Шударга мэдээ
Өнөөдөр нийслэлийн бүх шатны сургууль, цэцэрлэг цахимаар хичээллэнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалантай зөвшилцсөний үндсэн дээр Цаг агаарын хүндрэлээс үүдэн гарах эрсдэлийг бууруулах, замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг зохицуулах зорилгоор авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргалаа.
Уг захирамжийн хүрээнд 2022 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр буюу өнөөдөр нийслэлийн хэмжээнд бүх шатны сургууль, цэцэрлэгийг цахимаар хичээллүүлэх, нийслэлийн зарим байгууллагын албан хаагчдын 60-аас доошгүй хувийг гэрээс нь ажиллуулах, тодорхой гудамж, замын хөдөлгөөнд өөрчлөлт оруулах зэргээр зохицуулалт хийнэ.
Энэ бямба гарагаас эхлэн даваа гараг хүртэл буюу 36 цагийн турш цас орж, зарим газар 40 хэм хүртэл цочир хүйтэрнэ гэсэн урьдчилсан мэдээг Цаг уур, орчны шинжилгээний газраас өгсөн.
Олон улсад цаг уурын ноцтой өөрчлөлт гарах үед хүүхдийн аюулгүй байдлыг хамгийн чухалд тооцон, эрсдэлээс урьдчилан сэргийлдэг жишгээр болзошгүй эрсдэлээс бага насны хүүхдийг сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс энэхүү захирамжийг гаргаж буй.
Цаг агаарын нөхцөл байдал хүндрэх үеэр Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон дүүргүүд бэлэн байдалд, бүрэн бүрэлдэхүүнээр ажиллана. Мөн эл өдөр замын хөдөлгөөний ачаалал тодорхой хэмжээгээр буурах тул энэ хугацаанд гудамж, замыг цэвэрлэж, халтиргаа гулгаанаас сэргийлэх арга хэмжээ авна.

Захирамжийн хүрээнд Нийслэлийн Засаг дарга
- Төрийн болон төрийн бус өмчийн бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахимаар хичээллүүлэх;
- Эмнэлэг, цагдаа, онцгой байдал, инженер хангамж, дэд бүтцийн чиглэлээр байнгын бэлэн байдлыг ханган ажилладгаас бусад нийслэл, дүүргийн бүх шатны байгууллагын ажилтан, албан хаагчдын 60-аас доошгүй хувийг болон жирэмсэн эмэгтэй, 10 хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцгийг гэрээс нь цахимаар ажиллуулах;
- Замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг зохицуулах зорилгоор зорчилт хөдөлгөөний ачаалал ихтэй гудамж, замын уулзварт тээврийн хэрэгслийн хөдөлгөөний урсгал, чиглэлийг түр өөрчлөх, хязгаарлах, хаах;
- Чиглэлийн тээврийн хэрэгсэл, тусгай дуут болон гэрлэн дохио бүхий тээврийн хэрэгслүүдийг үндсэн чиглэл, маршрутын дагуу зорчилт хийхийг дэмжих зохион байгуулалтын арга хэмжээ авч, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллах;
- Замын хөдөлгөөний урсгал, чиглэлийг түр өөрчилж, хязгаарласан гудамж, замуудад нийтийн хэв журам, аюулгүй байдал, бэлэн байдлыг хангаж, зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцан ажиллах;
- Замын хөдөлгөөний цогц үйл ажиллагааны цаг үеийн зохион байгуулалтыг удирдан ажиллах зэргийг холбогдох албаныханд үүрэг болголоо.
Тус өдөр зах, худалдааны төв, худалдаа, үйлчилгээний газруудын үйл ажиллагаанд ямар нэгэн хязгаарлалт тавихгүй. Мөн захирамжийн хүрээнд байгууллагын албан хаагчдын 50-иас доошгүй хувийг болон жирэмсэн эмэгтэй, 12 хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцгийг гэрээс нь цахимаар ажиллуулахыг нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагын удирдлагуудад зөвлөж байна.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
Шударга мэдээ
Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
Сонгинохайрхан дүүргийн мал бүхий хороодын нутаг дэвсгэрт байгаа бог малыг дархлаажуулах ажил 6 дугаар сарын 17-ны өдрөөс эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 19000 толгой малыг хамруулж дархлаажуулалтын ажил 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Уг дархлаажуулалтад 32000 толгой бог малыг хамруулахаар төлөвлөгдсөн байгаа аж.

Шударга мэдээ
Боловсруулах үйлдвэрийн төслүүдийг эрчимжүүлэхээр БНХАУ-тай тохиролцов
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо зохион байгуулагдаж буй “Зуны Давос” чуулга уулзалтад оролцох үеэрээ /2026.06.23/ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай хоёр талын уулзалт хийлээ.
БНХАУ нь Монгол Улстай хөгжүүлж буй харилцаагаа чухалчлан үзэж, хөрш орнуудтайгаа “Найрсаг дотно, чин сэтгэлээсээ, харилцан ашигтай, хүртээмжтэй” байх бодлого баримталж ирснийг Монголын тал сайшаав.

Уулзалтаар хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, эрдэс баялаг, эрчим хүч, ногоон хөгжил, шинэ технологи, инновацын хамтын ажиллагааг бодит төслүүдээр урагшлуулах асуудлыг хэлэлцэв.
Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын Засгийн газар бодлогын тогтвортой байдал, залгамж чанарыг эрхэмлэж, хоёр улсын дээд, өндөр түвшинд хүрсэн нэгдсэн ойлголцлыг бодит ажил хэрэг болгохын төлөө байгааг тэмдэглэлээ. Монгол Улс цаашид түүхий эдийг зөвхөн түүхийгээр нь экспортолдог загвараас татгалзаж, нэмүү өртөг шингэсэн боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилт тавьж буйг онцлов.
Энэ хүрээнд зэс, хөнгөн цагаан, ган зэрэг боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр БНХАУ-тай хамтран хэрэгжүүлэх төслүүдийн явц, тулгамдаж буй асуудал, хэрэгжилтийг түргэсгэх арга замын талаар санал солилцлоо. Ерөнхий сайд Н.Учрал эдгээр төслийг зөвхөн худалдааны асуудал бус, Монгол Улсын эдийн засгийн бүтцийг өөрчлөх, ажлын байр нэмэгдүүлэх, технологи нутагшуулах, экспортын орлогыг өсгөх стратегийн ач холбогдолтой гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Монгол Улс түүхий эдийн нийлүүлэгчээс нэмүү өртөг бүтээгч улс болох ёстой. Түүхий эдийг түүхийгээр нь гаргадаг түүхийг халж, боловсруулах үйлдвэр, технологи, үйлдвэрлэлийн шинэ суурийг хамтдаа байгуулах цаг болсон гэдгийг онцолсон юм.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралтай дахин уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж, “Зуны Давос” чуулга уулзалтад оролцож буйд талархал илэрхийллээ.

Уул усаар холбогдсон мөнхийн хөрш Монгол Улстай хөгжүүлж буй харилцаандаа Хятад улс өндөр ач холбогдол өгч, хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тулгуур баримт бичгийн үзэл санааны дагуу талууд тус тусын тусгаар тогтнол, бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдал, өөрсдийн сонгосон хөгжлийн зам, язгуур эрх ашгийг харилцан хүндэтгэх үндсэн зарчмыг баримтлан харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Мөн Монголын тал “Нэг Хятад”-ын бодлогыг тууштай баримталж, Тайвань, Хонконг, Шинжаан, Төвөдийн талаарх Хятадын байр суурийг дэмжиж ирсэнд талархалтай байдгаа тэмдэглэв.

Олон улсын нөхцөл байдал ээдрээтэй, таамаглашгүй байгаа энэ цаг үед НҮБ-ын дүрмийг сахин хамгаалж, даян дэлхийн энх тайван, аюулгүй байдал, бүс нутгийн тогтвортой байдлыг хамтдаа сахин хамгаалж, найрсаг хөршийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь хоёр улсын эрх ашигт нийцэхийг Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян онцлон тэмдэглэв.
Талууд хоёр улсын худалдааны бүтцийг төрөлжүүлэх, экспортын нэр төрлийг нэмэгдүүлэх, боловсруулах үйлдвэрлэл, дэд бүтэц, тээвэр логистик, эрчим хүчний хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн тулд аж ахуйн нэгж хоорондын шударга хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих эрх зүйн үндсийг бий болгохыг зорьж ажиллахаар санал нэгдэв.
Ерөнхий сайд Н.Учралын хувьд шинэ цагийн залуу удирдагчийн хувиар Монгол Улсын эдийн засгийн сэргэлтийг бодит төсөл, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, технологийн хамтын ажиллагаагаар түргэсгэхийг зорьж байна. Энэ удаагийн уулзалт нь Монгол Улс түүхий эдийн экспортод тулгуурласан уламжлалт загвараас үйлдвэрлэл, боловсруулалт, нэмүү өртөг, технологид суурилсан эдийн засаг руу шилжих зорилтыг урагшлуулах чухал алхам боллоо.

