Улстөр нийгэм
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа

Монгол Улсын Засгийн газраас боловсруулсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан 2023 оны нэгдүгээр сарын 09-ний өдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг Улсын Их Хурлаас 1994 онд баталж, 1995 оноос хэрэгжүүлснээс хойш тэтгэврийн шимтгэл ногдуулах болон тэтгэвэр тогтооход баримтлах цалин хөлсний дээд хэмжээг тодорхойлох, тэтгэвэр тогтооход баримталсан цалин хөлсний дундаж хэмжээг тэтгэвэр авагчийн хүсэлтээр нэг удаа өөрчлөх боломжийг олгох, тэтгэвэр бодох жишиг цалинг тогтоох, үнэ ханшны өсөлт, амьжиргааны өртөгтэй уялдуулан тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, эхчүүдийн хүүхдээ асрах чөлөөтэй байгаа хугацааны шимтгэл төлөх харилцааг зохицуулах зэрэг олон арга хэмжээг авч хэрэгжүүлсэн.
Монгол Улсын Их Хурлаас нийгмийн даатгалын хууль эрх зүйн хүрээнд ажил олгогч болон даатгуулагчийн төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 2018 оноос үе шаттайгаар нэмэгдүүлж 17.0 хувьд хүргэх, өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх насыг 2018 оноос жил бүр 3 сараар нэмэгдүүлж, 2042 онд эрэгтэй хүн, 2067 онд эмэгтэй хүний өндөр насны тэтгэвэрт гарах насыг тус тус 65 насанд хүргэх, хүүхэд төрүүлж, өсгөсөн эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сараар нэмэгдүүлж тооцохоор хуульчилсан. Мөн даатгуулагч өөрийн хүсэлтээр эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 насандаа өндөр насны тэтгэвэр тогтоолгох тохиолдолд тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих доод хугацааг 2038 он хүртэл жил бүр 3 сараар нэмэгдүүлэх, малчны өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны болзлыг 5 жилээр наашлуулах, тэтгэвэр тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дараалсан хугацааг 7 жил болгон өөрчилж, дундаж цалингийн хэмжээг мөн хугацааны цалин хөлсний нийт дүнг 84 сард хувааж тооцох зэрэг зохицуулалтуудыг тус тус тусгасан.
Тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэх, өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг төрсөн оноос нь хамааруулан тогтоох, тэтгэврийн наснаас эрт тэтгэвэр тогтоолгох иргэдийн хувьд шимтгэл төлсөн байвал зохих хугацааг үе шаттайгаар өсгөх зэрэг тэтгэврийн параметрийн өөрчлөлтүүд хийж байгаа ч хүн амын насжилт, тэтгэвэр авагчдын тооны өсөлт нь тэтгэврийн даатгалын сангийн зардал, улсын төсвийн ачааллыг улам нэмэгдүүлж цаашид үүсэх асуудлуудыг нэг мөр шийдвэрлэж чадахгүйд хүрээд байна.
Монгол Улсын тэтгэврийн даатгалын сангаас 2022 оны 11 дүгээр сарын байдлаар 476.2 мянга гаруй тэтгэвэр авагчдад 2.8 их наяд төгрөг зарцуулсан. Өндөр насны тэтгэвэр авагчдын тоо нийт тэтгэвэр авагчдын 77.9 хувь буюу 371.1 мянгад хүрсэн. Түүнчлэн 10 даатгуулагчид ногдох тэтгэвэр авагчийн тооны харьцаа 2020 онд 4 байгаа бөгөөд 2025 оноос эхлэн хүн ам зүйн цонх үе хаагдаж, дундаж наслалт нэмэгдсэнээр нийт хүн амд эзлэх тэтгэвэр авагчдын тоо өсөж 2030 онд 7, цаашид 2050 оноос 9 тэтгэвэр авагч болохоор байна.
