Цаг үе
БНСУ-д оршин суугаа иргэдийн анхааралд!
БНСУ-ын Цаг уурын албанаас Тайваны зүүн тэнгисээс баруун хойд зүг рүү чиглэн ирж буй 11 дэхь хар салхи болох “Хиннамну” нь 9 сарын 5-6-ны өдрүүдэд (Даваа, Мягмар гараг) тус улсыг дайрна гэж мэдэгдлээ.
Энэхүү "Хиннамну" хар салхи нь тус улсыг урьд өмнө дайрч, их хэмжээний хохирол учруулж байсан “Сара” болон “Мэми” хар салхинуудаас ч илүү хүчтэй газардаж, их хэмжээний хохирол учруулж болзошгүйг анхааруулав.
Хар салхины эрчийг “дунд”, “хүчтэй”, “маш хүчтэй”, “супер хүчтэй” гэсэн 4 түвшинд хуваадаг ба энэхүү салхины эрчийг “супер хүчтэй”-гээс “хүчтэй” гэсэн ангилалд хамааруулж буй юм.
"Хиннамну" хар салхины тус улсад буух үеийн төвийн даралт нь 950гПа байх ба салхины дээд хурд нь 43 м/с байх төлөвтэй байна. Төвийн даралт бага байх тусам хар салхи хүчтэй байдаг.
1959 онд болсон “Сара” хар салхины төвийн даралт нь 951,5 гПа (Пусан хот) байсан ба энэ үеэр 849 иргэн амь үрэгдэж 200 гаруй хүн алга болж, 2003 онд ирсэн “Мэми” хар салхины төвийн даралт нь 954 гПа (Тунёнг хот) байсан нь “Сара” хар салхинаас бага боловч Пусан хот, Кёнгсан мужийг дайрч 117 иргэн амь үрэгдэж, 13 хүн алга болж, урьд өмнө байгаагүй хамгийн өндөр салхины хурд болох 60м/с гэж бүртгэгдэж байжээ.
Одоогоор "Хиннамну" хар салхины ирж байгаа зам болон хурд нь Мэмигийн замтай төстэй харагдаж байгаа юм байна.
Салхины хурд нь 43 м/с гэдэг нь галт тэрэг замаасаа хазайх хэмжээний хангалттай хүчийг хэлэх ба нөлөөллийн радиус нь 400 км-ээс ч дээш хэмжээний газар нутгийг хамрах төлөвтэй байна. Хар салхи ирж буйтай зэрэгцэн Жэжү хот, Пусан хот, Өмнөд Кёнгсан мужийн нутаг дэвсгэрт их хэмжээний бороо орох ба далайн эргийн үер, шуурга, голын үер, хөрсний гулгалт үүсэх тул ард иргэдийг урьдчилан бэлтгэлтэй байхыг анхааруулж байна.
Иймд иргэд Та бүхэн дээрхи өдрүүдэд онцын шаардлагагүй бол аль болох гэрээсээ гаралгүйгээр, сонор сэрэмжтэй, болгоомжтой байж, байгалийн гамшигаас урьдчилан сэргийлнэ үү.
ПУСАН ХОТОД СУУГАА КОНСУЛЫН ГАЗАРЦаг үе
Хамас Газын зурваст зэвсгээ хураалгах тохиролцоонд хүрчээ
Хамас болон Палестины бусад бүлэг Газын зурваст зэвсгээ хураалгах төлөвлөгөөний талаар Энхийн зөвлөлтэй тохиролцоонд хүрсэн гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдлээ. Тэрбээр үүнийг Газын зурваст энх тайван, аюулгүй байдлыг тогтооход чиглэсэн чухал алхам хэмээн тодорхойлжээ.
Аль Жазирагийн олж авсан баримт бичигт зэвсэг хураах нарийвчилсан төлөвлөгөөг 14 хоногийн дотор боловсруулах бөгөөд шаардлагатай тохиолдолд олон улсын хяналтын байгууллага болон талуудын зөвшөөрлөөр хугацааг сунгахаар тусгасан байна.
Хамасын хэлэлцээний төлөөлөгч Газий Хамад хэлэлцээ хүнд нөхцөлд өрнөснийг тэмдэглээд, Израил үүргээ биелүүлээгүй тохиолдолд тохиролцооны аль нэг хэсгийг хэрэгжүүлэхгүй гэж мэдэгджээ. Түүний хэлснээр зэвсэг хураах үйл явц нь Израилын цэрэг Газын зурвасаас гарах болон сэргээн босголтын ажлын ахицтай холбоотой аж. Израилын талаас одоогоор албан ёсны тайлбар хийгээгүй байна.
