Улстөр нийгэм
Хичээл эхлэхээс өмнө сургууль, цэцэрлэгийн өргөтгөл, засварыг дуусгахыг үүрэг болгов
Нийслэлийн Удирдах ажилтнуудын 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн шуурхай зөвлөгөөний төгсгөлд дараах үүрэг, даалгаврыг өглөө. Тухайлбал,
Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд
- Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Нийслэлийн 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай” А/853 дугаар захирамжийн дагуу хэрэгжилтийг хангаж ажиллах. Хийж дуусаагүй, дутуу байгаа ажлуудаа эрс эрчимжүүлж ажиллахыг хариуцсан дарга нар сайтар анхаарах.
- Инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэлтийг эрчимжүүлж, төлөвлөсөн хугацаанд нь дуусгах.
- Хүмүүсийн хөл хөдөлгөөн нэмэгдэх, хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө буюу наймдугаар сарын 15-ны өдөр гэхэд тохижилт бүтээн байгуулалт, зам засварын ажлуудыг дуусгаж, эцэслэх.
- Сайжруулсан түлшний нөөцийн агуулахыг сайтар бэлтгэн, нөөц бүрдүүлэх ажлаа эрчимжүүлж, нөөцлөлттэй холбоотой тээвэрлэлтийн үйл ажиллагааг шуурхай шийдвэрлэж ажиллах.
- Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө сургууль, цэцэрлэгийн өргөтгөл шинэчлэлт, засварын ажлыг дуусгах.
Цаг үеийн асуудлын хүрээнд

- Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэхээр батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг яаралтай зарлаж дуусгах.
- Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг эрчимжүүлж, захиалагчийн хяналтыг сайжруулж, хугацаанд нь зураг төсвийн дагуу хүлээн авах.
- Цаашид хэрэгжихэд хүндрэлтэй төсөл, арга хэмжээнүүдийн шалтгаан, нөхцөлийг тодруулж, бүрэн хэрэгжих, хэрэгжих боломжтой төсөл арга хэмжээний төсөвт өөрчлөлт оруулах саналаа танилцуулах.
- Намрын шинэ ургацын хүнсний ногоо гарахтай холбогдуулан ногоо тариалагч аж ахуйн нэгж байгууллагууд, хувь хүмүүсийг дэмжих, зөвлөн туслах үйлчилгээг шуурхай үзүүлэх, хүнсний ногоог нийслэлчүүдэд шууд гарт нь хүргэн худалдан борлуулах боломжоор нь хангахын тулд боломжтой борлуулалтын цэгүүдийн байршлыг нийслэл Улаанбаатар хотод гаргах ажлыг урьдчилан зохион байгуулж, ач холбогдол өгч ажиллах.
- Ариун цэвэр, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг бүх шатанд сахиулах, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хүн их цуглардаг газруудад гараа ариутгах, амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих асуудлыг нийслэлийн иргэдэд таниулан сурталчлах.
- Коронавируст халдварын батлагдсан тохиолдлын тоо нэмэгдэж, тархах эрсдэл өндөр байгаатай холбогдуулан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гарган, хэрэгжилтийг хангаж ажиллах.
- Засгийн газрын 2022 оны “Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” 218 дугаар тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллахыг тус тус үүрэг болгов.

Улстөр нийгэм
Засгийн газар энэ оныг дуустал санхүүгийн хэмнэлтийн горимд шилжинэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар “Төсвийн санхүүжилтэд эрэмбэ тогтоож, төсвийн хэмнэлт, мөнгөн хөрөнгийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталлаа.
Тогтоолоор төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэрт гарах нэг удаагийн тэтгэмж, орон нутгийн нэмэгдэл тэтгэмж, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, бүх төрлийн халамж, сургууль, цэцэрлэг болон сургалтын байгууллагын урсгал засвар, санхүүжилт, төрийн байгууллагын интернетийн төлбөр, байр ашиглалтын зардал, хууль, хүчний байгууллагын тээвэр, шатахууны зардал, дотоодын томилолт, хоол хүнс, нормын хувцасны зардал, COP17 олон улсын бага хурлын зардал, Засгийн газрын өр, орон нутгийн нөөц хөрөнгийн санхүүжилтийг хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Харин дараах зардлыг хязгаарлахаар болсон байна. Үүнд:
- Олон улсын болон Засгийн газрын шийдвэртэйгээс бусад хурал, зөвлөгөөн, ой, тэмдэглэлт өдөр, найр наадам, соёлын арга хэмжээ;
- Урьдчилан төлөвлөсөн төрийн өндөр албан тушаалтны томилолтоос бусад гадаад томилолт, гадаадын зочин хүлээн авах зардал;
- Зайлшгүй шаардлагагүй тоног төхөөрөмж, тавилга, автомашин худалдан авах;
- Батлан хамгаалах, хууль зүйн салбараас бусад сургалт, дадлага;
- Хуулиар заавал мэдээлэхээс бусад кино, контент, хэвлэлийн зардал;
- Заавал олгохоос бусад тэтгэмж, урамшуулал.
Санхүүгийн хэмнэлтийн горимыг 2026 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл мөрдөнө. Харин эрүүл мэндийн салбар уг хэмнэлтийн горимд хамрагдахгүй бөгөөд цэцэрлэг, сургуулийн хүүхдийн эрт илрүүлэг, вакцинжуулалт, томуу, томуу төст өвчний эсрэг арга хэмжээ зэрэг зайлшгүй шаардлагатай ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилнэ гэж Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.
Мөн бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт салбар бүрдээ урсгал зардлыг 20 хувиар бууруулах, нөхөн томилгоо хийхгүй байх, аялал, амралт, зугаалга, хамт олны урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулахгүй байх, төрийн албанд шинэ орон тоо бий болгохгүй байх, эрчим хүчний хэрэглээг хэмнэх, хурал, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх, төрийн албан хаагчдыг зарим өдрүүдэд цахимаар ажиллуулах арга хэмжээг үргэлжлүүлэхийг үүрэг болголоо.
Төсвийн сахилга бат сайжирч, эдийн засгийн нөхцөл байдал хэвийн болсон тохиолдолд эдгээр хязгаарлалтыг үе шаттайгаар сулруулах юм.
Улстөр нийгэм
Монгол Улс COP17 бага хуралд 6.5 тэрбум ам.долларын санхүүжилт татах үндэсний стратегиа танилцуулна
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-д Монгол Улсаас дэвшүүлэх үндэсний стратегийн баримт бичгийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанд танилцууллаа.
Улаанбаатар хотноо 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд зохион байгуулах бага хурлын үеэр “Тал хээрийн төлөвлөгөө” үндэсний стратегийн баримт бичгийг олон улсад танилцуулах юм.
Уг төлөвлөгөө нь дараах гурван үндсэн санаачилгыг багтаажээ. Үүнд:
- Бэлчээрийн тэргүүлэх санаачилга
- Ус, газрын нэгдсэн менежментийн санаачилга
- Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилга
Эдгээр санаачилгын хүрээнд нийт 292 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж, 6.5 тэрбум ам.долларын санхүүжилт татахаар зорьж байна. Нэг төслийн дундаж санхүүжилтийн хэмжээ 700 мянган ам.доллар байхаар тооцжээ.
Улстөр нийгэм
“Улаанбаатар трам” төсөл хэрэгжсэнээр жилд 446 тэрбум төгрөгийн шатахуун хэмнэх боломжтой
Нийслэл Улаанбаатар хотод нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах, иргэдийн зорчих хугацааг хэмнэх, байгаль орчинд ээлтэй нийтийн тээврийн шинэ төрлийг нэвтрүүлэх зорилгоор “Нийтийн тээврийн Улаанбаатар трам” хөнгөн галт тэрэгний төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Төслийн хоёр шугамын техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дууссан байна. Нэгдүгээр шугамыг Зуслангийн бүсээс Сүхбаатарын талбай хүртэл 11 км урттай, 16 зогсоолтой байхаар төлөвлөсөн бол хоёрдугаар шугам нь Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 15 км үргэлжилж, 23 зогсоолтой байх юм.
Төслийг бүрэн хэрэгжүүлснээр цагт 10-12 мянган зорчигч тээвэрлэх хүчин чадал бүрдэж, замын хөдөлгөөний дундаж хурд 23.6 хувиар нэмэгдэх тооцоо гарчээ.
Трамвайн системийг хөгжүүлснээр нийтийн тээвэрт суурилсан хот төлөвлөлтийг дэмжиж, шугам болон зогсоолуудыг түшиглэсэн худалдаа, үйлчилгээ, орон сууцны шинэ бүсүүд бий болох боломжтой. Үүний зэрэгцээ ажлын байр нэмэгдэх, жижиг, дунд бизнесийн үйл ажиллагаа өргөжих, үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ өсөх зэрэг эдийн засгийн эерэг үр нөлөө үзүүлнэ гэж тооцсон байна.
Трамвай нь цахилгаан эрчим хүчээр ажилладаг тул ашиглалтын явцад агаар бохирдуулагч бодис шууд ялгаруулахгүй. Иргэд хувийн автомашинаас их багтаамжийн нийтийн тээвэрт шилжсэнээр замын хөдөлгөөний ачаалал, нүүрстөрөгчийн давхар исэл болон бусад хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах ач холбогдолтой.
Түгжрэлээс үүдэлтэй эдийн засгийн алдагдлыг тооцоход нэг автомашин өдөрт дунджаар 2.5 цаг түгжрэлд саатахдаа 3.45 литр шатахууныг үр ашиггүй зарцуулдаг байна. Ингэснээр нэг жолооч өдөрт 8,238.6 төгрөг, жилд 1.7 сая гаруй төгрөгийн шатахууны зардлыг зөвхөн түгжрэлд алддаг аж.
“Улаанбаатар трам” төсөл хэрэгжиж, авто замын ачаалал буурснаар трассын дагуух автомашинуудын шатахууны хэмнэлт жилд 446 тэрбум төгрөгт хүрэх боломжтой гэсэн тооцоог техник, эдийн засгийн үндэслэлд тусгажээ.
Төсөл хэрэгжсэнээр иргэдийн зорчих хугацаа богиносож, түгжрэлээс үүдэлтэй эдийн засгийн алдагдал буурахын зэрэгцээ аюулгүй, найдвартай, тав тухтай, хүртээмжтэй нийтийн тээврийн шинэ тогтолцоо бүрдэх ач холбогдолтой юм.
-
Үзэл бодол2024/03/22
Малчдад хүргэх тусламжийг үр дүнтэй зохион байгуулах талаар ярилцав
-
Цаг үе2021/05/21
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
-
Цаг үе2024/02/23
С.Амарсайхан: Малчид чадлынхаа хэрээр хичээж байгаа ч байгалийн давагдашгүй хүнд...
-
Цаг үе2023/07/31
Монгол Улсад долоодугаар сарын 29-ний өдөр 3739 жуулчин иржээ
