад үзүүлж буй бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ дамжуулан Монгол Улсын тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулсаар байна. Тиймээс ч, өнгөрсөн жил банкууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдсэн бөгөөд салбарын хэмжээнд ирэх 2030 он хүртэл 50 сая мод тарих амлалтыг өгөөд байгаа юм.
Нөгөө талаар мод тарих нь чухал боловч уг ажлыг урт хугацаанд, тогтвортой хэрэгжүүлэхэд санхүүжилтийн тогтолцоо, эх үүсвэрийг бий болгох нь чухал бөгөөд энэ хүрээнд банкны салбарын хэмжээнд “Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих” санг байгуулаад байна. Тус санд нэг жилд 2 тэрбум төгрөгөөс багагүй үнийн дүн бүхий санхүүжилтийг Монголын банкны холбооны гишүүн байгууллагууд төвлөрүүлж, уг сангаар дамжуулан шороон шуурга, цөлжилттэй тэмцэх, салбарын хэмжээнд нэгдсэн стандарт гаргах, мод тарих үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх судалгаа хийх, гадны туршлагыг нэвтрүүлэх, блокчэйн технологи дээр суурилсан санхүүжилтийн болон нийлүүлэлтийн шинэ арга хэлбэр, ил тод тогтолцоог бий болгох зэрэг ажлуудыг хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.



Цаг үе
Унадаг дугуйтай бага насны хүүхэд замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ачааны машинд дайруулж, амь насаа алджээ
Унадаг дугуйтай бага насны хүүхэд замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ачааны машинд дайруулж, амь насаа алдсан гэх харамсалтай дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Тодруулбал, энэ оны зургаадугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн цагдаагийн газарт “Гурван замын уулзварт ачааны автомашин унадаг дугуйтай хүүхэд дайрсан байна” гэсэн мэдээллийг ирүүлсэн байна.
Тус аймгийн цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний алба хаагчид шалгалтын ажиллагааг явуулахад урьдчилсан байдлаар иргэн “Б” нь HOWO ZZ3257 маркийн улсын дугаартай автомашиныг жолоодож яваад унадаг дугуй унаж явсан бага насны хүүхдийг дайрч, амь насыг нь хохироосон харамсалтай нөхцөл байдал тогтоогдоод байна.
Сурагчдын зуны амралт эхэлсэн эдгээр өдрүүдэд эцэг эхчүүд та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхдийг унадаг дугуй, суррон, скүүтэртэй Замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, Жолооч та хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар хангаж, анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна.
Цаг үе
Баяр наадмаар 171 байцаагч хяналт шалгалт хийнэ
Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хамтран баяр наадмын өдрүүдэд хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангуулах, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг зохион байгуулахаар болжээ.
Тодруулбал, Хүнс хөдөө аж ахуйн газар, Эрүүл мэндийн газар, Мал эмнэлгийн газрын хяналтын 171 улсын байцаагч өнгөрөгч зургадугаар сарын 30-ны өдрөөс энэ сарын 15-ны өдрийг хүртэл хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж хамтран гүйцэтгэж байна.
Хяналт шалгалтад улсын болон аймгийн баяр наадмын үеэр хоол үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх иргэд, аж ахуй нэгжийн үйл ажиллагааг хамруулж, гарч болзошгүй аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээг авч ажиллахаар болсон.
Цаг үе
Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлаар санал нэгдлээ
Тэтгэвэр барьцаалсан зээлд тавьсан 5050 өр орлогын харьцааг ахмадууд эсэргүүцэж буйтай холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй уулзаж ярилцлаа.
Улмаар тэтгэврийн зээлд ямар нэг хязгаарлалт тавихгүй байх талаар талууд санал нэгдлээ. Хэрэглээний зээлийн нийтлэг зохицуулалтаас тэтгэврийн зээлийг гаргах замаар ахмадуудын тавьж буй шаардлагын хүрээнд шийдэл гаргах боломжтой гэж талууд үзсэн байна. Иймээс ирэх даваа гарагт Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл дахин хуралдаж, тэтгэвэр барьцаалсан зээлийн асуудлыг хэлэлцэхээр болжээ.
Мөн Ерөнхий сайд Г.Занданшатар тэтгэврийн зээлийн хүүг бууруулах чиглэлээр Монголбанк Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтарч ажиллахыг хүслээ.