Тохиролцооны дагуу Үндэсний хороо болон Олон улсын тогтворжуулах хүчин Газын зурваст орсны дараа зэвсгийг бүртгэж, хадгалалтад шилжүүлэх ажиллагаа эхлэхээр болжээ. Энэ ажиллагааг Үндэсний хороо удирдаж, олон улсын хяналтын хороо ажиглах бөгөөд Палестины бүлгүүд оролцох юм.
Зэвсгийг Израил болон Палестины бус байгууллагад шилжүүлэхгүй, зөвхөн Газын зурвасыг удирдах Үндэсний хорооны хяналтад төвлөрүүлэхээр тусгасан байна. Эхний ээлжид цагдаагийн зэвсгийг шилжүүлж, дараа нь хүнд зэвсгийг ашиглалтаас гаргахаар төлөвлөжээ.
Үүний зэрэгцээ Израилын цэргийг Газын зурвасаас үе шаттай гаргаж, оронд нь Олон улсын тогтворжуулах хүчин болон Палестины шинэ цагдаагийн байгууллага ажиллахаар тохиролцсон гэж Доналд Трамп мэдэгдсэн байна.
Харин Палестины Исламын Жихад бүлэг уг тохиролцооны талаарх мэдээлэл бүрэн зөв биш бөгөөд нийтэд тархсан баримт бичгийн зарим заалтад санал нийлэхгүй байгаагаа илэрхийлжээ. Египетийн Каир хотод Египет, АНУ, Катар, Туркийн зуучлагчдын оролцоотой дараагийн шатны хэлэлцээг үргэлжлүүлэхээр төлөвлөсөн байна.
Цаг үе
Балбад шашин хоорондын мөргөлдөөний улмаас гурван хүн амиа алджээ
Балбын Ерөнхий сайд Балендра Шах Хиндү болон Исламын шашинт иргэдийн хооронд үүссэн мөргөлдөөний улмаас гурван хүн амиа алдсаны дараа иргэдийг тайван байж, эв нэгдлээ хадгалахыг уриаллаа.
Эмх замбараагүй байдал өнгөрсөн ням гарагт Энэтхэгийн хилтэй залгаа Сунсари дүүргийн Деванганж тосгонд эхэлжээ. Хиндү шашинтнуудын жагсаалын үеэр чанга хөгжим эгшиглүүлсэнтэй холбоотой маргаан хурцдаж, цахилгааны шон дээр байрлуулсан Исламын шашны тугийг буулган, оронд нь Хиндү шашны туг байрлуулсан нь зөрчлийг улам даамжруулсан байна.
Улмаар хоёр тал чулуу шидэлцэн мөргөлдөж, цагдаа нар эхлээд анхааруулах буудлага хийсний дараа гал нээжээ. Үүний улмаас нэг хүн амиа алдаж, олон хүн шархадсан байна.
Уг явдлын дараа хөрш Сираха дүүрэгт эсэргүүцлийн жагсаал өрнөж, лхагва гарагт дахин хоёр хүн амиа алдсанаар нийт хохирогчийн тоо гурав болжээ. Эсэргүүцэгчид зарим барилга, худалдааны төвийг галдан шатаасан тул эрх баригчид хэд хэдэн дүүрэгт хөл хорио тогтоож, олон нийтийн цуглааныг хязгаарласан байна.
Ерөнхий сайд Балендра Шах амь үрэгдсэн иргэдийн ар гэрт эмгэнэл илэрхийлээд, хэргийг ил тод, шударгаар шалгаж, буруутай этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцно гэдгийг онцолжээ. Мөн улс төрийн нам, шашны байгууллага, иргэний нийгэм болон хэвлэл мэдээллийн байгууллагуудыг нөхцөл байдлыг хурцатгахгүй байж, нийгмийн эв нэгдлийг хамгаалахад хамтран ажиллахыг уриалсан байна.
Балбын хүн амын дийлэнх нь Хиндү шашин шүтдэг. Энэтхэгтэй хил залгаа өмнөд бүс нутагт сүүлийн жилүүдэд шашин хоорондын хурцадмал байдал үе үе гарч байгаа бөгөөд энэ удаагийн хэрэг нь хамгийн ноцтой мөргөлдөөний нэг болжээ.

