Бидэнтэй нэгдэх

Цаг үе

МҮОНРТ Эрүүл мэндийн яамтай хамтарч ажиллана

Огноо:

,

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатар, Эрүүл мэндийн яамны Сайд С.Чинзориг нар 2023 оны гуравдугаар сарын 09-ний өдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичгийн зорилго нь талуудын хөгжилд шаардлагатай төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, шинэ технологи, инновацийн хамтын ажиллагаа, түншлэлийг өргөжүүлэхэд оршиж байна. Уг санамж бичиг энэ сарын 15-наас нэг жилийн хугацаатай үргэлжлэх бөгөөд МҮОНРТ нь эрүүл мэндийн чиглэлээр тогтсон цагтай болж, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаанд нийгмийн бүхий л салбарын оролцоог хангах юм.

Ингэхдээ иргэдийн нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан боловсрол олгох, эрүүл зан үйл төлөвшүүлэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, контент, нэвтрүүлэг, сурталчилгаа бэлтгэх аж.

Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурахад Эрүүл мэндийн сайдын зөвлөх Ц.Эрдэмбилэг, Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Төгсдэлгэр, Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Янжмаа, Нийтийн эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Баярболд, Нийтийн эрүүл мэндийн газрын Урьдчилан сэргийлэлт, хяналт зохицуулалтын хэлтсийн дарга Б.Туяа, Эрүүл мэндийн сайдын хэвлэл, мэдээлэл хариуцсан зөвлөх Н.Сарангэрэл, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал С.Өнөрсайхан, МҮОНРТ-ийн Стратеги, хамтын ажиллагааны газрын захирал З.Бадрал, Гадаад харилцааны мэргэжилтэн Ч.Энхжаргал нар байлцсан юм.

Энэ үеэр дараах эрхмүүдээс тодруулга авсан юм.

А.Бүрэнбаатар: Эрүүл мэндийн боловсролыг иргэдэд олгоход анхаарна

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал.

-Хамтын ажиллагааны гол зорилго нь Эрүүл мэндийн яамнаас явуулж байгаа бодлого, шийдвэрийг сурталчлах, эрүүл мэндийн боловсролыг иргэдэд олгоход анхаарна. Эрүүл мэндийн яамны зүгээс бидэнтэй хамтарч ажиллахдаа “Бодлогын дэмжлэг үзүүлье” гэсэн учраас өнөөдөр санамж бичигт гарын үсэг зурлаа. Манай улсад зонхилон тохиолдож байгаа өвчлөлийн шалтгаан нь иргэд эрүүл мэндийн боловсрол тааруу байгаагаас улбаатай. Мөн буруу дадал зуршил, хоол хүсний зохисгүй хэрэглээ зэргээс үүдэж таргалалт ихэсч байна. Энд суурин амьдралын соёл ч нөлөөлж байгаа. Тиймээс дээрх өвчлөлийг хэн нэгэн туссаны дараа эмчлэх биш урьдчилан сэргийлэхэд нь дэм болох юм. Хэрвээ өвдсөн тохиолдолд яаж эмчлэх талаар ч мэдлэг мэдээлэл олгоно. Ингэхдээ иргэдийнхээ хамгийн амархан ойлгох байдлаар нь хүргэнэ.

-С.Чинзориг: Иргэдээ өвчилсний дараа эмчлэх биш урьдчилан сэргийлэхэд нь мэдлэг түгээнэ

Эрүүл мэндийн яамны Сайд.

-Олон улсын туршлагаас судлахад нийгмийн эрүүл мэнд, анхан шатны тусламж үйлчилгээнд их анхаардаг. Харин манай улсын хувьд энэ талд нэлээн орхигджээ. Тиймээс бид иргэдээ өвчилсний дараа эмчлэх биш урьдчилан сэргийлэх үүднээс мэдлэг, мэдээлэл түгээх, нийгмийн эрүүл мэндийн боловсрол олгох зайлшгүй шаардлагатай юм. Өнөөдрийн санамж бичгийн агуулга үндсэндээ энэ. Дараа нь иргэд аливаа өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэхээ МҮОНРТ-тэй хамтран бэлтгэх контентуудаас харж болно. Ер нь олон улсын байгууллагуудаас харахад хүний эрүүл мэндийн 10-15 хувь нь тухайн улсын нь эрүүл мэндийн байгууллагатай холбоотой. Үлдсэн 85-90 хувь нь хувь хүн өөрөөс нь шалтгаалдаг гэсэн байдаг.  

