Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Ипотекийн зээлийн найман хувийн хүүг бууруулахад хөрөнгө оруулагчидтайгаа зөвшилцөх хэрэгтэй

Огноо:

,

Нүүдэлчин ард түмэн нийлж суугаад суурин амьдралд суралцах замнал 100 гаруй жилийн түүхтэй байдгаас төвлөрсөн халаалт тог цахилгаантай нийтийн болон амины орон сууцанд амьдарч эхэлсэн нь түүнээс ч богино хугацаатай. Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр нэг амьдрах гэдэг ойлголт гэр хорооллын төвлөрөл, хотын хүн ам, өрхийн тоо огцом нэмэгдсэн цагаас  бүтэхгүй болох нь ойлгомжтой болсон. Хүн амыг орон сууцжуулах нь орчин цагт улс орны хөгжил, амьдралын чанарын чухал үзүүлэлт болж, үе үеийн засгийн газрууд, бодлого боловсруулагчдын толгойны өвчин болж, янз бүрийн арга хэмжээ санал санаачлага гаргаж ирсэн байдаг. Тухайлбал 2004 онд Засгийн газраас 40.000 айлын орон сууцны хөтөлбөрийг зарлаж байсан хэдий ч тухайн үед орон сууцны санхүүжилтын буюу ипотекийн зээл төдийлөн олдоц багатай, жилийн 15-20 хувь хүүтэй, хугацаа богино буюу ойролцоогоор 15 хүртэл жил байжээ. Учир нь тухайн үеийн арилжааны банкууд өөрийн эх үүсвэрээр буюу богино хугацаат хадгаламжаар урт хугацаат орон сууцны зээлийг санхүүжүүлэх боломж муутай байсан гэдэг.

Тэгвэл 2013 онд тухайн үеийн Засгийн газар Монголбанктай хамтран орон сууцны хөнгөлттэй хүүтэй ипотекийн зээл буюу найман хувийн хүүтэй хөтөлбөрийн зээлийг эхэлж байжээ. Магадгүй олон тооны жижиг том оролдлогоос одоогийн ипотекийн зээлийн хөтөлбөр хамгийн урт хугацаанд оршин тогтнож, хамгийн олон иргэд зээл хүртэж, орон байртай болсон үр дүнтэй хөтөлбөр болсон гэж хэлж болохоор байна. Албаны мэдээллээр 2013 оноос одоо хүртэл нийт 100.000 гаруй иргэн орон сууцны ипотекийн зээлд хамрагдсан гэсэн тоо байна. Энэ нь иргэдийн хувьд өөрийн эзэмшлийн үл хөдлөх хөрөнгөтэй болох санхүүгийн сайхан нөхцлийг бүрдүүлж өгсөн нь харагдаж байна. Гэвч сайны хажуугаар саар гэдгээр олон өрхийг байр орон сууцтай болгосон энэхүү хөтөлбөрийн тухай янз бүрийн мэдээлэл гарах болсон. Цар тахлын жилүүдэд ипотекийн зээлийн төлөлтийг хоёр жил хагас хугацаанд хойшлуулсан бол шинэ оноос зээлээ төлж эхэлж байна.

Үүнтэй зэрэгцэн ипотекийн зээлтэй иргэдийн зүгээс найман хувийн хүүг зургаан хувь болгож тэгшитгэх саналыг гаргах боллоо. Энэ асуудалд албаны хүмүүсийн өгсөн тайлбар мэдээллийг шүүж үзлээ. Одоо хэрэгжиж буй орон сууцны хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийн загварын дагуу эхлээд иргэн зээлийн шаардлага хангаад арилжааны банк болон төв банкны хамтарсан эх үүсвэрээр зээлээ авдаг байна. 2013 оноос хойш Монголбанкнаас зээлийн эх үүсвэрийн 60, 80 гэх мэт хувийг харин арилжааны банкууд зах зээлээс татсан богино хугацаатай, өндөр хүүтэй эх үүсвэрээсээ 40, 20 гэх мэт хувийг гаргаж иржээ. Зээл олгосны дараа ойролцоогоор хоёр жилийн хугацаанд багтаан тухай ипотекийн зээлүүдийг орон сууцны санхүүжилтийн хоёрдогч зах зээл дээр бонд болгон арилжаалж хугацааг нь уртасгадаг юм байна. Улмаар тухайн ипотекийн орон сууцны зээлүүд арилжааны банкны балансаас хасагддаг гэсэн үг. Энэ схемийн дагуу явсаар 2017 оноос ипотекийн зээлийн эргэн төлөлтөөр шинэ зээл гардаг өөрөө эргэлддэг буюу энэхүү систем тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүлж эхэлсэн байна.  Найман хувийг зургаан хувь болгон буулгах боломжгүй бол биш гэжээ. Ингэхдээ өнгөрсөн хугацаанд олгосон найман хувийн зээл нь хоёрдогч зах зээлд арилжаалагдсан буюу урт хугацаат 20-30 жилийн бонд хэлбэрт орсон байгаа. Энэ нь тухайн үед мөрдөгдөж байсан хууль, журмын дагуу хөрөнгө оруулагчид ирээдүйд олох орлого, эрсдэлээ тооцоолж худалдан авсан санхүүгийн бүтээгдэхүүн юм байна. Өөрөөр хэлбэл хоёр тал харилцан тохиролцож гэрээгээр зохицуулагдсан харилцаанд төр засгийн зүгээс шууд оролцож нөлөөлөх боломжгүй харагдаж байна. Энэ нь засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг дэмжиж оролцож байгаа дотоодын хөрөнгө оруулагчдад төр нүүрээ буруулж байгаа хэлбэр болох нь ээ. Ингэснээр урт хугацаат бага хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлийг бондыг худалдаж авах дотоодын хөрөнгө оруулагчдын итгэл алдарч, дараагийн бондуудыг санхүүжүүлэхээс татгалзан орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр зогсох санхүүжилт буурах хүртэл эрсдэлтэй гэж зарим эдийн засагчид онцолсон байна. Харин ирээдүйд олох хүүгийн зөрүүний орлого буюу зардал 300 гаруй тэрбум төгрөгийг хэн хэрхэн хариуцах талаар бонд эзэмшигчидтэй уулзаж зөвшилцөлд хүрснээр тухайн асуудлыг шийдвэрлэх боломжтой гэжээ. Хэрэв тухайн зардлыг төр хариуцахаар бол жил бүрийн улсын төсөвт тодорхой зардал төсөвлөж, оруулах шаардлага үүснэ. Эсрэгээрээ дотоодын хөрөнгө оруулагч хувийн хэвшил хариуцах бол төрийн зүгээс ямар дэмжлэг үзүүлж болох талаар бодитой санал тусгагдана.  

Ипотекийн найман хувийн зээлийг зургаан хувь болгосноор өөр төрлийн эрсдэл үүсэх магадлалтай. Хүүгийн зөрүү төлбөр иргэдийн халаасанд үлдэх бөгөөд тэр хэмжээгээр худалдан авалт нэмэгдэж үнийн өсөлт, инфляцийг хөөрөгдөх эрсдэлтэй. Энэ нь нэг халаасанд нь хийгээд нөгөө халааснаас нь авах буюу нийт иргэдэд илүү хохиролтой зүйл болохыг үгүйсгэхгүй. Ипотекийн зээлийн хүүг нийтэд нь зургаан хувь болгох асуудлыг олон талаас нь дэнслэх бодох шаардлагатай юм байна. Ялангуяа энэ хөтөлбөрт оролцож ирсэн дотоодын бонд эзэмшигчдтэй хэлэлцэн зөвшилцөх, тэдний итгэлийг алдахгүй байх дээр бодитой ажил хийх шаардлагатай нь харагдаж байна.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхий сайд СОР17 бага хурлын бэлтгэл, төслийн талбай дахь бүтээн байгуулалтын явцтай танилцав

Огноо:

,

НҮБ-ын цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17-р бага хурлыг /СОР17/ Монгол Улс энэ оны наймдугаар сарын 17-28-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна.

Ерөнхий сайд Н.Учрал тус хурлын бэлтгэл болон төслийн талбай дахь бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, салбар хоорондын уялдаа холбоог хангаж, мэдээлэл солилцлоо.

СОР 17 нь Монгол Улсад дэлхий нийтийн анхаарал, хөрөнгө оруулалт, туршлага, дэвшилтэт технологийг татах, цөлжилттэй тэмцэх, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал арга хэмжээ юм. 

Уг бага хурлыг Ногоон болон Цэнхэр бүс гэсэн хоёр үндсэн хэсэгт хуваан, тус бүрийг өөр өөр агуулга, сэдвийн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөжээ. 

Дэлхийн 190 орчим орны 2,000 гаруй төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд буй СОР17 бага хурлын ач холбогдлыг иргэдэд таниулах ажлыг эрчимжүүлэхийг Ерөнхий сайдН.Учрал үүрэг болголоо. Мөн бага хурлын зохион байгуулалттай холбоотой санхүү, төсвийн мэдээллийг олон нийт болон шийдвэр гаргагчдад ил тод, нээлттэй байлгахыг холбогдох албаныханд даалгав. 

