Цаг үе
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
Зургаадугаар сарын 21-ний өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Ерөө, Туул, Зэлтэр, зүүн хажуугийн Эг, Барх, Балж, Онон, Улз, Хэрлэн, Хангай нурууны арын Идэр, Чулуут, өврийн Зэгстэй болон Сэлэнгэ мөрөн Хялгант баг орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-40 см нэмэгдэж, Хүдэр, Туул, Онон, Хэрлэн, Халх, Улз, Ховд гол үерийн түвшинг 10-55 см, Хэрлэн гол Мөнгөнморьт, Балж гол Дадал сум орчимд үерийн аюултай түвшинг 10-45 см даван тус тус хүчтэй үерлэж байна.
Зургаадугаар сарын 22-нд Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд усны түвшин 40 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинг 35 см, цаашлаад зургаадугаар сарын 25-26-ны өдрүүдэд Чингис хот орчмоор 30-50 см нэмэгдэн үерийн түвшинг 10 см даван хүчтэй үерлэнэ.
Түүнчлэн маргааш буюу зургаадугаар сарын 22-ны өдөр Туул гол Алтанбулаг, Онон гол Дадал сум орчимд усны түвшин 20 см орчим нэмэгдэх төлөвтэй байна.
Ойрын өдрүүдэд төв болон зүүн аймгийн зарим нутгаар түр зуурын аадар бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж нутаглаж буй малчид, аялаж, амарч зугаалж яваа ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.
Цаг үе
Чингис хаан олон улсын нисэх буудал "Сүү өргөх" зориулалтын цэгтэй болжээ
"Чингис хаан” олон улсын нисэх буудал зорчигчдоо үдэхдээ сүү өргөдөг иргэдэд зориулсан тусгай цэг шинээр байгуулжээ. Нисэх буудлын орчимд сүүг ил задгай өргөх нь шувуу, зэрлэг амьтдыг татаж, агаарын хөлөгтэй мөргөлдөх эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Шинэ зохицуулалт нь монголчуудын уламжлалыг хадгалахын зэрэгцээ нислэгийн аюулгүй байдлын шаардлагыг хангахад чиглэж байна.
Иргэдийн өдөр тутмын дадал, хүндэтгэлийн уламжлал зөв байршил, зөв зохион байгуулалттай уялдсанаар нислэгийн аюулгүй байдлыг дэмжих бодит алхам болно гэж нисэх буудлынхан үзэж байна.
Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан
Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: Есдүгээр сарын 01-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орж, ихэнх нутгаар дулаан байна.
2026 оны есдүгээр сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгор, Алтай, Хангайн, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч, шороон шуурга шуурч, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Монгол-Алтайн уулархаг нутгаар 13-18 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 19-24 хэм, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндий, говийн бүс нутгийн баруун хэсгээр 31-36 хэм, бусад нутгаар 26-31 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 4-9 метр. Өчигдрөөс 4 хэмаар дулаарч 29-31 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 4-9 метр. Өчигдрөөс 6 хэмаар дулаарч 27-29 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 3-8 метр. Өчигдрөөс 6 хэмаар дулаарч 27-29 хэм дулаан байна.
2026 оны есдүгээр сарын 02-ноос
2026 оны есдүгээр сарын 06-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
02-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 03-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, 04-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 05-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 02-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 03-нд нутгийн зарим газраар, 04-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр шөнөдөө -2-3 хэм, өдөртөө 17-22 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 21-26 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна. 03-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 04, 05-нд нутгийн хойд хэсгээр эрс сэрүүснэ.
Цаг үе
Өнөөдөр нийслэлд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон Олон улсын COP17 хуралтай холбогдуулан наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг дуустал нийслэлийн төвийн зургаан дүүрэгт автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хэрэгжиж байна.
Уг зохицуулалт өдөр бүр 07:00-21:00 цагийн хооронд, бүсчлэл харгалзахгүй үйлчилнэ.
Улсын дугаар нь сондгой тоогоор төгссөн автомашин есдүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.
Улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн автомашин есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.
Харин өнөөдөр буюу есдүгээр сарын 1-нд нийслэлийн хэмжээнд автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байна.

-
Шударга мэдээ2025/05/19
Дорноговь аймгийн 12 сум хүнсний эрхийн бичгээс татгалзаад байна
-
Урлаг спорт2024/11/15
“Miss Universe 2024” тэмцээнийг МҮОНТ-ээр хүлээн авч үзээрэй
-
Цаг үе2025/09/15
ABU PRIZES-2025: ABU-гийн 2025 оны "Онцлох телевиз" шагналыг МҮОНРТ хүртлээ
-
Цаг үе2022/11/04
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн
