Цаг үе
Залайд хошуу: Будааны тариалалт, загас үржүүлгийн хосолсон хэлбэрээс өндөр ашиг хүртэж байна
Сүүлийн жилүүдэд Хянган аймгийн Залайд хошуу цагаан будаа тариалсан усандаа загас, хавч тэжээн үржүүлж “Нэг усанд хоёр үйлдвэрлэл, хос ашиг" загварыг хэрэгжүүлсэн байна. Ингэснээр нутгийн иргэд өндөр ашигтай ажиллах болжээ. Залайд хошууны Нун мөрөн шянгийн уугуул Шань Чунь-И нь цагаан будааны томоохон тариалагч юм. Тэрээр цагаан будаа-загасны хосолсон аж ахуйн загвартай танилцаж, тариалангийн талбайгаа додомдож, шалгалт өгч тэнцсэний дараа 2800 кг жараахайг үнэ төлбөргүй хүлээн авчээ.

Шань Чунь-И: "Манайхан 75 га талбайтай. Засгийн газраас нэг га-д 37.5 кг байхаар тооцож жараахайг үнэ төлбөргүйгээр өгсөн" гэв. Цагаан будааны тариалахын хамт загас үржүүлэхээс гадна хавчийг ч сүүлийн жилүүдэд үржүүлж эхэлсэн байна. 2022 онд тус хошуу нь 40 хоршоо, өрх, томоохон тариаланчдыг дэмжин 5400 га талбай бүхий цагаан будаа, загасны аж ахуйг цогцоор нь хөгжүүлж, шинэ аж ахуйн нэгжүүдийг эрчимтэй хөгжүүлсэнээр Хятад даяар алдартай Хянган цагаан будааны чанар, үр нөлөөг тогтворжуулах, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, ногоон үр ашгийг өсгөх, чанар стандартыг сайжруулах, байгаль орчныг хамгаалахад идэвхтэй үүрэг гүйцэтгэж байна. Цагаан будаа, загасны хосолсон энэхүү аж ахуй нь үр тарианы ургацыг тогтворжуулах, загасны аж ахуйг дэмжих, үр ашгийг нь нэмэгдүүлэх, байгаль экологийн орчныг сайжруулах зэрэг чиг үүрэг бүхий орчин үеийн эко дугуй хэлбэрийн ХАА-н хөгжлийн шинэ хэлбэр юм. Мөн Залайд хошууны Үндэсний орчин үеийн ХАА-н аж үйлдвэрийн паркт уг хошууны Газар тариалан, мал аж ахуй, шинжлэх ухаан технологийн албаны Усан технологи үйлчилгээний төвийн хамт олон орон нутгийн засаг захиргааны тусламжтайгаар 300 кг хавчийг цагаан будааны үзүүлэнгийн талбайд тавьж үржүүлэн орлогожих болжээ.
Синхуа тосгоны хөдөөг сэргээн хөгжүүлэх сургалтын бааз
200 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий Нунмөрөн шянгийн Синхуа тосгоны хөдөөг сэргээн хөгжүүлэх сургалтын баазыг 2021 оны аравдугаар сараас барьж эхэлсэн. Таван зуун мянган юанийн хөрөнгө оруулалтыг хийснээр 2022 оны зургадугаар сард албан ёсоор ашиглалтад оруулсан. Одоогийн байдлаар тус цех 24 ажилчинтай бөгөөд нэг хүний өдрийн дундаж орлого 60-120 юань аж. Өнөөдрийг хүртэл тус цехийн 14 ажилчин 200 гаруй жижиг гар урлалыг хийж байна.
Ядуурлаас ангижруулахад чиглэсэн жижиг цехүүд нь ажлын байрыг олноор бий болгох томоохон шатлал болжээ
Залайд хошууны Нунмөрөн суурингийн Синхуа тосгоны ядуурлаас ангижруулах цех рүү ороход оёдлын машины чимээ сонсогдож, ажилчид нь баяр хөөртэй ажиллаж байв. Жилийн хугацаатай бэлтгэл ажлын дараа буюу энэ оны 6 дугаар сард Синхуа тосгоны ядуурлаас ангижруулах энэхүү цех албан ёсоор ашиглалтад орсон. Синхуа тосгон бол хошууны захиргаа, намын хорооноос гол анхаарал хандуулж буй хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэх аж үйлдвэрийн үлгэр жишээ тосгон юм.

Цаг үе
Хамас Газын зурваст зэвсгээ хураалгах тохиролцоонд хүрчээ
Хамас болон Палестины бусад бүлэг Газын зурваст зэвсгээ хураалгах төлөвлөгөөний талаар Энхийн зөвлөлтэй тохиролцоонд хүрсэн гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдлээ. Тэрбээр үүнийг Газын зурваст энх тайван, аюулгүй байдлыг тогтооход чиглэсэн чухал алхам хэмээн тодорхойлжээ.
Аль Жазирагийн олж авсан баримт бичигт зэвсэг хураах нарийвчилсан төлөвлөгөөг 14 хоногийн дотор боловсруулах бөгөөд шаардлагатай тохиолдолд олон улсын хяналтын байгууллага болон талуудын зөвшөөрлөөр хугацааг сунгахаар тусгасан байна.
Хамасын хэлэлцээний төлөөлөгч Газий Хамад хэлэлцээ хүнд нөхцөлд өрнөснийг тэмдэглээд, Израил үүргээ биелүүлээгүй тохиолдолд тохиролцооны аль нэг хэсгийг хэрэгжүүлэхгүй гэж мэдэгджээ. Түүний хэлснээр зэвсэг хураах үйл явц нь Израилын цэрэг Газын зурвасаас гарах болон сэргээн босголтын ажлын ахицтай холбоотой аж. Израилын талаас одоогоор албан ёсны тайлбар хийгээгүй байна.
Тохиролцооны дагуу Үндэсний хороо болон Олон улсын тогтворжуулах хүчин Газын зурваст орсны дараа зэвсгийг бүртгэж, хадгалалтад шилжүүлэх ажиллагаа эхлэхээр болжээ. Энэ ажиллагааг Үндэсний хороо удирдаж, олон улсын хяналтын хороо ажиглах бөгөөд Палестины бүлгүүд оролцох юм.
Зэвсгийг Израил болон Палестины бус байгууллагад шилжүүлэхгүй, зөвхөн Газын зурвасыг удирдах Үндэсний хорооны хяналтад төвлөрүүлэхээр тусгасан байна. Эхний ээлжид цагдаагийн зэвсгийг шилжүүлж, дараа нь хүнд зэвсгийг ашиглалтаас гаргахаар төлөвлөжээ.
Үүний зэрэгцээ Израилын цэргийг Газын зурвасаас үе шаттай гаргаж, оронд нь Олон улсын тогтворжуулах хүчин болон Палестины шинэ цагдаагийн байгууллага ажиллахаар тохиролцсон гэж Доналд Трамп мэдэгдсэн байна.
Харин Палестины Исламын Жихад бүлэг уг тохиролцооны талаарх мэдээлэл бүрэн зөв биш бөгөөд нийтэд тархсан баримт бичгийн зарим заалтад санал нийлэхгүй байгаагаа илэрхийлжээ. Египетийн Каир хотод Египет, АНУ, Катар, Туркийн зуучлагчдын оролцоотой дараагийн шатны хэлэлцээг үргэлжлүүлэхээр төлөвлөсөн байна.
Цаг үе
Балбад шашин хоорондын мөргөлдөөний улмаас гурван хүн амиа алджээ
Балбын Ерөнхий сайд Балендра Шах Хиндү болон Исламын шашинт иргэдийн хооронд үүссэн мөргөлдөөний улмаас гурван хүн амиа алдсаны дараа иргэдийг тайван байж, эв нэгдлээ хадгалахыг уриаллаа.
Эмх замбараагүй байдал өнгөрсөн ням гарагт Энэтхэгийн хилтэй залгаа Сунсари дүүргийн Деванганж тосгонд эхэлжээ. Хиндү шашинтнуудын жагсаалын үеэр чанга хөгжим эгшиглүүлсэнтэй холбоотой маргаан хурцдаж, цахилгааны шон дээр байрлуулсан Исламын шашны тугийг буулган, оронд нь Хиндү шашны туг байрлуулсан нь зөрчлийг улам даамжруулсан байна.
Улмаар хоёр тал чулуу шидэлцэн мөргөлдөж, цагдаа нар эхлээд анхааруулах буудлага хийсний дараа гал нээжээ. Үүний улмаас нэг хүн амиа алдаж, олон хүн шархадсан байна.
Уг явдлын дараа хөрш Сираха дүүрэгт эсэргүүцлийн жагсаал өрнөж, лхагва гарагт дахин хоёр хүн амиа алдсанаар нийт хохирогчийн тоо гурав болжээ. Эсэргүүцэгчид зарим барилга, худалдааны төвийг галдан шатаасан тул эрх баригчид хэд хэдэн дүүрэгт хөл хорио тогтоож, олон нийтийн цуглааныг хязгаарласан байна.
Ерөнхий сайд Балендра Шах амь үрэгдсэн иргэдийн ар гэрт эмгэнэл илэрхийлээд, хэргийг ил тод, шударгаар шалгаж, буруутай этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцно гэдгийг онцолжээ. Мөн улс төрийн нам, шашны байгууллага, иргэний нийгэм болон хэвлэл мэдээллийн байгууллагуудыг нөхцөл байдлыг хурцатгахгүй байж, нийгмийн эв нэгдлийг хамгаалахад хамтран ажиллахыг уриалсан байна.
Балбын хүн амын дийлэнх нь Хиндү шашин шүтдэг. Энэтхэгтэй хил залгаа өмнөд бүс нутагт сүүлийн жилүүдэд шашин хоорондын хурцадмал байдал үе үе гарч байгаа бөгөөд энэ удаагийн хэрэг нь хамгийн ноцтой мөргөлдөөний нэг болжээ.