COP17 хурлын үеэрх замын хөдөлгөөний зохицуулалт, түр хаалт, нийтийн тээврийн чиглэл, сургууль, цэцэрлэг, зах, худалдаа үйлчилгээний төвийн ажиллах хуваарь зэрэг шаардлагатай мэдээллийгнаймдугаар сарын 1-нээс өмнө иргэдэд хүргэж ажиллахыг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо.

“Эх байгалиа сэргээж, итгэл найдвараа бадраая” уриатай СОР17 бага хурал нь Монгол Улсын Засгийн газрын ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, зорилтуудыг олон улсын түвшинд уялдуулах чухал алхам болох юм.

Малчдын төлөөллийг тус хуралд оролцуулж, тэдний санал, хүсэлтийг олон улсад  хүргэх ёстой гэсэн саналыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат хэлж байлаа. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон 2026 оны 07 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.

Ерөнхийлөгч Эмомали Рахмоныг “Буянт-Ухаа” нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Тажикистан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Батжаргал, Бүгд Найрамдах Тажикистан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хайрулло Ибодзода нар угтаж авлаа.

Энэ төрийн айлчлал нь Бүгд Найрамдах Тажикистан Улсын төрийн тэргүүний 2009 онд манай улсад хийсэн төрийн айлчлалаас хойш 17 жилийн дараа болж байна. Хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцоно.

Айлчлалын үеэр худалдаа, эдийн засаг, боловсрол, спорт, геологи, ашигт малтмал, байгаль орчин, аж үйлдвэр зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурна.

Төрийн тэргүүн нар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Тажикистаны “Үндэсний ногоон хөгжлийн хөтөлбөр-2040” хөтөлбөрийг уялдуулан хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн дэлхий нийтийн хамтын хүчин чармайлтад хувь нэмрээ оруулахыг зорьж байна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2026” олон улсын чуулга уулзалт эхэллээ

Огноо:

,

Бүс нутгийн хөгжлийн хамтын ажиллагааг дэмжих “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2026” олон улсын чуулга уулзалт Улаанбаатар хотноо эхэллээ. Дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа энэхүү чуулга уулзалтад олон улсын болон дипломат байгууллага, эрдэмтэн судлаачид, бодлого боловсруулагчдын төлөөлөл, төрийн байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн нийт 600 орчим төлөөлөгч оролцож байна.

Энэхүү чуулга уулзалт нь Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-аас 2015 онд баталсан, 2030 он хүртэл хэрэгжүүлэх ядуурлыг бууруулах, байгаль орчныг хамгаалах, тэгш байдал, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах 17 зорилгыг хэрэгжүүлэх талаар бодлогын түвшинд санал солилцдог хамтын ажиллагааны платформ юм.

Өмнөх хоёр жилд энэхүү яриа хэлэлцээгээр Жендэрийн тэгш байдал ба тогтвортой хөгжил, Энх тайван, шударга ёс, хүчирхэг институци гэсэн тогтвортой хөгжлийн 5, 16 дахь зорилгуудын талаар ярилцсан бол энэ удаа 17 дахь зорилго болох Хөгжлийн төлөөх улс, орнуудын түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцэж байна.

Тийм ч учраас Чуулга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Тогтвортой хөгжлийн зорилгуудын 35 хувь нь төлөвлөсөн түвшнээс доогуур хэрэгжилттэй, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгамдсан сорилтууд улам бүр нарийн түвэгтэй болж байгааг дурдан, улс орнууд хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, илүү үр дүнтэй түншлэл бий болгох шаардлагатайг тэмдэглэсэн юм.

Тэрбээр, өнөөгийн нөхцөл байдалд 17 дугаар зорилгын хэрэгжилт чухлаар тавигдаж байгааг онцлоод, геополитикийн ээдрээтэй нөхцөл байдал, өсөн нэмэгдэж буй сөргөлдөөн, үл итгэлцэл, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, цөлжилт, усны нөөцийн хомсдол, биологийн олон янз байдлын алдагдал зэрэг харилцан уялдаатай олон сорилтыг нэг улс дангаараа даван туулах боломжгүй гэлээ.

"Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ" чуулга уулзалт бүс нутгийн улс орнуудын харилцан итгэлцлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, тогтвортой хөгжлийн нийтлэг зорилгыг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах үр нөлөөтэй хамтын ажиллагааны чухал индэр болж байгааг Монгол Улсын Ерөнхий сайд талархан дурдаад, Монгол Улс Риогийн гурван конвенцын нэг болох Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо зохион зохион байгуулахаар эрчимтэй ажиллаж байгааг мэдээлэв.

Тогтвортой байдлын яриа хэлэлцээний энэхүү чухал платформыг Монгол Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд асан Г.Занданшатарын хамтаар санаачилсан НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, "Сайхан ирээдүйн төлөө" сангийн тэргүүн Бан Ги Мүн олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлага улам бүр чухлаар тавигдаж байгааг мөнхүү онцоллоо. Дэлхий дахины амар амгалан байдлын тогтолцоог сайжруулж, тулгаран буй хүндрэл, сорилтыг шийдвэрлэхийн төлөө тууштай хамтран ажиллахыг тэрбээр чуулга уулзалтын нээлтийн үеэр уриалсан юм.

Түншлэл, хамтын ажиллагааны шинэ арга хэлбэр, санаачилгыг гаргаж, шинэлэг хандлага, хүчин чармайлтаа эрчимжүүлэхэд "Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ" чухал үр дүн гаргана гэдэгт эргэлзэхгүй байгаагаа тэрбээр илэрхийлэв.

Чуулга уулзалтыг санаачлагч Монгол Улсын Ерөнхий сайд асан Г.Занданшатар технологи, инновацийн ололт амжилт, тэр дундаа хиймэл оюун ухааныг нийгмийн моралийг сэргээх, засаглалыг эрүүлжүүлэхэд хамгийн хүчтэй зэвсэг болгон ашиглах боломжтойг тэмдэглэж, авлигыг засах, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх, геополитикийн сорилтуудыг даван туулж, аюулгүй байдлыг хангах төдийгүй дэлхий дахины ардчиллын ухралтыг эерүүлж, түүнийг сэргээн батжуулах гарц шийдлийг олоход технологийн ололт, хиймэл оюун ухааныг ашиглах тодорхой саналыг дэвшүүлсэн тавив.

Тэрбээр хүн болгон AI-г эзэмшье гэсэн уриалгыг чуулга уулзалтын индрээс дэвшүүлж, гарц шийдэл бидний гарт байна, технологийн хүчээр дэлхийн ардчиллыг сэргээгч бүс нутгийн түүчээ болж, шинжлэх ухааны үндэслэлтэй улс төр, ухаалаг эдийн засаг, эв дүйтэй дипломат ажиллагааг нэгтгэн, хиймэл оюуныг хүний эрх чөлөө, сайн сайхны төлөө хөтөлж, ирээдүйгээ ухаалгаар, аюулгүйгээр, зоригтойгоор хамтдаа бүтээцгээе гэлээ.

Чуулга уулзалтыг хамтран зохион байгуулагчдын нэг нь Стэнфордын их сургуулийн Ази, Номхон далай судлалын төв (APARC) юм. Тус төвийн захирал, Япон судлал, социологийн профессор, ноён Киёотэрү Цуцуи чуулга уулзалтад оролцогчдод амжилт хүсэж хэлсэн үгэндээ хамтын ажиллагааны чухал механизмыг тогтвортой үргэлжлүүлэх нь бүс нутгийн хөгжлийн үйл явцад ач холбогдолтойг онцлов.

Тэрбээр дэлхийн олон нийт өнөөдөр ихээхэн “өөр” нөхцөл байдалтай тулгарч байгааг хэлээд, тогтвортой хөгжлийн зорилгууд бол бидний хүсэн хүлээж буй ирээдүй учир хэрэгжилтийг эрчимжүүлэх үр дүнтэй арга хэрэгслийг бүрэн дүүрэн ашиглах зүйтэй гэсэн юм.

Чуулга уулзалт хэсгийн хэлэлцүүлгүүдээр үргэлжилж байна 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе12 цаг 27 минут

Шинэ хичээлийн жилийн бэлтгэл болон бусад цаг үеийн ажлын талаар хэл...

Цаг үе12 цаг 31 минут

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно

Шударга мэдээ12 цаг 34 минут

Мөнгөний нийлүүлэлт 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 26...

Цаг үе12 цаг 38 минут

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

Улстөр нийгэм12 цаг 44 минут

Ерөнхий сайд СОР17 бага хурлын бэлтгэл, төслийн талбай дахь бүтээн б...

Улстөр нийгэм12 цаг 47 минут

Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон Монгол Улсад төрийн айлч...

Цаг үе2026/07/03

"Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо ц...

Шударга мэдээ2026/07/03

Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал за...

Улстөр нийгэм2026/07/03

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2026” олон улсы...

Улстөр нийгэм2026/07/03

Гадаад харилцааны сайд Б. Батцэцэг UNCCD COP17 бага хурлын талбайн б...

Санал болгох