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Хууль бус ан агнууртай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалт хийж байна

Огноо:

,

Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан удирдамжийн хүрээнд Амьтны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалд улсын хэмжээнд хяналт шалгалтыг зохион байгууллаа.
 
Шалгалтын хүрээнд нийт 1200 орчим хүн, хуулийн этгээдийг хамруулсан бөгөөд Амьтны тухай хууль тогтоомжийг зөрчиж, зохих зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, тэдгээрийн гаралтай эд эрхтэнг гарал үүслийн тодорхойлолтгүйгээр худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн 371 удаагийн зөрчил, дутагдлыг илрүүллээ.
 
Тухайн зөрчлүүдэд нийт 24 зүйлийн 1713 бодгаль амьтан өртсөн байна. Тодруулбал:
 
Мануул мий 3, Зэрлэг гахай 6, Бор гөрөөс 3, Цагаан зээр 15, Чоно 16, Үнэг 5, Алтайн тарвага 17, Монгол тарвага 691, Зээрд шонхор 1, Нөмрөг тас 3, Дагуур ятуу 7, Ногтруу 247, Тагтаа 124, Монгол хадран загас 72, Шивэр хадран загас 71, Зэвэг 27, Алтайн сугас 16, Цагаан загас 88, Булуу цагаан 36, Амарын цулбуурт 35, Алгана 1, Гутаарь загас 1, Улаан нүдэн загас 32, Бусад загас 196 бодгаль өртжээ.
 
Дээрх зөрчилд холбогдуулан 365 хүн, 1 хуулийн этгээдэд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, нийт 92.500.000 төгрөгийн торгууль, 514.359.500 төгрөгийн нөхөн төлбөр оногдуулж, хууль бусаар олсон орлого болох 600.000 төгрөгийг хурааж, улсын орлого болгов.
 
Мөн эдгээрээс гадна 5 хүнд холбогдох зөрчилд зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна.
 
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл болох галт зэвсэг 30 ширхэг /үүнд: Сайга-1ш, Вепрь-1ш, Саббати-1ш, Тоз8-25ш, Мансер18-1ш, Карбин-1ш/, бууны сум 10 ширхэг, мөсний өрөм 1 ширхэг, загасны тор 5 ширхэг, загасны уурга, дэгээ 4 ширхэгийг хураан авч, зохих журмын дагуу шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагуудад хүргүүлж ажиллалаа.
 
Тодруулбал:
-Галт зэвсэг, түүний сумыг Цагдаагийн байгууллагад,
-Бусад эд зүйлс болон амьтны мах, эд эрхтэн /мэрэгч амьтдаас бусад/-г тухайн орон нутгийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлд,
-Тарвага болон мэрэгч амьтдын мах, түүхий эдийг Зоонозын өвчин судлалын төвд тус тус хүргүүлж ажилласан байна.
 
Хяналт шалгалт үргэлжилж байна гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ. 
 
 
 
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Лаос хилээр нэвтрэх шинэ цахим маягтыг хэрэглээндээ нэвтрүүлжээ

Огноо:

,

Бүгд Найрамдах Лаос Ард Улс (БНЛАУ) 2025 оны есдүгээр сарын 1-нээс хилээр нэвтрэх болон гарах шинэ цахим маягтыг хэрэглээндээ нэвтрүүлэн ашиглаж эхэллээ.

Энэхүү систем нь хилийн хяналтыг шинэчлэх, аюулгүй байдлыг сайжруулах, жуулчдад зориулсан үйл ажиллагааг мэдээлэх зорилготой ажээ.

Лаосын эрх баригчдын мэдээлснээр гадаадын жуулчид ирэхээсээ гурав хоногийн өмнө Лаосын цахим цагаачлалын маягтыг бөглөх шаардлагатай болсон бөгөөд аялагчид өөрсдийн гадаад паспорт, визний хуулбар, цээж зураг зэргийг байршуулах ёстой аж. Бүртгүүлсний дараа систем нь QR код үүсгэх ба тус кодыг хилээр нэвтрэх болон гарахдаа хяналтын цэгүүдэд уншуулна.

Энэхүү цахим маягт нь жуулчдад шинэ туршлага болохын зэрэгцээ үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилготойгоор төрийн үйлчилгээгээ цахимжуулах аяны нэг хэсэг болж байгаа гэдгийг албаныхан мэдэгдэж байна.

Ийнхүү БНЛАУ цахим маягтыг ашиглаж эхэлснээр Тайланд, Камбож гэх мэт бүс нутгийнхаа бусад орнуудтай ижил системд шилжлээ гэж ГИХГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Туулын хурдны зам болон Нэгдүгээр тойрог замын огтлолцлын цэгт улаан шугам татлаа

Огноо:

,

Туулын хурдны зам болон Нэгдүгээр тойрог замын огтлолцлын цэгт энэ сарын 3-ны өдөр улаан шугам татлаа. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн Дэд бүтэц, эрчим хүчний асуудал хариуцсан зөвлөх Г.Батсайхан болон холбогдох албаныхан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Богдхан уулын Залаатын ам орчимд замын трассын дагуу ажиллалаа. 

НЗХГ-ын дарга Б.Одбаяр “Туулын хурдны зам нь Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас Баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт 6 эгнээ 32 км үргэлжилнэ. Мөн найман байршилд хоёр түвшний уулзвар, 13 байршилд 9.8 км урт гүүр, дөрвөн байршилд 190 метр урт туннельтэй байхаар төлөвлөсөн. Үүнээс хамгийн урт буюу 7.2 км үргэлжлэх гүүрэн байгууламж нь Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэл байх юм. Өнөөдөр бид нарийвчилсан зургийн дагуу улаан шугам татаж байгаа нь Нэгдүгээр тойрог зам болон Туулын хурдны замын олон түвшний огтлолцлоор гарах эхний огтлолцох цэг дээр улаан шугам татаж байна. Үргэлжлүүлэн зүүн тийш Налайхын зам, баруун тийш Маршалын гүүр рүү холбогдох ажлуудыг хийнэ. Туулын хурдны замыг 2027 оны наймдугаар сарын 15-нд ашиглалтад оруулахаар төлөвлөж буй. Цаашлаад 2028 оны наймдугаар сарын 15-ны өдөр гэхэд тоноглол болон камержуулалтын системийг бүрэн хүлээлгэж өгөхөөр төлөвлөсөн” гэв.

Бүтээн байгуулалтын ажлын явцын талаар барилга угсралтын ажлын гүйцэтгэгч Хонгконгийн “ХаоЮань групп” компанийн Туулын хурдны замын зөвлөх Б.Даваасүрэн “Өнөөдрийн байдлаар замын зураг төслийн ажлыг эцэслэн баталсан. Бүтээн байгуулалтын ажил өрнөх эхлэл болон төгсгөл цэгээс трассын дагуу түр зам тавих ажил үргэлжилж байна. Мөн гурван байршилд төслийн гүйцэтгэгчийн кемпийн барилгын ажил эхэлсэн бөгөөд арваннэгдүгээр сарын 15-нд бүрэн ажиллагаанд оруулахаар ажиллаж байгаа юм. Энэ оны хувьд бүтээн байгуулалтын удирдлагын түвшинд 30-40 хүн ажиллаж байна. Ирэх онд 1000-1500 орчим хүн уг төсөлд ажиллана гэсэн тооцоолол гарсан” гэлээ.

Газар чөлөөлөлтийн талаар НГЗБА-ны Газар чөлөөлөх II хэлтсийн Дүүрэг хариуцсан газар зохион байгуулагч Ш.Амартайван “Туулын хурдны замын газар чөлөөлөлтөд Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт нийт 132 нэгж талбар өртөж буй. Үүнээс эхний ээлжийн 22 нэгж талбарт газар дүйцүүлэн олгож, газрыг чөлөөлсөн. Үлдсэн нэгж талбартай зөвшилцөх ажил үргэлжилж байна” хэмээв.

Туулын хурдны замыг барьснаар Наадамчдын өргөн чөлөөний ачаалал 15–30 хувь, Энхтайваны өргөн чөлөөний ачаалал 11–25 хувь, Чингисийн өргөн чөлөөний ачаалал 10–25 хувь, Сонсголонгийн гудамжны ачаалал 5–17 хувиар буурах тооцоо, судалгаатай. Түүнчлэн замын хөдөлгөөний дундаж хурд 13.5 хувиар нэмэгдэж, замын урсгалын тэнцвэр сайжирна. Ачаа тээврийн урсгал төвийн замаар дайрах шаардлагагүй болж, орон сууцны бүсийн агаарын бохирдол, дуу чимээ багасна. Ингэснээр хотын иргэд эрүүл, амар тайван орчинд амьдрах нөхцөл бүрдэж, түгжрэл буурах, худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэл, аялал жуулчлалыг шинэ түвшинд хүргэх, хөрөнгө оруулалтыг татах, ажлын байр бий болгох олон талт ач холбогдолтой.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох