Улстөр нийгэм
Аялал жуулчлалын үндэсний хорооны ээлжит хуралдаан боллоо
Аялал жуулчлалын үндэсний хорооны 2023 оны ээлжит хуралдаан энэ сарын 02-ны өдөр боллоо. Монгол Улсыг олон улсад сурталчлах үйл ажиллагааны төлөвлөгөөг энэ удаагийн хуралдаанаар баталлаа.
Мөн “Монголд зочлох жил”-ийн бэлтгэл ажил, явцын танилцуулгыг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, виз олгох журамд оруулсан өөрчлөлтүүдийн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, жуулчин хүлээн авахад боомтуудын бэлэн байдлыг хангах, нэвтрэх чадамжийг дээшлүүлэх танилцуулгыг Боомт хариуцсан сайд Х.Булгантуяа, аялал жуулчлалын цахим шилжилтийн талаар ЦХХХЯ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар, Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх тухай хэлэлцээрийн төслийг ГХЯ-ны ТНБД Н.Анхбаяр, Монгол-Оросын тур операторуудын форумыг зохион байгуулсан үр дүнгийн талаар Монголын Ресторан, зоогийн газруудын холбооны тэргүүн М.Есөнмөнх нар дэлгэрэнгүй танилцууллаа.

2023 онд “Монгол зочлох жил”-ийн хүрээнд Засгийн газраас жуулчдын тоог нэг саяд хүргэж, аялал жуулчлалын салбарын орлогыг нэг тэрбум 200 сая ам.доллар буюу ДНБ-ий 11.5 хувьд, 2024 онд жуулчны тоог 1.6 саяд хүргэх зорилт тавин ажиллаж буй юм. Монгол Улс урд хөрш БНХАУ-тай 17, хойд хөрш ОХУ-тай 13 боомтоор хил нэвтэрдэг бөгөөд боомтын сэргэлтийн хүрээнд аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд хийх судалгааны болон барилга байгууламжийн бэлтгэл ажил үргэлжилж байна.

ОХУ-аас авах жуулчдын тоог энэ онд 250 мянга байхаар төлөвлөж байгаа бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНСУ-д хийсэн айлчлалаар “Welcome to Mongolia” арга хэмжээний нээлтийг тус улсаас эхлүүлээд байгаа аж. Гадаад орон руу чиглэсэн маркетинг дээр анхаарч зорилтот улс орон тус бүрээр цахим хандалт хийж эхэлсэн, одоогийн байдлаар 20 гаруй сая хандалт аваад байгаа талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ танилцууллаа.
Жуулчид хүлээж авахад тулгамдаж буй асуудал нь зочид буудал, жуулчны тээвэр, ресторан, зоогийн газар, жуулчны бааз, ариун цэврийн өрөө, орон нутгийн нислэгийн Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд нийт 15 орчим тэрбум төгрөг шаардагдаж буй ажээ.
Улстөр нийгэм
Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан энэ мөчид үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар “Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай”, “Газрын тосны зарим бүтээгдэхүүний талаар авах арга хэмжээний тухай”, “Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын тухай” зэрэг асуудлыг хэлэлцэх ажээ.
Мөн хүнсний зарим гол нэр төрлийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг бүртгэлжүүлэх, хяналтыг сайжруулах чиглэлээр авах арга хэмжээ, төсвийн зардлын санхүүжилтэд эрэмбэ тогтоох, төсвийн хэмнэлт, мөнгөн хөрөнгийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний талаар хэлэлцэх юм.
Түүнчлэн “COP17”-ын үеэр Монгол Улсаас дэвшүүлэх үндэсний стратегийн баримт бичиг, газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах “Шуурхай штаб”-аас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ зэрэг нийт 20 орчим асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Улстөр нийгэм
“Зэс-Оюу” 220 кВ-ын хуваарилах байгууламжийг ашиглалтад орууллаа
Монгол Улсын эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг нэмэгдүүлж, өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангах зорилготой “Зэс-Оюу” 220 кВ-ын хуваарилах байгууламжийг ашиглалтад орууллаа.
Энэхүү байгууламжийг 2022 онд Оюу толгойн уурхайг эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс хангах гэрээ байгуулсны дараа, 2023 оны тавдугаар сард Эрчим хүчний яамны тавьсан хүсэлтийн дагуу “Оюу толгой” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар барьжээ.
Шинэ байгууламж ашиглалтад орсноор Монгол Улсын төвийн эрчим хүчний системийг БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллагаанд холбох техникийн боломж бүрдэж байгаа юм.
Үүний үр дүнд өвлийн оргил ачааллын үед Өвөр Монголоос 80 МВт хүртэлх цахилгаан эрчим хүчийг нэмэлтээр импортлон өмнөд бүсийн зарим хэрэглэгчийг хангах бөгөөд төвийн бүсийн эрчим хүчний системийн ачааллыг бууруулах боломжтой болно.
“Зэс-Оюу” 220 кВ-ын ил хуваарилах байгууламжийн төсөл нь Эрчим хүчний яам, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК, Диспетчерийн үндэсний төв, “Оюу толгой” ХХК, Өвөр Монголын Эрчим хүчний групп болон дотоодын гүйцэтгэгч байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд хэрэгжжээ.
Төслийн бүтээн байгуулалтад үндэсний 20 гаруй компани, 2000 гаруй инженер, техникийн ажилтан оролцож, нийт 600 мянга гаруй хүн/цагийн ажлыг осол, гэмтэлгүйгээр гүйцэтгэсэн байна.
Улстөр нийгэм
Дамбадаржаагийн 63 МВт-ын дулааны станцын бүтээн байгуулалт 62 хувийн гүйцэтгэлтэй байна
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дамбадаржаа дэд төвд барьж буй 63 МВт-ын хүчин чадалтай дулааны станцын барилга угсралтын ажил 62 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Тус станц нь Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийн дулаан хангамжийг сайжруулах зорилготой бөгөөд "Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих" хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа юм.
Төслийн нийт санхүүжилтийн 40 хувь буюу 9.38 сая ам.долларыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, 60 хувь буюу 14.08 сая ам.долларыг Азийн хөгжлийн банк санхүүжүүлж байна. Барилга угсралтын ажлыг 2025 оны дөрөвдүгээр сард эхлүүлсэн бөгөөд ерөнхий гүйцэтгэгчээр "Хятадын хоёрдугаар металлурги групп корпораци" ажиллаж байгаа аж.
Улаанбаатар хотын Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн Ерөнхий инженер Г.Жанлавцогзолын мэдээлснээр, үндсэн зуухны барилга, нүүрсний агуулах, захиргаа, аж ахуйн байр, химийн ус бэлтгэлийн барилга, конвейрийн байгууламж, механик цех зэрэг үндсэн барилга байгууламжийн ажлууд 60-аас дээш хувийн гүйцэтгэлтэй байна.
Мөн нийт 75 нэр төрлийн үндсэн болон туслах тоног төхөөрөмжийг талбайд бүрэн хүлээн авч, угсралтын ажлыг үргэлжлүүлж байгаа бөгөөд аравдугаар сард үндсэн барилга угсралтын ажлыг бүрэн дуусгаж, зуухны туршилт, тохируулгыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Станцыг энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Дамбадаржаа дэд төвийн хэмжээнд нийт 71 га талбайд хэрэгжиж буй 19 бүтээн байгуулалтын ажил зэрэгцэн үргэлжилж байгаагаас 2.8 км авто замыг ашиглалтад оруулаад байна. Инженерийн болон нийгмийн дэд бүтцийн бусад ажлууд ч төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгаа юм.
63 МВт-ын хүчин чадалтай дулааны станц ашиглалтад орсноор төвлөрсөн дулаан хангамжид холбогдоогүй гэр хорооллын 5000 орчим өрхийг дулаанаар хангах боломж бүрдэхээс гадна Дамбадаржаа, Сэлбэ дэд төвийг тогтвортой дулаанаар хангана. Мөн нийслэлийн дулаан хангамжийн хүчин чадлыг нэмэгдүүлж, шинээр хөгжиж буй орон сууцны хорооллуудын найдвартай дулаан хангамжийг бүрдүүлэх, өвлийн оргил ачааллын үеийн ачааллыг бууруулахад чухал хувь нэмэр оруулах юм.
-
Шударга мэдээ2022/04/18
Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэхэд шаардагдах санхүүжилтийг төсвийн тодотголд тусга...
-
Улстөр нийгэм2021/10/11
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн хуралдаан болно
-
Цаг үе2024/10/29
Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан
-
Шударга мэдээ2021/10/21
Пүрэв гарагт ажиллах шинжилгээний цэгүүд
