Бидэнтэй нэгдэх

Урлаг спорт

Морьт харвааны олон улсын аварга шалгаруулах “Хийморь” наадам амралтын өдрүүдэд болно

Огноо:

,

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын морьт харваачдын холбоо хамтран Морьт харвааны олон улсын аварга шалгаруулах “Хийморь” наадмыг хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл өглөө.

Хэвлэлийн бага хуралд Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Бодлого, хэрэгжилтийн хэлтсийн дарга В.Батчимэг, Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар,  Монголын мрьт харваачдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Мөнхболд болон наадамд оролцохоор дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн шүүгч, дасгалжуулагч, тамирчид  оролцлоо.

Морьт харвааны олон улсын аварга шалгаруулах “Хийморь” наадмыг энэ амралтын өдрүүдэд буюу есдүгээр сарын 10, 11-ний өдөр “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулах юм. Энэ жилийн наадамд найман орны 30 гаруй тамирчид оролцохоор Улаанбаатарт ирээд байна. Цар тахлын жилүүдэд цахимаар зохион байгуулагдсан бол 2019 онд Монголд өргөн дэлгэр тэмдэглэсэн юм байна. Тухайн тэмцээнд 17 орны 41 тамирчин оролцож байжээ. Морин харваа бол Монголын эртний түүхтэй нягт холбоотой наадам гэдгийг Хэвлэлийн хурлын эхэнд онцолж байлаа.

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Бодлого, хэрэгжилтийн хэлтсийн дарга В.Батчимэг:

-Монгол Улсыг олон улсад сурталчлах, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн, шинэлэг үйлчилгээг бий болгох, жуулчдын сонирхлыг татсан арга хэмжээний тоог нэмэгдүүлэх зорилго бүхий “Хийморь” морьт харвааны наадмыг 2018 оноос зохион байгуулж эхэлсэн. Энэ жил дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй “Хийморь” наадамд оролцох олон улсын тамирчид ирээд байна. Наадмын үеэр морьт харваанаас гадна шагайн харваа, шонхор шувуу, морин циркийн үзүүлбэр,  үндэсний урлагийн үзүүлбэр үзүүлэх юм. Цаашид морьт харвааны төвийг Монгол Улсад байгуулах зорилготой ажиллаж байна гэсэн юм.

Монголын морьт харваачдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга  Д.Мөнхболд “Энэ жилийн наадам дэлхий нийтээрээ цар тахлыг даван туулсан сайхан үед болж байгаагаараа онцлог юм. Энэхүү тэмцээн бол түүхэн үйл явдлыг сэргээсэн, түүхийн олдворуудаас санаа авч сэргээсэн бүтээлч наадам гэдгийг тодотгоё. Ирэх онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголдоо зохион байгуулахаар болсныг дашрамд дуулгая. Тэрхүү тэмцээнд дэлхийн  34 орны тамирчид оролцохоо илэрхийлээд байгаа. Морьт харвааны тэмцээнийг та бүхэн маань очиж үзээрэй гэж хүсье” гэлээ.

УНАГАН БАЙГАЛЬТАЙ МОНГОЛД ХАЙРТАЙ

Өмнөд Африкаас хүрэлцэн ирсэн тэмцээний шүүгч  Амели Рашке /Amelia Raschke/ “Дэлхийн хөгжингүй орнуудад байгалийн унаган төрхийг ихэд алдагдуулсан байдаг. Гэтэл Монгол бол унаган байгалиа хайрлан хамгаалж буй орнуудын нэг. Тиймээс би Монголд хайртай. Энэ жилийн хувьд “Хийморь” наадамд 30 гаруй тамирчид оролцож байгаа ч ирэх жилүүдэд тамирчдын тоо улам бүр нэмэгдэнэ гэдэгт итгэж байна” гэлээ.  

Амели Рашке нь морьт харваачдын зургаан удаагийн тэмцээнд шүүгчээр ажилласан туршлагатай нэгэн юм. 2019 оны “Хийморь” морьт харваанд уригдан ирж ерөнхий шүүгчээр ажиллаж байжээ.

ОХУ-ЫН ТАМИРЧИД ХИЧЭЭН ОРОЛЦОХ БОЛНО

ОХУ-ын морьт харвааны холбооны тэргүүн, Кремлийн морин сургуулийн төлөөлөгч Сергей Одиноков:

-Монголд хүрэлцэн ирээд Монголын ард түмэн, морьт харвааны нэн эртний түүхтэй танилцахад таатай байна. Улаанбаатар төмөр замын вокзалд буухаас монголчууд биднийг халуун дулаан хүлээн авч байгаад баяртай байна. Монголын тамирчид бол маш хүчтэй өрсөлдөгчид. ОХУ-ын тамирчид маань дутахгүй өрсөлдөнө гэж итгэж байна. Энэ жил манай улсаас таван тамирчин ирсэн. Бидний дунд 2019 онд “Хийморь” тэмцээнд амжилттай оролцсон  Юрославль хотын Артивида клубын гишүүн Люба Марука, Ольга Жигулина, Халимаг улсаас Хонгор Владаев, Волгоград хотын морин спортын мастер тамирчин Сергей Канивазов нарын тамирчид хүрэлцэн ирээд байна.

МОНГОЛ АДУУТАЙ ТӨСТЭЙ МУСТАНГИЙГ ХАМГААЛАХЫН ТӨЛӨӨ АЖИЛЛАНА

АНУ-ын багийн дасгалжуулагч, Шинэ Мексикийн соёлын элч Кристин Жемма ДиФернандо /Cristin Gemma DiFernando/:

-Би нийт америкчуудыг төлөөлөн ирсний сацуу АНУ-ын уугуул иргэдийн төлөөлөл болж ирсэндээ маш их баяртай байна. Монголд ирээд хоёр сар гаруй болж байна. Саяхан би морьт өртөөгөөр 1000 гаруй км аялаад ирсэн. Монголд ирээд гэр бүл, анд нөхдийн нөхөрлөл, ахан дүүс ямар байдгийг мэдэрлээ. Би эндээс явмааргүй санагдаж байна. Америкийн уугуул иргэд морь сургаж, морьдтой ойрхон байдаг ч морьт харвааг сонирхоод жил гаруйн хугацаа өнгөрч байна. Монголд ирээд өртөөчлөн аялахдаа 60 гаруй морь сэлгэж унасан байна. Монгол нутагт тал дүүрэн адуу бэлчиж байгааг харахад үнэхээр гайхалтай байлаа. Монгол морьд бол зэрлэг адуу мустангтай ерөнхийдөө төстэй санагдсан. Шинэ Мексикийн хойд хэсэгт мустанг зэрлэг адуу олон бий. Бэлчээр доройтуулах эрсдэлтэй гэж үзэн Америкийн Засгийн газраас мустангийн тоо толгойг барих бодлого барьж байдаг. Тиймээс би буцаж очоод зэрлэг адууг хамгаалах талаар санаачилга гарган ажиллана” гэсэн юм.

“Хийморь-2022” олон улсын морьт харвааны наадам нь олон улсын морьт харвааны холбоо /lHAA/-ны “Gran Prix” тэмцээний дүрмээр Унгар, Турк харваа болон Монголын морьт харваачдын холбоо /MHAA/-ны “Gran Prix” тэмцээний дүрэм болох  таван байны төрөл, Монгол бөмбөг намнаа, багийн тэмцээн гэсэн төрлөөр явагдах юм байна. Наадамд Монголын морьт харвааны холбоо, клубийн тамирчид болон ОХУ, Өмнөд Африк, Япон, АНУ, Малайз, Израйл улсын харваачид оролцож, Өмнөд Африкийн болон Монголын морьт харвааны холбооны шүүгчид тэмцээнийг шүүх юм. Мөн наадмын үеэр урлагийн тоглолт, морин циркийн үзүүлбэр, шагайн харвааны үзүүлэх тоглолт, шонхор шувууны үзүүлбэр, үндэсний үйлдвэрлэл, гар урлалын үзэсгэлэн худалдааг зохион байгуулна.

Морьт харвааны олон улсын аварга шалгаруулах “Хийморь” наадмыг 2023 онд дэлхийн аварга шалгаруулах  нээлттэй тэмцээн болгон өргөжүүлэхээр төлөвлөжээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Урлаг спорт

Хамтын ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх бүрэн боломжтойг тодорхойлов

Огноо:

,

Монгол Улсын УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам МҮСХ болон МҮБХ-ны удирдлагууд тэргүүн Ц.Магалжав, гүйцэтгэх захирал И.Доржсамбуу, МҮСХ-ны ажлын албаны дарга М.Ариунболд нарыг хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтаар:

1. Үндэсний спортыг дэмжигч байгууллагуудыг татварын хөнгөлөлтөнд хамруулах хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах санал,
2. Нүүдэлчдийн гал голомт, эртний түүхтэй Монгол орондоо Нүүдэлчдийн Дэлхийн их наадмыг 2026 онд МҮСХороотой хамтран Олон улсын хэмжээнд өргөн хүрээнд зохион байгуулах, үндэсний бөхийн төрлөөр Дэлхийн аварга шалгаруулах барилдааныг зохиох нөхцөл боломжийг судлан ажиллах,
3. Монгол улсаа сурталчлах үйл ажиллагаанд Монголын Үндэсний спортын хороо болон МҮБХ-той хамтран үндэсний бөхийн шилдэг тамирчдыг оролцуулж ажиллах,
4. Үндэсний бөхийн Төрийн оролцоотой зарим барилдаануудыг шууд дамжуулж буй МҮОНРТ-ийн дамжуулалтын үйл ажиллагааг дэмжин ажиллах зэрэг асуудлуудыг хэлэлцэн санал солилцлоо.

Уулзалтаар талууд дээрх асуудлуудад нэгдсэн байр суурьтай ажиллах боломжтойг илэрхийлж, хамтын ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх бүрэн боломжтойг тодорхойлов гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.  

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Чингис хаан үзэсгэлэн ирэх онд Берлинд нээгдэнэ

Огноо:

,

Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун ХБНГУ-ын Берлиний Улсын Музейн бүрэлдэхүүн дэх Пруссийн Соёлын Өвийн Сангийн харьяа Өвөг ба Эртний Түүхийн музейн захирал Др.Проф. Маттиас Вемхофф,тус музейн эрдэм шинжилгээний ажилтан Доктор Антон Гасс нартай өчигдөр албан уулзалт хийжээ.

Уулзалтын үеэр Берлинд ирэх онд зохион байгуулагдах үзэсгэлэнгийн бэлтгэл ажил болоод музей хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хийгдэх гэрээ, каталог, дагалдах хөтөлбөр, реклам зар сурталчилгаа бусад асуудлаар ярилцаж тохиролцов.

Дашрамд мэдээлэхэд, Чингис хаан Үндэсний музей нь гадаад харилцаа хамтын ажиллагаандаа ихээхэн анхаарч ажилласнаар одоогийн байдлаар 2023 онд Франц улсын Нантын түүхийн музейд Чингис хааны тухай олон улсын үзэсгэлэн, 2024 онд Европийн улс орнуудад хадгалагдаж байгаа. 

Монголын эзэнт улстай холбоотой ховор нандин дурсгалууд багтсан “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг эх орондоо дэлгэж, 2025 онд Чех Улсын Прага хотноо “Чингис хаан” үзэсгэлэн, Япоын Осака хотноо “World expo2025” үзэсгэлэнд Монголын эзэнт гүрний түүхийг харуулсан үзмэрүүдээрээ оролцсон бол, хэдхэн хоногийн өмнө Швейцарын Холбооны улсын Цюрих хотын хамгийн том урлагийн музей болох Ритбергийн музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” үзэсгэлэнг дэлгэж Европчуудад Монголын түүх, соёлыг сурталчан хүргэж байна.

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Нүүдэлчдийн түүхийг орчин цагтай холбон цаг хугацаагаар аялуулж эхэллээ

Огноо:

,

Чингис хаан Үндэсний музей нь Швейцарын Ритберг музейтэй хамтран “Монгол орон: Цаг хугацааны аялал буюу Mongolia-A Journey Through Time” тусгай үзэсгэлэнгээ Цюрих хотноо (2025.10.23) дэлгэж нээлтээ хийжээ.

Үзэсгэлэнгийн нээлтэд Монголын талаас ССАЖЗЯ-ны ТНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Даваацэрэн, Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун, Соёл, урлагийн газрын Урлаг, уран бүтээлийн газрын дарга С.Дэлгэрмаа, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал Г.Рэгзэн, Хархорум музейн захирал Т.Баяраа, Швейцарын Холбооны Улс дахь Байнгын төлөөлөгч бөгөөд Элчин сайд Д.Гэрэлмаа болон эрдэмтэн судлаачид, Швейцарын талаас Цюрих хотын захирагч Коринне Маух, Ритбергийн музейн захирал Aннетт Бхагват болон бусад төлөөлөл 200 гаруй үзэгчид оролцлоо.

