Улстөр нийгэм
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг ХАА-н салбарын эрдэмтэн, судлаачид дэмжиж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хөдөө аж ахуйн их сургууль болон тус сургуулийн Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Мал эмнэлгийн хүрээлэн, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнд ажиллалаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч мөн сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл болох 100 гаруй эрдэмтэн, судлаачтай уулзаж, хүнсний хангамж, аюулгүй байдал, цаашид тавьж байгаа зорилтын талаар товч танилцуулж, санал бодлыг нь сонсов.
Энэ үеэрээ “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлж байгааг хэллээ. Ойрын таван жилд мал сүргээ бүрэн эрүүлжүүлж, малын гоц халдварт өвчингүй, эрүүл бүс болох ёстойг тэмдэглэв. Мөн төрийн бодлого, шийдвэр шинжлэх ухаанд суурилсан байх ёстой учир хүнсний хувьсгал хийхэд эрдэмтэн, судлаачдын оролцоо хамгийн чухал гэдгийг онцлов.
Ирэх таван жилд 19 төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах зорилготой “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг эрдэмтэн, багш, судлаачид дэмжиж байгаагаа илэрхийллээ.

ХААИС-ийн хувьд шинэ технологи, инновац нэвтрүүлэх, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх Техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, тооноос чанарт шилжих зэрэг бодлогын шинж чанартай ажилд манлайлан оролцох боломж байгааг академич А.Бакей хэллээ.
Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ажилтан Н.Энхболд “Химийн бодис, үр тариа, бордоо зэрэг импортын бүтээгдэхүүнд тавих стандартыг Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээний заалттай нийцүүлэн нэг мөр болгох, “Пестицидийн үндэсний хөтөлбөр” боловсруулах зэрэгт дэмжлэг үзүүлэхийг хүсэв.
Эрдэмтэн, судлаачдын төлөөлөл мал аж ахуйн салбарын хөгжлийг түргэтгэх, эрсдэл даах чадавх бий болгох, олон улсын туршлагыг нутагшуулах чиглэлээр урт хугацаатай төсөл хэрэгжүүлэх нь зүйтэй гэдгээ илэрхийллээ. Мөн Засгийн газар монгол малын удам зүй, үржлийн үнэт чанарыг молекул-генетикийн түвшинд үе шаттай судлан тогтоох, олон улсад баталгаажуулах ёстой гэдгийг хэлж байлаа.






Улстөр нийгэм
Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.
Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.
Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.
Улстөр нийгэм
УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв
Хөшөөнд цэцэг өргөх үеэр хүндэт харуул жагсаж, үлээвэр хөгжимчид гашуудлын ая эгшиглүүлэв. Цэцэг өргөсний дараа Монгол Улсын Төрийн дуулалыг эгшиглүүллээ.
Улсын Их Хурал 1996 оны 33 дугаар тогтоолоороо жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон шийдвэрлэсэн хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, гэргий Нгуен Ти Тань Нга нарыг өнөөдөр (2026.09.10) Жанжин Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан мэндчиллээ.
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэг болон эрхэм зочид Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Чан Тань Ман хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
-
Улстөр нийгэм2019/07/29
БНТУ-ын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп манай улсад айлчилна
-
Цаг үе2022/05/18
Энэ долоо хоногт ажиллах шинжилгээний цэгүүд
-
Улстөр нийгэм2024/08/14
Австрали улстай гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хамтын ажиллагааг...
-
Улстөр нийгэм2021/01/12
Эрчим хүчний хэрэглээний 98 хувийг дотоодоос хангаж эхэллээ
