Шударга мэдээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийн хоёр, гуравдугаар багцын барилга угсралтын ажил 2025 онд дуусна
Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл төлөвлөлт, инженерчлэлийн үе шатнаас 2021 онд бүтээн байгуулалтын ажилд шилжсэн.
Тус бүтээн байгуулалтын ажлыг дөрвөн багцад хуваан ажиллаж буй бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 26-ны хуралдаанаар хоёр, гуравдугаар багцад багтсан худалдан авалт, барилга угсралтын ажлын Ерөнхий гүйцэтгэгч шалгаруулах тендерт шалгарсан БНЭУ-ын "Мега инженеринг Инфрастракчер" компанитай Инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын гэрээ байгуулах асуудлыг шийдвэрлэсэн.
Үүний дагуу 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, "Мега инженеринг Инфрастракчер" компанийн Үйлдвэрлэл хариуцсан захирал Палимпати Доория нар гэрээнд гарын үсэг зурлаа.
Уг ёслолын ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, БНЭУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд М.П.Сингх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Даваадалай болон УУХҮЯ, ГХЯ, ЭЗХЯ, Сангийн яамны албан тушаалтнууд, Төслийн менежментийн зөвлөх “Инженерс Индиа Лимитед” компанийн төлөөлөгчид биечлэн оролцсон бол БНЭУ-ын ЭКСИМ банк, “Инженерс Индиа Лимитед” компанийн удирдлагууд цахимаар оролцлоо.
"Мега инженеринг Инфрастракчер" компани хоёр, гуравдугаар багц ажлуудыг хамтад нь гүйцэтгэх бөгөөд 2025 оны дөрөвдүгээр улиралд бүтээн байгуулалтын ажлыг дуусгахаар төлөвлөж буй юм.
Тус бүтээн байгуулалтын эхний багц ажил буюу Технологийн бус барилга байгууламжид, иргэний есөн барилга, 44 км ус дамжуулах хоолой, 30 мянган м.куб багтаамжтай усны нөөцийн резервуар, үйлдвэрийн талбайн дэд бүтцийн байгууламжууд багтаж буй бөгөөд барилга угсралтын ажлыг БНЭУ-ын “Жэй Эм Си Прожектс Индиа” компани гүйцэтгэж байгаа юм. Тус ажлыг ирэх онд дуусгахаар төлөвлөн, ажиллаж байна.
Шударга мэдээ
Шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэглэнэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн ээлжит хуралдаанд “Автобензин, дизель түлшний онцгой албан татварын тухай” асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа.
Монгол Улс 2026 оны наймдугаар сард ОХУ-ын “Роснефть”, “Нефтьхимисервис”, “Газпром нефть” болон бусад компани, БНХАУ, БНСУ-аас нийт 86,460 тонн АИ-92 автобензин, 1,280 тонн АИ-95 автобензин, 178,650 тонн дизель түлш, 7,000 тонн онгоцны түлш авахаар захиалгаа баталгаажуулж, гэрээ байгуулжээ.
Ойрх Дорнод дахь геополитикийн нөхцөл байдал, Орос, Украины дайнаас шалтгаалсан газрын тосны үнийн өсөлт дэлхийн зах зээлд буураагүй байна. Үүний улмаас наймдугаар сард хил үнэ тонн тутамд дахин өсөж, ОХУ болон бусад эх үүсвэрээс худалдан авах шатахууны үнэ 1,200-2,000 ам.долларт хүрчээ.
Иймд дотоодын зах зээл дэх үнийн өсөлтийг сааруулахын тулд гаалийн болон онцгой албан татварыг тэглэх шаардлага үүссэнийг салбарын сайд танилцуулсан байна.
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ шатахууны бүх төрөлд экспортын хориг тавьсан ч Монгол Улс уг хоригт хамрагдахгүй гэдгийг онцоллоо. Мөн БНХАУ, БНСУ-аас шаардлагатай түлш, шатахуун нийлүүлэхээр тохиролцсон байна.
Тэрбээр шатахууны нөөц, түгээлтийн мэдээллийг иргэдэд ил тод хүргэж, 33 жилийн дараа анх удаа хэрэгжиж буй шатахуун нөөцлөх 22 сав, агуулахын барилгын ажлын явцыг Засгийн газар болон олон нийтэд тогтмол мэдээлэхийг үүрэг болгожээ.
“Газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор бүх төрлийн шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэг хувиар тогтоолоо.
Мөн газрын тосны бүтээгдэхүүн, шатахууныг хилээр шуурхай нэвтрүүлэх, тээвэрлэх, буулгах, гадаад вагонцистерний ашиглалтын төлбөр, хураамжийг хөнгөвчлөх, шаардлага хангасан зөвшөөрлийн хүсэлтийг түргэн шийдвэрлэх, шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Шударга мэдээ
Нөөцийн махны хяналтын тогтолцоог шинэчилнэ
Шударга мэдээ
Шатахууныг улсын дугаарын тэгш, сондгойгоор олгож байна
Өчигдөр шөнийн 00:00 цагаас эхлэн шатахууныг автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор олгож, нэг удаагийн цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлах зохицуулалт хэрэгжиж байна. Тус зохицуулалт наймдугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд шатахууны нөөцийг жигд хуваарилах зорилготой.
Өнөөдөр таны автомашины улсын дугаар тэгш тоогоор төгссөн бол шатахуун авах боломжтой юм.
Сануулахад:
- 0, 2, 4, 6, 8 буюу Улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн автомашин эзэмшигчид 8 дугаар сарын 4, 6, 8, 10, 12, 14-ний өдрүүдэд,
- 1, 3, 5, 7, 9 буюу Улсын дугаар нь сондгой тоогоор төгссөн автомашин эзэмшигчид 8 дугаар сарын 5, 7, 9, 11, 13, 15-ны өдрүүдэд шатахуун авна.
Иргэд, жолооч та бүхэн хуваарийн дагуу шатахуун түгээх станцуудаар үйлчлүүлнэ үү.