Их эзэн Чингис хааныхаа суу алдрыг дэлхийн дахинд түгээх, нүүдлийн иргэншилт Монголчуудын өв соёлыг сурталчлан таниулах, Чингис хаан болон Монголын эзэнт гүрний хүн төрөлхтний түүхэнд үзүүлсэн нөлөө, түүхэн үнэнийг ирээдүй хойч үед зөв танин мэдүүлэх зорилгоор Чингис хаан Үндэсний музей, Хархорум музей ШУА-ийн харьяа Археологийн хүрээлэн хамтран 162 дэсийн 235 үзмэр, эд өлгийн зүйлсээр баяжуулан дэглэсэн үзэсгэлэн нь ирэх оны хоёрдугаар сарын 22-ны өдрийг хүртэл дэлгэгдэнэ.

Уг үзэсгэлэн Монгол орны талаарх хэвшмэл ойлголтыг өөрчлөхийн зэрэгцээ орчин үеийн урлагийг Монголын түүхтэй холбон гаргаж үндсэн гурван хэсгээс бүрдэж буй юм. Хүннү гүрнээс Монголын эзэн гүрэн хүртэлх 1-14 зуунд ЕвроАзийн соёл, техник бараа бүтээгдэхүүний солилцоонд Монголчууд эртний соёлын бүс нутаг байсныг маш сонирхолтой байдлаар дүрслэн үзүүлж байна.

Үзэсгэлэнг нээж ССАЖЗЯ-ны ТНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Даваацэрэн хэлэхдээ “Энэхүү үзэсгэлэн нь эртний нүүдэлчдийн мянганаар хэмжигдэх өв уламжлал,үндэсний сэтгэлгээний цөмийг орчин цагийн хүмүүнд хүргэх онцгой завшаан болоод Монголын ард түмний түүхийн замнал, урлагийн өв, оюун санааны гүн гүнзгий илэрхийлэл юм. Соёл нь улс орнуудыг холбодог хамгийн хүчирхэг хэл, үзэсгэлэн нь тэр гайхамшигт хэлний тод жишээ юм” гэдгийг тодотгов.

Тэрбээр Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун “ Монгол орон: Цаг хугацааны аялал үзэсгэлэн нь Монголын нүүдэлчдийн түүхийг бүрэн хэмжээнд харуулахын зэрэгцээ нүүдлийн ертөнцөд биднийг хөтлөн хүргэж илүү гайхамшиг, илүү өндөр технологи, ур чадварыг мэдрүүлэх болно. Ирээдүй болгон гайхамшиг биш, харин өнгөрсөн нь түүнээс ч дутуугүй бишрүүлнэ. Зөвхөн цаг хугацаагаар аялах төдий зүйл биш шинэ мэдлэгийг өнгөрснөөс олж, ирээдүйд илгээх зурвас юу болохыг энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан мэдрэх болно” хэмээн онцлон хэллээ. Ритбергийн музей нь Монгол болон Дорно дахины өв соёлын цуглуулгаараа гайхамшигтай Швейцар улсын хамгиийн том урлагийн музей бөгөөд Монголын соёлын өвийг дэлхийн дахинд сурталчлан таниулах үйлсэд бидэнтэй үргэлж хамтран ажилладагт талархлаа илэрхийлье гэв.

Чингис хаан Үндэсний музей нь энэ жил Чех Улсын Прага хотноо “Чингис хаан” үзэсгэлэн, Япоын Осака хотноо “World expo2025” үзэсгэлэнд Монголын эзэнт гүрний түүхийг харуулсан үзмэрүүдээрээ оролцсон бол, Швейцарын Цюрих хотноо анхны үзэсгэлэнгээ дэлгэж Европийн үзэгчдэд хүргэж байна.

Тус үзэсгэлэнг Чингис хаан Үндэсний музейн куратор Л.Есөнтэй, Үзмэрийн бүртгэл хариуцсан бүртгэл мэдээллийн санч С.Буянжаргал нар Монголоос үзмэрүүдийг хариуцан авчирч Ритбергийн музейд хүлээлгэн өгч, зохион байгуулалтын бэлтгэл ажлыг ханган танхимуудад дэглэлтийн ажлыг бүрэн гүйцэтгэв.

Эх сурвалж: Чингис хаан Үндэсний музей

Дэлгэрэнгүй унших

Санал болгох