Цаг үе
Нийслэлийн шилдэг хүүхдүүдийг шалгарууллаа
Мэдлэг, авьяас, хичээл зүтгэлээрээ тэргүүлэн сурлага, урлаг, спорт болон бусад чиглэлд амжилт гарган манлайлсан хүүхдүүдийг Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас шалгарууллаа. Авьяаслаг, тэргүүний хүүхдүүдийг олон нийтэд алдаршуулах, үе тэнгийнхэнд нь үлгэр дуурайлал үзүүлэх зорилготой “Нийслэлийн оны онцлох хүүхэд” шалгаруулах ёслолын үйл ажиллагааг өнөөдөр зохион байгуулсан юм.

2022 оны “Нийслэлийн онцлох хүүхэд”-ээр:
- Нандинжаргалын Оюундарь / “Бритиш” сургуулийн 4 дүгээр ангийн сурагч/
- Энхбаатарын Индра / “Оюунлаг тулга” сургуулийн 8 дугаар ангийн сурагч/
- Мэндсайханы Хос-Эрдэнэ / 5 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч /
- Эрдэнэдоржийн Саяжаргал /23 дугаар лаборатори сургуулийн 9 дүгээр ангийн сурагч/
- Ганчулууны Аззаяа / 141 дүгээр сургуулийн 11 дүгээр ангийн сурагч/
- Мэндсайханы Анунгоо / "Шинэ зуун билэг" сургуулийн 10 дугаар ангийн сурагч/
- Гүррагчаагийн Өсөх-Ирээдүй / “Олонлог Эгзэ” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч /
- Ганзоригийн Хүслэн /“American school” сургуулийн бэлтгэл ангийн сурагч /
- Алтантөгсийн Энгүүн / "Смарт" олон улсын сургуулийн сурагч / нар шалгарлаа.

Мөн “Оны онцлох оюунлаг хүүхэд” номинацид ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Наранбаатарын Сувдыг шалгаруулсан бол “Оны онцлох манлайлагч хүүхэд”-ээр Нийслэлийн ерөнхий боловсролын 67 сургуулийн 12 дугаар ангийн сурагч Өлзийсайханы Амгаланзаяа тодорлоо.
2022 оны Улсын аваргын хамтлаг бүжгийн төрлөөр хүрэл медаль хүртсэн, ерөнхий боловсролын 62 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Ганболдын Уянгыг “Оны онцлох авьяаслаг хүүхэд”, 100 буудалт даамны спортод амжилт гаргасан Анхбаярын Дашчирэвийг “Оны онцлох тамирчин хүүхэд”-ээр шалгарууллаа. Түүнчлэн жюү жицүгийн тамирчин, ерөнхий боловсролын 163 сургуулийн 3 дугаар ангийн сурагч Доржсэмбэ-ийн Цогт-Очирыг “Оны онцлох хүүхэд”-ээр тодруулсан юм.

Цаг үе
Хамас Газын зурваст зэвсгээ хураалгах тохиролцоонд хүрчээ
Хамас болон Палестины бусад бүлэг Газын зурваст зэвсгээ хураалгах төлөвлөгөөний талаар Энхийн зөвлөлтэй тохиролцоонд хүрсэн гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдлээ. Тэрбээр үүнийг Газын зурваст энх тайван, аюулгүй байдлыг тогтооход чиглэсэн чухал алхам хэмээн тодорхойлжээ.
Аль Жазирагийн олж авсан баримт бичигт зэвсэг хураах нарийвчилсан төлөвлөгөөг 14 хоногийн дотор боловсруулах бөгөөд шаардлагатай тохиолдолд олон улсын хяналтын байгууллага болон талуудын зөвшөөрлөөр хугацааг сунгахаар тусгасан байна.
Хамасын хэлэлцээний төлөөлөгч Газий Хамад хэлэлцээ хүнд нөхцөлд өрнөснийг тэмдэглээд, Израил үүргээ биелүүлээгүй тохиолдолд тохиролцооны аль нэг хэсгийг хэрэгжүүлэхгүй гэж мэдэгджээ. Түүний хэлснээр зэвсэг хураах үйл явц нь Израилын цэрэг Газын зурвасаас гарах болон сэргээн босголтын ажлын ахицтай холбоотой аж. Израилын талаас одоогоор албан ёсны тайлбар хийгээгүй байна.
Тохиролцооны дагуу Үндэсний хороо болон Олон улсын тогтворжуулах хүчин Газын зурваст орсны дараа зэвсгийг бүртгэж, хадгалалтад шилжүүлэх ажиллагаа эхлэхээр болжээ. Энэ ажиллагааг Үндэсний хороо удирдаж, олон улсын хяналтын хороо ажиглах бөгөөд Палестины бүлгүүд оролцох юм.
Зэвсгийг Израил болон Палестины бус байгууллагад шилжүүлэхгүй, зөвхөн Газын зурвасыг удирдах Үндэсний хорооны хяналтад төвлөрүүлэхээр тусгасан байна. Эхний ээлжид цагдаагийн зэвсгийг шилжүүлж, дараа нь хүнд зэвсгийг ашиглалтаас гаргахаар төлөвлөжээ.
Үүний зэрэгцээ Израилын цэргийг Газын зурвасаас үе шаттай гаргаж, оронд нь Олон улсын тогтворжуулах хүчин болон Палестины шинэ цагдаагийн байгууллага ажиллахаар тохиролцсон гэж Доналд Трамп мэдэгдсэн байна.
Харин Палестины Исламын Жихад бүлэг уг тохиролцооны талаарх мэдээлэл бүрэн зөв биш бөгөөд нийтэд тархсан баримт бичгийн зарим заалтад санал нийлэхгүй байгаагаа илэрхийлжээ. Египетийн Каир хотод Египет, АНУ, Катар, Туркийн зуучлагчдын оролцоотой дараагийн шатны хэлэлцээг үргэлжлүүлэхээр төлөвлөсөн байна.
Цаг үе
Балбад шашин хоорондын мөргөлдөөний улмаас гурван хүн амиа алджээ
Балбын Ерөнхий сайд Балендра Шах Хиндү болон Исламын шашинт иргэдийн хооронд үүссэн мөргөлдөөний улмаас гурван хүн амиа алдсаны дараа иргэдийг тайван байж, эв нэгдлээ хадгалахыг уриаллаа.
Эмх замбараагүй байдал өнгөрсөн ням гарагт Энэтхэгийн хилтэй залгаа Сунсари дүүргийн Деванганж тосгонд эхэлжээ. Хиндү шашинтнуудын жагсаалын үеэр чанга хөгжим эгшиглүүлсэнтэй холбоотой маргаан хурцдаж, цахилгааны шон дээр байрлуулсан Исламын шашны тугийг буулган, оронд нь Хиндү шашны туг байрлуулсан нь зөрчлийг улам даамжруулсан байна.
Улмаар хоёр тал чулуу шидэлцэн мөргөлдөж, цагдаа нар эхлээд анхааруулах буудлага хийсний дараа гал нээжээ. Үүний улмаас нэг хүн амиа алдаж, олон хүн шархадсан байна.
Уг явдлын дараа хөрш Сираха дүүрэгт эсэргүүцлийн жагсаал өрнөж, лхагва гарагт дахин хоёр хүн амиа алдсанаар нийт хохирогчийн тоо гурав болжээ. Эсэргүүцэгчид зарим барилга, худалдааны төвийг галдан шатаасан тул эрх баригчид хэд хэдэн дүүрэгт хөл хорио тогтоож, олон нийтийн цуглааныг хязгаарласан байна.
Ерөнхий сайд Балендра Шах амь үрэгдсэн иргэдийн ар гэрт эмгэнэл илэрхийлээд, хэргийг ил тод, шударгаар шалгаж, буруутай этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцно гэдгийг онцолжээ. Мөн улс төрийн нам, шашны байгууллага, иргэний нийгэм болон хэвлэл мэдээллийн байгууллагуудыг нөхцөл байдлыг хурцатгахгүй байж, нийгмийн эв нэгдлийг хамгаалахад хамтран ажиллахыг уриалсан байна.
Балбын хүн амын дийлэнх нь Хиндү шашин шүтдэг. Энэтхэгтэй хил залгаа өмнөд бүс нутагт сүүлийн жилүүдэд шашин хоорондын хурцадмал байдал үе үе гарч байгаа бөгөөд энэ удаагийн хэрэг нь хамгийн ноцтой мөргөлдөөний нэг болжээ.

