Цаг үе
Инфографик: “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын танилцуулга
УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ удаа “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.
Монголбанкнаас Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт заасны дагуу “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг УИХ-ын чуулганы 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлийг Улсын Их Хурлаар хэлэлцэхдээ дэлхий нийтийг хамарсан цар тахал, олон улсын хурцадмал байдлаас шалтгаалсан үнийн огцом өсөлтийг бууруулах, эдийн засгийн хүндрэлийг даван туулах, Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх чиглэлд анхаарал хандуулж, хэлэлцэн баталлаа.
Геополитикийн зөрчилдөөн, түүнийг дагасан хориг арга хэмжээ нь тодорхой бус байдлыг нэмэгдүүлж, шинэ эрсдэлүүдийг бий болгосон тул энэ онд дэлхийн эдийн засгийн өсөлт саарч, бүрэн сэргээгүй байсан нийлүүлэлтийн сүлжээ доголдсоноор хүнс, эрчим хүчний үнэ хурдтай өсөж, олон улсад инфляц огцом нэмэгдсэн. Цаашид инфляц буурч, дэлхийн эдийн засаг тогтворжиход 1-2 жил шаардагдана гэж олон улсын байгууллагууд дүгнэж байна.
Валютын орох урсгал багасаж, төлбөрийн тэнцлийн алдагдал тэлсний зэрэгцээ дотоод эдийн засгийн сэргэлт удаан, төсвийн зардал огцом тэлсэн, инфляц зорилтоос давж өссөн зэрэг нь дотоод тэнцвэр алдагдаад буйг илэрхийлж байна. Гадаад эдийн засгийн орчинд эрсдэл нэмэгдсэн, худалдааны гол түнш орнуудын нөхцөл, байдал тодорхой бус байгаа нь манай валютын орох урсгал буурах, эдийн засгийн өсөлт саарах, инфляц одоогийн түвшний орчимд хадгалагдах зэрэг нөхцөл, байдал ирэх онд үргэлжлэх эрсдэлийг дагуулж байна.
Иймд цаашид үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх, эдийн засгийн дотоод, гадаад тэнцвэргүй байдлыг бууруулахад макро эдийн засгийн бодлогуудыг чиглүүлэх нь нэн чухал болж байна. Энэ чиглэлээр төсөв, мөнгө, санхүүгийн бодлогын зорилтуудыг тодорхойлж, Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран хэрэгжүүлэхээр УИХ-ын тогтоолд тусгасан. Сүүлийн жилүүдэд манай улсын уул уурхай экспортын хэмжээ нэмэгдэж, бараа, үйлчилгээний нийт экспортын 80 орчим хувийг дангаар бүрдүүлж байгаа бол уул уурхайн бус барааны экспортын жин мэдэгдэхүйц буурч 10 орчим хувьтай байна. Иймд уул уурхайгаас бусад салбаруудын үйлдвэрлэлийг дэмжих, экспортыг төрөлжүүлэх шаардлага урган гарч байна.
Энэ зорилгоор тогтоолд уул уурхайн бус экспортыг дэмжих бодлогыг нэгтгэн тодорхойлж, санхүүгийн дэд бүтэц, санхүүжилтийн хүртээмжтэй тогтолцоог бүрдүүлэх, бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр олон улсын санхүүгийн байгууллага, хувийн хэвшилтэй хамтран ажиллахыг холбогдох байгууллагуудад даалгасан.
Үүнд:
-инфляцыг бууруулах;
-валютын орох урсгалыг нэмэгдүүлэх;
- гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх;
- уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүний боловсруулалтыг шат ахиулах;
-валютын захын үр ашиг, хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг зорилтыг бодлогын түвшинд хэрэгжүүлэхээр тодорхойлсон.
Түүнчлэн тогтвортой, ногоон санхүүжилтийн тогтолцоог бэхжүүлэх, “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, иргэдийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээг эрчимжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, санхүүгийн үүсмэл хэрэгслийн зах зээлийг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалттай банкны эрх зүйн орчныг бүрдүүлэх, орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийг 2023 оны 2 дугаар улиралд багтаан Монголбанкнаас Засгийн газарт шилжүүлэх зэрэг арга хэмжээг Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран хэрэгжүүлэхийг энэ тогтоолоор даалгасан болно.
Инфляц, эдийн засгийн төлөвт гарсан өөрчлөлттэй уялдуулан энэ оны эхнээс Монголбанк мөнгөний бодлогыг хатууруулж бодлогын тохиргоог хийсэн бөгөөд цаашид ийнхүү дан ганц мөнгөний бодлогыг хатууруулах замаар асуудал, хүндрэлийг шийдвэрлэх гэж оролдох нь хувийн секторт илүү их гарз хохиролтой байхаар байгаа тул мөнгөний бодлогын үндсэн чиглэлд тусгагдсан бусад бодлогын тохиргоо, үйл ажиллагааны зохион байгуулалтын ажлуудыг холбогдох байгууллагууд яаралтай хийж гүйцэтгэх шаардлагатай байна.
Монголбанк хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн инфляцыг 2022-2024 онд жилийн 6 хувь орчимд, +/-2 нэгж хувийн интервалд тогтворжуулах зорилтыг тогтоолын хавсралтаар батлагдсан үндсэн чиглэлд тусгасан. Инфляцыг нам түвшинд тогтворжуулснаар иргэдийн бодит орлого, хөрөнгийг үнэгүйдлээс хамгаалж, банк санхүүгийн тогтолцооны тогтвортой байдал хангагдах нөхцөлийг бүрдүүлэх төдийгүй урт хугацаанд хөрөнгө оруулалт, эдийн засгийн өсөлтийн тогтвортой байдлыг дэмждэг ач холбогдолтой юм.
УИХ-ын Тамгын газар
Цаг үе
Хамас Газын зурваст зэвсгээ хураалгах тохиролцоонд хүрчээ
Хамас болон Палестины бусад бүлэг Газын зурваст зэвсгээ хураалгах төлөвлөгөөний талаар Энхийн зөвлөлтэй тохиролцоонд хүрсэн гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдлээ. Тэрбээр үүнийг Газын зурваст энх тайван, аюулгүй байдлыг тогтооход чиглэсэн чухал алхам хэмээн тодорхойлжээ.
Аль Жазирагийн олж авсан баримт бичигт зэвсэг хураах нарийвчилсан төлөвлөгөөг 14 хоногийн дотор боловсруулах бөгөөд шаардлагатай тохиолдолд олон улсын хяналтын байгууллага болон талуудын зөвшөөрлөөр хугацааг сунгахаар тусгасан байна.
Хамасын хэлэлцээний төлөөлөгч Газий Хамад хэлэлцээ хүнд нөхцөлд өрнөснийг тэмдэглээд, Израил үүргээ биелүүлээгүй тохиолдолд тохиролцооны аль нэг хэсгийг хэрэгжүүлэхгүй гэж мэдэгджээ. Түүний хэлснээр зэвсэг хураах үйл явц нь Израилын цэрэг Газын зурвасаас гарах болон сэргээн босголтын ажлын ахицтай холбоотой аж. Израилын талаас одоогоор албан ёсны тайлбар хийгээгүй байна.
Тохиролцооны дагуу Үндэсний хороо болон Олон улсын тогтворжуулах хүчин Газын зурваст орсны дараа зэвсгийг бүртгэж, хадгалалтад шилжүүлэх ажиллагаа эхлэхээр болжээ. Энэ ажиллагааг Үндэсний хороо удирдаж, олон улсын хяналтын хороо ажиглах бөгөөд Палестины бүлгүүд оролцох юм.
Зэвсгийг Израил болон Палестины бус байгууллагад шилжүүлэхгүй, зөвхөн Газын зурвасыг удирдах Үндэсний хорооны хяналтад төвлөрүүлэхээр тусгасан байна. Эхний ээлжид цагдаагийн зэвсгийг шилжүүлж, дараа нь хүнд зэвсгийг ашиглалтаас гаргахаар төлөвлөжээ.