Мөн хүн амын дундаж наслалт 2021 онд 71.01 жил болж, 26 жилийн өмнөх дундаж наслалтын түвшинтэй харьцуулахад 7.23 жилээр өссөн. Тухайлбал, эрэгтэйчүүдийн дундаж наслалт 67.05 болж 4.95 жилээр, эмэгтэйчүүдийнх 76.47 болж 11.04 жилээр тус тус өссөн байна. Тэтгэврийн насны хүн 2020 онд нийт хүн амын 9.85 хувийг эзэлж байсан бол 2030 онд 13.37, 2050 онд 19.42 хувьд хүрэхээр байна.
Иймээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Монгол Улсын тэтгэврийн сангийн урт хугацааны тогтвортой байдал, тэтгэврийн зохистой хэмжээг хангах бодлогын хувилбарыг боловсруулах хэтийн тооцооллыг Дэлхийн банкны зөвлөхөөр хийлгэсэн. Энэхүү тооцооллоор дараах зөвлөмжийг Дэлхийн банкнаас өгсөн.
Монгол Улс тэтгэврийн даатгалын тогтолцоондоо параметрийн шинэчлэл хийхээ хойшлуулах тусам төсвийн зардал нэмэгдэж, илүү тогтвортой, шударга байдлыг хангасан параметр бүхий тогтолцоонд шилжихэд улам л хүндрэлтэй болно. Суурь тооцооллоос харахад тэтгэврийн даатгалын санд шаардагдах улсын төсвийн татаас хурдацтай өсч, төсвийн даацаас хэтрэх түвшинд очихоор байна. Улсын төсвийн татаас 2021 онд ДНБ-ий 1.4 хувьтай тэнцэж байсан бол 2030 онд 6.8 хувь, 2050 онд 11.3 хувь хүртэл өсөх төлөвтэй байна. Мөн шимтгэлийн хувь хэмжээг ирээдүйд олгохоор амлаж буй тэтгэврийн хэмжээтэй сайтар уялдуулалгүйгээр доогуур тогтоосон, тэтгэвэрт гарах нас эрт байгаа нь улсын төсвийн татаасыг нэмэгдүүлэхэд гол нөлөөлөл үзүүлж байна. Тэтгэвэр тогтоолгох эрх үүсгэсэн ахмад настны тоо нэмэгдсээр байгаа нь цаашид зардлыг улам өсгөнө.
Тэтгэврийн зардлыг санхүүжүүлэхэд чиглэсэн улсын төсвийн татаасын өсөлтийг хязгаарлахын зэрэгцээ тэтгэврийн тогтолцоог илүү шударга, ирээдүйд авах тэтгэврийн хэмжээг илүү тодорхой болгох зорилгоор дараах шинэчлэлийг санал болгосон байна. Үүнд:
|
Өнөөгийн хэрэгжиж буй хуулийн хүрээнд шимтгэл төлж ажилласан хугацаа, тэтгэвэр тогтоох насны талаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиас бусад салбарын хуульд тусгасан нь хууль хооронд зөрчил, хийдэл үүсгэж байна. Тухайлбал, Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд Цэцийн гишүүнээр ажиллаж байсан иргэний өндөр насны тэтгэврийг цалингийн 60 хувиар бодох, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд шүүгчээр 25 жил ажилласан, эсхүл 55 нас хүрсэн шүүгч, мөн Прокурорын тухай хуульд 50 насанд хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласнаар тус тус өндөр насны тэтгэвэр тогтоолгож болохоор заасан нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуультай зөрчилдөж, хуулийг хэрэгжүүлэхэд хүндрэл үүсгэж байсан.
Мөн богино хугацааны буюу хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгох харилцааг даатгуулагчийн урт хугацааны тэтгэврийн харилцаатай нэгтгэн зохицуулсныг салгаж тусдаа хуулиар зохицуулах шаардлагатай байна.
Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулиар 1960 оноос хойш төрсөн иргэнд тэтгэвэр тогтоох, олгохтой холбоотой харилцааг зохицуулж байгааг нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн зохицуулалттай нэгтгэн нэг хуулиар зохицуулах шаардлагатай. Түүнчлэн олон давхаргат тэтгэврийн тогтолцоог тодорхойлох нь зүйтэй.
Хуулийн төслийг боловсруулахдаа тэтгэврийн даатгалын өнөөгийн тогтолцоонд Дэлхийн банк, Олон Улсын хөдөлмөрийн байгууллага болон гадаадын зөвлөхүүдийн хийсэн үнэлгээ, тайлан, санал, дүгнэлтийг харгалзан үзсэн.
Тэтгэврийн сангийн өнөөгийн байдал, улсын төсвийн санхүүжилт, хүн ам зүйн ачаалал, эдийн засаг, нийгмийн нөхцөл байдлын өөрчлөлт, олон улсын тэтгэврийн тогтолцооны чиг хандлага, урт хугацааны тооцоолол зэргээс харахад Монгол Улсын тэтгэврийн тогтолцооны эрх зүйн хүрээг шинэчлэх бодит үндэслэл, хэрэгцээ, шаардлага байна гэж үзсэн.
Иймээс Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан. Шинэчлэн боловсруулсан хуулийн төсөлд олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх, тэтгэврийн насыг жил бүр 3 сар нэмэгдүүлж буйг хэвээр үргэлжлүүлэх, тэтгэврийг жил бүр хэрэглээний үнийн өсөлтөөр нэмэгдүүлдэг болгох, тэтгэвэр бодох аргачлалд өөрчлөлт оруулах, олон жил шимтгэл төлөхийг урамшуулах, тэтгэвэр тогтоолгох дараалсан жилийг 84 сар байгааг 60 сар болгож бууруулсан, өндөр насны тэтгэврийн тусгай зохицуулалт болон бусад нөхцөлийг тусгасан.
Хуулийн төсөл батлагдсанаар тэтгэврийн даатгалын сан тогтвортой ажиллах нөхцөл бүрдэх, ирээдүйд бий болох хүн ам зүйн ачааллын өсөлт, насжилтыг угтаж тэтгэврийн тогтолцооны загварыг өөрчлөх замаар ахмад настанд тулгарах эрсдэлийг бууруулах, нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиас бусад хуульд заасан тэтгэвэр тогтоох нөхцөлийг энэ хуульд тусгаж, хууль хоорондын зөрчил арилж, уялдаа холбоо хангагдаж, даатгуулагчийн нийгмийн баталгааг хангах зэрэг эерэг үр дагавар бий болно гэж үзжээ.
Улстөр нийгэм
Засгийн газрын агентлагийн газар, хэлтэс, албаны даргын тоог 54-өөр цөөлөв
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны наймдугаар сарын 20-нд болж, дараах асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Засгийн газраас “Цомхон, чадварлаг, бүтээмжтэй” төрийн албыг төлөвшүүлэх, төрийн албаны шинэчлэлийг эрчимжүүлэх зорилтын хүрээнд төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох, удирдах, гүйцэтгэх албан тушаалын зохистой харьцааг хангаж чиг үүргийн давхардлыг арилгах, төрийн байгууллагын үйл ажиллагааны шат дамжлагыг цөөлөх, албан хаагчдын ажлын гүйцэтгэл, бүтээмжийг нэмэгдүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Агентлагуудын удирдлага, зохион байгуулалтын ерөнхий бүтэц, газар, хэлтсийн тооны харьцаа, нэршил, бүтцийн нэгжид ногдож буй орон тооны мэдээлэлд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр агентлагийн зохион байгуулалтын бүтцийн нэгжийн тоо, нэршлийг тогтоож, Засгийн газрын тогтоол батлагдлаа.
Тус тогтоол батлагдсанаар агентлагуудын нийт орон тоо 300-аар, үүнээс газар, хэлтэс, албаны даргын орон тоо 54-өөр буурч, цалин хөлсний зардал жилд 10 орчим тэрбум төгрөгөөр хэмнэгдэх боломжтой болж байна.
Улстөр нийгэм
Засгийн газрын ээлжит хуралдаан болов
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны наймдугаар сарын 20-нд болж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.
Үүнд:
- Ашигт малтмал экспортлогч аж ахуйн нэгж нь тухайн төрлийн экспортын бүтээгдэхүүнийхээ ¼-ийг Уул уурхайн биржээр арилжаалсан тохиолдолд нийт экспортод гаргасан тухайн төрлийн бүтээгдэхүүний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээгЗасгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтын 11, 12, 13-т заасан уул уурхайн бүтээгдэхүүний бирж (Монголын хөрөнгийн бирж)-ийн арилжааны үнээр тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулна. Энэ заалтыг 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө.
- Ерөнхий сайд Г.Занданшатараас 2025 оны долоодугаар сарын 04-ний өдөр өгсөн чиглэлийн дагуу Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс 2021-2025 онд Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний тайланг бэлтгэж, Засгийн газрын хуралдаанд танилцуулав.
Улстөр нийгэм
АНУ: Аялал жуулчлал, ажил хэргийн шугамаар зорчих Замби, Малави улсын иргэдээс визийн барьцаа шаардана
АНУ-ын Төрийн департамент аялал жуулчлал болон ажил хэргийн шугамаар зорчих Бүгд Найрамдах Замби Улс, Бүгд Найрамдах Малави Улсын иргэдэд виз мэдүүлэхдээ 15.000 ам.доллар хүртэл барьцаа төлөх шаардлагыг тавьж эхэлснийг зарлалаа.
Тус шаардлага нь дэлхийн хамгийн ядуу орнуудын тоонд багтдаг дээрх хоёр улсад “визийн хориг” тавьсантай адил гэж зарим хүмүүс үзэж байна.
Визийн хугацаа хэтрүүлэх явдлыг хязгаарлах зорилгоор хэрэгжүүлж буй энэ арга хэмжээ нь “виз олгох баталгаа болохгүй” хэмээн мягмар гарагт нийтэлсэн тус мэдэгдэлдээ анхааруулсан бөгөөд тодорхой нөхцөлийг хангасан тохиолдолд барьцааг буцаан олгох юм. Тухайлбал, виз мэдүүлсэн иргэн зөвшөөрөгдсөн хугацаанд багтаж АНУ-аас гарсан, эсвэл визийн хүчинтэй хугацаанд АНУ-д зорчоогүй зэрэг тохиолдолд барьцааг автоматаар буцаан олгоно.
Малави Улсын Хүний эрхийн комиссын дарга, хуульч Хабиба Османы хэлснээр энэ барьцаа нь шударга бус бөгөөд жинхэнэ зорчих иргэдэд санхүүгийн хүнд дарамт болж байна гэжээ.
Ирэх саруудад Африк тивийн олон улсын хувьд АНУ руу зорчих нөхцөл улам хүндэрч болзошгүй байна. Хоёр сарын өмнө Африк тивийн долоон улсад АНУ-д нэвтрэх хориг, гурван улсад хэсэгчилсэн хязгаарлалт тавьсан.
Мөн түүнчлэн одоогоор төлөвлөж буй нэмэлт хориг хэрэгжвэл Баруун Африкийн дийлэнх улсын иргэдийг АНУ руу зорчихыг бүр мөсөн зогсоох магадлалтай байна.
Эх сурвалж: ГИХГ
-
Шударга мэдээ2024/05/21
Яармагийг Эрчим хүчний гудамжтай холбох гүүрийн ажил 94 хувьтай байна
-
Улстөр нийгэм2020/08/05
Нийгмийн бодлогын байнгын хороо МСҮТ, Политехник коллежийн удирдлагуудтай уулзал...
-
Урлаг спорт2020/12/30
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгч...
-
Цаг үе2019/11/28
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй