Улстөр нийгэм
Л.Оюун-Эрдэнэ: Мэргэжил сонголт хөдөлмөрийн зах зээлтэй уялдах нь улс орны хөгжил, эдийн засагт чухал
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны тавдугаар сарын 11-ний өдөр ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчидтай уулзлаа. Уулзалтад БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр, Боловсролын ерөнхий газар, Нийслэлийн Боловсролын газар, Боловсролын зээлийн сангийн удирдлага, холбогдох албан тушаалтан болон нийслэлийн 293 сургуулийн 12-р ангийн 650 сурагч оролцов.
Ерөнхий сайд “Шинэ сэргэлт-Шинэ мянган” илтгэл танилцуулж, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, түүний эхний 10 жилийн зорилт буюу “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилт, үр дүн, боловсрол, эрүүл мэндийн салбарын шинэчлэл, хөдөлмөрийн зах зээлийн цаашдын чиг хандлагын талаар мэдээлэл өглөө.

“Манай улсын хүн амын 42 хувийг 22 хүртэл насныхан эзэлдэг. Та бүхэн цар тахлын дараахан, дэлхийн геополитик хувьсан өөрчлөгдөж буй энэ цаг үед мэргэжил сонголтоо хийж байна. Монгол Улсын шинэ зуун, шинэ мянган ямар байх нь та бүхнээс хамаарна” гэж Ерөнхий сайд хэллээ. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын төмөр зам, авто тээвэр, аж үйлдвэр, сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд 39 мянган инженер, техникийн мэргэжилтэн нэн хэрэгцээтэй байна. Сувилагч болон нарийн мэргэжлийн эмч, орон нутагт ажиллах чадварлаг боловсон хүчин нэн чухал байна. Манай улсад ажил эрхлээгүй дөрвөн хүн тутмын нэг нь бакалавр болон түүнээс дээш боловсрол эзэмшсэн байна. Мэргэжил сонголт хөдөлмөрийн зах зээлтэй зөв уялдах нь та бүхний төдийгүй улс орны хөгжил, эдийн засагт ихээхэн хамаатай гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

Сурагчид "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод байгаль орчин, ногоон хөгжил, аж үйлдвэржилт, боловсрол, эрүүл мэнд, хүний хөгжлийн асуудал хэрхэн туссан болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийн талаар тодрууллаа. “Манай улс авлигатай тэмцэх нь чухал гэхдээ урт хугацаандаа цөлжилтөд санаа зовж байна”, “Соёл урлагийн салбар уналтад орж, мэргэжлийн уран бүтээлчид ажлаасаа гарч байна”, “Дэлхийн геополитик хурдацтай өөрчлөгдөж буй энэ цаг үед манай улс батлан хамгаалах, зэвсэгт хүчний хувьд ямар бодлого баримталж байгаа вэ”, “ЭЕШ-ын оноог ямар аргачлалаар тооцдог вэ”, “Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт хүн бүрд хүндээр тусаж байна” зэрэг асуултдаа тэд Ерөнхий сайдаас хариулт авлаа.
Мөн байгалийн ухааны хичээлийн лаборатори дутмаг учраас дадлага, туршилт хийж чаддаггүй, хүүхдүүд сургуулиас амьдрах ухааны мэдлэг авч чадахгүй байна гэв. Багш зэрэг чухал мэргэжлийн босго оноог бууруулснаар тухайн мэргэжил үнэгүйдэж байна. Эмч, багш нарын цалинг нэмж, ажлын байрны нөхцөлийг сайжруулах хэрэгтэй гэдэг саналыг ч тэд тавьсан. Багш болмоор байгаа ч ажилд орох үед нь цалин, хөлс нь энэ хэвээр байх вий гэж санаа зовж байгаагаа хэлж байлаа. Дөнгөж төгссөн залуучуудаас ажилласан жилийн туршлага нэхдэг байдлыг өөрчилмөөр байна гэлээ. Нийгэмд төрийн сургуулийн сурагч, хувийн сургуулийн сурагч гэдэг ялгаатай ойлголт, тэгш бус байдал үүсчихлээ гэхчлэн байр сууриа илэрхийллээ.
Зарим сурагч хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан инженер техникийн мэргэжил сонгон, ЭЕШ-д бэлдэж байгаагаа хэллээ.

Олон талт асуудлаар санал, шүүмж хэлсэн сурагчдад Ерөнхий сайд талархал илэрхийлээд “Нийгэмд үүсээд буй асуудлыг засаж залруулахын төлөө Засгийн газар ажиллаж байна. Далд эдийн засгийг ил болгож, эмч, багш нарын цалинг нэмье. Нийслэлд хууль бусаар өмчилсөн газруудыг буцаан авч, ногоон байгууламж болгоё. Авлигын эсрэг хяналт, системийг хамтдаа бүрдүүлье. Бид дүү нартаа, үр хүүхдүүдэдээ илүү сайхан нийгэм үлдээх ёстой” гэлээ. Тэдний зарим санал хүсэлтийг хүлээн авч, бодит ажил хэрэг болгоход анхааран Засгийн газрын гишүүдийг оролцуулсан уулзалт зохион байгуулахаар боллоо. Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх үнэт цагаасаа хуваалцан, нээлттэй ярилцсан сурагчдад талархал илэрхийлж, мэргэжил сонголт, ЭЕШ-д нь амжилт хүслээ.
Энэ хичээлийн жилд их, дээд сургуульд элсэн орох ЭЕШ-д орон даяар 34 мянга гаруй хүүхэд, залуучууд бүртгүүлснээс 84.3 хувь нь ЕБС-ийн төгсөгч байна. Нийслэлийн ерөнхий боловсролын 293 сургуулийгн 12 дугаар ангийг энэ жил 15,484 сурагч төгсөнө.




Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгч, биелэлтэд нь онцгой анхаарахаа хэлсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн ажиллах, төрийн холбогдох байгууллагууд тодорхой төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болголоо.
Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэл бүхий аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, хуулийн хүрээнд арга хэмжээ авч ажиллахыг анхаарууллаа.
Баян-Өлгий аймгийн сурагчид төрийн албан ёсны хэл болох монгол хэлээ сурч эзэмших нөхцөл, боломжийг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатайг онцоллоо.
Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан хөшөө, дурсгал, бунхан зэргийг цэгцэлж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, газар, орны нэрийг дураар өөрчлөх зэрэг асуудалд тодорхой зохицуулалт бий болгох нь нэн чухал гэдгийг хэлэв.
Төрийн албаны холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтэд анхаарч, хүн бүр мэдлэг, чадвар, ёс зүй, хуульд заасан шалгуураар өрсөлдөж ажиллах боломжийг бүрдүүлэх ёстойг дурдлаа.
Дээрх үүрэг, чиглэлийн хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэргэд Хамтарсан ажлын хэсэг байгуулж, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, дэмжлэг үзүүлэн ажиллахыг үүрэг болголоо.
Улстөр нийгэм
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал хууль зүй, дотоод хэргийн салбарт үүссэн нөхцөл байдал нь салбарын хэвийн үйл ажиллагаа болон олон нийтийн итгэлд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн гэж үзэж, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Засгийн газрын албан ёсны мэдээлэлд уг шийдвэрийг есдүгээр сарын 16-ны хуралдаанаар танилцуулсан байна.
Мөн яригдаж буй асуудалд нэр дурдагдсан тус салбарын харьяа байгууллагуудын дээд, дунд шатны удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэлийг Ерөнхий сайд өгсөн байна.
Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн хугацаанд гарсан асуудлуудын үнэн зөвийг тогтоох шаардлагатайг Засгийн газрын хуралдааны үеэр мэдэгдэж, холбогдох асуудлыг шалгаж тодруулах байр суурь илэрхийлжээ.
Улстөр нийгэм
Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.
Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.
Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.