Үүний зэрэгцээ Израилын цэргийг Газын зурвасаас үе шаттай гаргаж, оронд нь Олон улсын тогтворжуулах хүчин болон Палестины шинэ цагдаагийн байгууллага ажиллахаар тохиролцсон гэж Доналд Трамп мэдэгдсэн байна.
Харин Палестины Исламын Жихад бүлэг уг тохиролцооны талаарх мэдээлэл бүрэн зөв биш бөгөөд нийтэд тархсан баримт бичгийн зарим заалтад санал нийлэхгүй байгаагаа илэрхийлжээ. Египетийн Каир хотод Египет, АНУ, Катар, Туркийн зуучлагчдын оролцоотой дараагийн шатны хэлэлцээг үргэлжлүүлэхээр төлөвлөсөн байна.
Цаг үе
Балбад шашин хоорондын мөргөлдөөний улмаас гурван хүн амиа алджээ
Балбын Ерөнхий сайд Балендра Шах Хиндү болон Исламын шашинт иргэдийн хооронд үүссэн мөргөлдөөний улмаас гурван хүн амиа алдсаны дараа иргэдийг тайван байж, эв нэгдлээ хадгалахыг уриаллаа.
Эмх замбараагүй байдал өнгөрсөн ням гарагт Энэтхэгийн хилтэй залгаа Сунсари дүүргийн Деванганж тосгонд эхэлжээ. Хиндү шашинтнуудын жагсаалын үеэр чанга хөгжим эгшиглүүлсэнтэй холбоотой маргаан хурцдаж, цахилгааны шон дээр байрлуулсан Исламын шашны тугийг буулган, оронд нь Хиндү шашны туг байрлуулсан нь зөрчлийг улам даамжруулсан байна.
Улмаар хоёр тал чулуу шидэлцэн мөргөлдөж, цагдаа нар эхлээд анхааруулах буудлага хийсний дараа гал нээжээ. Үүний улмаас нэг хүн амиа алдаж, олон хүн шархадсан байна.
Уг явдлын дараа хөрш Сираха дүүрэгт эсэргүүцлийн жагсаал өрнөж, лхагва гарагт дахин хоёр хүн амиа алдсанаар нийт хохирогчийн тоо гурав болжээ. Эсэргүүцэгчид зарим барилга, худалдааны төвийг галдан шатаасан тул эрх баригчид хэд хэдэн дүүрэгт хөл хорио тогтоож, олон нийтийн цуглааныг хязгаарласан байна.
Ерөнхий сайд Балендра Шах амь үрэгдсэн иргэдийн ар гэрт эмгэнэл илэрхийлээд, хэргийг ил тод, шударгаар шалгаж, буруутай этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцно гэдгийг онцолжээ. Мөн улс төрийн нам, шашны байгууллага, иргэний нийгэм болон хэвлэл мэдээллийн байгууллагуудыг нөхцөл байдлыг хурцатгахгүй байж, нийгмийн эв нэгдлийг хамгаалахад хамтран ажиллахыг уриалсан байна.
Балбын хүн амын дийлэнх нь Хиндү шашин шүтдэг. Энэтхэгтэй хил залгаа өмнөд бүс нутагт сүүлийн жилүүдэд шашин хоорондын хурцадмал байдал үе үе гарч байгаа бөгөөд энэ удаагийн хэрэг нь хамгийн ноцтой мөргөлдөөний нэг болжээ.
Цаг үе
Өчигдөр 102 тусгай дугаарт 2136 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
-
Цаг үе2024/05/03
Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна
-
Улстөр нийгэм2022/03/24
“Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк”-ын нэрийг...
-
Үзэл бодол2019/11/12
Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг И-баримт аппликейшн ашиглан төлж бол...
-
Цаг үе2023/06/29
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