Шударга мэдээ
Говийн бүсэд 1500 ажлын байр бий болох Бортээгийн ордын үйл ажиллагаа эхэллээ
Өмнөговь аймаг дахь Тавантолгой бүлэг ордын томоохон хэсэг болох Бортээгийн ордын үйл ажиллагаа 2026 оны зуогаадугаар сарын 20-ны өдөр албан ёсоор эхэлж, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал оролцов.

Ерөнхий сайд Монгол Улсын Засгийн газар зургаадугаар сарын 3-нд монголчууд өөрсдөө стратегийн ордоо ашиглах түүхэн шийдвэр гаргасан. “Эрдэнэс Тавантолгой” ХК Бортээгийн төслийг гардан хариуцаж, үндэсний аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтран ажиллана гэдгийг тэмдэглэв.

Засгийн газрын энэ шийдвэр гадаадын хөрөнгө оруулалтыг үгүйсгэсэн хэрэг огтоос биш юм. Гагцхүү гадаадын хөрөнгө оруулалт бүр ил тод хариуцлагатай, илүү бодит өгөөж үлдэцтэй байх үндсэн зарчим, үндэсний эрх ашгаа баримтлах ёстой. Баялгийнхаа үнэ цэн, иргэндээ хүртээх үр өгөөжийг өсгөн нэмэхийн тулд уул уурхай, олборлох салбарт хариуцлагатай, ил тод сайн засаглал тогтоох тухай олон жилийн дуусаагүй яриаг дуусгах ажил өнөөдөр эхэлж байна гэдгийг онцоллоо.

Бортээгийн ордыг олборлох эхний шанага тавихтай нэгэн зэрэг, энэ цаг мөчид “Эрдэнэс Тавантолгой” ХК олон улсын “БДО” аудитын байгууллага, Монголын хөрөнгийн биржтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулж байна. Энэ бол Засгийн газрын “Чөлөөлье” бодлого бодит амьдралд хэрэгжиж, экспортын гол судас болсон “Эрдэнэс Тавантолгой”-г нээлттэй хувьцаат компани (IPO) болгох ажлын бэлтгэлээ базаах эхлэл. Хариуцлагатай уул уурхайг дэмжих, олон улсын ESG стандарт, ил тод засаглал болон байгаль орчин, нийгмийн хариуцлагыг бодитоор хэрэгжүүлэх нь салбарын цаашдын хөгжлийн суурь болно гэлээ.

Бортээгийн төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын эдийн засагт дараах бодит үр өгөөж гарна. Үүнд:
Ордын хүчин чадал: Тус орд нь 424.2 сая тонн нүүрсний нөөцтэй бөгөөд жилд 15 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай.
Төсвийн орлого: Эхний 10 жилд улс, орон нутгийн төсөвт 4.4 их наяд төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлнэ. Энэ нь Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 13 орчим хувьтай тэнцэнэ.

Дотоодын хөрөнгө оруулалт: Үндэсний компаниудтай хамтран олборлолт, өрөмдлөг, тэсэлгээ, тээвэрлэлтийг хамтран хэрэгжүүлснээр 10 жилд 10.2 их наяд төгрөг Монгол Улсын эдийн засагт үлдэнэ.
Ажлын байр: Говийн бүсэд 1,500 гаруй шинэ ажлын байр бий болгоно.
Байгалийн баялгийн өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох Үндсэн хуульд заасан үндсэн зарчим, Үндэсний баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж, Бортээгийн ордын үнэ цэнийг өсгөж, иргэдийн ашиг орлого, амьдралын чанарыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулна.

Бортээгийн ордын үйл ажиллагаа эхэлж буй нь 2012 онд 2.5 сая иргэнд 1,072 хувьцаа эзэмшүүлж байсан байгалийн баялгийн үр өгөөжийг ард иргэд, орон нутгийн хөгжилд бодитоор үлдээх төрийн бодлогын шууд үргэлжлэл юм. Ингэснээр тус орд нь үндэсний чадавх, эдийн засгийн өгөөж, хариуцлагатай уул уурхайн шинэ жишгийг нэгтгэсэн стратегийн ач холбогдол бүхий төсөл болж байна.







-
Цаг үе2020/11/19
Энэ өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн...
-
Шударга мэдээ2019/06/17
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
-
Улстөр нийгэм2020/10/28
Монгол - Хятадын хэвлэл мэдээллийн XI форум амжилттай болж өнгөрлөө
-
Цаг үе2021/06/03
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
